• Өнөөдөр 2024-04-27

ТӨСВИЙН ТӨСЛИЙН АРД НУУГДАЖ БУЙ ТӨРИЙН ҮРЭЛГЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

2022-10-21,   621

             Ирэх оны төсвийг Засгийн газар боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Төсвийн төслийг ирэх жил эдийн засгаа тогтворжуулах жил гэж үзээд өмнөх жилүүдийн төсвөөс илүү үр ашигтай төсөвлөсөн гэдгийг эрх баригчид онцолж байгаа. Ингэхдээ үрэлгэн зардлуудаа танаж, шинэ хөрөнгө оруулалтыг эхлүүлэхгүйгээр хуучин төсөвлөсөн ажлуудаа дуусгах төлөвлөгөө гаргасан. Мэдээж ирэх жил эрх баригчдын амлаж байгаа шиг эдийн засгаа бүрэн тогтворжуулах уу гэвэл, үгүй. Учир нь, төсвийн орлогоо хэт өөдрөг төсөөлсөн. Өөрөөр хэлбэл, 2023 оны төсвийн орлогыг 18.9 их наяд, зарлагыг 20.4 их наяд хэмээн тооцоод байгаа юм. Улмаар жил бүр өндөр алдагдалтай баталдаг төсвийг 1.5 их наяд болгон бууруулсан гэх. Гэвч үнэн хэрэг дээрээ төсвийн орлого зарлага хэт өндөр байгаа нь төсвийн алдагдлаа бууруулж чадаж байгаа эсэхэд тун эргэлзээтэй байна.

          Зарлага хэт өндөр байгаа ч 2023 онд өмнө нь хэрэгжүүлж, хийж байсан ажлаас зогсоосон ажлууд нэлээд байгаа гэдгийг УИХ-ын гишүүд мэр сэр сануулж буй. Тухайлбал, өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Нийслэлийн иргэдийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг хассан байна гэж хэлэхдээ “Зайсанд утаа үнэртээд эхэллээ” гээд томорч харагдана лээ. Гэвч энэ мэт чухал шийдвэрүүдээ Засгийн газар буцаачихаад улсын төсвийн орлогоор “тоглосон” олон арга хэмжээг үргэлжлүүлж байгаа юм.

2023 онд шинээр хөрөнгө оруулалтын нэг ч ажил төсөвлөхгүй. Гэтэл төсвийн зарлага өмнөх жилүүдээс өсөж, 20.4 их наяд төгрөгт хүрчихлээ. Төсвийн зарлага өсөхөд хэд хэдэн  зүйл нөлөөлсөн. Үүний нэг нь урсгал зардал буюу цалин, хөлс, тэтгэвэр тэтгэмж. 2022 оны төсвийн төсөлд хоёр ч удаа тодотгол хийж, төсвийн зарлагыг тултал нь тэлсэн. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард буюу сар шинийн өмнөхөн төсөвт тодотгол хийж, иргэдийн тэтгэврийн доод хэмжээг нэмсэн. Нэг талаараа энэ нь урсгал зардал нэмэгдэхэд нөлөөлсөн. Тиймдээ ч халамжийн бодлого төсөвт хүндрэл учруулж байна хэмээн эрх баригч намынхан хүүхдийн мөнгийг хасах гэж үзээд барсангүй. Халамжаас ердөө 600 орчим тэрбум төгрөг л хэмнэж чадлаа.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД 38 ОРОН ТОО БҮХИЙ ОЙН ГАЗАР БАЙГУУЛНА

 

          Улмаар 2022 оны дөрөвдүгээр сарын 29-нд төсөвт тодотгол хийж, зарим төсөл арга хэмжээг цуцалсан. Гэвч төсвийн тодотголыг үргүйдүүлж, төрийн бүтцийг данхайлгасан нь ирэх оны төсөвт хүнд ачаа боллоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бүтцийг шинэчилж, сайдын орон тоо нэмсэн зэрэг нь ч төсөвт тодорхой хэмжээний ачаа авчирсан нь нууц биш юм. Засгийн газрын бүтцээс гадна Ерөнхийлөгчийн “даалгавраар” агентлаг байгуулж, урсгал зардлыг нэмэх нэг хувилбарыг 2023 онд тусгажээ.

        Тодруулбал,  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Ойн газар байгуулах талаар тусгасан байна. Уг газрыг 38 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар 2023 оны төсөвт оруулж ирсэн байна.

ТӨСВИЙН ТӨСЛӨӨС ХЭМНЭЖ БОЛОХ ЗАРДЛУУД ЮУ БАЙВ

        Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 915 барилга байгууламжийн төсөл, 66 их засварын ажил, 63 тоног төхөөрөмж, 17 ТЭЗҮ боловсруулахаар тусгасан. Үүнээс улсын хэмжээнд 119 сургууль, 114 цэцэрлэг, 45 дотуур байр, 18 сургууль цэцэрлэгийн цогцолбор, найман театрын барилга, есөн музейн барилга, 38 соёлын төв, 20 спорт цогцолбор, 36 спорт заал, 11 ахмадын хөгжлийн төвийн барилга, 79 эмнэлгийн барилга, 80 авто замын төсөл, найман авто замын байгууламж, 17 гүүр, 56 инженерийн шугам сүлжээ, 24 цахилгаан хангамжийн төсөл, 11 дулааны шугам сүлжээ, дөрвөн дулааны станц гэх мэт нийтдээ 1061 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.

        Эдгээрийг эргээд харвал эдийн засаг элгээрээ хэвтэж байгаа энэ цаг үед царцааж болох хөрөнгө оруулалтууд олон байв. Гэвч Засгийн газраас өмнөх онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудаас нэгийг нь ч зогсоосонгүй. Наанадаж, сумын төвд барих соёлын төвүүдийн барилгын ажлыг хойшлуулж үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж болохоор л харагдаж байх юм.

      Ухаандаа сумдад технологийн дэвшил нэвтэрч, мэдээ мэдээллээ цаг алдалгүй авдаг болсон цагт 38 соёлын төвийн барилга барих нь чухал ажил мөн үү, биш үү, гэдгийг эрэмбэлэх байв.2023 онд олон жилийн өмнө эхлүүлсэн ч төсөвт өртөг нь нэмэгдэж, арваад жил болсон үр ашиггүй барилга байгууламжийн ажил цөөнгүй байна.

Тухайлбал, 2011 онд эхлүүлсэн ч төсөвт өртөг нь жил бүр нэмэгдсээр өнөөдрийг хүргэсэн гурван театрын бүтээн байгуулалтын ажил Соёлын сайдын багцад байна. Тодруулбал, Дундговь аймгийн Сайнцагаан суманд барихаар 2011  онд эхлүүлсэн, Төв халх дуулалт жүжгийн театр. Нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий уг театрын ажилд 2023 онд 1.6 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

       Түүнчлэн Завхан аймгийн Улиастай суманд 14 тэрбум төгрөгийн өртөг бүхий 800 суудалтай хөгжимт жүжгийн театрын барилгын ажлыг 10 гаруй ажил үргэлжлүүлж байна. Мөн 20 тэрбум төгрөгийн Хан Хэнтий чуулгын барилгын ажил ирэх онд ч үргэлжлэх нь. Зөвхөн энэ гурван театрын ажлын төсвөөс гэхэд л хүүхдийн мөнгө гэж хэмнэсэн 60 тэрбум төгрөгийг гаргаж болохоор байгааг дурдах нь зүйтэй биз.


ТӨСВИЙН ТӨСЛИЙН АРД НУУГДАЖ БУЙ ТӨРИЙН ҮРЭЛГЭН ТӨЛӨВЛӨГӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188