• Өнөөдөр 2024-04-26

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээгийн уулзалттай, эрүүдэн шүүлтийн бичлэгтэй, А.Гансүхтэй, 20 сая ам.долларын дуулиантай ДОЛОО ХОНОГ

2021-03-13,   577

                   Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн томоохон үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Тэгвэл энэ удаагийн "ЭРГЭЛТИЙН ТОЙМ"-д Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ хорих ангид очиж Т.Чимгээтэй уулзсан, Т.Чимгээд явуулсан гүйцэтгэх ажиллагааны нууц бичлэг ил болсон, Өмгөөлөгч Б.Баасанцогт, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга А.Гансүх нарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ С.Зоригийн хэрэгтэй холбосон, ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар нууцаар оруулж ирсэн гэх дуулиан дэгдсэн, 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн зэрэг онцлох үйлд явдлуудыг багтаалаа. 
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Т.Чимгээтэй биечлэн уулзлаа 

 
           Өнгөрөгч долоо хоног С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 20 жилийн ял авсан Б.Чимгээ болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарын уулзалтаар эхэлсэн. Тодруулбал, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт очиж, Т.Чимгээтэй биечлэн уулзсан.  Тэрбээр уулзалтынхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шүүн таслан ажиллагаанд хууль зөрчсөн асуудал байгаа. Засгийн газартай шууд хамааралтай ТЕГ, ЦЕГ-тай холбоотой асуудал юм. Нууцтай холбоотой асуудал байгаа учраас бүгдийг ярих боломжгүй. Гэхдээ Б.Чимгээ өнөөдрийн байдлаар таван жил зургаан сар долоо хоног хоригдож байна. Бид энэ эмэгтэйд хүчээр хэрэг хүлээлгэсэн байвал яах вэ гэдэг асуудал бий. Хорих ангид байгаа хүн Б.Чимгээ рүү мессэж илгээн дарамталсан тохиолдол гарсныг өмнө нь УИХ-аар яригдсан. Мөн хашаанд нь хүний цогцос аваачиж булсан асуудал гарсан. Хуулийн нэр бүхий хүмүүс мансууруулах бодис уух зүйлд нь хийсэн. Нүцгэн зургийг нь авч гэр бүлийн хүнд нь явуулсан асуудал байсан. Энэ бүхнийг ил болгох нь зүйтэй гэж Б.Чимгээ хэлж байна. Тиймээс Засгийн газраар хэлэлцэж энэ асуудлыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ. Төв аймагт хорьсон байр стандарт бус газар байсан. Ял эдэлж буй хүнийг Б.Чимгээ рүү оруулж дарамталсан асуудал гарсан. Б.Чимгээ өөрөө хүсэлт тавьсан. Ял шийтгүүлж байх үед нь охин нь авто машины ослоор амиа алдсан. Эл хэргийг сэргээн шалгуулж өгөхийг хүсч өргөдөл гаргаж надад өгсөн.Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулж, дарамталж, эрүүдэн шүүсэнтэй холбоотой тодорхой бичлэгийг үзүүлэхийг Б.Чимгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс тодорхой бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд үзүүлэх болно” гэсэн юм.  
 
Түүний дараа Т.Чимгээ "Би 2015 оны наймдугаар сарын 31-нд хоригдсон. Энэ хугацаанд маш хүнд байсан. Ариун цэврийн хэрэглэл байхгүй, агааржуулалтгүй зоорины өрөөнд есөн сар хоригдсон. Ингээд 407 дугаар ангид 2017 тавдугаар сард шилжсэн. Нөхцөл байдал ялгаагүй байсан. Ингээд дараа нь 401 рүү шилжсэн. Намайг энд ирснээс хойш нэг жилийн дараа миний том охин нас барсан. Миний амьдрал, ар гэр оронгоор эргэлээ. Одоо 70 нас гарсан хадам ээж маань зээгээ хөтлөөд, орон гэргүй явж байгаа. Зөвхөн Ц.Амгаланбаатарын хэлснийг нотлох баримт болгож үзсэн. Би 1998 оны есдүгээр сараас аравдугаар сар хүртэл Дорноговь аймагт ээж дээрээ байсан" гэх тайлбарыг олон нийтэд хэлсэн юм. 

Т.Чимгээд гүйцэтгэх ажиллагаа явуулж, эрүүдэн шүүсэнтэй холбоотой хоёр минутын 52 секундын бичлэгийг олон нийтэд цацлаа

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй очиж уулзсаны нөгөөдөр нь буюу өнгөрсөн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар “С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээг эрүүдэн шүүсэн эсэхтэй холбоотой бичлэг, нотлох баримтыг нууцаас гаргах тухай” асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтэд мэдээлэл өгсөн. Тэрбээр "Эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж Төв аймгийн шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээр зургаан удаа орсон ч өдийг хүртэл шийдэгдээгүй байна. Олон түмний нүдэн дээр эрүүдэн шүүлт үйлдсэн нь тодорхой байхад Б.Хурц нарын хүмүүст дийлдэж яргын хэрэг шийдэгдэхгүй өнөөдрийг хүрч байна. Эрүүдэн шүүсэн гэмт хэрэг нэгэнт үйлдэгдсэн гэдгийг ард түмэн харсаар байна. Тиймээс Засгийн газрын тэргүүн иргэн Т.Чимгээтэй биечлэн уулзсан.
 
Өнөөдөр Т.Чимгээгээс надад хоёр утга бүхий өргөдөл ирсэн. Өргөдөлд "Тэрэлж" зочид буудалд миний эрхэнд бүдүүлгээр халдсан бичлэгийг нүүрийг минь бүдгэрүүлж хэсэгчилж олон нийтэд цацах. Мөн намайг хоригдож байх хугацаанд амь насаа алдсан охины минь хэргийг дахин шалгаж өгнө үү" гэсэн байсан. Засгийн газрын өнөөдрийн хурлаар зөвшөөрсний үндсэн дээр өнөөдөр олон нийтэд үзүүлэх гэж байна” гэсэн юм. 
 
Ингээд олон нийтэд хоёр минут 52 секундын бичлэг үзүүлсэн. Уг бичлэгт “Тэрэлж” зочид буудлын өрөөнд гурван залуу Т.Чимгээгийн уух зүйлд мансууруулах бодис хийж, ухаан алдуулаад нүцгэн зургийг нь дарж, гар, хөлийн хурууны хээг авч буй дүрс бичигдсэн байсан юм. 
 
Уг бичлэгний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Т.Чимгээ тухайн үед 50 орчим грамм архи ууснаа санадаг. Тэрэн дотор юм хийж намайг мансууруулсан гэж хэлсэн. Түүнээс цааш ухаан нь балартаж, юу болсныг санахгүй байгаа гэж мэдүүлсэн. Ял эдэлж байсан Ц.Амгаланбаатар нь хамт хоригдож байсан нэг ялтнаа энэ хэргийг хамт хүлээе хэмээн ятгасан байдаг юм билээ. Тухайн хүнийг зөвшөөрөөгүйнх нь төлөө түүнийг гянданд найман сар дэглэм дээшлүүлж хорьсон, тэр хүн одоо ч бий. Тиймээс бүтэлгүйтсэн Ц.Амгаланбаатар мэдүүлэгтээ би С.Зориг агсны хэргийг бусадтай хамтарч үйлдсэн гээд  Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дурдсан. Улмаар Т.Чимгээ рүү олон удаа ёс бус үг хэллэгтэй мессэж бичиж, "хэргээ хүлээ" гэж дарамталж эхэлсэн. Яг энэ үед нь бичлэг дээр гарч байгаа цээж нүцгэн залуу гэнэт гарч ирээд Т.Чимгээ рүү мессэж бичиж танилцсан. Т.Чимгээ түүнд "намайг шоронгоос дарамтлаад байна" гэдэг учраа хэлхэд "би чамд туслана, зөвлөгөө өгнө" гэх байдлаар харилцаагаа улам дотно болгож, итгэлийг нь олсон. Үүнийхээ дараа "Тэрэлж" зочид буудалд аваачиж, архи уулгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулсан” гэж мэдэгдсэн юм. 
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хэргүүдийг Б.Баасанцогт өөрийн компьютертээ хойшлуулахаар төлөвлөдөг байсан хэрэг илэрсэн

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээтэй уулзах үеэрээ С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн нь өнгөрөгч долоо хоногийн хамгийн том дуулиан байлаа. Тухайлбал, тэрбээр “Сүүлийн үед Б.Баасанцогт гэсэн хүн гарч ирсэн. Хэргүүдийг Б.Баасанцогт өөрийн компьютертээ хойшлуулахаар төлөвлөдөг байсан хэрэг илэрсэн. Маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг ярина. Хэрвээ Баасанцогт шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол том асуудал болж хувирна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх энэ асуудалд оролцсон байж болзошгүй асуудал бий. Тийм учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд асуудалд анхаарч ажиллана. Цаашдаа УИХ-д нээлттэй болон хаалттай горимоор асуудлыг хэлэлцэх асуудалд Засгийн газар нэгдсэн” гэж мэдэгдсэн. Энэ нь “Б.Баасанцогт, А.Гансүх нараар дамжууулан Ерөнхийлөгч Х.Баттулгыг С.Зориг агсны хэргийг эцэслэн шийдвэрлэхэд гацаа, саад болж байгаа хүн гэж зарласан үйлдэл боллоо” хэмээн олон нийт хүлээж авсан юм.
 

А.Гансүх: Би Б.Баасанцогтыг танина

 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дээрх мэдэгдэлтэй холбогдуулан ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх олон нийтэд тайлбар өгсөн. Тэрбээр “Б.Баасанцогтыг би танина. Намайг Зам тээврийн хөгжлийн дэд сайд байхад МИАТ-т ажилладаг байсан. Түүнээс ҮАБЗ-д ажилладаггүй, ажиллаж ч байгаагүй. Эрүүдэн шүүхтэй холбоотой үйл ажиллагаа явагдах үед би энгийн иргэн байсан. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилогдоогүй байсан. Энгийн иргэн хүн ТЕГ-ын мөрдөж буй, маш нууцын зэрэглэлтэй хэрэгт нөлөөлөх, оролцох боломжгүй. Энэ талаар надад мэдээлэл алга. Ерөнхий сайд энэ асуудлыг УИХ-д оруулна гэдгээ хэлсэн. Тэр үед нь би тайлбар өгнө” гэх тайлбар өгсөн юм. 

ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар нууцаар оруулж ирсэн үү

 
“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнууд сар шинийн баярын үеэр ОХУ-д учир битүүлэг айлчлал хийж, буцахдаа 20 сая ам.доллар бэлнээр авч ирсэн” гэх дуулиан өнгөрсөн долоо хоногт дэгдсэн. Ноцтой нь УОК-ийн хилээр орж, гарах албан бичгийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан юм. Энэ асуудалд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тайлбар хийсэн. 
 
Тэрбээр “ҮАБЗ-ийн ажилтнууд ОХУ-аас 20 сая ам.доллар ачиж ирсэн гэдэг мэдээлэл зарим өдөр тутмын сонин болон олон нийтийн сүлжээгээр тарж байна. Энэ мэдээлэл гүтгэлэг, хуурамч гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Улс төрийн зорилготой арга хэмжээ байж болзошгүй. Харин манай ажилтнууд ОХУ руу томилолтоор, төрийн тусгай чиг үүрэг биелүүлэхээр ажилласан нь үнэн. Бид албаны болон төрийн нууцыг хамгаалдаг тул тус улс руу ямар зорилгоор айлчилсныг хэлэх боломжгүй байна. Нэр дурдагдсан хүмүүс (Ж.Бямбацогт, Г.Галбадрах, Б.Галданжамц) манайд ажилладаг нь үнэн. Онгоц нисэхгүй учир манай ажилтнууд машинаар хил давж, Улаан-Үд хот хүртэл  яваад, буцаж ирсэн. УОК-оос бүх зөвшөөрлийг хуулийн дагуу, бичгээр авсан. Манай ажилтнууд Засгийн газрын харьяаны ТЕГ, ЦЕГ, Татварын Ерөнхий Газрыг давж, их хэмжээний мөнгө оруулна гэж байхгүй. Хэрэв боломжтой бол эдгээр байгууллагуудын эрх мэдэлтнүүд, эрх баригчид л хийнэ” гэж мэдэгдсэн юм. 
 

ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхийн аав А машинд дайруулав

 
ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүх өөрийг нь С.Зориг агсны хэрэгтэй холбоотой гэсэн мэдэгдэл болон ОХУ-аас 20 сая ам.доллар нууцаар оруулж ирсэн гэх асуудлуудад олон нийтэд тодруулга өгсний дараахан түүний аав, зам тээврийн осолд өртөж, хүнд гэмтэл авсан. Тэрбээр аав нь бэртсэн ослыг “зохион байгууллалттай” хэмээн өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн юм. 
 
Тодруулбал, тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Ерөнхий сайд Л.Оюун эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх нарт. Өнөөдрийг хүртэл болж буй үйл явдлыг улс төр, гэхдээ их бохир улс төр гэж бодож явлаа. ҮАБ-ыг хамгаалдаг хамт олныг гүтгэхээр нь нийгэмд хагарал талцал үүсгэхээс сэргийлж мэдээлэл өгсөн. Гэтэл тэр өдрийн орой 17:50 цагт өндөр настай аавыг минь явган хүний гарц гарч явахад нь автомашинаар дайрлаа. Аав минь хүнд гэмтэл авч, одоо ГССҮТ-д эрчимт эмчилгээ хийлгэж байна. Үүнийг би тохиолдолд гэж бодохгүй байна. Миний гэр бүл, ойр дотны хүмүүс рүү халдлага хийж байна шү дээ. Дараа нь юу болох вэ.Та нарт хэлэх үг байна. Эр хүний зориг гаргаад зөвхөн надтай л тул. Миний настай аав, ээж, дүү, эхнэр хүүхдүүд, найз нөхөд, хамт олныг орхичих. Тэд маань Монгол Улсын жирийн иргэд. Монгол төр иргэдээ хэлмэгдүүлэхгүй гэж найдаж байна. Хууль хүчний байгууллагад итгэхгүй байгаа учир нийгэм рүү хандлаа.Шуурхай арга хэмжээ авч амийг нь аварсан эмч нарт маш их баярлаж, итгэж байгаа шүү” гэж мэдэгдсэн юм. 
 
Түүний аав А нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын урд явган хүний зам гарч явахад нь автомашинаар дайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан. Энэ хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, хуульч А.Гансүхийн аавыг автомашинаар мөргөсөн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа” гэх тайлбар өгсөн юм. 
 

С.Эрдэнийн тал ба Ц.Тувааны тал

 
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам дотор эдрээтэй олон үйл явдал өрнөлөө. Тухайлбал, АН-ын дарга асан С.Эрдэнийн талынхан энэ сарын 19-20-нд намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж, дөрөвдүгээр сарын 25-нд намын даргаа сонгоно гэж мэдэгдээд байгаа. Харин дунд шатны дарга нараа энэ сарын 17-нд тодруулах бөгөөд өнгөрсөн долоо хоногт Э.Бат-Үүл тэргүүтнүүд нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардаж авсан юм. 
 
Харин АН-ын дэд дарга асан Ц.Тувааны талынхан энэ сарын 4-5-нд намын даргад нэр дэвшигчдээ бүртгэж, энэ сарын 28-нд даргаа сонгох гэж байна. Энэ талд бүртгүүлсэн 16 нэр дэвшигчээс дөрөв нь үлдэж, өнгөрсөн долоо хоногт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа. Тодруулбал, нэр дэвшигчийн үнэмлэхийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар  гардлаа. Түүнчлэн сонгуулийн зардалд 1.1 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэг нэр дэвшигчээс 93 сая төгрөг гарах тооцоо гарсан нь шүүмжлэл дагуулсан юм.  
 
Тухайлбал, АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлэн, хандив цуглуулж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй. Түүнийг намын даргын сунгаанаас нэрээ татсан гэдэг мэдээлэл байсан ч тэрбээр “АН-ын даргад өрсөлдөх зорилгоосоо ухраагүй” хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн “Би нэрээ татах хүсэлт хаана ч гаргаагүй. Харин намын дотоод сонгуулийн хороонд хууль зөрчиж байгаа талаар нь захиа бичлээ. Энэ захианд дотоод сонгуулийн хорооноос даргын сонгуулийн товыг зарлахдаа сурталчилгааг хэзээнээс эхлэхийг давхар зарладаг. Гэтэл дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалын гарын үсэгтэй тогтоол дээр гуравдугаар сарын 11-н гэсэн он сар огт байгаагүй. Өнөөдрийн он сар байхгүй, нэр дэвшигч надад огт мэдэгдэлгүйгээр зарим хүмүүст сонгуулийн сурталчилгааг нээж өгч, илт давуу байдал олгож байгааг эсэргүүцэж байна. Мөн И.Мөнхжаргалын гарын үсэгтэй, надад ирүүлсэн албан бичиг дээрх тамганы асуудал ээдрээтэй байна. Тэр тамганууд нь 2021 оны хоёрдугаар сарын 11-нд “Өдрийн сонин”-д хүчингүйд тооцов гэж зарлагдсан.
 
Гуравдугаарт, хүчингүйд тооцсон тамгыг ашиглаад Хас банканд данс нээлгэсэн. Тэр дансандаа 93 сая төгрөгийг авна гэсэн. Хүчингүй болсон тамга ашиглаж байгаа данс руу мөнгөө шилжүүлж болох эсэхийг лавлахад өнөөдрийн байдлаар банкнаас хариу ирээгүй байна.
Ингэж хөндлөнгийн мэдээллийг авч байж, шударга сонгуульд оролцох учраас дотоод сонгуулийн хорооны зохион байгуулж буй үйл ажиллагааг буруушааж байна. Албан ёсоор хэлэхэд би нэрээ татаагүй” хэмээн ярилцлага өгсөн юм. 
 
Ямартай ч энэ сарын 28-н болон дөрөвдүгээр сарын 25-нд АН-ын хоёр дарга тодрох бололтой. Харин хэн нь албан ёсных, хэн нь дүрмийн бус байх вэ гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. 
 

Засгийн газар залуусыг хөдөлмөрт бэлдэнэ

 
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийн тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулга хийсэн. Тэрбээр “Засгийн газраас халамжаас хөдөлмөрт шилжих зорилт дэвшүүлэн “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Халамжаас хөдөлмөрт шилжиж л бид ядуурлаас гарна. Иймд 18-35 насны залуусыг нэг сарын вакумжсан сургалтад суулгана. Тэднийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэнэ гэсэн үг. Энэ сургалт тэтгэлэгтэй. Залуусын хандлагыг өөрчлөх нь бидний гол зорилт. 20-30 мянган ажлын байр эзнээ хүлээсээр л байна. Залуус тогтвор суурьшилтай ажиллахгүй байна гэж ажил олгогчид байнга хэлдэг. Иймд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Нийт 10 их наяд төгрөгийг зарцуулах хөтөлбөрийн  нэг хэсэг болох юм. Ирэх сард 500 залууг сургалтад хамруулна. Цаашлаад энэ тоо 1000 болж өснө. Энэ загвар амжилтад хүрвэл сард 5000 хүртэл тооны хүнийг сургана. БШУЯ, Соёлын яам, НХХЯ хамтран “Ажилтай залуус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэсэн юм.  
 
2020 оны хүн амын тооллогоор Монгол Улсад 897.5 мянган өрх 3.3 сая хүн байна. 2018 оны ядуурлын судалгаагаар хүн амын 28.4 хувь ядуурлын түвшнээс доогуур орлоготой гэх судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь буюу 900 орчим мянган хүн ядуу амьдарч байна. Иймээс “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг хэрэгжүүлж, залуучуудыг зөв хандлагатай, зөв дадалтай, эрүүл саруул, хөдөлмөрч, мэдлэг боловсролтой болгож төлөвшүүлэх замаар ядуурлыг бууруулна гэж Засгийн газраас тооцоолжээ. 
 

10 их наядын төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ 

 
Монгол Улсын Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г өнгөрсөн долоо хоногт хэрэгжүүлж эхэллээ. 
 
Тухайлбал, "Ажлын байрыг дэмжих" хоёр их наядын зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай байх бөгөөд аж ахуйн нэгжүүд 500 хүртэлх сая, бичил бизнес эрхэлдэг иргэд 50 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Аж ахуйн нэгжүүдэд төрийн зүгээс зөвхөн НӨАТ төлдөг байх гэсэн шалгуурыг тавьж байна. Харин бизнес эрхлэгч иргэдийн хувьд тус зээлийг хэрэглээндээ зарцуулах бус зөвхөн бизнесээ идэвхжүүлэхэд зориулах шаардлага тавина. Үүнээс гадна арилжааны банкаар дамжин зээл олгох учир банкуудын шаардлагыг хангасан байх ёстой. Арилжааны банкны шалгуурыг хангасан аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сангаас 60 хувь буюу 300 сая хүртэлх төгрөгийн баталгааг гаргах боломжтой юм. 
 
Түүнчлэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээлийн хөтөлбөр багтсан. Үүнээс газар тариаланд 100 тэрбум, хаврын ноолуур бэлтгэлийн ажилд зориулж 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн тус бүр гурван хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Газар тариалан болон ноолуур бэлтгэлийн ажилд зориулсан 300 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банкаар дамжуулан олгоно. Харин малчдад зориулах зээл арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох юм. Дээрх зээлүүдийг технологийн хугацаа буюу хаврын тариалалт болон ноолуур бэлтгэх ажлаас өмнө амжиж олгохоор холбогдох бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байгааг ажээ.
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Л.Оюун-Эрдэнэ Т.Чимгээгийн уулзалттай, эрүүдэн шүүлтийн бичлэгтэй, А.Гансүхтэй, 20 сая ам.долларын дуулиантай ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188