• Өнөөдөр 2024-04-26

МАН-ын задрал Ерөнхийлөгчийн сонгуулиар эхлэх үү

2021-03-07,   1034

МАН-ын түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ардын хувьсгал ялж, монголын ард түмэн эрх чөлөөт тусгаар тогтносон улс болсноо тунхаглан, анхны улс төрийн хүчин бий болсон тэмдэглэлт өдөр. Долоон хувьсгалч Үндэсний тусгаар тогтнолыг сэргээх, нууц уулзалтыг хийж, одоогийн МАН-ыг үүсгэн байгуулсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.
 
Өнгөрсөн 100 жилийн хугацаанд МАН төрийн эрх барих үйл ажиллагаанд манлайлан оролцож, өдийг хүртэл улс төрийн гол тоглогч хэвээр байна. Намынхаа тэгш ойн жилээ парламентад 62 суудал авч, хоёр удаагийн ээлжит сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан гээд МАН-ын залгамж халааг үе үеийн удирдагч нар нь  чамлахааргүй үргэлжлүүлж байгаа.

Гэвч хэтийдсэн шунал нь тэднийг “Алтан загасны үлгэр”-ийн эмгэний нэгэн адил хуучин тэвштэй нь үлдээх вий гэх болгоомжлол байна. МАН-ынхан түүхт 100 жилийн ойгоороо  төрийн бүх эрхийг гартаа оруулах урт холын бодол тээчихсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн бүх эрх мэдэл тэдний гарт очсон атал энэ нь тэнд хангалттай биш гэнэ. Угтаа бол сүүлийн 30 жил МАН, АН гэсэн хоёр улс төрийн томоохон хүчин улс төрийн гол тоглогч байсан ч АН-ын задрал МАН-д ашигтайгаар эргэж, унасан дээр нь дахин сэхэл авахгүй болтол нь буулгаж авахаар шийдсэн гэх. Ингээд ганцхан Ерөнхийлөгчийн суудал л тэнд дутуу үлдсэнийг гүйцэлдүүлэхээр бүх хүчээ шавхаж буй. Харин энэ хэт их улайрал нь ганц хүний эрх ашгийн сонирхол болох вий гэсэн болгоомжлол МАН-ын гишүүд төдийгүй  дэмжигчдийн дунд хэдийн өрнөөд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж, намынхаа бүх хүчийг өөр дээр төвлөрүүлж байгаа нь зарим гишүүдийнх нь дургүйг хүргэж байгаа сурагтай.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших хэд хэдэн хүний нэр цухас дурдагдсан ч гол тоглогч нь У.Хүрэлсүх хэвээр байгаа. Гэвч мянга мянган гишүүд нь түүнийг дуу нэгтэйгээр дэмжихгүй нь тодорхой. Нэг хэсэг 33, 32 бүлэглэлд хуваагдан биенээ, “60 тэрбумынхан”, “ЖДҮ”-чид хэмээн цоллож байсан ууган намынхны задрал дахин эхэлж магадгүй нь. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхол бүхий эрхмүүдийн хоорондын тэмцэл нам доторх  фракцын зодооныг эхлүүлж, гишүүдийг талцуулсан гэх бор шувуу намын байраар нисэх болжээ.
Хэдий МАН-ынхан “Намынхаа үнэт, зүйл ашиг сонирхол дээр хүчээ нэгтгэн, нэгдэж чаддаг” хэмээн гаднаа сайрхдаг ч дотроо хэд хэдэн фракцад хуваагдчихсан, хөнжил дотроо хөлөө жийлцдэг. Харин үүнийгээ ил гаргадаггүй нь АН-аас ялгарах давуу тал нь гээд хэлчихэд хол зөрөхгүй биз ээ.
Ингэж дотроо тэмцэлдэн өс зангидсан хар хүч бий болгох нь намын хүчийг тарамдуулдаг сул талтай. Өөрөөр хэлбэл, МАН-ын хуваагдал АН-д ашигтайгаар эргэдэг гашуун туршлага тэдэнд бий.  Ардчилсан намынхан төрийн эрхийг барьж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж байсан нь МАН-ын салан тусгаарлалт, дотоод хагарлаас хожсон хонжоо байсан гэх нь ч бий.
 
Ямартай ч МАН-ынхан фракцын зодооноо хуучин жишгээрээ дотроо нууж, 100 жилийнхээ ойгоор өрх тусгаарласан МАХН-тай нэгдэн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвлөгөө боловсруулж байна. Үнэхээр фракцын зодоон эхэлчихсэн учраас  У.Хүрэлсүхийн хүч хуваагдаж, Н.Энхбаяртай гар нийлэхээс өөр аргагүйд хүрчихсэн биш үү гэх таамаг ч улс төрийн хүрээнийхэнд яваад эхэлжээ. Энэ удаад МАН-ынхан 100 жилийн ойгоороо Ерөнхийлөгчийн сонгуультай болох уу, МАН задрах уу гэсэн хоёр сонголттой нүүр  тулж байгаа бололтой.
 

МАН-ын задрал Ерөнхийлөгчийн сонгуулиар эхлэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-02 00:14:41
    Унана даа: Мэхт мэхэндээ гэгч л болох бийвий
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188