• Өнөөдөр 2024-04-20

ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН АЙЛЧЛАЛААС БИД ЮУ ХҮЛЭЭХ ВЭ

2022-09-20,   445

-Хоёр жилийн хугацаанд улс дотроо л “томорсон” төрийн тэргүүн, МАН-ын томчууд дэлхийд хэр том байх вэ гэдэг чансаагаа сорив бололтой-

     Сүүлчийн өдрүүдэд манай төрийн тэргүүнүүд гэртээ ч орох чөлөөгүй, тунчиг завгүй явна. Тэд гаднын улсуудад ээлж дараалан  айлчлал хийж, дэлхийн хэмжээний том хурал, чуулганд оролцож байна. Мэдээж энэ үйл явдал Монгол Улсын гадаад бодлого, хамтын ажиллагаа, эдийн засагт эергээр нөлөөлөх сайн үзэгдэл. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд хаалганы цаана түгжигдсэн Монгол Улс дэлхийн томоохон гүрнүүдтэй харилцаагаа сайжруулах боломж дахин нээгдлээ гэсэн үг. Хоёр жилийн хугацаанд хаалттай байсан гаднын улсууд хилээ нээж, энэ хэрээрээ эдийн засгаа эрчимжүүлэх тал дээр улс орон бүр анхаарч байгаа нь тодорхой. Яг ийм боломжийг төрийн томчуудын айлчлал нээж чадаж байгаа юу гэдэг нь гол анхаарах асуудал болоод байна.
 
       Яг энэ боломжоо манай улс бүрэн дүүрэн ашиглаж, улсынхаа эдийн засаг, гадаад бодлого, геополитикийн нөхцөл байдлыг сайжруулж чадаж байна уу гэдэг нь харин олны дунд асуулт хэвээрээ байна. Нөгөө талаараа хоёр жилийн хугацаанд улс дотроо л “томорсон” төрийн тэргүүн, МАН-ын томчууд дэлхийд хэр том байх вэ гэдэг чансаагаа үзэх нэг өнцөг харагдаж байгаа юм. Гэхдээ үүнийг шууд манай улс дэлхийд том байлаа, эсвэл жижигдчихлээ гэж дүгнэх цаг хараахан болоогүй. Ямартай ч Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар сүүлчийн долоо хоногт хоёр том уулзалтад уригдаж, даваагаа даваад гарчихлаа. 
 

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛ ХӨРШ ОРНУУДЫН БАЙР СУУРИЙГ НОТЛОВ УУ

         Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлсэн. Энэ үеэр манай улс ШХАБ-т ажиглагч орон хэвээр байх уу, эсвэл энэ байгууллагат нэгдэх үү гэдэг нь олны анхаарал татаж байв. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өмнөх уулзалтаар “ШХАБ-т шат ахиулан оролцох боломжийг судалж байгаа” гэсэн нь ийм эргэлзээ төрүүлсэн. Угтаа бол дэлхийн геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа цаг хугацаанд манай улсын байр суурийг хөрш орнууд болон дэлхийн өндөр хөгжилтэй улсууд ихэд анхаарч байсан гэсэн үг.
 
         Энэ үеэр Ерөнхийлөгч “Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг. Энэхүү олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол, идэвхтэй оролцож, хамтран ажиллаж ирсэн” хэмээгээд цаашид ч ШХАБ-т ажиглагч орон хэвээр байхаа илэрхийлэв. Ер нь манай улс ШХАБ-т элсэх шаардлага үүсээгүй гэдгийг олон улс судлаачид удаа дараа сануулж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн ил үйлдэл олон нийтийн хүлээлтэд хүрсэн нь тодорхой. Мэдээж дээрх асуудал хэн нэгний улс төржих асуудал биш, улс орны ирээдүйтэй холбоотой тул ийн нухацтай хандах нь зүйн хэрэг биз ээ. 
 
       Харин хөрш орны төрийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалт Ерөнхийлөгчийн хувьд том оноо байлаа. Өөрөөр хэлбэл, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцсон нь  манай улсын хувьд гацаанд байгаа эдийн засгаа сэргээх нэг цонх харагдаж байгаа юм. Ийн Ерөнхийлөгчийн айлчлалаар хөрш орнуудын байр суурийг мэдэж, хөрш орнуудын хувьд бид ямар түвшинд үнэлэгдэж байгаа вэ гэдгээ харах нэг боломжийг харлаа. Магадгүй энэ удаад Ерөнхийлөгчийн төлөвлөсөн ажил бүтсэн байж мэдэх.
Дэлхий нийтэд дайн байлдааны уршигтай энэ цаг үед Монгол Улсын байр суурь хаана, ямар түвшинд байна вэ гэдгийг дэлхийн ардчилсан засаглалтай орнууд манайд сануулсан хариуцлагатай цаг үе ч байж болохоор байна. 
         Яг үүнтэй зэрэгцээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хатан хаан II Элизабеттай салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд уригдсан нь анхаарал татаж байна. Энэ нь манай улс ардчилсан орон мөн гэдгийг нь сануулсан нэг том сануулга болсон гэхэд хилсдэхгүй. Угтаа бол Монгол Улсын Тусгаар тогтнолыг Баруун Европт хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, НҮБ-д элсэн ороход хамгийн том дэмжлэг үзүүлснийх нь хувьд манай улс уг ёслолд ач холбогдол өгөхөөс ч өөр аргагүй байв. 
 
       Дэлхий нийтэд дайн байлдааны уршигтай энэ цаг үед Монгол Улсын байр суурь хаана, ямар түвшинд байна вэ гэдгийг дэлхийн ардчилсан засаглалтай орнууд манайд сануулсан хариуцлагатай цаг үе ч байж болохоор байна. Тиймээс цаг үе нь давхацсан энэ айлчлалууд манай төрийн томчууд чансааг шалгасан том шалгуур болж байгааг сануулах нь зүйтэй. Мэдээж бид ардчилсан орон мөн гэдгээ тунхаглаж байгаа энэ цаг хугацаандаа гуравдагч хөрштэй харилцаагаа сайжруулах, эдийн засгийн хувьд Европын орнуудтай харилцан ойлголцож, эдийн засгаа тэлэх тал дээр санал солилцох болов уу гэсэн хүлээлт олны дунд бий.
 

ТӨРИЙН ТҮШЭЭДИЙН АЙЛЧЛАЛААС БИД ЮУ ХҮЛЭЭХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188