• Өнөөдөр 2024-04-26

Ерөнхийлөгч ундуйцаж, вакцины зээл хүсэж, дотоодын халдвар тархсан, хүн амины хэрэгтэй долоо хоног

2020-11-28,   862

Өнгөрч буй долоо хоногт улс төр, нийгэм, эдийн засагт болж өнгөрсөн томоохон үйл явдлыг Эргэлт.мн мэдээллийн сайт тоймлон хүргэж байна. Манай улс коронавирусийн дотоодын халдвар 300 давж, Засгийн газраас вакцин оруулж ирэх ажлыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болголоо. Мөн УИХ-ын чуулганы цахим хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн 16 настай эмэгтэй дүүгээ 18 настай ах нь онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, хаясан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Эдгээр үйл явдлыг "Эргэлт"-ийн тоймоор сануулж байна.

Х.БАТТУЛГА: Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, “шударга бусын хонгил”-ыг хамгаалж огт болохгүй

УИХ-ын чуулганы цахим хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга  оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй.
 
Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна. Цаашид хэн нэгэн, хэсэг бүлэг этгээд, эсвэл улс төрийн аль нэг нам, уул уурхайгаар сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, фракцид шударга бусын хонгил үүсгэх, хонгилоо хамгаалах, сэргээн байгуулахыг би зөвшөөрөхгүй, бас тэвчихгүй” гэлээ. Мөн тэрбээр үргэлжлүүлэн “УИХ-ын сонгууль бүрийн дараа төрийн албанд халгаа сэлгээ өрнөж, албан хаагчдыг хямраадаг байсан бол одоо шүүх эрх мэдлийг савчуулж, шүүгчийн хараат бус шүүхийн бие даасан байдалд улс төрчид эрээ цээргүй халддаг болох нь. Үүнийг би эрс эсэргүүцэж байна” хэмээлээ. 
 

Дэлхийн банкны 50.6 сая ам.доллароор вакцин авах хүсэлтээ өгчээ

Арваннэгдүгээр сарын 18. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газрын авсан гадаад зээл, тусламжийн талаар тайлагнахаа мэдэгдлээ. Тэрбээр “50.6 сая ам.долларын Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улс вакцин авах хүсэлтээ олон улсад өгсөн байгаа. Вакцины зах зээл хэн мөнгөө төлнө тэр нь түрүүлж авах ийм нөхцөл байдалтай байгаа. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд дэлхийн том, нөлөө бүхий улс орнуудын захиалгаар, эхлээд үйлдвэрлэж буй бүх вакциныг авах магадлалтай. Манай улс ДЭМБ-аас энэ оны дөрөвдүгээр сард зарласан “Ковакс” хөтөлбөрт хамрагдсан. Хөгжиж буй, буурай, нөлөө багатай улс орнуудад олгож, ард иргэдийг вакцинаар хангах зорилготой хөтөлбөр юм. Эл хөтөлбөрийг дөрвөн байгууллага санаачилсны нэг Дэлхийн банкнаас буюу санаачлагчаас нь бид санхүүжилт аваад хийвэл Монгол Улсад илүү, хурдан вакцин нийлүүлэгдэж орж ирэх болов уу гэсэн агуулгаар явж байгаа” гэсэн юм.

Коронавирусийн халдвар голомтлон тархаж, халдвар авсан иргэдийн тоo 738-д хүрлээ

Арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар коронавирусийн халдвараар манай улсын 738 хүн өвчилсөн талаар Эрүүл мэндийн яамны мэдээллээ. Үүний 438 нь зөөвөрлөгдөж, 300 нь дотоодод тархсан халдвар юм. Мөн өнгөрч буй долоо хоногт ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрч, эмнэлэг сувиллын нийт 11 тохиолдол батлагдсан. Халдвар авсан 80 настай эрэгтэйгийн биеийн байдал хүндэрч аппаратанд байна. Одоогоор нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Говьсүмбэр, Дорноговь, Орхон зэрэг зургаан аймагт халдвар тархаад байна.
 

18 настай С.Ганболдыг дүүгээ хөнөөж, мөчилж, нуусан хэрэгт сэжиглэн шалгаж байна

Арваннэгдүгээр сарын 3-нд хичээлдээ яваад ор сураггүй алга болсон 16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь мөчилж, шуудайнд хийн гудамжинд хаясан аймшигт хэрэг гарсан. Гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн талийгаачийн төрсөн ах 18 настай С.Ганболдыг сэжиглэн шалгаж байгаа. 
 
Харин талийгаачийн ар гэрийнхэн охиныг нь алга болохоос өмнө дарамталж байсан гурван залууг хэрэгт сэжиглэж байгаа талаараа мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэд хүүгээ дүүгээ хөнөөгөөд, цогцсыг нь хочр шуудайнд хийгээд явах хүн биш гэсэн юм. 
 

Ерөнхийлөгч ундуйцаж, вакцины зээл хүсэж, дотоодын халдвар тархсан, хүн амины хэрэгтэй долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188