• Өнөөдөр 2026-06-03

МАН-ЫНХАН ТӨР УДИРДАХ ГЭЖ МОНГОЛЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ БАЙНА ДАА

2026-06-03,   118

        Монголын төр нүдэн балай чихэн дүлий байна, үнэндээ. Ээжийнхээ энгэрт эрхэлж, цэцэг шиг дэрвэлзэж байх гуравхан настай бяцхан охин харанхуй нүхэнд унаад нартаас үүрд буцчихлаа. Үнэндээ үүнд томчуудын буруу их бий. Амьдрахын тулд аргаа ядаад хүүхдээ дагуулаад алтанд явсан эцэг, эх хоёр өнөөдөр дээлтэй хатаж сууна.


         Уг нь Монголын төрд хяналт хариуцлага гэж байсан бол охин аврагдах боломж байсан гэх харуусал дүүрэн байна, олон хүнд. Өөрөөр хэлбэл, нүхэнд унасан охин хэдэн цаг харанхуй хонгилд уйлах чимээ нь сонсогдож, онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ирсэн ч, багаж, техник хэрэгсэл хангалтгүй байснаар охиныг аварч чадалгүй 48 цаг харанхуй хонгилоос гаргасангүй. Эцэстээ цөхрөнгөө бартал уйлсаар амьсгал хуураасны дараа нь нүхнээс гаргаж, хөрсөн биеийг нь хүлээж авлаа. Үнэндээ онцгой байдлын алба хаагчдад хангалттай техник хэрэгсэл байсан сан бол гэх харуусал эцэг эхийнх нь голыг зурж, Монголын  төрд гомдож байгаа нь илэрхий. Ийн төрөөс итгэл найдвараа тасартал хүлээсэн хамгийн ойрын жишээ энэ.

      Энэ мэт амьдрахын эрхээр хүүхдээ дагуулаад хатуу, хөтүү ажил хийж, амьдралаа зогоож буй олон эцэг, эх бий. Харамсалтай нь, сонгууль болгоноор иргэдийн амьдралыг сайжруулах, том төсөл хөтөлбөрүүд эхлүүлэх амлалт өгдөг эрх баригч намынхан өнөөдөр иргэдийг элгээр нь хэвтүүлж байна даа.

       Үнэндээ сүүлийн гурван жил МАН үнэмлэхүй олонхоороо шат шатны сонгууль ялалт байгуулж, Монголын төрийг бүхэлдээ гартаа оруулж, удирдаж байгаа ч гарт баригдах томоохон хөтөлбөрүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулсангүй. Хатуухан хэлэхэд томоохон төсөл хөтөлбөрүүдээ эрх мэдлийн “зодоон” сайд дарга нарын томилгоогоороо далимдуулж унагаасаар эцэстээ сүүлийн 10 жил Монголын эдийн засагт дэм болох томоохон ажлуудын  олонх нь нуран уналаа.

        Бодоод үзвэл энэ Улаанбаатар хотынхон аль 2017 онд метротой болж, түгжрэлээ шийднэ гэж амалж байлаа. Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болж, шатахууны хэрэглээгээ дотоод хангадаг болно гэж хүлээгээд арав гаруй жил болж байна. Эрчим хүчний хараат бус байдлаас ангижрах цахилгаан станцын томоохон төслүүдээ урагшуулна гэж олон ч жил ярилаа. Улаанбаатар хот шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болно гэх төсөл  хөтөлбөр хэрэгжээд ч чамгүй олон жил болсон. Эдгээрээс аль нь өнөөдөр хэрэгжиж, гар баригдаж, нүдэнд үзэгдэх ажил болсон бэ гэвэл "Энэ байна" гээд гаргаад үзүүлэх ажил алга даа үнэндээ. Харин эрх баригч намынханд төрийн томилгоо, халаа сэтгээний хэрүүл хэрээс хэтэрч, түүнийгээ дагасан төрийн хулгай гаарсныг ч олон нийт шүүмжлэх болсон.  

       Үеийн үед МАН-ын томчуудын эрх мэдлийн төлөө багачуудаа зодолдуулж, өөрсдөө ард үлдээд улс төрийг зохиомлоор идэвхижүүлж ирсэн арвин туршлагатай.

          Энэ жишиг одоо ч давтагдаж байна. МАН-ын даргад нэр дэвшигчид энэ намар улс төрийг зохиомлоор идэвхжүүлснээр үг дуугардаг юм уу гэмээр чимээгүй суусан УИХ-ын гишүүд эхнээсээ амь орж, чуулганы хуралдаанд хуурай агсамнаж, хэвлэлээр нэгнээ муулж, баалж, сошиалд попрох нь ч хэрээс хэтэрсэн. Цаашлаад нам доторх баривчилгааг багачуудаасаа эхлүүлж, томчуудаа сугалж үлддэг МАН-ын ээлжилт улс төрийн  “жүжиг” зохиолын дагуу өрнөж байна.

          МАН-ын томчуудын зодоон үеийн үед ингэж л өрнөж ирсэн.  2007 онд “Элсний 13” –ын бүлэглэл ингэж л тухайн үеийн МАХН-ын цагаан байрнаас мэндэлж байлаа. Өөрөөр хэлбэл, МАХН-ын гишүүн асан Ч.Улаан, Л.Пүрэвдорж, Т.Ганди, Д.Тэрбишдагва, Д.Арвин, Л.Одончимэд,  Д.Одбаяр, Ц.Шаравдорж, А.Цанжид, Ц.Мөнх-Оргил, Ч.Авдай, Р.Нямсүрэн нар “Элсний 13”-ыг байгуулж, улс төрд дуулиан тарьсан ч түүний ард Ерөнхий сайд асан М.Энхболд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын улс төрийн зодоон өрнөж байсан. М.Энхболдын Засгийн газрыг унагаах улс төрийн зохиолыг “Элсний 13”-хан бичиж байсан гэсэн үг. Тухайн үедээ томчууд нь санасандаа хүрч, багачууд нь улс төрийн карьеараа өндөрлүүлснээр сүр дуулиантай зарлагдсан “Элсний 13”-ы тарж байсан удаатай.

  Дараа нь МАН 32, 33-ын бүлэг болж хуваагдсан нь мөн л эрх мэдлийн төлөөх томчуудын зодоон байлаа. Парламентын танхимд 65-уулаа сууж байсан МАН-ынхан энэ тэнцүү хуваагдчихаад гишүүд нь хоорондоо үзэлцэж, “томчууд” нь чимээгүй ажиглаж байсан. ЖДҮХС, 60 тэрбумын хэрэгтэй жинхнээсээ тэмцэж байгаа юм шиг сүр дуулиан болгон зарласан улс төрийн хэргүүд өнөөдөр загасны ой санамжинд үлдэж, Монгол Улс хохироод үлдсэн гашуун түүх ч бий.

       Хамгийн сүүлд парламентын түүхэнд байгаагүй мэтээр зарлагдаж байсан Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргүүд ч улс төрийн зурагдсан зургийн дагуу явсан удаатай. Анх нүүрсний 17 нэрсийг зарлаж, ахиад 18 хүний нэрийг дугтуйтай сугалж үлдээлээ хэмээн улс төрд мөн ч их сүр дуулиан болж байсан даа. Хамгийн хачирхалтай нь, нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон хэмээн нэр цохиулсан гишүүдээс өдгөө парламентад хоёр дах удаагаа сонгогдчихсон бүрэн эрхээр хамгаалуулчихаад сууж байгаа нь ч бий.

      Эцэст нь, эрх баригчид хотын томоохон төсөл хөтөлбөрүүдээ зогсоон байж, эрх мэдлийн бялуу хуваалтаа хийлээ. Тэднийг ийн эрх мэдлийн төлөө эх адаггүй зодолдож байхад Монголын ард түмэн амь насны баталгаагүй, эдийн засаг нь элгээрээ хэвтэж байна, МАН-ынхан.

 


МАН-ЫНХАН ТӨР УДИРДАХ ГЭЖ МОНГОЛЫГ ЭЛГЭЭР НЬ ХЭВТҮҮЛЖ БАЙНА ДАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188