• Өнөөдөр 2024-05-05

МОЛИГО ЗАСГИЙН ГАЗАР

2022-10-07,   567

         -ХӨДӨӨ ОРОН НУТАГТ БАРИЛГАА БАРЬЖ, ДЭД БҮТЦЭЭ ШИЙДЭЭГҮЙ БАЙХАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ӨГНӨ ГЭДЭГ ҮЛГЭР ЗОХИСОН ЮМ БИШ ҮҮ-

      Манай Засгийн газрынхан мөн ч өөдрөг улс даа. Хөрөнгө мөнгө ч байхгүй, өр ширтэй хэр нь хийнэ, бүтээнэ гээд л ханцуй шамлаад дайраад орчихно. УИХ-аар 2023 оны төсвийн төслийг хэлэлцүүлж байна. Засгийн газрын боловсруулснаар ирэх онд элгээрээ хэвтсэн эдийн засгаа тогтворжуулах жил юм байж. Энэ онд хоёр оронтой тоонд хүргэсэн инфляцаа нэг оронтой тоо руу оруулах, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг нэмэгдүүлнэ гэх зэргээр чихэн дээр цэцэг ургуулдаг, цаасан дээрх гоё нэртэй төлөвлөгөөнүүдээ танилцуулсаар байна даа.

          Өнгөрсөн жилийн, тэрний өмнөх жилийн өдийд ч ийм төлөвлөгөөнүүд танилцуулаад сууж байсан удаатай. Тодруулбал, өнгөрсөн жилийн төсвийн төслийг “Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ дэмжих” жил хэмээн танилцуулж, “Шинэ сэргэлтийн бодлого”, “10 их наядын төлөвлөгөө” зэрэг сүржин нэртэй, даржин төлөвлөгөөнүүдийг танилцуулж байв. Гэтэл өнөөдөр сэргэсэн эдийн засаг, сэхсэн ард түмэнг үзье гэсэн ч алга. Үүнтэй ч олон нийт санал нийлэх биз.

       Яг энэ жишгээрээ энэ жилийн төсвөө УИХ-д оруулж ирээд Ерөнхий сайд танилцуулж харагдана лээ. Тэрбээр “Өнгөрсөн оны төсөв үр дүнгээ өгсөн гэх үгийг хэнэг ч үгүй илтгээд “Ерөнхий сайд миний бие хоёр дахь удаагаа улсын төсвийг танилцуулж байна. Өнгөрсөн жил та бүхний баталсан улсын төсөв бүхэлдээ цар тахлын хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн. 2022 оны улсын төсөв цар тахлыг давахад бүхэлдээ зарцуулагдсан бол өнөөдрийн 2023 оны улсын төсөв эдийн засгийг тэнцвэржүүлж, макро түвшнийг хангахад бүхэлд нь зориулж байна.

       2023 оны төсөв өргөн барьсан энэ төслийг энэ хэвээр нь баталбал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурна. Мөн экспорт цар тахлын өмнөх мөн үед очиж, төлбөрийн урсгал тэнцлийн буурч, валютын ханш тогтворжино. 2023 онд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.

     Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд ган, зэс, алтны үйлдвэржилтийг дэмжих бодлого явуулж, боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилтыг дэвшүүлж байна.

      Ирэх жилийн төсөвт эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны төсвийн жилд багтааж эхлүүлнэ. Амгалан дулааны цахилгаан станц эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг ажлыг мөн ирэх онд багтаан ашиглалтад оруулна” гэх зэргээр илтгэж харагдана лээ.

      Монголын ард түмэн дэндүү хүлцэнгүй юм даа. Ирэх жил дахиад л 36 сая тонн нүүрс экспортолж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулчихсан. Жил бүр л ийм өөдрөг төсөөлөлтэй төслүүд боловсруулаад түүнийгээ хэлэлцүүлэхдээ “Би чадна, бид хийхийн төлөө хичээнэ” гэсэн амлалтууд өгөөд сууж байдаг. Харамсалтай нь, он гараад л далан булчирхайгаа тоочсоор байгаад төсөө тодотчихно. Яг ийм тогтсон хэв маягаар явсаар байгаад манай эдийн засаг элгээрээ хэвтэж, ард түмний амьдрал амь наана, там цаана болж байна.

      Өнөөдөр олон улсын судлаачдын үзэж байгаагаар манай улс дампуурлаа зарлахад тун ойрхон очсоныг удаа дараа сануулсаар байгаа. Гэтэл үүнийг тоож, анхаарч байгаа сайд нэг ч алга. Төсвөө батлуулж л орхивол улс дампуурлаа зарлана уу, ард түмэнд биелэгдэшгүй амлалт өгнө үү ямар ч хамаагүй гэсэн үг.

        Өчигдөр гэхэд л Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлэх үеэр ипотекийн зээлийг зогсоох дээрээ тулчихсан гэдгийг Төв банкны Ерөнхийлөгч нь зарласаар байтал 2023 оны төсөв дээрээ хөдөө орон нутагт оршин суух иргэдэд ипотекийн хөнгөлөлттэй зээл олгоно гээд тусгачихсан байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Ипотекийн зээлийн талаар би өнгөрсөн жил асууж байсан. Орон сууцны үнийг та Төв банк хянаж байгаа гэсэн. Гэтэл энэ жил Тэнхлэг зуучаас гаргасан судалгаагаар 19 хувь өссөн байна. Орон нутагт шилжин суурьших иргэдэд гурван хувийн зээл олгоно гээд байдаг. Үүнийг ойлгохгүй байна. Үүнийгээ хэдэн төгрөгөөр яаж санхүүжүүлэх гэж байгаа вэ” гэж асуухад Монголбанкны Ерөнхийлөгч “Үнэ өсөхөд барилгын материалын үнэ нөлөөлсөн. 2023 онд ипотекийн зээлийг зогсооно. Энэ зээлийг бид ковидын хуулийн дагуу олгоод явж байна. Олгож байгаа эх үүсвэр маань эргэн төлөлтөөсөө санхүүжигдээд явж байгаа. Тэгэхээр Засгийн газрын нэг агентлаг, аж ахуйн нэгжээр хэрэгжээд явах боломжтой гэж харж байна” гэх хариу тайлбар өгсөн. Харин Барилга хот байгуулалтын сайд “Монголбанкны бодлогын хүү өссөн мөн 2021, 2022 онд ипотекийн зээлийн хүүг улсаас төлүүлээгүй учраас зээл олгоход хүндрэлтэй байна.Тэр мөнгө орж ирж байж хуримтлал үүсэж, зээл олгох боломж бүрдэнэ. Мөн барилгын материалын үнийн өсөлт тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байна.  Энэ оны хувьд бага хэмжээний ипотекийн зээл олгосон. Бид төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутагт ипотекийн зээл олгохыг бодлогоор дэмжиж байгаа. Гэхдээ орон нутагт барилга бариад л шууд зарагдах юм шиг ойлгож байна. Тухайлбал, Завхан аймагт барилга барих инженерийн дэд бүтэц бараг байхгүй. Төв аймгийн Зуунмод суманд дахин барилга барих боломж байхгүй. Тэгэхээр бид томоохон аймгуудад инженерийн дэд бүтэц зохион байгуулж, хүний нүдэнд харагддаггүй асуудлуудыг нь шийдэж өгнө” гэх мэдээлэл өгч байна лээ.

      Үндсэндээ Барилга хот байгуулалтын сайдын энэ мэдэгдэл хөдөө орон нутагт барилгаа барьж, дэд бүтцээ шийдээгүй байхад хөнгөлөлттэй ипотекийн зээл өгнө гэдэг үлгэр зохиосон гэдгийг нь баталж байгаа  юм.

     Тэгэхээр Засгийн газар дахиад л иргэддээ молиго, модон чихэр үмхүүлж, байгаа гэж ойлгож болох нь ээ. Энэ мэтээр төсвийг боловсруулж, ард түмэнд болж бүтэж байгаа мэтээр ойлгуулдаг, олонхоороо хуулийн төслийг кноптдог арга нь жил ирэх тусам нарийсаж байгааг сануулах нь зүйтэй биз.


МОЛИГО ЗАСГИЙН ГАЗАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188