• Өнөөдөр 2024-05-18

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Ерөнхий сайд шинэ жишиг тогтоосон, хөл хорионы шийдтэй, жигшүүрт хэрэг гарсан долоо хоног

2021-02-06,   583

ЭРГЭЛТ.МН мэдээллийн сайт улс төр, нийгэм, эдийн  засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Үндэсний уламжлалт Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотой УОК хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг эцэслэв. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  шинэ жишиг тогтоож “Эрт унтаж, эрт босно” уриалга дэвшүүлэн, өглөөний уулзалт хийх ажлыг өнгөрсөн даваа гарагаас эхлүүлсэн. Оюутолгойн гэрээг тойрсон эдийн засгийн асуудлууд өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв хэвээр байв. Мөн  Сэлэнгэ аймгийн Мандал сумын багш нар сурагчдаа хүчиндсэн байж болзошгүй нийгмийг цочроосон жигшүүрт хэрэг гарлаа.  Дээрх үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэе.
 

Ерөнхий сайдын шинэ жишиг

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа хүлээн авснаасаа хойш салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж буй. Тэрбээр “Эрт унтаж, эрт босно” гэх уриалга дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн ажлын явцтай танилцах ажлаа өглөөний 07:30 цагт эхлүүлээд байгаа юм. Уг уулзалтыг өнгөрсөн даваа гарагаас ОБЕГ-аас эхлүүлсэн.  Энэ үеэр тэрбээр “Засгийн газар, УОК, ЭМЯ, НОК бүгдээрээ ажиллах арга барилаа шинэчлэх, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай. УОК, Засгийн газраас гаргасан шийдвэрүүд дунд, анхан шатандаа замхарч, иргэдэд хүндрэл чирэгдэл учруулдгийг бүрмөсөн арилгах ёстой. Зөв хандлага, хүний эрхийн мэдрэмж дутсанаас сөрөг үр дагаврууд гарч байгааг өөрчилж байж, цар тахлын ард гарна” хэмээсэн юм.
Мөн өнгөрсөн мягмар гарагт Барилга, хот байгуулалтын яам буюу бүтээн байгуулалтын салбарынхантай уулзсан. Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал "Залуус I, II, III хороолол" барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна" хэмээн мэдэгдсэн юм. Харин өчигдөр буюу баасан гарагт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхантай уулзлаа. Тэрбээр уулзалтынхаа эхэнд тус салбарт баримтлах өөрийн Засгийн газрын бодлогыг үндсэн зургаан чиглэлээр явуулах тухайгаа товч танилцуулж, илтгэл тавьсан юм.Илтгэлдээ ‘’Шинэчлэлт, өөрчлөлтүүдийг хийнэ. Хийхдээ өмнөх засгийн газруудын сайн, жишээ бодлогуудыг үргэлжлүүлж авч явна. Үүний нэг том зорилт нь цахим шилжилт хийх явдал. Төрд иргэнийхээ амьдралын цагийг хэмнэхээс илүү эрхэм үүрэг гэж байхгүй. Тиймээс иргэдээ стресс бухимдалгүйгээр өглөө сэрдэг, үндэстнээрээ эрт босож гүйдэг, эрүүл мэнддээ анхаардаг, гар утаснаасаа төрийн үйлчилгээгээ авчихдаг, бусад цагт нь өөрийгөө хөгжүүлдэг болгох ёстой. Энэ бол та бидний үүрэг’’ хэмээн онцолсон билээ.
 

Сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтооно

Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж, Үндэсний уламжлалт Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэх Засгийн газрын шийдвэр гарсан. Цагаан сараар нийслэлд хатуу хөл хорио тогтоож,  өндөржүүлэн бэлэн байдлын зэрэгт шилжих юм. Сүүлийн өдрүүдэд халдварын голомт нэмэгдэж, хавьтлын тоо өссөөр байна. Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй гэх шийдвэр өмнөх Засгийн газрын үед гарсан ч хөл хориог хэрхэн тогтоох талаар шийдэлд хүрээгүй байсан юм. Эрүүл мэндийн яамны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн санал, цар тахлын нөхцөл байдлын талаарх судалгаа зэргийг үндэслэн энэ сарын 11-23-ны өдрүүдэд нийслэлд хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг УОК гаргаад байна.
 
Хөл хорионы өдрүүдэд зайлшгүй ажиллах шаардлагатай зарим байгууллагыг танилцуулсан юм. Бүх нийтийн бэлэн байдлын үед эм, эмнэлгийн үйлчилгээ, зөөврийн ус, түлш, хүнс хэрэглээний тээвэр, хүнсний дэлгүүр, супер маркет, хот нийтийн үйлчилгээ, банкны цахим болон автомат үйлчилгээний газар, буяны үйлчилгээ, цахилгаан дулаан, шатахуун түлш, шуудан харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, засвар болон бусад үйлчилгээ, мал, амьтны хүнс тэжээлийн газар, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо зэрэг байгууллага ажиллана. 
 
Энэ удаагийн хатуу хөл хорионы өдрүүдэд өрх бүрийн төлөөлөл шинжилгээнд хамрагдаж, халдварын голомтыг хумих арга хэмжээ авч буйг Шадар сайд С.Амарсайхан тодотгосон. "Нэг иргэн-нэг өрх" шинжилгээнд 420 мянган орчин иргэнийг хамруулах төлөвлөгөө гаргаад буй.

Оюутолгойн гэрээ ба Монголын эдийн засаг

Оюунтолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай хэмээн үзэ, УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ сард өлсгөлөн зарласан. Оюутолгойг тойрсон асуудлууд өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд хэвээр байна. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас “Рио Тинто” компанитай цахим хурал хийлээ. Манай Засгийн газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг монголчуудад ашигтай байдлаар өөрчлөх саналыг “Рио Тинто” группт тавиад байгаа билээ. Тус хэлэлцээрийн Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж байгаа. Цахим хуралд “Рио Тинто”-гийн талыг төлөөлж Зэсийн группийн гүйцэтгэх захирал Г.Болд оролцож “Бид бүгд нэг завин дээр байгаа” гэдгээ онцолсон байна. Мөн өнгөрсөн пүрэв гарагт Дубайн гэрээг цуцлах нь зөв эсэх талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, эдийн засагч Ч.Отгочулуу нар мэтгэлцсэн билээ.

Төгсөх ангийн сурагчдыг багш нар нь хүчинджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын багш нар төгсөх ангийн сурагчийг хүчиндсэн гэх хэрэг энэ сарын 25-нд гарчээ.
Тодруулбал, тус сумын хоёр сургуулийн багш нар архидан согтуурсан үедээ уг хэргийг үйлдсэн байна. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.
Үүнтэй холбоотой Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлснийг бид мэдээлсэн билээ. Тэрбээр "Энэ хэрэг намайг сайдаар томилогдохоос өмнө гарсан байна. Гэхдээ надтай хамааралгүй гэж хэлж байгаа юм биш. Нийт багш, сурган хүмүүжүүлэгчийнхээ өмнөөс уучлалт гуйж байна. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн багш нар нийлж, согтуурсан үедээ XII  ангийн хүүхдийг хүчиндсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Тиймээс цагдаагийн байгууллагаас нэмэлт мэдээлэл өгөх байх. Ер нь бол өмнөх Засгийн газар шинэ жишиг тогтоож огцорсон. Энэ тогтолцоо бүх төрийн албан хаагчдад хамаатай. Тиймээс алдаа гаргасан хүн хариуцлага хүлээнэ. Боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш, ажилчдынхаа ёс суртахууныг сайжруулах шаардлагатай юм байна. Энэ бол сайд болсноосоо хойш хийж эхлэх хамгийн эхний ажил юм гэж харлаа” хэмээсэн юм.
 
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Ерөнхий сайд шинэ жишиг тогтоосон, хөл хорионы шийдтэй, жигшүүрт хэрэг гарсан долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-06 23:19:33
    содов: Энэ сурвалжлага бичсэн хүүхэд арай л болоогүй байнадаа хэнд ямар шинэ мэдээ яаж хүргэх вэ гэж эхлээд сайн бодож боловсруул энэ мэдээ чинь аль нэг хэвлэлээс хуулбарласан хуучин тэгээд найруулга муу зөв бичгийн алдаа ихтэй байнаа харин хэн нэгэнд худалдагдаад хүн гүтгэх муулах ажилд ороогүй яваа бололтой яваандаа сурна биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-06 14:26:48
    зочин: ХҮЧИНГИЙН ХЭРГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ АРЫГ НЬ ДААДАГ НЬ ЖЕНКО Л ШҮҮДЭЭ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188