• Өнөөдөр 2025-03-14

Баярлалаа, ЭНЭТХЭГИЙН АРД ТҮМЭН

2021-02-27,   1042

-МОНГОЛ УЛС ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АНХНЫ ВАКЦИНАА ГУРАВДАГЧ ХӨРШ ОРНООС АВСАН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ӨРНӨЖ БАЙНА-

Дэлхий нийтээр цар тахлын өмнө хүчин мөхөстөж, жил орчим хугацааны дараа арай чүү вакцин гарган авч, туршиж эхлээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтнийг тэр чигт нь хөл хорионд оруулаад буй коронавирусийн эсрэг вакцин олон нийтийн хэрэглээнд дөнгөж орох гэж буй энэ үед Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар манай улсад 150 мянган тун вакцин  буцалтгүй тусламжаар олгож, өчигдөр вакцины дээжээс хүлээлгэн өгөх ёслол “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд боллоо. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш бараг улсаараа хатуу хөл хорионд байсан монголчуудад юу юунаас илүү баярт мэдээг энэтхэгчүүд анхлан дуулгасан нь энэ ээ.  
Цар тахлын амаргүй үеийг бидэнтэй яг ижил туулж байгаа хэрнээ өөрсдөө хэрэглэх вакцинаасаа илүүчлэн, үнэгүй бэлэглэж буй тус улсын Засгийн газарт Монголын ард түмэн талархал илэрхийлэх нь дамжиггүй. Тус улсаас нийлүүлж байгаа 150 мянган тун вакцинаар 75 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэж албаныхан мэдээлсэн. Угтаа бол 75 мянган монгол иргэнийг аюулт цар тахлаас Энэтхэгийн ард түмэн хамгаалж буй маш чухал, хүнлэг, энэрэнгүй үйл хэрэг болж байна.  Түүгээр ч барахгүй Монгол Улс цар тахлын эсрэг анхны вакцинаа гуравдагч хөрш орноос авсан түүхэн үйл явдал өрнөж байна. Ингэснээр Монгол Улс гадаад харилцаандаа баримталдаг гурав дахь хөршийн бодлого хэрэгжиж буй, энэ бодлогод шинэ салхи сэвэлзүүлсэн үйл явдал боллоо. 
 
Монгол Энэтхэг хоёр улсын найрамдалт харилцаа 1955 оноос эхлэлтэй. Шашин соёлын харилцаатай, “оюун санааны хөрш” орон гэгддэг Энэтхэг Улс нь социалист бус улс орнуудаас хамгийн анх Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хэмээн тэмдэгдсэн байдаг. Харин манайх 1971 онд Бангладештай дайтахад нь Энэтхэгийн талд бат зогсож байжээ. Түүнчлэн Монгол Улсыг НҮБ болон бусад олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй болгохыг Энэтхэг Улс тууштай дэмжсэн зэрэг түүхэнд тодоор тэмдэглэгдсэн олон үйл явдал бий. 

Сүүлийн жилүүдэд Монгол, Энэтхэгийн найрсаг харилцаа улам бэхжиж, шашин, соёлын харилцаанаас гадна бүтээн байгуулалтын дээд түвшинд яриа хэлэлцээр, уулзалтууд зохион байгуулагдах болсон. Хамгийн сүүлд гэхэд Энэтхэгийн Засгийн газар манайд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд 236 сая ам.долларын санхүүжилт олгохоо зарлаж, бүтээн байгуулалтыг эхлүүлээд буй. 

Өмнөх найрсаг харилцаа, хамтдаа туулж ирсэн он жилүүд, дурсамж, дурдатгалаас илүү энэ хэцүү цагт бидэнд илгээсэн коронавирусийн эсрэг вакцин хоёр орны түүхийн хуудаснаа тодоос тод, арилашгүйгээр бичигдэн үлдэх нь тодорхой. Баярлалаа, Энэтхэгийн ард түмэн, Засгийн газар. 

Баярлалаа, ЭНЭТХЭГИЙН АРД ТҮМЭН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188