• Өнөөдөр 2024-04-23

ХЭТ ӨӨДРӨГ ТӨСВИЙН ХӨЛД АРД ТҮМЭН ЧИРЭГДЭХ НЬ

2022-01-05,   463

       УИХ-аар хэлэлцүүлэн баталсан 2022 оны төсвийн тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. 2021 онд “Эдийн засгаа сэргээнэ, ковидын эсрэг тэмцэнэ” гэж байсан Засгийн газар гараа өргөөд, буулт өгснөөр өнөөдөр эдийн засгийн уналтад ороод байгаа. Энэ онд ч эдийн засгийн нөхцөл байдал сайжрах үгүй нь тодорхойгүй байна. Хэдий Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” “Эрүүл мэнд, эдийн засгаа аврах төлөвлөгөө” зэрэг элдэв чамин нэртэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлж, төлөвлөж, ярьж байгаа ч ярьсан, амласан шиг нь сэргэж, хөгжиж байгаа зүйл огтоос алга. Ирэх жилүүдэд иргэд бүсээ чангалж, эдийн засгийн амаргүй цаг хугацааг туулах нь тодорхой боллоо.  
 
       2022 оны улсын төсвийг батлахдаа хэт өөдрөгөөр төсөөлж, иргэдийн чихэн дээр цэцэг ургуулчихсан. Өөрөөр хэлбэл, Сангийн сайд төсөв хэлэлцэх үеэр он гаргаад л эдийн засаг сайжирч, хэдэн мянган машин нүүрс экспортлоод, хил гааль чөлөөтэй болж, иргэдийн амьжиргаа сайжирчих юм шиг амлалт өгч байлаа. Гэтэл шинэ он гарч бүх зүйл байсан байрандаа таг гацаж, дэлгүүрийн лангуунууд өдрөөс өдөр хоосорч, экспортын бүтээгдэхүүний гарц улам бүр хумигдсаар байна. Экспортын гол боомт болох Замын-Үүдийн боомтоор өдөр 14 галт тэрэг гарч байгаагийн найм нь транзит. Ердөө зургаан галт тэргээр түүхий эд экспортод гарч байна гэсэн үг. Хамгийн сүүлд Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр “2021 оны арванхоёрдугаар сарын 24-30-ны өдрүүдэд авто замаар 665, төмөр замаар 800 чингэлэг нийт 135.6 мянган тонн нүүрс, авто замаар 144 чингэлэг зэсийн баяжмал, төмөр замаар найман чингэлэг буюу 0.9 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолсон гэх мэдээллийг өгсөн.
    Үндсэндээ 2021 онд 21 мянган тонн нүүрс олборлож, оны эцсийн байдлаар 15 мянган тонныг экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.3 хувиар буурсан үзүүлэлт байгаа юм. Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавирус халдварын тархалтын нөлөөгөөр БНХАУ хилээ хаасантай холбоотой гэх тайлбараар албаныхан иргэдийн амыг таглаад нүдэн балай чихэн дүлий сууж байгаа нь нууц биш. 
 
     Ирэх онд манайх 36 сая тонн нүүрс экспортод гаргаж, төсөвт 16 их наядын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төсвийн орлогоо бүрдүүлж чадахгүй бол хариуцлагыг нь Сангийн сайд Б.Жавхлан хар толгойгоороо хариуцна гэсэн. Үнэн хэрэгтэй хар толгойгоороо хариуцаад төсвийн орлогоо төсөөлсөн хэмжээнд нь хүргэчихдэг зангаргатай улстөрч манай парламентын 30 жилийн түүхэнд лав байгаагүй. Харин ч ард түмний нуруун дээр ачааны хүндийг нь үүрүүлээд өөрөө төсвийн хөрөнгөөр тансаглаж, баруун солгойгүй цацсаар сайдын суудлаасаа дараагийн даргын суудал руу шилжчихдэг нь нууц биш юм. Яг л ийм ирээдүй ирэх онд биднийг дахиад хүлээж байгаа нь дамжиггүй. 
 

Оны эхний өдрүүдэд л байдал барайж, дөрвөн ханын дунд онгойх хаалгагүй таг гацчихсан юм шиг хилээ хаасан хоёр том гүрний дунд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу ёстой л тэнгэр заяандаа найдсан шигээ сууж байна. Өдрөөс өдөрт ховордсоор байгаа өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, инфляц хоёр оронтой тоонд шилжчихлээ. Үндсэндээ эрх баригч намынхны төсөөлсөн өөдрөг төсвийн хөлд ард түмэн чирэгдэх нь. Мэдээж ямар ч хөрөнгийн эх үүсвэр байхгүй, гаднын өр зээл туйлдаа хүрчихсэн ийм цаг үед гаднын хөрөнгө оруулалтын талаар горьдоод ч хэрэггүй. Эдийн засгийнхаа 70 хувьтай тэнцэх хэмжээний өртэй улсад хэн “Энэ мөнгийг танайх ав, иргэдээ бод” гээд гараа сунгах билээ. Харин эрх баригч намынхан, Ерөнхий сайд төсвийн алдагдал дээд хэмжээндээ хүрчихсэн энэ үед эх үүсвэр нь ч тодорхойгүй Шинэ сэргэлтийн бодлого гэгчийг танилцуулаад, иргэдийн амьдралд наалдахгүй мөрөөдлийн төлөвлөгөө ярьж суугаа. 

 
     Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  “Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2022 онд бүрэн ашиглалтад оруулна, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай төмөр замын сүлжээтэй болж, Транзит Монгол болно” гэх амлалт өгч харагдана лээ. Хэрэв зээ энэ амлалт биеллээ олчихвол 36 сая тонн нүүрс экспортод гаргах нь өдрийн будаа идэхээс ч амархан байж мэднэ.
 
    Харамсалтай нь, манайд ам ажил хоёр нь үргэлж зөрдөг, хоосон амлалтаар иргэдийн тархийг угаадаг жишиг аль ч Засгийн газарт байсаар ирсэн. Өнөөдрийг хүртэл дуусгаагүй Дарханы замын ажлаас түрүүлж, төмөр замаар нүүрс экспортлох нь юу л бол. Эдийн засаг элгээрээ хэвтэж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордсоор байтал Засгийн эрхэнд сууж, төрийн жолоог атгаж байгаа эрхэм гишүүд, сайд, дарга нар өдөр шөнөгүй сандал суудлын төлөө өөр хоорондоо өрсөлдөж байгаа нь нууц биш юм. 
 
     Өнөөдөр эрх баригч намынханд улсын эдийн засаг ямар байж, ард түмэн хоногийн хоолоо яаж залгуулах нь чухал биш болчихсон. Эрх мэдэл албан тушаалд хэн томилогдож, ямар тендерт оролцох вэ гэдэг нь улстөрчдөд чухал байна. Үндсэндээ Засгийн газрын өөдрөг төсөөлөл, цаасан дээр бичсэн биелэгдэшгүй төлөвлөгөө ард түмэнд ачаа болно уу гэхээс, аврал авч ирсэн зүйл огт алга Ерөнхий сайд аа.
 

ХЭТ ӨӨДРӨГ ТӨСВИЙН ХӨЛД АРД ТҮМЭН ЧИРЭГДЭХ НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-01-05 13:39:42
    zochin: tetgever nemeechee naad goe tosol chin ug tetgeveriig nemech l estoi
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188