• Өнөөдөр 2024-05-09

ДАРХАН ХОТОД "ЗАЛУУС" ХОТХОН, IT ПАРК, ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КАМПУС БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗАСГИЙН ГАЗАР 50 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДЭМЖИНЭ

2021-05-13,   1220

              Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллалаа. Энэ үеэр тус аймгийн удирдлагууд орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлийг сааруулах, хот төлөвлөлтөө төгөлдөржүүлэх зорилгоор шинээр боловсруулж, баталсан “Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-гөө танилцуулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү төлөвлөгөөг Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцолж, тус төлөвлөгөөний дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардлагатай 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж, дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Тодруулбал, 
 
Дархан хот буюу Дархан-Уул аймгийн төв Дархан сум нь өдгөө 109 мянга гаруй хүн амтай. Тэгвэл “Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд 2030 он гэхэд оршин суугчдынхаа 80 хувийг орон сууцжуулж, 2035 он гэхэд гэр хороололгүй хот болж, үүнийг даган хүн амын тоогоо 300 мянгад хүргэхээр тооцоолжээ.

Энэ хүрээнд Дархан сумын XII, XIV, XV  дугаар хорооны нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй га талбайг хамарсан шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтөд Залуус хотхон, IT парк, Их дээд сургуулиудын кампус, музей, номын сангийн цогцолбор, спорт танхим, задгай талбай, аялал жуулчлалын гудамж байгуулахаар тооцоолсон байна. Тухайлбал, Ерөнхий төлөвлөгөөний хүрээнд баригдах нэг дэд төсөл болох “Залуус Хороолол” нь нийт 11.6 га талбайг хамрах бөгөөд урьдчилсан байдлаар 9 давхар 18-н орон сууцны барилга, 150 ортой хоёр цэцэрлэгийн барилга, 480 суудалтай сургуулийн барилга, 2,1 км хатуу хучилттай авто зам, 700 авто машины зогсоол болон 1,6 га талбайд ногоон байгууламж, үйлчилгээний барилга байхаар тооцсон ажээ.

 
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулах үеэрээ “Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд төрөөс дэмжлэг шаардлагатай байна. Ерөнхий төлөвлөгөөний дагуу 2035 он хүртэл хугацаанд 100 000 айлын орон сууц барихаар тусгасан. Тухайлбал, Дархан-Уул аймгийн төвийн Дархан сумын XV дугаар багийн 2524 өрхийн 8500 гаруй иргэнийг орон сууцжуулна. Дархан сумын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, суурьшлын бүс байгуулахад эхний ээлжинд дэд бүтцийг байгуулахад нийт 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Дараагийн шатны бүтээн байгуулалт, барилгажилтыг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор хийнэ” хэмээн тайлбарласан. 
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус ерөнхий төлөвлөгөөтэй танилцсныхаа дараа “Энэхүү төлөвлөгөөнд Засгийн газраас дэмжлэг үзүүлж, ирэх оны төсөвт дэд бүтцийн бүтээн байгуулалтад шаардагдах 50 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Мөн "Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө" нь Монгол Улсын Засгийн газрын үндсэн дөрвөн зорилтын нэг төвлөрлийг сааруулах бодлогод нийцэж буйг онцолсон бөгөөд Дархан хотын хөгжил нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чухал нөлөөтэйг тодотгож байлаа.

 
Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 29-нд Засгийн газрынхаа үндсэн дөрвөн зорилтыг танилцуулах үеэрээ “...Баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид та бүхэнтэй Монгол улсын Засгийн газар импортлогч улсаас экспортлогч улс байхын төлөө, Хот хөдөөгийн хөгжлийн зохист тэнцвэрийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн жам ёсны урсгалтай уялдуулан шинээр зохион байгуулна. Улаанбаатар хотын төвлөрлийг багасгана. Хот уруу тэмүүлэх тусам үнэтэй, хөдөө очвол эдийн засгийн дэмжлэгтэй байх эрхзүйн орчин бүрдүүлнэ. Нийслэлийн тээвэр болон дагуул хотуудыг холбосон дэд бүтцийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хүн амын дийлэнх хэсэг амьдран суугаа Их хотын асуудлыг Засгийн газар зөвхөн Нийслэлийн удирлагад даатган орхихгүй ээ…” хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл төвлөрлийг сааруулах бодлогын нэг томоохон хэсэг нь Дархан хотод бодит биелэлээ олох боломжтой болж байна. 

ДАРХАН ХОТОД "ЗАЛУУС" ХОТХОН, IT ПАРК, ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН КАМПУС БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЗАСГИЙН ГАЗАР 50 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ДЭМЖИНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188