• Өнөөдөр 2024-05-15

МАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГАЦААНД ОРСОН ГЭВ ҮҮ

2023-04-28,   728

        Энэ долоо хоногт л Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөө Их хуралд өргөн мэдүүлэхгүй бол эцэг хуульд гар хүрэх асуудлаа хэсэгтээ хойшлуулахаар болсон сурагтай.

       Үндсэн хуульд гар хүрнэ гэдэг ганцхан намын асуудал биш гэдгийг тэд яс махаараа мэдэрч байгаа нь сүүлийн үеийн улс төрийн уур амьсгалаас илэрхий харагдаж байна. Өнгөрсөн намраас хойш л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эрх баригч намынхан хэдэн янзаар судалж, хэдэн янзаар тайлбарласан. Эцэстээ Үндсэн хуулийн дөрвөн зүйл заалтад л өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авч дуусаад байна. Харамсалтай нь, улс төрийн намууд болон иргэдийн санал эрх баригч намын санаачилгаас зөрүүтэй гарсан тул МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадахгүйд хүрээд байгаа гэнэ.

        Тодруулбал, Их хуралд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж суугаа Ардчилсан намынхан ажлын хэсэг дээрээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэх байр сууриа илэрхийлснээр МАН-ынхан аргагүйдэж, тэднээс дахин хариу ирэхийг хүлээж суугаа гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Улс төрд суудалтай намуудаас ХҮН нам Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хоёр гараа өргөн дэмжиж байгаа илэрхийлж, Ардчилсан намынханд үг хаясан гэх яриа ч Саарал ордноор гарч эхлэв.

        Тиймдээ ч намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Энэ долоо хоногт сөрөг хүчин хариугаа өгөхгүй бол Үндсэн хуульд гар хүрэх шаардлагагүй. Дараагийн асуудалдаа орж, сонгуулийн пи-араа эхлүүлэхгүй бол оройтох нь” гэх даалгавар намынхандаа өгсөн гэх. Уг нь жил жилийн сонгуулийн өмнөх жил улс төрийн намуудын хувьд жинхэнэ сонгуулийн өрсөлдөөний үе байдаг. Тиймдээ ч “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаас болж, сонгуулийн “пи-ар”-ын асуудал давхар хойшилж байна” хэмээн Ерөнхий сайд намынхнаа шамдуулж эхэлсэн бололтой. МАН ирэх сонгуульд олонх болох гэж мөн ч олон арга хэрэглэж, судалж, хүчээр шийдэх гэж их юм болж байна.

      Олон судалгаа олны дунд ил далдаар явуулсан ч нэг нааштай хариугүй суугаа тэд хуулийн цоорхой гаргаж, “давуу  байдал” бий болгохоор улайрч эхэлсэн ч хүчээр хийж болдоггүй зүйл байдаг гэдгийг мэдэрч байх шиг байна. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ирэх жилийн сонгуулийг 50*50 буюу 50 хувийг мажоритар, 50 хувийг нь пропорциональ хэлбэрээр явуулах тохироонд хүрвэл МАН парламентад олонх болж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Манайх урьд нь яг энэ хувилбараар сонгуулийг явуулж, Ардчилсан нам парламентад олонх болж байв. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоог нэмж, намын жагсаалтаар Их хуралд олонх болохоор төлөвлөгөө боловсруулаад буй. Нөгөө талаараа Л.Оюун-Эрдэнэ хуучин гишүүдээ шинэ гишүүдээр цус сэлбэж, нэр цэвэр хүмүүсийг улс төрд оруулна гэх хар зураг гаргачихсан суугаа гэдэг.

Гэтэл Их хуралд суудалтай намуудтайгаа тохироонд хүрч чадалгүй, ацан шалаанд орчихсон, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх, хийхгүй дээ тулчихсан байгаа гэнэ.

     Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Сонгуулийн тогтолцооны хувьд бид пропорциональ хэлбэрийг дэмждэг. Харин гишүүдийн тоог нэмэх гэдэг нь парламентын чадавхтай болох уу гэдэг нь эргэлзээтэй. Ардчилсан нам парламентын үйл ажиллагааг төгөлдөршүүлэхэд саад болж байна гэж зарим гишүүд хэлээд байгаа. Гишүүдийн байр суурь ямар байх нь хамаагүй. Харин төрийн эрх барих дээд байгууллагад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа намын хувьд намын байр сууриа баримтална. Улс төрийн намын хуулиар ҮБХ-ны гишүүд шийдвэр гаргах зохицуулалттай. 152 гишүүн бол хэт олон байна. Өнгөрсөн намар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт гарын үсэг зурсан. Үүнд Ардчилсан нам оролцсон нь үнэн. Гэвч тухайн үед манайх удирдлагагүй байлаа. Одоо маргаангүй болсон учраас намын шийдвэр гаргаад явна” гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм. Үндсэн дээ Ардчилсан нам гишүүдийн тоог нэмж, Үндсэн хуульд гар хүрэх асуудлыг дэмжихгүй байгаа нь үнэн гэдэг нь О.Цогтгэрэл даргын тойруу  тайлбараас илэрхий харагдаж байна. Цаашлаад дан АН ч гэлтгүй Ерөнхийлөгчтэй ойлголцох асуудал ч Засгийн газарт үүсээд байгаа. Гишүүдийн тоог нэмбэл кнопны нөлөө буурна гэх ганцхан тайлбар МАН-д бий.

      Угаасаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлчихвэл Их хурал дундуур нь өөр хуулийн төсөл оруулж ирэхгүй 45 хоног хэлэлцүүлэх хуулийн заалттай. Гэвч энэ удаад дөрвөн заалтад өөрчлөлт оруулах учир хоног алдахгүй хэлэлцүүлэх боломж бий гэж тэд харж байж болох юм. Нөгөө талаараа Үндсэн хуулийг дагаж өөрчлөх Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх хуулийн хугацаа дуусгавар болоход ганцхан сарын хугацаа үлдээд байна. Хоёр том хуулийг хэдхэн хоногийн дотор кнопдож орхих боломж МАН-д байгаа ч өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд хэлэлцүүлэн баталсан Н.Учралаар овоглосон хуулийн төсөл шиг болж мэдэх нөхцөл үүсэж мэднэ.

    Өөрөөр хэлбэл, эцэг хуульд гар хүрэх асуудлыг хэдхэн хоногийн дотор хэлэлцүүлэн батална гэдэг хуулийн гажуудал үүсэх өндөр эрсдэл бий. Эцэст нь гишүүдийн тоог 152 болгох сонирхол зөвхөн МАН-д бий. Гишүүдийн тоог нэмэхийг ард түмэн биш, Ардын нам л хүсэж байгаа. Үнэн чанартаа нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүй шиг гишүүдийн тоог нэмлээ гээд улсад хэрэгтэй, ард түмэнд ээлтэй байх нь юу л бол доо.


МАН ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ГАЦААНД ОРСОН ГЭВ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188