• Өнөөдөр 2026-06-15

МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА

                Ардын намын албан томилгоо ар араасаа хийгдэж, залуу улстөрчдөөр цус сэлбэж байхад Ардчилсан намынхан хэдэн хууччуулаасаа салж чадахгүй, хүчгүйдэж байна, улс төрийн тоглолтод.  


       Хотын шинэ даргаар томилоод удаагүй байгаа Б.Пүрэвдагва нийслэл дээр улс төрд дараагийн үеэ гаргаж ирэх томилгоонуудыг ар араас нь хийж эхэлсэн. Тухайлбал, хотын даргын хуулийн зөвлөхөөр хуульч УИХ-ын Тамгын газрын дэд дарга асан Ү.Амарбат, Нийслэлийн Засаг дарга ажлын албаны даргаараа Ж.Эрдэнэбаяр нарыг томилсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд Орон сууцжуулалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуулыг, Замын хөгжлийн төслүүд хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяаг,Эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар Улаанбаатарын хотын Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзоригийг, Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа, Агаарын бохирдол, ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж буй А.Амартүвшинг танилцуулж, батлуулсан байна.

           Нийслэлийн томилгоо гэдэг МАН-д улс төрд дараагийн үеэ бэлдэж гаргах чухал улс төрийн тоглолт байсныг тэд дахин баталж орхилоо. Өөрөөр хэлбэл, нийслэлийн намын хороо МАН-д хэзээнээс улс төрд шат ахих хамгийн том дэмжлэг, нөгөө талаараа нөлөө бүхий фракцыг бүрдүүлдэг бичигдээгүй хууль бий. Санаж байгаа бол М.Энхболд УИХ-ын дарга болтлоо МАН-ын хотын фракц гэдэг жин дарах фракцыг олон жил тэргүүлж, улс төрийн өндөрлөгт удаан “ноёрхлоо” тогтоосон. Нийслэлийн МАН дээр хотын дарга асан Х.Нямбаатарын фракцынхан жин дарж байгаа ч тэднийг дарах дараагийн залуу үе Б.Пүрэвдагвыг дагаж гарч ирж байна.

      Үнэндээ өнгөрсөн сонгуулиудад үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан шинэ үеийн улс төрийн хүчнүүдийг намдаа урвуулах ажлыг сайтар хийсэн бол Ардчилсан намыхан хуучуулаасаа салж чадахгүй, фракцын зодоон дундаа төөрөлдсөөр намдаа цус сэлбэх боловсон хүчнгүй болжээ, янз нь. Ямар сайндаа л аль эрт улс төрийн халаагаа хүлээлгэж өгөх цаг нь хэдийнээ ирсэн С.Баярцогт, Х.Баттулга нарыгаа түшиж байх билээ.

       Ардчилсан намд шинэ залуу үеийн боловсон хүчин үнэхээр үгүйлэгдэж байгаа. Урдаа барих цөөн хэдэн залуусаа ч намынхаа дотоод зодоондоо туйлдуулж, фракцын эрх ашгаараа хувааж, талцуулж байгаа нь бодит үнэн.

       Намынхаа шат шатны байгууллага дээр хүртэл тэд хуучин гишүүдээ ээлж дараалан томилж, эрх мэдлийн бялуу хуваалтаа “чөтгөр”-ийн тойрогт хийж байгаа нь ч нууц биш. Тухайлбал, орон нутгийн намын хороодоо хэдэн УИХ-ын гишүүндээ хувааж өгсөн нь саяхан. Сануулахад Архангай аймгийн Адилса намын даргаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг, Баянгол дүүргийн намын хорооны даргаар УИХ-ын гишүүн Амгаланбаатарыг сонгосон. Маргаантай байсан Сүхбаатар дүүрэг дээр мөн л хуучин даргыг нь улираан томилсон асуудал Ардчилсан намын гишүүдийн дунд асуудал дагуулаад байна. Өөрөөр хэлбэл, тэд анхан шатныхаа намын удирдлагыг ч залуу үедээ шилжүүлж чадахгүй сандал суудалтайгаа зууралдаж байгаагийн тод жишээ нь энэ.

Тиймдээ ч өнөөдрийг хүртэл УИХ дахь Бүлгийн даргын томилгоон дээр маргаан үүсэж, өнөөдрийг хүртэл Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл нам дотроо давхр дээлтэй сууж байгаа бодит үнэнтэй нүүр тулж байна.

       Ардчилсан намынхан залуу үеэрээ цус сэлбэж чадахгүй хууччуул нь намаа талцуулан хувааж байгаагийн горыг намын хэдэн гишүүд нь үүрч байгааг ч олон удаа сануулж байлаа. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Энэ намыг шинэчилж өөрчлөх гэсэн шинэ үеийн дуу хоолой, ард түмний дуу хоолойд нийцүүлэх гэсэн үзэл бодол бүхий нэг хэсэг байна. Хуучин руу нь татах гэсэн, хуучныгаа санагалзсан, бахь байдгаар нь байлгах гэсэн, эрх баригч хэн нэгний нөлөөнд байлгах гэсэн бас нэг бүлэг байна. Энэ тэмцэл манай нам ил учраас ил л явагдаж байна. Өнөөдөр улс төрийн албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэл гэхээс илүү Ардчилсан нам гэдэг бол Монгол Улсын улс төрийн хүчний нэг. Ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг тодорхойлох энэ том намд хэн нөлөөтэй байх юм бэ гэдэг шинэ хууччуулын тулаан болж байна. Манай намын хууччуул одоо болно оо. Хариуцлагаа хүлээмээр байна шүү дээ. Манай ах нарын байгуулсан гавьяа улс оронд хийсэн үйлс зөндөө бий. Гэхдээ одоо залуучууддаа нэг боломж олгочих л доо. Энэ намын чинь гал тогоог аваад явъя, шинэчлэе гээд өрнүүн хүсэл эрсэлзэлтэй маш олон залуучууд байна” хэмээн шүүмжилж байлаа.

Үнэндээ ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН шинжигнэсэн залуусаар өнгө нэмээд улс төрд гараад ирэхэд Ардчилсан намынхан хэдэн өвөгчүүдээрээ хаяагаа мануулчихаад, сандал суудлын хэрүүлтэйгээ сууж байхад орйохон байна.

       Эцэст нь дахин сануулахад Ардчилсан намын хууччуул намынхаа мянга мянган гишүүдийн итгэл үнэмшлийг цаг зуурын эрх мэдлээр солих төдийд асар олон боломж, боловсон хүчнээ алдаж байна. Шинэ залуу үед суудлаа тавьж өгөхгүй байхад даргын туслахаар хэдий удаан ажиллах билээ дээ, залуучууд.

 


МАН ЗАЛУУЧУУДААРАА ХҮЧ СЭЛБЭЖ, АН ӨВӨГЧҮҮДЭЭРЭЭ ХАЯАГАА МАНАСААР БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188