Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт урагшладаг ч гүй, ухардаг ч гүй, манлайлал ч гүй, марзан сайд нар олон байна. Хуралдах нь их боловч гаргасан шийдвэрүүд нь шалихгүй, бүтцээ шинэчилж, сайд нараа сэлгээд ч амжилт олдоггүй нэг тийм улбайж сулбайсан амтгүй хоол шиг Засгийн газар бүрдчихсэн байгааг нуух юун. Намынхаа хуучин гишүүдийн олохыг нь Засгийн газарт сайдын суудалд томилчихсон. Өөрөөр хэлбэл, хал үзэж, халуун чулуу долоохоос бусдыг үзчихсэн хашир гишүүд гэсэн дээ хэрийн юманд хөлдөггүй, шинэ ажил санаачилдаггүй нэг тийм унтаа, унхиагүй гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгчид байна.
Адаглаад шинэ ажил санаачлаад түүнийгээ ард түмнээр үхтлээ шүүмжлүүлж, алдаа оноотой ажил хийж байсан ч эцсийг нь гэж зүтгэдэг эрч хүчтэй залуу боловсон хүчин энэ Засгийн газарт үзье гэсэн ч алга. Гарын таван хуруунд багтах цөөн хэдэн 80-аад оны залуус байгаа ч, зүрх зориггүй, хийсэн ажилдаа эзэн болж чадахгүй, томчуудынхаа хараанд өртөхөөс үхтлээ айж, сандал суудалтайгаа зууралдагсадаар Засгийн газар дүүрчихээд байгааг нуух юун. Ингээд харахаар ирэх жил Засгийн газарт дүн тавихад талаас илүү сайд нар нь муу дүн авахаар байна. Уг нь түүхэнд байгаагүй том бүтэц бүрэлдэхүүнтэй, “давхар дээл”-тэй сайд нараар хүч сэлбэсэн гээд дурдаад байвал олон давуу талтай гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж байна Л.Оюун-Эрдэнэ. Хоёр удаа бүрэлдэхүүнээ шинэчилж, хэд хэдэн удаа сайд нарынхаа суудлыг сэлгэн томилсон ч өмнөх Засгийн газруудаас хамгийн сул дорой, чадамжгүй гэх нэрийг зүүхэд ойрхон байна тэд.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайнаасаа илүү саар нэртэй сайд олон бий. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Боловсролын зээлийн сангаас зээл авсан томчуудын тоонд багтаж, түүгээр ч зогсохгүй зээлээ тэглүүлсэн баримт нь ч олон нийтэд ил болсон. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн ихэр охин Дэлгэрмаа, Норовдэлгэр нар Боловсролын зээлийн сангаас тус бүр 32 мянган ам.доллар, нийт 64 мянган ам.долларын зээл авсан байдаг. Чинзоригийн Дэлгэрмаа 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр 1.5 жил суралцахаар Сургалтын төрийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан бол 2017 онд Ч.Норовдэлгэр 2017 онд АНУ-ын "Penn State University"-д хоёр жил суралцахаар Боловсролын зээлийн сангаас мөн 32 мянган ам.долларын зээл авсан байдаг. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус бүр 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ. Харин тэд зээлээ журмын дагуу эргүүлэн төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Түүгээрч зогсохгүй саяхан Эрүүл мэндийн салбарт донортой холбоотой асуудал дуулиан дэгдээж, иргэдийн дунд эрүүл мэндийн ойлголт ямар байгаа вэ гэдэг дээр салбараараа дүнгээ тавиулсан. Сайдын мэдэгдэл цагаа олоогүй гэх шүүмжлэл ч олны дунд өрнөж байлаа.
Түүний араас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ БЗС-д нэр холбогдсон. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Бат-Өлзийн Баттогтох 2009 онд Өмнөд Солонгосын Сөүлийн үндэсний их сургуульд эдийн засгийн удирдлагын чиглэлээр хоёр жил суралцахаар тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 14 мянган ам.долларын зээл авсан байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 14 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байсан баримт ил болсон. Энэ талаар тэрбээр “Манай дүү зээл авсан талаар би мэдээж үгүй явсан” хэмээн булзааруулж байсан удаатай. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд салбар хариуцаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч байгаль орчны чиглэлд доривтой авсан ажил хэрэг, арга хэмжээ байхгүй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тэр байтугай Тусгай хамгаалалттай газрын газар олголт, зөвшөөрлийн асуудал олны дунд шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Түүний хувьд энэ асуудлуудаараа хууль хяналтын байгууллагад ч шалгуулж байгаа гэх мэдээлэл бий.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ажилгүй сайдаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг нэрлэчихэд буруудахгүй биз. Хүйтний урь орж, өвөлжилтийн бэлтгэл ажил эд өрнөж байх үе эхэлж байна. Манай улсын хувьд эрчим хүчний асуудал жил жилийн өдийд анхаарлын гол сэдэв байсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хүйтний урь орохоос өмнө цахилгаан станцуудынхаа эх үүсвэрийн нэмж, сайжруулах хариуцлагатай цаг үе ирж байгаа гэсэн үг. Өнгөрсөн жил гэхэд манайх эрчим хүчний дутагдалд орсон гэдгийг салбарын сайд нь өөрөө мэдэгдэж байлаа. Гэтэл хүйтний урь орох дөхсөн энэ цаг үед эрчим хүчний салбар бахь байдгаараа, нэг ч станц нэмж ашиглалт оруулаагүй “Аргалана даа” гэх үгтэйгээ сууж байна. Мөнөөх Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцууд цаасан дээр бичигдсөн төлөвлөгөө хэвээр ард түмний дунд хүлээлт үүсгэсээр байна. Ирэх өвөл нийслэлчүүд ажилгүй сайдынхаа ачаар хүндхэн цаг үетэй нүүр тулах нь дээ. Түүгээр ч зогсохгүй утааг бууруулна хэмээн зарсан нүүрсээ буцаагаад хэдэн тэрбум төгрөгөөр худалдаж авах бодлого боловсруулаад сууж байгаа сайдаас манлайлал горьдоод ч хэрэггүй юм байна.
Засгийн газарт ямар үүрэг оролцоогүй, сул орон тоо бүрдүүлсний нэг Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо байна. Тус хороог УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Бат-Эрдэнэ удирдаж буй. Яг үнэндээ манайх спортын сайдтай боллоо гээд амжилтаа ахиулж, сдортоороо тэргүүлж, гийлсэн зүйл одоогоор үзье гэсэн ч алга. Ёстой хэдэн тамирчид нь бор зүрхээрээ бэлтгэлээ хийж, спортын тэмцээн уралдаанд явахдаа мөнөөх л санхүүгийн асуудалтай нүүр тулдаг, багш нар нь хүүхдүүдийнхээ зардал мөнгийг даадаг хэвээрэй. Хэдэн холбоод нь улстөрчдийн гарт орчихсон тамирчдаа дэмжих нь битгий хэл хооронд нь талцуулж, муудалцуулахаас өөрийг хийхгүй дүр төрхтэй сууж байгаа нь өнөөдрийн бодит үнэн.
Б.Бат-Эрдэнэ сайдаар сонгогдсоноос хойш салбартаа ийм ажил санаачилж, энэ тамирчдыг амжилтад хүргэлээ гэх нэг ч сайн мэдээ дуулдаагүй. Тиймээс Засгийн газраа дүн авахад араас нь хамгийн их татаж байгаа нь Б.Бат-Эрдэнэ сайд гээд хэлчихэд буруудахгүй биз.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд тогтдоггүй нэг яам бий. Гурван ч удаа сайдын суудал сэлгэж, эцэст Х.Булгантуяаг сайдаар томилсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ажил өнөөдөр мөн л сайнгүй үн авах нь. Нийгмийн хамгийн их хүлээлт үүсгэдэг, ард түмэнтэй ойрхон байх тус яаманд яг үнэндээ УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дэндүү жижигдэж байгаа гээд хэлчихэд олон нийт снал нийлэх биз. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах чиглэлд өнөөдрийг хүртэл доривтой санаачилсан ажилгүй, дэм болох цаг үетэйгээ нийцс эн хуулийн төсөлгүй байгаа нь ч нууц биш.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урилга заллагатай ирсэн хэмээн томордогч сайдын суудалд суух гэж хамгийн их хэл ам хийсэн нь түүнийг гэдэг. Гэвч Барилга хот байгуулалтын салбарт мөн л хийсэн ажлаасаа илүүтэй хэлсэн үг нь ихэдсэн гэх шүүмжлэл ч олны дунд байсаар байна.
Хамгийн сүүлд Боомт хариуцсан сайдаар томилогдсон Б.Тулга гэхэд сайдаар томилогдсоноос хойш хамраа ч цухуйлгасангүй гээд олны дунд эрэл сурал болж байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үхрийг ээмэгжүүлэх төслөөс өөрөөр хөдөө аж ахуйн салбарт санаачилсан ажилгүй, сууж, олны шүүмжлэлд өртөөд байгаа юм. Түүнийг хөдөө аж ахуйн сайдаар ажиллахад ашиг сонирхлын зөрчилтэй гэх шүүмж ч олны дунд байсаар буй. ХНХ-ын сайд Х.Булгантуяа гэхэд л хүүхдийн эрхийг хамгаалж, шүгэл үлээхийг заахаас өөрөөр энэ салбарт тодорч торойх ажил санаачлаагүй л сууна.
Ийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар дунд сайн нэртэй ч хүн ховор үлдлээ дээ.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ОЛИГГҮЙ САЙД НАР |
|
2023-12-01 14:47:22
2023-12-01 14:30:19
2023-12-01 14:17:44
2023-12-01 13:59:41
2023-12-01 13:49:29
2023-12-01 12:47:10
2023-12-01 12:40:41
2023-12-01 11:08:40
2023-12-01 10:55:06
2023-12-01 10:37:10
2023-12-01 10:34:15
2023-12-01 07:00:00
2023-12-01 07:00:00
2023-12-01 07:00:00
2023-12-01 07:00:00
2023-12-01 07:00:00
2023-12-01 07:00:00
2023-12-01 06:00:00
2023-12-01 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |