• Өнөөдөр 2024-04-20

ЕРӨНХИЙ САЙДЫН УЛС ТӨР БУЮУ МОНГОЛЧУУДЫН ХАВАР

2022-02-07,   615

       Цар тахлын амаргүй цаг үед монголчууд үндэсний уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэж, ирэх жилийнхээ өнгийг тольдов. Баярын уур амьсгал шувтрах янзандаа орж, ажин түжин байсан улс төр амь орох нь бололтой. Энэ хавар улс төрийн халуун тогоонд онцлох үйл явдлууд өрнөж, Засаг, төр бужигнах нь тодорхой гэх хүлээлт олны дунд бий. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан энэ хавар төрийн албанд халаа сэлээгээ хийж, Засаг төрөө товхинуулаад тунчиг завгүй байх нь. 
 
       Үүний урьтал болгож, шинэ сарын босгон дээр эрх баригч намынхан ээлжит бус чуулганы хуралдаан зарлаж, 2022 оны төсөвт тодотгол хийж амжсан. Өөрөөр хэлбэл, тэд 2022 оны төсвийн тодотголоор ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, сонгуульд хамгийн идэвхтэй оролцож, улс төрд ач холбогдол өгдөг олонхын итгэлийг өөртөө татаад авлаа. Одоо тэд ирэх хавар төрийн албаа эмхлэх ажилдаа ханцуй шамлан орж, хоёр жилийн дараа болох сонгуульдаа бэлдэж эхлэх нь тодорхой болов. Нэг үгээр хэлбэл ахмадуудын амыг түр таглаж, төрд дураараа дургих тохироогоо тэд хийсэн гэсэн үг.
 
       Энэ хавар МАН-ынхан тэр дундаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэлээд завгүй байх нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даалгавраа биелүүлэхээс гадна ард түмэнд өгсөн амлалтуудаа биелүүлэх хариуцлагатай цаг үе ирээд буй. Өнгөрсөн жил гаруй хугацаанд Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр сууриа бэхжүүлэх гэж хэрэндээ хичээж, ах нарын заавраар хөдөлж байв. Харин одоо тэр жинхэнэ өөрийнхөөрөө Засгийн газраа толгойлж, төрийн үйл хэргээ гүйцэтгэхээр завгүй байгаа сурагтай. Ямартай ч эхний ээлжинд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар эдийн засгаа сэргээж, эрчимжүүлэх ажилд анхаарал хандуулах нь тодорхой болов. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа гардаж хийсэн ганц буюу Оюутолгойн хэлэлцээрийг сайжруулах ажил нь оны өмнө нааштай шийдэгдсэн нь залуу сайдад дэм болсон. Тиймдээ ч дараа дараагийн ажилдаа шуурхай орж төлөвлөгөө боловсруулан гэх. 
 
ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХЭД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ ЧАДАХ УУ
 
Сар шинийн баяртай давхцан Бээжингийн өвлийн олимпын нээлт болж, өмнөд хөршийг зорьсон Ерөнхий сайдын багийнхан эдийн засгаа сэргээх чиглэлд яриа хэлэлцээр хийж эхэлсэн сурагтай.
 

Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн танхимынхан эдийн засгаа сэргээх “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлэх амлалт ард түмэнд өгч, түүнийгээ гүйцэлдүүлэх их ажлын өрд унаад байв. Засгийн газраас иргэдийн чихэн дээр цэцэг ургуулж, том амлалт өгөхтэй зэрэгцээд БНХАУ-аас коронавирусийн халдвар гарсан гэх шалтгаанаар хилээ хааж, монголчуудыг хэрэндээ чадсан. Харин энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнөд хөршид айлчлал хйих үеэрээ эдийн засгаа сэргээх чиглэлд дэмжлэг хүсэж, тус улсын төрийн тэргүүнүүдтэй хэд хэдэн томоохон асуудлын талаар ярилцсан байна. 

 
     Айлчлалын үеэр Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцож, Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэсэнгэх нааштай мэдээ бий. 
 
    Түүнчлэн “Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ”-ний хугацааг цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг хэвийн байдалд ортол буюу 2026 он хүртэл гурван жилээр сунгах талаар ярилцсан гэдгийг онцолжээ. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнэ өмнөд хөршөөс тусламж хүсэх төрийн айлчлал түүнд төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлэхэд нааштай байгаа бололтой. Харин мөнхийн хөрш Хятад Улсад ямар амлалт өгч, хариу барьж байгаа вэ гэдгийг л харах үлдээд байна. 
 
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН МАРГААН ЭЦЭСЛЭГДЭЖ, ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙД НАРЫН ТООГ НЭМНЭ
 
        Мэдээж Л.Оюун-Эрдэнэ их ажлаа эхлүүлэхдээ өөрийн багийнхнаар танхимаа бүрдүүлэх сонирхол ихтэй байгаа. Намын жинхэнэ дарга болох хүртлээ Ерөнхийлөгчийн сүүдэрт дарагдаж, танхимаа өөрөө бүрдүүлж чадаагүй түүнд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах туйлын зорилго бий. Иймдээ ч Үндсэн хуулийн цэц нэр бүхий гишүүдийн гомдлыг хэлэлцэж, Үндсэн хуульд гар хүрэх асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, МАН-ын гишүүд ч, сөрөг хүчнийхэн ч Үндсэн хуульд гар хүрч, давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа. Иймдээ ч давхар дээлтэй сайдын өрсөлдөөн УИХ-ын гишүүдийн дунд идэвхжиж, парламентын гишүүд хоёр талцаад эхэлсэн.
 
       Ийн хаврын өдрүүдэд улс төрд эрх мэдлийн төлөөх ширүүн тулаан эхэлж, бужигнах нь тодорхой болов.
 

ЕРӨНХИЙ САЙДЫН УЛС ТӨР БУЮУ МОНГОЛЧУУДЫН ХАВАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188