• Өнөөдөр 2025-05-13

ОНЫ ОНЦЛОХ: Олимпын шилдгүүдээс “Бөртэ чоно-2021”-ийн эзэд тодорч, дэлхийн аваргууд "төрсөн" жил

2021-12-23,   882

         Оны төгсгөлд салбар бүр тухайн жилдээ шилдэг нь байж бусдыгаа манлайлсан нэгнээ тодруулж, шагнаж урамшуулдаг билээ. Өнөө жилийн хувьд спортын салбарт тодоос тод гялалзсан олон тамирчин байлаа. Тэдний гаргасан амжилт, гавьяа нь монголчуудын бахархал билээ. Ийнхүү Эргэлт.мн мэдээллийн сайт улиран одож буй 2021 онд соёл урлаг, спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлуудыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна. Улирч буй 2021 онд хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг “Токио-2021” олимп болж, Хакүхо М.Даваажаргал зодог тайлж, гавьяат тамирчин М.Анхцэцэг дэлхийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ паралимпын аварга болж, МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарч, урлаг, спортын гавьяатууд “төрсөн” билээ.

-Олимпоос дөрвөн медаль хүртэж, ганзага дүүрэн байлаа-

     Тэмцэж, тэвчиж, бууж өгөлгүй олимпын мөрөөдлөө биелүүлсэн 206 орны 11 мянга гаруй тамирчин оролцсон билээ. Энэ жилийн олимпын наадамд Монголын баг 21 эрх авч амжилттай оролцсон. Үүнээс манай улсын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-д Монголын жүдоч Саид Моллай мөнгөн медаль, жүдо бөхийн 73 кг-д зодоглосон Ц.Цогтбаатар хүрэл медаль, жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүрэл медаль,  чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн юм. Тэдний бахдам амжилтыг дахин алдаршуулъя.

МӨН Ч ОДТОЙ БАЙЛАА ДАА, МОЛЛАЙ

     “Токио-2020” олимпын наадмын дөрөв дэх өдрийг Саид Моллай өнгөлж, мөнгөн медаль хүртэж монголчуудын магнайг тэнийлгэсэн билээ. Манай улсын жүдочид түүхэндээ -81 кг-ын жинд олимп, ДАШТ-ээс медаль авч үзээгүй. Тэр үнэхээр тэвчээртэй, сэтгэлийн тэнхээтэй, ур чадвараараа үлгэр жишээ болж чадсан оны онцлох хүн мөн. Түүнд Монгол Улсын иргэншил олгосон манай улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Токиогийн олимпын медалийг зүүж өгсөн юм. цагаан мөрийг Саид Моллай татаж, Монгол Улсын төрийн далбааг Токиогийн тэнгэрт мандуулсан юм. Олимпын мөнгөн медальтай түүнийг тухайн үед “Манай аймаг, сумынх” гэж булаацалдаж байсан удаатай. Өдгөө 29 настай тэрбээр 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Иран Улсад төрж өссөн. Харин унаган нутгаа орхин Герман руу дүрвэж, хожим нь Монгол Улсын иргэн болж, иргэншлээ солих болсон нь улс төрийн шалтгаантай холбоотой. Аливаа зүйлийн анхдагч байх амаргүй. Түүнд Монгол Улсын иргэн болоод өөрийн гэсэн орон зайгаа эзлэх, арга учраа олох гээд асуудал багагүй байсан болов уу. Гэвч тэр чадсан, мандаж яваа нэгэн. Түүний амжилтыг төр засаг өндрөөр үнэлж, 60 сая төгрөг, бусад бизнес эрхлэгчид автомашин, дээл, бэлэг дурсгалын зүйл хадгалуулсан байдаг.

-Ц.ЦОГТБААТАРЫН ЦОЙЛСОН ЖИЛ-

      Ц.Цогтбаатар оролцсон тэмцээн бүрдээ огшуулж чадсан. “Токио-2020” олимпоос хоёр дахь хүрэл медалийг тэр эх орондоо авчирсан “од”. Тэрбээр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин юм. Түүнийг өнгөрсөн арваннэгдүгээр сард Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Мөн олимпын наадмаас хүрэл медаль авсныг нь төр засаг үнэлж, 30 сая төгрөгөөр шагнасан билээ. Тэрбээр  энэ оны “Бөртэ чоно-2021” наадмын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарсан  амжилттай.

М.УРАНЦЭЦЭГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛОО ДАШТ-ИЙ ДӨРӨВ ДЭХ МЕДИАЛААР МЯЛААЛАА 

 

    Хөдөлмөрийн баатар, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл хошой хүрэл медальт, Гиннесийн дээд амжилтын эзэн, Гавьяат тамирчин М.Уранцэцэг. Түүнийг Токиогийн олимпоос хүрэл медаль авч, дутуугаа гүйцээсэн гэж болно. Ингэснээр тэрбээр олимпоос хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй жүдоч болж, олимп, ДАШТ-ийн таван медаль өвөртөлсөн дайчин эмэгтэй. Тэрбээр энэ жилийн “Бөртэ чоно-2021” наадмын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар шалгарсан. Жил бүр амжилтаа баталж, бүр давуулан биелүүлдэг цөөн тамирчдын нэг билээ.

ОЛИМПЫН МЕДАЛИЙГ ГУЯДАЖ АВСАН Б.БОЛОРТУЯА

       Б.Болортуяа Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд хүрэл медаль хүртэж, монголчуудыг баярлуулсан. Тэрбээр Африкийн наадмын аварга Камеруны Жозеф Эмилиенне Эссомбе Тиакотой барилдаж, 14:4 харьцаагаар ялж байв. Б.Болортуяа нь 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальтай. Түүний хөдөлмөр, амжилтыг төр засаг өндрөөр үнэлж Сүхбаатарын одонгоор шагнасан юм. Б.Болортуяа нь 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальтай.

Э.Содномпилжээ 245 кг-ыг шахаж, паралимпын аварга болов

     “Рио 2016” Паралимпын наадмын хүрэл мeдальт, дэлхийн рeкорд амжилтын эзэн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эхний оролтоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилт тогтоосон. Тэрбээр хоёр дахь оролтоороо 245 кг-ыг захиалж амжилттай өргөснөөр Паралимпын аварга болсон юм. Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм. Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон билээ. Ийнхүү Содномпилжээ алтан медаль авснаар Монголын баг медалийн хүснэгтийн 42-р байрт бичигдсэн байна. Түүний гавьяаг үнэлж төрөөс 120 сая төгрөгөөр шагнаж, Хөдөлмөрийн баатар, Алтан од, “Бөртэ чоно-2021” наадмын паралимпын шилдгийн шилдэг тамирчнаар шалгарсан байна.

ДЭЛХИЙН ДУУЧИНТАЙ БОЛЛОО

     Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилууд МУГЖ Э.Амартүвшингийн хоолойгоор амилж, энэ цаг үеийн элитүүд түүнийг сонсож, дуурийн урлагийн гайхамшгийг мэдэрдэг болоод удаж байна. Гайхамшигтай цараа, сонсголонтой хоолойтой тэрбээр дуулаачийн ур чадвараа дэлхий дахинд гайхуулж чадлаа. Өдгөө тэрбээр дэлхийн дуурийн дуучдын мөрөөдөл болсон алдартай театруудын тайзнаа илүү олон гол дүр бүтээхээр завгүй хөдөлмөрлөж буй. Монголын сонгодог урлагийг дэлхийд сурталчлан таниулж байгаа дэлхийн одын бидэнд дуулгасан ээлжит баярт мэдээ бол дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар шалгарсан явдал юм. Тэрбээр өдгөө дуурийн урлагийн эх орон Италид ажиллаж, амьдарч байна. 

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН СПОРТЫН ТҮҮХЭНД ШИНЭ ХУУДАС НЭЭСЭН М.АНХЦЭЦЭГ

    Узбекистан улсын нийслэл Ташкент хотод болсон хүндийг өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголын хүндийн өргөлтийн спортын түүхэнд тодоор бичигдэх бахархам амжилтыг М.Анхцэцэг дархлан үлдээлээ. Монгол Улсын гавьяат тамирчин тэрбээр эмэгтэйчүүдийн 87 кг-ын жинд амжилттай өрсөлдөж, алтан медаль хүртсэнээр хүндийг өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээсэнн юм. Тэрбээр огцомоор 109 кг-ыг өргөж, дэд байрт бичигдэж байсан. Харин түлхэлттэйгээр 141 кг-ыг амжилттай өргөснөөр арын өрсөлдөгчөөсөө зургаан кг-аар илүү гарч, алтан медалийн эзэн болсон. Хэдхэн сарын өмнө Токиогийн олимпын шагналт байрт шалгарсан М.Анхцэцэг ийнхүү хүндийг өргөлтийн спортын түүхэнд өнгө нэмж, ДАШТ-ээс алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь 2017 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, анхдагч болж байв. Үүний дараа 2019 онд дахин хүрэл медаль хүртэж, медалиа ихэрлүүлсэн түүхтэй.

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ЗОДОГ ТАЙЛАВ

     Японы сүмо бөхийн Эзэн хааны цомыг 45 удаа өргөж, Гиннесийн номонд бичигдэн үлдсэн түүний 45 удаа башёгийн түрүүгийн амжилтад сүмо бөхийн хэд хэдэн их аваргын амжилтыг нэмж, нийлүүлж байж л хүрэх. Бэлтгэлийн үеэр баруун өвдгөө гэмтээснээс хойш зургаан башё дараалан өнжсөн их аварга М.Даваажаргал өнгөрсөн зуны Нагоя башёд эргэн ирж, нэг ч уналгүй түрүүлж, дахин шинэ дээд амжилтыг тогтоож, дахин өөрийгөө баталсан. Гэвч хэн ч Нагоя башёг Хакүхо М.Даваажаргалыг сүүлчийн башё байна гэж бодоогүй биз ээ. Аавын хүү болгоны бүтээж чадахгүй түүхийг бүтээж, өөрийн “домогт” түүхээрээ амьдарсан Хакүхо М.Даваажаргал сүмо бөхийн спортоосоо есдүгээр сард зодог тайлсан гэдгээ албан ёсоор хэлсэн юм.

“ ГЭМ ЗЭМ” ЖҮЖИГ ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛОВ

      Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан их зохиолч Ф.М.Достоевскийн "Гэм зэм" романаас сэдэвлэсэн пост-драмын жүжгийг "Орфей театр" анх удаа тайзнаа "амьдруулсан" билээ. Энэ жүжгийг Оросын театрын шилдэг сургууль болох ГИТИС-ийг амжилттай дүүргэж, Монголдоо "Фауст" пост-драмын жүжгийг найруулсан М.Батболд найруулж буй. "Гэм зэм" жүжгийг тайзнаа тоглож дууссан. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр хоёр удаа тоглосон юм. 

    Монголын тайз, дэлгэцийн гурван үеийн шилмэл уран бүтээлчид нэгэн тайзнаа “чуулж”, алдарт Ф.М.Достоевскийн зохиолоос сэдэвлэсэн бүтээл анх удаа монгол үзэгчдийн хүртээл болж буй. Романыг яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн. Энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болон зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулан Оросын шинжлэх ухаан, соёл төвөөс /РЦНК/ энэхүү жүжигт ач холбогдол өгч хамтарч ажилласан билээ.

ШИЛДЭГ КИНОГООР "ХӨХӨӨ", ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧААР Ж.ЖАМЪЯНСҮРЭН ТОДРОВ

Эх үрийн харилцаа, ахан дүүсийн холбоо, нийгмийн төрхийг тольдон харуулсан “Хөхөө” уран сайхны кино есдүгээр сард театрын дэлгэцнээ гарч эхэллээ. Кино шүүмжлэгч, мэргэжлийн хүмүүсээс өндөр үнэлгээ авч буй Ж.Жамьяансүрэн найруулагчийн эл бүтээл цар тахлын улмаас бүтэн жил хойшлов.  “Хөхөө” МУСК 12 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, шилдэг монгол кино, шилдэг найруулагч гэсэн шагналыг тус хүртсэн юм.  Зураг авалт 2018 онд дууссан ч монтажны ажил бүтэн хоёр жил үргэлжилсэн гэдэг. Найруулагч Ж.Жамьяансүрэн В.Распутины “Сүүлчийн амьсгал” зохиолыг уншаад олон жилийн турш бодож явсан зохиолоо хөхөө шувууны домогтой хослуулан кинондоо буулгасан байна.

Э.ЦЭНДБААТАР БОКСЫН ШИГШЭЭГЭЭС ХӨӨГДӨВ

     Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасаж, ДАШТ-д оролцуулахгүй байх шийдвэрийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс гаргасан билээ. Гэхдээ Э.Цэндбаатар буруугаа хүлээн уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан.

         Үүний дагуу Монголын боксын холбооны Удирдах зөвлөл хуралдаж, Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оролцуулахаар болсон юм. Тэрбээр залуу тамирчин О.Тулгатай тулалдаж, ялсан нь ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Сорил тоглолт аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн “Сэлэнгэ” баазад болох байлаа. Гэвч тэрбээр сорил тулаандаа оролцоогүй. Харин цахим хуудастаа "60 кг бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан. Тиймдээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй ээ. Намайг дэмжсэн бүх хүнд баярлалаа” хэмээн бичсэн байдаг. Түүнийг ДАШТ-нд орох эсэх нь тодорхойгүй маргаантай байх үед Хөх хотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ түүнийг байртай болгох хөдөлгөөн эхлүүлж, 50 сая төгрөг цуглуулж хандивлаж байртай болгосон юм.

 

 


ОНЫ ОНЦЛОХ: Олимпын шилдгүүдээс “Бөртэ чоно-2021”-ийн эзэд тодорч, дэлхийн аваргууд "төрсөн" жил
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188