• Өнөөдөр 2025-05-19

ШАТАХУУН ЦАРАЙЧИЛДАГ МОНГОЛЧУУДЫГ ГУРИЛАА ГУЙДАГ ЗАМ РУУ ХӨТӨЛЧИХЛӨӨ ДӨӨ, УИХ-ЫН ДАРГА АА

2025-05-19,   322

     Д.Амарбаясгалан дарга аймар хорлонтой байна. Атрын аян гэж арай гэж хөл дээр нь босгосон газар тариалангийн салбарыг элгээр нь хэвтүүлж, Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаас эхлээд монголд болж бүтэж байгаа хэдхэн ажлыг нь тэр ганцхан алх цохилтоор самарч орхидог боллоо, үнэндээ.


     Сонгуулийн пиар болгож гурилын үнийг бууруулна гэж баталсан Гурил, улаан буудайнд импортын татвар тогтоох хуулийг өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар УИХ-аар дэмжсэнгүй. Тодруулбал, ОХУ-аас импортын татваргүй гурил, улаанбуудайгаа авч байх юм гэнэ. Тэгээд бүүр УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс импортын гурил, улаан буудайд татвар тогтоох асуудлыг дэмжихгүй байгаагаа ил тодоор зарлаж байна.

        Өөрөөр хэлбэл, гурил, улаанбуудайн импортыг татваргүй болгосноор ОХУ-аа хямд үнээр гурил, улаан буудайгаа оруулж ирнэ гэх нэрийн дор үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хөлийг тушиж байгаа нь энэ. Одоо ч яах вэ, оросууд хямдхан гурил өгдөг л юм байж. Хэдхэн жилийн дараа монголчуудын хүнсний хэрэглээний гол бүтээгдэхүүн болох гурил нь импортлогч улсын хараат болох сонголт руу эргэлт буцалтгүй орж мэдэх нь.

        Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги гэгч л болж байна. Импортоор орж ирсэн хямд гурилтай үндэсний үйлдвэрлэгчид өрсөлдөх хэмжээнд хүртлээ хөгжөөгүй байгаа шүү дээ, үнэн хэрэг дээрээ.

       Ингээд хэдхэн жилийн дараа импортын бараатай өрсөлдөж чадахгүй үндэсний үйлдвэрлэгчид хаалгаа барьж, дампуурлаа зарлахын цагт гурилын үнэ тэнгэрт хадаж мэдэх ийм л хорлонтой шийдвэрийг УИХ олонхоороо гаргаж байна. Цаашлаад хэдэн жилийн хөдөлмөрөө зарцуулсан тариан талбай нь атаршиж, зэрлэг ургамлаар дүүрсэн цагт алгаа дэлгэж, байдгаа барьж байгаа хөрш “ах нар” хаалгаа дангитал түгжээд гурилын нэмж, амандаа багтсан үнээ хэлвэл худалдаж авахаас өөр аргагүй байдалд хүрэх нь.

        Нэг ёсондоо өнөөдөр монголчууд шатахуунаа авахын тулд хэлсэн үгэнд нь багтаж, хүссэн саналыг нь хүлээж авч шиг  нөхцөл байдал гурил, улаанбуудай, хөдөө аж ахуйн салбарт үүсэхээр болчихоод байна. Уг нь бол дэлхийн зах зээлд гурил буудайн үнэ өсөж байгаа энэ цаг үед манай улс гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг 100 хувь дотооддоо хангадаг болчихдог бол хэчнээн үр өгөөжтэй билээ. Цаашлаад гурилын үйлдвэрүүдэд тогтоосон монопол байдлыг нь арилгахын оронд хөл дээрээ тогтож ядаж байсан хөдөө аж ахуйн салбарыг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэх хууль баталж байгаа нь даанч харамсалтай. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улс удаан буудай үйлдвэрлэж, импортоод хангах шийдвэр гаргалаа. Өнгөрсөн парламентаар баталсан Гурил, улаанбуудайнд импортын татвар тогтоох хуулийн үр дүнд газар тариалангийн салбар унаж, тариалалт буурсан. Гаднаас бэлэн гурил, малын тэжээл авдаг болсон. Үүнийг засаж, залруулах хуулийг өнөөдөр УИХ дэмжсэнгүй. Бидэнд ковидын хар түүх бий. Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн гишүүн санаачилж, Үндэсний аюулгүй байдал, хүнсний хангамжийн тухай хуулийг баталж, Хүнсний хувьсгал эхлүүлсэн. Үүний үр дүнд газар тариалангийн салбар сэргэж, дотооддоо улаан буудайгаа тариалж, гурилаа үйлдвэрлэдэг болсон. Газар тариалан хөгжснөөр хүсний үйлдвэр хөгжих байлаа. Үүнийг дэмжиж, Засгийн газар Хүнсний IV хувьсгалыг эхлүүлж байсан. Ийм шийдвэр 1990-ээд онд ийм шийдвэр гарч, үр дүнд нь монголын газар тариалан уналтанд орсон. Нэгдэл сангийн аж ахуй нь тарж, атар газрууд нь атаршиж, зэрлэнгэндээ баригдсан. 2008 онд С.Баярын Засгийн газар Атрын III аяныг эхлүүлж, энэ гутамшигт байдлаас гарч байлаа. Газар тариалан эрхлэгчид зээлээ яаж дарах вэ. Энэ маш уршигтай шийдвэр” хэмээн мэдэгдсэн.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫГ САМАРСАН ТҮҮХ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДАВТАГДАХ ВИЙ ДЭЭ, ДАРГАА

     Ерөөс дан ганц энэ гурил, улаан буудай, хөдөө аж ахуйн салбар гэлтгүй монголд хийж бүтээж болгож байгаа бүхэн уналтад орж байна. Хамгийн наад захын жишээнээс авч үзэхэд хуучин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, салбар салбарт нь хариуцуулснаар хэрэгждэг дүрэм журам, аюулгүй байдаг гэж байхаа больсон бодит үнэнтэй бид нүүр тулж байна. Хатуухан хэлэхэд хариуцлагагүй хэдэн байцаагчийн ёс зүйгүй үйлдлийг нь урдаа барьж ярьсаар байгаад мэргэжлийн хяналтын байгууллагыг үгүй хийсэн нь нууц биш юм.

      Өнөөдөр мэргэжлийн хяналтын байгууллага байхгүй болсноор хэчнээн шаардлагагүй хангаагүй барилга байшин ашиглалтад орж, хугацаа нь дууссан, “хортой” хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа билээ. Үнэндээ ийм олон барилга байшин шатаж эд хөрөнгө, амь насаараа хохирч байгаа нь хяналт шалгалт, дүрэм журамгүй болсонтой холбоотой гэхэд хэн ч үгүйсгэхгүй. Адаглаад хоолны газруудад хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, чанарын шаардлага хангаагүй хүнс борлуулж байхад иргэд хаана хандахаа мэдэхгүй, хэлээ хазаад өнгөрч байгаа олон жишээ бий.

      Улстөржиж хэн нэгний эрх ашгийг хамгаалаад байгаа хэрэг биш ээ, энд үнэндээ. Бодит амьдралд нийцсэн, ирээдүйгээ харсан шийдвэр гаргадаг баймаар байна, УИХ. Тэгэх гэж л иргэд 126 гишүүнийг итгэж сонгосон байлтай ард түмэн. Харамсалтай нь, гишүүдийн тоо нэмэгдсэн ч УИХ-ын шийдвэр, кнопны эрх мэдэл нэмэгдсээр байгаа юм байна.

     Сүүлдээ гишүүдийн тоо нэмсэн нь улам бүр хорлонтой болж байх шиг байна. Эрх баригч намынхны амны уншлага болтлоо улиглаж байгаа төр хувийн хэвшлийг дэмжих  бодлого хаана байгаа юм бэ.

Өнгөрсөн хугацаанд төр, хувийн хэвшлийн түншлэл гэж хэчнээн их ярьж, сурталчилж, амалж байгаа билээ. Гэтэл бодит байдал дээрээ төр иргэдийн тогоо руу хүртэл шагайдаг болчихлоо.

       Газрыг нь булааж, үйлдвэрүүдийг нь дампууруулах хүртлээ төр бизнесийн үйл ажиллагаанд хошуу дүрдэг болсныг өнгөрсөн хугацаанд харлаа. 

 

 

     

 

 


ШАТАХУУН ЦАРАЙЧИЛДАГ МОНГОЛЧУУДЫГ ГУРИЛАА ГУЙДАГ ЗАМ РУУ ХӨТӨЛЧИХЛӨӨ ДӨӨ, УИХ-ЫН ДАРГА АА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-05-19 10:07:41
    Зочин: Бичиж байгаа санаа нь зөв боловч Бичвэр нь нил алдаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188