Энэ бүх дуулиан, шуугиан, шударга ёсны төлөөх огцролтын хажуугаар хотын дарга Д.Сумъяабазар маань чимээгүйхэн, ганцаараа албан тушаалтайгаа үлдэх бололтой. Учир нь, Засгийн газрын тэргүүн удирдсан танхим нь сайн ажиллаж чадаагүйнхээ хариуцлагыг хүлээсэн шиг хүлээе хэмээж байгаа энэ цагт тэр хариуцлагын тухай ганц ч үг ганхийсэнгүй.
Уг нь тэр анх л Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд томилогдохдоо л “Би дээшлээд байна уу, доошлоод байна уу гэдгээ сайн мэдэхгүй байна” хэмээн энэ албанд удахгүй, дургүйхэн очиж байгаагаа илэрхийлж байсан. Гэтэл яг цагаа тулахаар албан тушаалтайгаа хамгийн их зууралдаж, асуудлыг өөрөөсөө холуур өнгөрүүлэхийг хүсэж байгаа бололтой.
Амаржаад хэдхэн цаг болсон эх, хүү хоёрыг өвлийн хүйтэнд дан халаад, гэрийн шаахайтай тээвэрлэсэн үйлдэл хотын даргад хамааралгүй, түүнээс ангид хэрэг байж яав ч таарахгүй. Зүй нь бол тэр Ерөнхий сайд Засгийн газраа унагахаас өмнө олны өмнө гарч зогсоод “Өргөө амаржих газар бол миний хариуцаж байгаа нийслэлийн төрөх эмнэлэг билээ. Эмч, ажилтнууд нь ёс зүйгүй загнаж, дөнгөж төрсөн эх, үр хоёрт тийм цэвдэг сэтгэл гаргасан нь би албатуудаа олигтой ажиллуулж, зөв чиглүүлж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаасаа өөрийн дураар чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна” хэмээн мэхийн ёслох ёстой байв.
Гэвч тэр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан байж ирсэн албан тушаалаасаа буух сонирхолгүй байгаа нь илт байна.
Учир нь, хотын даргын ажлаа хүлээлгээд өгчихвөл тэр бүр хов хоосон хоцорно. Тиймээс яаж ийгээд энэ албандаа тэсэж үлдэх аргаа хайж байгаа нь тодорхой. Гэвч Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанаас нь буулгах шалтгаан зөвхөн ээж, хүү хоёрыг хоригдлоос дор шахуу зөөсөн асуудлаас гадна хангалттай бий. Тухайлбал,
БАРИМТ: 1
2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд Улаанбаатар хотод дотооддоо халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хойш хотын дарга Монгол Улсын 1.5 иргэнийхээ эрүүл мэндийн төлөө нойр хоолгүй зүтгэсэн. Энэ тухайгаа нэгэн хэвлэлийн хурлын үеэр “Би нойр хоолгүй зүтгэж байна” хэмээн уурсан хэлж, төрийн алба хашсанаа умартан хэцүү байгаагаа илэрхийлж байлаа.
БАРИМТ: 2
Д.Сумъяабазарын гаргасан анхны эргэж буцсан шийдвэр нь автомашиныг замын хөдөлгөөнд тусгай зөвшөөрлөөр зорчуулах байв. Нийслэлд хөл хорионы хатуу дэглэм тогтоож, зайлшгүй ажиллах шаардлагатай 13 байгууллагын ажилчдыг хянах зорилгоор автомашины тусгай зөвшөөрөл олгохоор болсон юм. Ингээд орой нь шийдвэр гаргаж, “Асуудлаа шийдчихлээ” гээд санаа амар сууж байтал маргааш өглөө нь зөвшөөрөл авах дараалал дийлдэхээ больж, хуурамч тусгай зөвшөөрлийн асуудал ч сөхөгдөв. Гэтэл “Тусгай зөвшөөрлөөр автомашиныг зорчуулах нь тохиромжгүй юм байна” гээд тэр даруй гаргасан шийдвэрээ цуцалсан удаатай.
БАРИМТ: 3
Мөн хатуу хөл хорионы дэглэмтэй үед иргэдийг бөөгнөрөл үүсгэж болохгүй гэж байхад нь авто замаар түгжрэл үүсгэсэн нь хотын даргыг бухимдуулаад авсан. Гэсэн ч тэр дахин мэргэн санаа олж, хүнс, эм, эмнэлгийн хэрэгслийн хангаж, бараа бүтээгдэхүүн зэргийг 22:00 цагаас 06:00 цаг хүртэл хүнсний дэлгүүрүүдэд түгээх захирамж гарсан юм. Гэтэл энэ нь нөхцөл байдалтайгаа уялдаагүй шийдвэрт нэрлэгдэн, дарга цэрэг, бизнесмэнүүдэд хэд хоног чичлүүлээд авсан.
БАРИМТ:4
Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдэд нөөцийн махыг нэгдсэн цэгээр олгох ажлыг эхлүүлсэн нь мөн л хэл аманд өртсөн. Анх удаа хатуу хөл хорионд орсон нийслэлчүүд сандарч, бухимдаж, хэрхэн дэглэмээ сахих учраа олохгүй байх үед нь нөөцийн мах тараасан нь мөн л олныг нэг дор цуглуулж, бөөгнөрөл үүсгээд авсан. Энэ нь түүнийг хямд үнэтэй нөөцийн махаар иргэдийг хангаснаасаа эсэн хэл аманд оруулж байсан билээ.
БАРИМТ:5
Автомашины хөдөлгөөнийг зохицуулах нь төвөгтэй учир иргэдийг нийтийн тээврээр зорчуулах нь хамгийн оновчтой санаа хэмээн тэр гэнэт зарлаад эхэлсэн. Бүр нийтийн тээвэр хамгийн зөв шийдэл гэх санааг иргэдэд ойлгуулахын тулд өөрийгөө үл хайхран автобусанд хүртэл зорчсон удаатай. Харин үүнийг нь олон нийт “Ажлын цаг дуусаж, хүнгүй шахам байхад автобусанд суучихлаа”, “Ерөнхий боловсролын сургууль амарчихсан байхад “Сургуулийн автобусыг сайн халдваргүйжүүлж байгаа биз” гэх мэт гэнэн бөгөөд логикгүй асуулт асуусан хэмээн шүүмжилж байлаа.
БАРИМТ:6
Түүнийг олны анхааралд аваачсан өөр нэг зүйл нь нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд шуурхай албанд ажиллаж байгаа албатууд болон өөрийгөө коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийнхөө өрөөний үүдэнд халуун хэмжигч байрлуулсан явдал байлаа. Хэдийгээр хотын мээр өөрийнхөө мөнгөөр хоёр хэмжигч худалдан авсан хэмээн олон нийтэд тайлбарласан ч асуудлаас түүнийг амархан гаргаагүй юм.
.jpg)
БАРИМТ:7
Ингэж байтал Д.Сумъяабазар нийслэлийн шилдэг ажилчдаа ажлын байранд нь очиж шагнаж эхэлсэн юм. Ажил үүргээ гүйцэтгэж буй эгэл жирийн алба хаагчид дээр өөрийн биеэр очиж, мөнгөн шагнал болон түрээслээд өмчлөх зориулалттай орон сууцны түлхүүр гардуулж, шагнасан нь иргэдийн талархлыг хүлээгээд байлаа. Үүнээсээ урам авсан Засаг дарга ажилдаа шуурхайлан орж, “Хүүхдийн төлөө фонд” хандивын аянд нэгдсэн явдал байв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хандивын тоглолтын үеэр иргэдэд баяртай мэдээ дуулгаж, Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж, Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 11000 квадрат метр газрын асуудлыг шийдвэрлүүлсний дээр нийт ажилчдынхаа нэг өдрийн цалинг хандивлаж буйгаа мэдэгдлээ. Гэтэл ажилчдынхаа нэг өдрийн цалинг өөрсдөөс нь санал асуулгүйгээр, зөвшөөрөлгүй өгсөн хэрэгт дахин буруутгагдаж, арай хийж иргэдэд таалагдсан нэр хүндээ дахин унагасан билээ.
Азаар үүнээс хойш Д.Сумъяабазар ямар нэг үг, үйлдэл олон нийтийн өмнө гаргаагүй байна. Гэхдээ түүнийг Нийслэлийн Өргөө амаржих газрын хариуцлагагүй, сэтгэлгүй эмчтэй холбоотой асуудлаар ямар нэг тайлбар хийнэ гэдэгт нийслэлчүүд төдийгүй монголчууд, намын нөхөд нь итгэж хүлээж байгаа билээ. Учир нь, хамгийн түрүүнд хариуцлага хүлээх ёстой Нийслэлийн онцгой комиссынхон бус УОК, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихоод байна шүү дээ.
Хотын мээр хөшигний ард нуугдаж, ХАРИУЦЛАГААС МУЛТАРЧ үлдэхийг санаархаж байна |
|