• Өнөөдөр 2024-04-24

Хаврын чуулган Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг хэсэг болох вий

2021-03-12,   844

УИХ-ын хаврын  ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ. Энэ удаагийн хаврын чуулган дуулиан шуугиантай үргэлжлэх нь тодорхой байна. Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай үе ирчихсэн учраас идэвхтэй улстөрчид, хариуцлагатай хууль санаачлагчид олшрох нь гэх хүлээлт олны дунд бий болоод байна. Учир нь, сонгууль эхлэхтэй зэрэгцээд л гишүүд цэцэрхэж, бие бие рүүгээ давшилдаг байдал нь уламжлал болтлоо хэвшсэн. Иймд энэ удаагийн чуулганы хуралдаан ч тогтсон жишгээ эвдэхгүй нь лавтай болж таарлаа.

Эрх баригч намын тухайд Ерөнхийлөгчийн сонгуульд намын даргаа сойхоор зэхэж байгаа гэх. Тиймдээ ч намынхаа нэр хүндийг унагаахгүй гэж аль чадахаараа хичээж, гишүүдээ элдэв хов живэнд орооцолдох вий гэж ихэд болгоомжилж байгаа сурагтай. Угтаа бол 100 жилийнхээ ой дээрээ  “Төрийн бүх эрх мэдлийг МАН гэх нам дангаараа удирдаж байсан” гэж түүхэнд тэмдэглүүлэх хүсэл нь эрх баригчдыг ийн хариуцлагатай болгожээ. Гэвч сүүлийн үед “МАН-ынхан Ерөнхийлөгчийн суудалд хэт улайрч, юу ч хийхээс буцахгүйд хүрч байна” хэмээн жиг жуг гэлцэх боллоо.

Төрийн эрхийг олонхоороо барьж байгаа учраас МАН-ынхан аль болох хий гаргахгүйг хичээж ажиллаж байгаа. Тэд цар тахлын нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлж, ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа юм.Харин Ардчилсан нам парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа ч  иргэд тэднээс их зүйл хүлээхгүй байгаа нь илт харагдаж байна. Намын доторх талцал хуваагдлаас гадна Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хариуцлага нэхэх үүргээ өнгөрсөн хугацаанд хангалттай биелүүлж чадахгүй байгаа нь иргэдийн итгэлийг ийн алдаад буй. Хамгийн сүүлд гэхэд л АН-ын бүлгийн гишүүд талбай дээрх жагсаалд иргэдэд халуун аарц тарааж, чуулганы хуралдаандаа гөлөмцүү оролцсоноор намаасаа сонгогдсон Ерөнхийлөгчийн нүүрийг улалзуулсан удаатай. Хаврын чуулганаар ядаж л АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчдөө хань болдоггүй юм гэхэд гай тайрчихгүй байгаасай гэх хүмүүс байна.
Энэ хаврын чуулганаар анхаарал татаж буй дараачийн гол сэдэв нь парламент 76-уулаа болох уу гэх асуудал. Бүүр тодруулбал, УИХ-ын ээлжит сонгуульд Сэлэнгэ аймгаас нэр дэвшиж, олонхийн саналаар гишүүнээр сонгогдсон ч тангаргаа өргөж чадаагүй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат Их хуралд эргэн ирэх эсэх нь олны анхаарал татаж байна.
Тэрбээр авилга албан тушаалын хэрэгт холбогдож, өнгөрсөн зургадугаар сард буюу УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр нь цагдан хорьсон. Улмаар хоёр шатны шүүх хурлаар түүнийг гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ял ногдуулаад байсан юм. Харин Дээд шатны шүүх хурлаар хэргийг прокурорт шилжүүлснээр хорих ангиас суллагдах эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр УИХ-ын гишүүний тангарагаа өргөх боломжтой хэмээн зарим хуульч тайлбарлаж буй.  Гэвч Ж.Эрдэнэбат “парламентад эргэн ирэх үү” гэдэг нь өнөөдрийг хүртэл эргэлзээтэй хэвээр байна. Сонгуулийн кампанит ажлын үеэр Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй, баривчлан хорьсон нь хууль зөрсөн гэж тайлбарлах үзэх хүмүүс ч бий.
 
Түүнийг цагдан хорьсон шалтгаан нийтийн дунд нууц байсаар байгаа юм. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөвөл нэлээд нийгэмд хэсэгтэй шуугиан тарих нь тодорхой байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар намрын чуулган завсарлахтай зэрэгцээд өсгөлөн зарлаж, Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгохыг шаардсан. Суулт зарласан нь үр дүнд хүрсэн үү ямартай ч Дубайн гэрээг цуцалж, шинээр гэрээ хийхээр болсон. Үүнтэй холбоотой Рио Тинто компанийн төлөөлүүд тун удахгүй Монголд ирж, гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Ирэх хаврын чуулганы анхаарал татах гол асуудалд энэ зүй ёсоор багтах нь тодорхой. 
 
Ирэх хаврын чуулганаар 50 гаруй хуулийн төслийг хэлэлцүүлэхээр товлосон. Парламентад нэг нам дангаараа ноёлж байгаа учраас УИХ-аас баталж буй хуулиуд эрх баригч намын эрх ашигт нийцсэн, МАН-ын хууль болж байгаа гэхэд хилсдэхгүй. Сайн ч бай, саарч бай хууль санаачлагч нь таалагдаж, тохиролцоонд хүрсэн л бол өргөн барьсан хуулийн төслийг нь гишүүд ногоон гэрлээр баталж байгаа дүр зургийг өнгөрсөн намрын чуулганаар хангалттай харсан. Гэвч Ерөнхийлөгчийн сонгууль угтсан идэвх энэ хаваржин үргэлжлэх нь тодорхой. 

Хаврын чуулган Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг хэсэг болох вий
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188