• Өнөөдөр 2026-05-21

"БОДЬ ГРУПП"-ЫН ОФФТЕЙК ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ, "ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАНГ НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ШАЛГАХ УУ

2026-05-21,   123

           Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Засгийн газрын нууцын  зэрэглэлтэй байсан хоёр тогтоолыг улсын нууцаас гаргаж, олон нийтэд нээлттэй болгоно хэмээн мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, Богдхаан төмөр замын төсөлтэй холбоотой "Бодь интернэшнл" компанитай төрийн нууцад хамаарах шууд гэрээ байгуулж, нүүрсний оффтейк гэрээ хийснийг бүхэлд нь ил болгох шийдвэр гарсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулсан юм.


     Эрх баригч намынхны амны уншлага болсон нүүрсний хулгайн оффтейк гэрээнүүдийг өнгөрсөн 2022 оноос ил болгож буйгаа зарлаж байсан ч халаасандаа авч үлдсэн оффтейк гэрээнүүдийн нэг нь Богдхаан төмөр замыг барьсан Бодь интернэшнл компанийн оффтейк гэрээнүүд байлаа.

   Үе үеийн Засгийн газарт бизнесийн томоохон бүлэглэлүүд хүчтэй байж, тухайн цаг үеийнхээ эзэд нь хэмээн нэрлэгдэх хүртлээ төрийн сайд, УИХ-ын гишүүдийг санхүүжүүлдэг бичигдээгүй хууль Монголын төрд үйлчилж ирсэн. Тэгвэл нүүрсний хулгайн асуудал дэгдсэн цагаас өнөөдрийг хүртэл Монголын төрд Бодь группээр овоглогдсон Голомтын хэмээх Д.Баясгалан ноёрхож ирсэн нь нууц биш юм. Саяхныг хүртэл МАН-ын “зодоон”-ы гол бай болж, улстөрчид их хэмжээний мөнгөөр түүнээс санхүүжсэн байж болзошгүй гэдэг асуудлыг ч дэлгэж байлаа. Гэвч өнөөдрийг хүртэл түүнийг хуулийн байгууллагаар шалгасан эсэх нь тодорхойгүй байна. Тэгвсэл Улсын нууцын тамганы дор их хэмжээний нүүрсний хэрэгт холбогддог Бодь интернэшнл компанийн оффтейк гэрээг ил болгосноор Голомтын Д.Баясгаланг хуулийн байгууллагаар шалгах уу гэдэг нь олон нийтийн анхаарал татаж байна.

“ГОЛОМТ”-ЫН ХЭМЭЭХ Д.БАЯСГАЛАН ГЭЖ ХЭН БЭ

        “Голомт” банкны эзэн Данзандоржийн Баясгалан “Бодь интернэшнл” ХХК тэргүүтэй 10 гаруй компанитай. Тэрбээр эхэндээ “Бодь интернэшнл” ХХК-аараа барилга барьдаг байсан бөгөөд төв талбайн хажууд байрлах “Бодь цамхаг”, барууны дөрвөн замд байрлах “Голомт” хотхон, “Шинэ төгөл” болон “Санзай” гэх хаус хотхонууд барьж, “Шангри-Ла”-гийн зүүн талд байрлах “Эмбасси резиденс” оффис, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” цогцолбор зэргийг барьсан.

       Гэсэн ч Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК 2019 он хүртэл алдагдалтай ажилладаг байсан бөгөөд 2020 оноос буюу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын гүйцэтгэгч болсноосоо гурван жил дараалан 130-150 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг.

     Тодруулбал, 2018 онд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих тендер авч, ажиллаж байсан “Бодь интернэшнл” ХХК 2020 оноос эхлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр зам, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв”-ийн төсөл, “Богдхам төмөр зам”-ын төсөл зэрэгт ногоон гэрлээр шалгарч, төрөөс төсөл, тендер түүж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам монголчуудад биш, харин “Бодь интернэшнл” ХХК, “Голомт”-ын Д.Баясгаланд ашгаа өгсөн юм.

 

ТӨМӨР ЗАМ, “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДСОН ХАР ТҮҮХ

        “Нүүрсний хулгай”-н гэх хэрэг анх идэвхтэй яригдаж байх үед Засгийн газраас Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-ийн “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-тай байгуулж, улсын нууцад оруулсан дөрвөн гэрээг нийтэд ил болгосон. Тодруулбал, Д.Баясгалан “Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг тэрбум ам.доллароор, Богдхан төмөр замыг 734.6 сая ам.доллароор барихаар “Тавантолгой төмөр зам” ХХК-тай гэрээ байгуулж, улсын нууцад оруулсан байдаг.

     Улмаар Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын тэрбум ам.доллар болон Богдхан төмөр замын 734.6 сая ам.долларын төлбөрөө “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсээр авахаар тохиролцож, оффтейк гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед улсын нууцаас гаргасан “Голомт”-ын Д.Баясгалангийн төмөр замын болон нүүрсний гэрээнүүд нь,

  • 2019 оны аравдугаар сарын 29-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын 1.0 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээ
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 13-нд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ
  • 2022 оны зургадугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан “Богдхан төмөр замын туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын 734.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ
  • 2022 оны зургадугаар сарын 27-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ зэрэг байсан юм.

     Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийг гүйцэтгэх гэрээ болон оффтейк гэрээнд гарын үсэг зурсан гол хүн нь “Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж асан А.Амундра. Гэвч А.Амундра нүүрсний хулгайн хэрэгт шалгуулж эхэлмэгцээ эх орноосоо оргон зайлж, хилийн чандад бий. Харин саяхан “Бодь”-ийн босс Д.Баясгалан оффтейк гэрээнд нь оролцсон улстөрчдөд 110 сая ам.доллар бэлэг болгож бэлнээр тараасан, түүнээсээ 1.3 сая ам.долларыг нь ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын халаасанд хийсэн хэрэгт холбогдсон. Тухайн үед Д.Баясгалан “Б.Энхбаярыг  би танихгүй” хэмээн мэлзсэн ч түүнтэй уулзуулсан гол зуучлагч нь хотын дарга асан Д.Сумъяабазар байсан хэмээн нотолсон нь ч бий. Нэгэн цагт Монголын төрд “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг “хаан” мэт авирлаж, улстөрчдийг санхүүжүүлж, бизнесийн салбарт оролцохгүй  салбар гэж үгүй болсон байлаа.  Одоо бид “Бодь”-ийн Д.Баясгалан хэмээх бүгдийг босс, хамгийн “хаан”-тай болчихсон. Оффтейк гэрээ байгуулсан ч Д.Баясгалан, онгоцны хоол хийсэн ч Д.Баясгалан, төмөр зам барьсан ч Д.Баясгалан, талбай тохижуулсан ч Д.Баясгалан, станц барьсан ч Д.Баясгалан, соёлын төв барьсан ч Д.Баясгалан. Ерөөс оролдохгүй төсөл, оролцохгүй тендер, орооцолдоогүй улстөрч гэж Д.Баясгаланд байхаа больчихсон.

          Тэгвэл Монголын төрд “хаан” шиг загинах болсон Д.Баясалангийн “мухар” төмөр зам барьж, улсад их хэмжээний хохирол учруулсан оффтейк гэрээнүүдийг Н.Учралын Засгийн газар ил болгож, хуулийн байгууллага шалгаж чадах уу гэдгийг олон нийт харах л үлдлээ.

 

 


"БОДЬ ГРУПП"-ЫН ОФФТЕЙК ГЭРЭЭГ ИЛ БОЛГОЖ, "ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАНГ НҮҮРСНИЙ ХЭРГЭЭР ШАЛГАХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188