• Өнөөдөр 2024-05-09

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сайшаах нэг ӨНЦӨГ

2021-08-25,   577

          Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бусдаар өөлүүлж, гоочлуулах өнцөг олон. Цар тахал аюулын харанга дэлдсэн цөвүүн цагт, нийгэм, эдийн засгийн гүн хямралтай нэн хүнд энэ үед төр толгойлж байгаа учраас арга ч үгүй байх л даа. “Ковид-19” цар тахлын халдвар тээгчдийн тоо хоногт 1500-2000 хүнээр нэмэгдэж байна. Засгийн газар урьдчилан сэргийлж нийт хүн амаа вакцинжуулж чадсан ч вакцин ч торгоож дийлдэггүй дельта мутаци гараад ирлээ. Ядахад яр гэгчээр эдийн засгийн “ганц” түнш урд хөрш танайхаас нүүрс авахгүй гээд гүрийчихсэн, сайн ах нар гэгдэж ирсэн хойд хөрш танайд бензинээ өгөхгүй гээд гэдийчихсэн, цаг үргэлж анд найз шиг сайн харилцаатай явж ирсэн Солонгос хүртэл танайхаас нислэг хүлээж авахгүй гээд нүүр буруулчихлаа. Ийм цаг үед Засаг толгойлж, улс орныг удирдана гэдэг амаргүй, алдаа эндэгдэл гарахыг аль тэр гэх вэ. 
 
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд онцолж магтмаар, алга ташиж сайшаамаар нэг өнцөг байна. Урдах ахуйн ажилдаа түүртэж суулгүй, илүү алсыг харж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах ажилд алхам хийж буйд нь энэ удаад алга ташмаар санагдав. Цар тахал мөнхөд аюулын харанга дэлдсэн, амин чухал асуудал байсаар байхгүй. Бид түүхэндээ гахай, шувууны олон ханиад, цар тахлыг даваад гарч чадсан шиг “Ковид-19” цар тахлыг ч даваад л гарна. Гагцхүү хэдэн хүний амиар, хэчнээн хэмжээний эдийн засгийн хор хохирлоор давах вэ гэдэг нь жич яригдах асуудал. Харин бидний хувьд “мөнхийн” нэг асуудалтай байсаар ирсэн нь Улаанбаатар хотын төвлөрөл, автозамын түгжрэл. Төвлөрөл, түгжрэлийн асуудал Улаанбаатар хотын хувьд цар тахал, хорт хавдар л гэсэн үг. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19” цар тахалтай тэмцэхийн сацуу Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл гэдэг хорт хавдартай давхар тэмцэж эхэлсэн нь алга таших зүй ёсны зүйл мөн болов уу. 
 
Тэрбээр хоёр хоногийн өмнө Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтэд оролцлоо. Ерөнхий сайд болсноосоо хойш зүтгүүлсэн нэг том ажил нь энэ. “Манай орны дэд бүтцийн болон тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хот бий болгох, автозамын түгжрэлийг бууруулах үндсэн шийдлүүдийн нэг нь Богдхан төмөр зам” гэж нээлтэд оролцох үеэрээ тэр хэлсэн. Үнэхээр ч тийм. 500 мянган хүн оршин суухаар төлөвлөгдсөн Улаанбаатар хот өдгөө 1.5 сая хүн амтай болж, хүн амын төвлөрөл, ачаалал гурав дахин нэмэгдчихээд буй. Агаарын бохирдол, хүний бөөгнөрөл, замын түгжрэл гээд тоочвол асуудал олон. Цаг үргэлж толгойны өвчин болж байдаг нэг асуудал нь автозамын түгжрэл.
 

Улаанбаатар хотын автозамын даац 300 мянган автомашиныг нэвтрүүлэх хүчин чадалтай ч өнөөдөр 500 мянган автомашин зорчиж байна. Нэмээд манай улс жил бүр 80-90 мянган автомашин шинээр худалдан авч байна. Хэрвээ ямар нэг зохицуулалт хийж, шийдэл гаргахгүй л бол 1-2 жилийн дотор Улаанбаатар хотын автозам тэг зогсолт хийх нөхцөл бүрдчихээд буй. Өглөө ажил цуглах, орой ажил тарах үед автозамын түгжрэл оргилдоо хүрч, тэг зогсолт хийсэн нэг тохиолдол ч гарсан. Харин Богдхан төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төмөр зам, авто замын огтлолцолд дунджаар 144 минутыг зарцуулж байгаа нөхцөл байдал 57 хувиар буурна.

 
Мөн Улаанбаатар төмөр замын дагуух дуу чимээ, тоосжилт, бохирдол эрс багасаж цаашид бензин, шатах тослох материалын агуулах, нүүрс тээвэрлэлт, хүнсний болон барааны агуулахыг Улаанбаатараас үе шаттай холдуулах боломж нээгдэх юм. Улаанбаатар хотын түгжрэлийг баруун, зүүн эргэх, эргэхгүй дүрэм, дугаарын хязгаарлалт төдийхнөөр бууруулж чадахгүйг бид мэдсэн, мэдэрсэн. Харин энэ мэт бүтээн байгуулалтаар, үндэс суурь, гогцоо шалтгаанаас нь эхлээд бууруулах нь хамгийн үр дүнтэй байж мэдэх. 
 
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Төв аймгийн иргэдтэй уулзалт хийсэн. Тэрбээр “Хөшигийн хөндий бол манай Засгийн газрын стратегийн гол зорилтуудын нэг. Бид Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгохыг зорьж байгаа. Бүсчилсэн хөгжлийн хувьд Төв аймгийг Улаанбаатартай ижил хэмжээнд Засгийн газар авч үзнэ. Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Өмнөговь аймагт ч хүн амын төвлөрөл бий болгох ажлуудыг хийнэ” гэж онцолсон. Дагуул хотын асуудлыг Засгийн газар бүр ярьж ирсэн ч ажил хэрэг болгосон нь үгүй. Харин энэ Засгийн газарт Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дагуул хотуудыг бий болгох шийдэл байгаа нь дээр дурдсан Богдхан төмөр зам. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сум, Улаанбаатар хотын Баганхангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин нийт 135.8 км үргэлжлэх зургаан зөрлөг, гурван өртөө бүхий бүтээн байгуулалт болж цогцолно. Ингэснээр Хөшигийн хөндийд дагуул хот цогцлоох нэг дэд бүтэц шийдэгдэнэ гэсэн үг юм. 
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сайшаах нэг ӨНЦӨГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-25 20:19:51
    Зочин: Андлалын хөшөөгөө босгож чадаагүй ч Алсын хараатай ЕС маань Аугаа төмөр зам барьж Ард түмэндээ хайрлагдах болтугай!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188