• Өнөөдөр 2025-05-13

ОНЫ ОНЦЛОХ: Засгийн газар солигдсон ч хүлээлтэд хүрээгүй улс төр

2021-12-20,   807

          2021 он монголчуудын хувьд ололт, амжилтын жил байлаа. Хэдийгээр сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын халдвар үргэлжилж, амаргүй цаг хугацааг туулж буй ч шинэ сорилт, шинэ санаа, шинэ үйл хэргийг гүйцэтгэсэн, ахиж дэвжсэн он жилүүд байсан гэдэгтэй маргахгүй биз ээ. Эргэлт.мн мэдээллийн сайт оны онцлох үйл явдлыг хураангуйлан хүргэж байна.

         Бид энэ удаад улс төрийн “халуун тогоонд” болж өнгөрсөн 2021 оны онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. Өнгөрч буй онд монголын улс төрд өрсөлдөөнтэй, дуулиан тарьсан хэд хэдэн томоохон үйл явдал өрнөж, олны дунд хүлээлт үүсгэсэн жил байв.

УГЛААШ, ХАЛААДТАЙ ЭМЭГТЭЙ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЛЭЭ

         2021 онд МАН дангаараа Засгийн эрхийг барьж байгаа ч хоёр Засгийн газрын нүүрийг үзлээ. Уг нь Үндсэн хуульд эрх баригчид Засгийн газрын үйл ажиллагааг тогтвортой байлгаж, төрийн үйл ажиллагааг тасалдуулахгүй явуулна гээд гар хүрсэн. Гэвч хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ жил хүрэхгүй хугацаанд буцаж, Засгийн газраа огцруулав. Хамгийн анхаарал татаж буй нь үе үеийн Засгийн газрыг сөрөг хүчин нь эсвэл намын бусад бүлэглэл, фракцын гишүүд нь эрх мэдлийн төлөө өрсөлдөж татан унагадаг. Ингээд дараагийн Засгийн газраа байгуулдаг бол энэ удаад асуудал эсрэгээрээ буюу Ерөнхий сайд нь өөрөө Засгийн газраа татан буулгасан юм.  

2021 оны нэгдүгээр сарын 19-нд “Өргөө” амаржих газарт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрч, улмаар халдвар илэрсэн гэх эмэгтэйг ХӨСҮТ-ийн тусгаарлах байр руу хүргэсэн. Ингэхдээ дөнгөж амаржсан эмэгтэйг өвлийн хүйтэнд халаад, углааштай нь гадагш гаргаж, түргэний машинд суулгасанд олон хүн бухимдаж, хайхрамжгүй хандсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж, хатуу хөл хориотой үед иргэд Төв талбайд жагссан юм.

Тухайн үед Засгийн газрыг тэргүүлж байсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүнд үед гол үүрэг гүйцэтгэсэн ганц, хоёрхон сайдаа явуулахгүй. Шаардлагатай бол Засгийн газар танхимаар нь огцруулна” хэмээн мэдэгдээд Засгийн газраа огцруулсан удаатай. Ийн Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг сонгож, нутгийн дүүдээ Засгийн эрхийн даатгаж өгсөн. Л.Оюун-Эрдэнэ Шадар сайдаар С.Амарсайхан, Сангийн сайдаар Б.Жавхлан, ЗГХЭГ-ын даргаар Ц.Нямдорж, Боловсрол, шинжлэх ухааны сайдаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатар тэргүүтэй хүмүүсийг томилж, танхимаа бүрдүүлээд буй.

СОНГУУЛИЙН ХҮЛЭЭЛТ БУЮУ МАН-ЫН “НОЁРХОЛ”

        Монгол Улс зургаанд жилд нэг удаа Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахаар хуульчилсан. Хуулийн дагуу 2021 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болж, УИХ суудалтай гурван намын төлөөлөл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ сойв. Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцэж, МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын гишүүдэд найр тавин хоёр намаа нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр улс төрийн цаашдын карьераа үргэлжлүүлэхийн тулд МАН-тай тохиролцож, Ерөнхийлөгчийн сонгуульд намаа өрсөлдүүлэх боломжоо эрх баригчдад өгсөн юм.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн хоёрдогч хүчин гэгдэх Ардчилсан намаас хэн нэр дэвших вэ гэдэг нь олны анхаарал татаж байлаа. Олны дунд Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дахин нэр дэвшинэ гэх таамгууд ч өрнөсөн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилд нэг удаа сонгодог болсон. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх маргаан үүсэж, олны дунд багагүй дуулиан тарив. Гэвч Үндсэн хуулийн цэцээс Х.Баттулгыг дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн шийдвэрлэснээр маргаан эцэслэгдсэн билээ. Харин Ардчилсан нам өнгөрсөн нэг жилийн хугацаанд хоёр дарга, хоёр тамгатай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Иймдээ ч Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Алтанхуяг, С.Эрдэнэ гэх хоёр нэр дэвшигчийн материал хүрүүлсэн ч, Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр С.Эрдэнийг батламжилсан билээ.

Ийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас Д.Энхбат нар нэр дэвшсэн. Сонгуулийн үр дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх олонхын санал авч Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат хоёрдугаарт эрэмбэлэгдэж, Ардчилсан нам улс төрийн хоёрдогч хүчин гэгдэх байр сууриа алдав. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ цагаан сонголт хийсэн иргэдийн тооноос ялимгүй их санал авсан билээ. Ийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялалт байгуулснаар төрийн эрх мэдэл тэр чигтэй “Ах” намын гарт оров.

Нөхөн сонгууль буюу УИХ-ын шинэ гишүүд

      УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсоноор парламентад хоёр суудал эзгүйрэв. Ийн хуулийн дагуу УИХ-ын Хэнтий аймгийн 18 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийг энэ оны аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан.

      Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл, гурван бие даагч өрсөлдөх хүсэлтэй хүргүүлсэн. Гэвч сонгуулийн үр дүнгээр ирцийн босгод хүрээгүй буюу нэр дэвшигчид 50 дээш хувийн санал авч чадаагүй юм. Иймд хуулийн хугацаанд дахин нэмэлт санал хураалт явуулж, МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар олонхын санал авав. Ийн МАН парламентад хоёр суудлаа эргүүлэн авч, хууль тогтоох дээд байгууллагад 62 суудалтай улс төрийн хүчин болов.

МАН-ЫН 100 ЖИЛИЙН “БЭЛЭГ” ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

       Энэ жил МАН-ын үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиов. Тус намынхан 100 жилийнхээ ойгоор Ерөнхийлөгчтэй болох хүслээ гүйцэлдүүлж, төрийн эрхийг дангаараа барих болсон. МАН-ынхан тэгш ойн жилээ Өршөөлийн тухай хуулийг санаачлан баталдаг нь уламжлалтай.  Ингэхдээ Ардчилсан хувьсгал ялснаас хойш Монгол Улс зургаан удаа Өршөөлийн хууль баталсан байдаг. Энэ жил Засгийн газраас Өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ батлав. Өршөөлийн тухай хуулийн дагуу 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 160, нийт 39 мянга гаруй этгээдэд өршөөл үзүүлсэн юм.

      Энэ удаагийн Өршөөлийн хуулиар сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн эрх сэргэж, торгуулийнхаа 50 хувийг төлсөн жолооч нарыг өршөөлд хамруулж, эрхийг нь сэргээсэн билээ. Харин авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хэрэгтнүүдийг өршөөлд хамруулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.

ЭДИЙН ЗАСГИЙГ “АВРАХ” 10 ИХ НАЯДЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 

     Цар тахлын сөрөг нөлөө өнгөрсөн жил манай улсад хүчээ авч, гурван сая монголчуудын аминд заналхийлэв. Дэлхий нийтийг цочроосон энэ халдварын сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг УИХ, Засгийн газар удаа дараа авч, олон шийдвэр гаргав. Үндсэндээ өнгөрсөн жилүүдэд төрөөс халдварт өвчнийг тараахгүй байх гол арга нь хатуу хөл хорио тогтоох буюу өндөржүүлсэн бэлэн байдалд шилжих хэмээн үзэж, иргэдийн хөл хөдөлгөөний хязгаарласан удаатай. Төрөөс хэрэгжүүлсэн арга хэмжээ “бай”-гаа онох нь онож, алдах нь алдсан.

Энэ жил Засгийн газраас Эдийн засгаа сэргээж, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан.

АН-ЫН ЗАДРАЛ ТУЙЛДАА ХҮРЧ, ЛИДЕРҮҮДЭЭ АЛДЛАА

          Ардчилсан нам амь тавьж, улс төрийн тоглоомоос бүрэн мөсөн гарч байгаа гэхэд хилсдэхээргүй жил боллоо. Цагтаа төрийн эрхийг барьж, хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан тус намынхан УИХ-ын ээлжит сонгуулиас хойш эв зүгээ олж чадахгүй байсаар хоёр ч сонгуульд далаараа цэвэр тавиулав.. Намын жинхэнэ дарга нь хэн байх вэ гэдэг сонгууль зохион байгуулсан ч эрх баригчдын мэхэнд унаж, тэд хоёр талд хоёр сонгууль зохион байгуулсан удаатай. Улмаар намын гишүүдээ “цахим” болон “уламжлалт” гэж хоёр талцуулж, О.Цогтгэрэлийн талынх, М.Тулгатынх гэж ангилан хуваах болов. Өнөөдрийг хүртэл хоёр тамга, хоёр даргын маргаан нь эцэслэгдээгүй байгаа тус намынхан лидерүүдээ хүртэл алдаад дуусах нь Өнгөрсөн нэг жилийн хугацаанд тус намынхан хурал цуглаан зохион байгуулаад ч, өлсгөлөн суулт зарлаад ч шийдэлд хүрч чадсангүй.

        Өөрөө хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн сарын өмнө, Ардчилсан намын Бүлгийн гишүүд талбай дээр өлсгөлөн зарлаж, долоо хоног бор исгийнд бөөндөө хонов. Анх тэд Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэсэнгүй гэх агуулгаар эсэргүүцлээ илэрхийлсэн ч сүүлдээ юуны тулд жагсаж, өлсөж суугаа учраа олохоо больсон гэхэд хилсдэхгүй.

          Эвдрэлцэж, түнжин хагараад байсан М.Тулгатын талынхан намын үүсгэн байгуулагч Э.Бат-Үүлтэй хамт тэднийг дэмжиж буйгаа илэрхийлэхээр ирэхэд нь намын гишүүд нь Э.Бат-Үүлийг үсдэж, чирээд хөөгөөд явуулсан удаатай. Мөн Ардчилсан намынхан гишүүд дэмжигчдээрээ асуудлаа эцэслүүлэхээр Их хурлаа зохион байгуулсан ч хурлын үр дүн өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.

       Эцэстээ намыг үүсгэн байгуулагчид нь хуулийн байгууллагад шалгуулж, нэг нэгээрээ аавын хаалга татах нь. Тухайлбал, Ардчилсан намын ахдагчдын нэг Улсын баатал Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байх хугацаанд албан тушаалын хэрэгт холбогдсон. Тэгвэл түүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэн шийдвэрлэж, дөрвөн жилийн хорих ял оноон, таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.

Ийн Ардчилсан нам өнгөрсөн нэг жилийн хугацаанд лидер ч үгүй, манлайлал ч гүй, улс төрд зайгаа тавьж эхлэв.

ЗАНГАРГАГҮЙ ГИШҮҮДИЙН ЗАВХАРСАН ХЭРГҮҮД

       2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламентад хуулийн байгууллагад шалгуулж байгаа, хэрэг төвөгт орооцолддог олон гишүүн бий. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг нэрээр хаацайлуулсан гишүүдэд энгийн иргэн шиг хууль дүрмийн дагуу хариуцлага тооцдог бол энэ парламентын гишүүд тэр чигтэй “аавын хаалга” татах биз ээ. Энэ онд олны анхаарал татсан хэрэгт холбогдсон гишүүдийг танилцуулж байна.

Энэ удаагийн парламентад анх 75 гишүүн тангараг өргөж, анхны чуулганы хуралдаанаа 75-уулаа эхлүүлсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Эрдэнэбат авлига албан тушаалын хэрэгт холбогдож, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан учир гишүүний тангаргаа сонгуулийн дараа өргөж чадаагүй юм. Түүний хэргийг Дээд шүүхээр хэлэлцэж, прокурорт буцаасан учир энэ жил гишүүний тангаргаа өргөсөн билээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн тэргүүн эгнээнд Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат бичигдэж буй.

Мөн АТГ-аас хэд хэдэн гишүүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Тодруулбал, МАН-ын УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Х.Ганхуяг, Х.Болорчулуун, П.Анужин нарыг шалгасан. Эрх баригч намын гишүүдтэй холбоотой нийгэмд дуулиан тарьсан олон хэрэг бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн хэрэгт холбогдож, түүнтэй холбоотой баримтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байдаг. Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэр бүлийн хүнээ зодож, танхайрсан хэрэгт нэр холбогдоод амжсан.

Сөрөг хүчний гэгдэх гишүүд ч хуулийн байгууллагад шалгуулж, олны анхааралд өртөөд амжсан. УИХ-ын дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Бейсэн, А.Адъяасүрэн, С.Одонтуяа нарт холбогдох гишүүдийн хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэгдээгүй. Мөн хатуу хөл хорио тогтоосон үед УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээрийн осол гаргасан билээ.

ХУУЛЬ БАТЛАГЧДЫН ХУУДУУ БА ХУУЛИЙН ЦООРХОЙ

        Хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын хуудуутай, булхайтай баримтууд ил болсоор буй. Тухайлбал, энэ жил УИХ-ын гишүүд өргөн мэдүүлсэн хуулийн төслөө өөрсдөө уншиж, судлаагүй мэддэггүй, хэлэлцэж байгаа төслөө бүрэн уншилгүй явуулснаар хуулийн цоорхой гаргаж, будилаан үүсгэдэг нь тодорхой болсон. Тухайлбал, УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өргөн барьж, гишүүд хуулийн булхай цоорхойг ярьж эхлэнгүүт хоёр нь “Бид ийм төсөл өргөн мэдүүлээгүй” хэмээн мэлзсэн удаатай.

     Мөн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад Соёлын сайдын багцад 32 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөшөө барих асуудлыг тусгасан. Улмаар энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүд огт мэдээгүй байсан гэдэг.  Тодруулбал, Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг байрлах Тасганы овооны дээр "Богд Зонхова"-ын цогцолбор хөшөөг барихаар барилгын ажлыг нь эхлүүлсэн бөгөөд  цогцолборын ажилд ирэх жил нийт 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөг тусгасанд олон нийт дургүйцэж буй. Энэ төслийг анх 2021 оны улсын төсөвт 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй суулгасан ч төсөвт өртөг нь 2022 онд  27 тэрбумаар нэмэгдсэн байгаа юм. Гэтэл УИХ-ын нэр бүхий гурван гишүүн төсвийн төслийн сүүлийн хэлэлцүүлгийн явцад ажлын хэсэг дээр дээрх саналыг нэмж, УИХ-ын гишүүд түүнийг нь анзааралгүй баталж орхисон байгаа юм.

МАН УЛС ТӨРИЙН ХОРИГДЛУУДАА СУЛЛАЖ, НАЙР ТАВИВ

   Нэг хэсэг монголын улс төрийн толгой томчуудыг хоморголон барьж, хорьсон. Тэгвэл энэ жил МАН-ынхан улс төрийн хоригдлуудаа толгой дараалан суллаж, тэдэнд найр тавьж эхлэв.

Тодруулбал, Монгол Улсын 18, 25, 29 дэх Ерөнхий сайд буюу М.Энхсайхан дөрвөн жил зургаан сар, С.Баяр таван жил, Ж.Эрдэнэбат зургаан жилийн ялтай хоригдож байв. Мөн Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат дөрвөн жил зургаан сар, Сангийн сайд асан С.Баярцогт дөрвөн жил найман сар, Сангийн сайд асан Б.Болор гурван жил зургаан сар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр таван жил таван сар, Шадар сайд асан Да.Ганболд нэг жил гурван сар, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир гурван жил зургаан сар, УИХ-ын гишүүн асан Г.Солтан гурван жилийн ялтай шоронд байлаа. Одоо бүгд суллагдаж, улс төрийн ажилдаа ханцуй шамлан орцгоосон гэх сураг бий.

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ШИНЭЭР ЭХЛҮҮЛЭХ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР

   

         Рио Тинто” групп болон “Туркойз Хилл Ресурсэс” компаниас арванхоёрдугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан захидал ирүүлсэн. Тус захидалд “Оюутолгой” ХХК-ийн талд үүссэн эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулахаар тооцсон 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, өмнөх гэрээ буюу “Дубайн гэрээ”-г эцэслэн шийдэж, дуусгавар болгох саналыг тусгасан юм.

Захидалд:

  • “Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Оюутолгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
  • ДУББСТ болон “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох;
  • Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
  • Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж “Оюутолгой” ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
  • “Оюутолгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцөлийн дагуу “Оюутолгой” ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах талаар өгүүлжээ.

ОНЫ ОНЦЛОХ: Засгийн газар солигдсон ч хүлээлтэд хүрээгүй улс төр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188