• Өнөөдөр 2024-04-19

“Эрдэнэс таван толгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газар хариуцахаар боллоо

2022-10-26,   663

 “Эрдэнэс таван толгой” компанид онцгой дэглэм тогтоох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэжээ.

Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Засгийн газрын аравдугаар сарын 5-ны хуралдаанаас гарсан 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс “Эрдэнэс таван толгой” компанид онцгой дэглэм тогтоохоор боллоо.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн тогтоол:

  1. Төлбөрийн тэнцэл алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс таван толгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосугай.
  2. “Эрдэнэс таван толгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх ажиллагааг хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх онцгой эрхэт төлөөлөгчөөөр  Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилсугай.  
  3. Онцгой дэглэмийн хугацаанд “Эрдэнэс таван толгой” компанийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан арга хэмжээ авч ажиллахыг дараах албан тушаалтанд даалгасугай.
    1. Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх. Шаардлагтай тохиолдолд нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатад олгосугай.
    2. Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл технологийн тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюулгүй, осол аваарын тусгай журам тогтоох. Эдгээр дүрмийг зөрчсөн хүмүүст хариуцлага хүлээлгэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатад олгосугай.
    3. Таватолгой нүүрснийн ордноос нүүрс ачих, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх болон бүхий л шатанд хяналт сайжруулах арга хэмжээ авах. Энэ чиглэлээр бүхий л тусламж, туслалцаа үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасугай.
    4. Компанийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт, арга хэмжээний хэрэгжилт, үйл ажиллагааны санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт, шалгалт хийж, хариуг Засгийн газарт танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл нарт даалгасугай.
    5. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээг Засгийн газрын онцгой бүрэн эрхэт төлөөлөгч Ж.Ганбатад даалгасугай” гэв.

 


“Эрдэнэс таван толгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газар хариуцахаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188