• Өнөөдөр 2025-05-13

Л.Оюун-Эрдэнэ давхар дээл “нөмөрсөн” сайдуудтай болохын тулд Үндсэн хуульд гар хүрэх үү

2021-12-16,   952

              Эрх баригч намын даргын эрх мэдлээ албажуулж, бэрс гарсан Л.Оюун-Эрдэнэ шатраар бол дараагийн нүүдэлдээ шуудрав бололтой. Улс төрийн өрөг дээр түүний ээлжит нүүдэл нь Засгийн газраа шинээр эмхлэх. Гагцхүү давхар дээлтэн нь дөрвөөр хязгаарлагдах одоогийн Үндсэн хуулиар уу, дан, давхрыг харгалзахгүй “ойрын ирээдүйн” Үндсэн хуулиар уу гэдэг нь улс төрийн хүрээнийхний амттай бөгөөд сонирхолтой, халуун ярианы сэдэв болж хувирчээ. Саарал ордноос дэргэж ниссэн бор шувуу “Ойрын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна, зорилго нь давхар дээлийн хязгаарыг арилгаж Л.Оюун-Эрдэнийн шинэ Засгийн газрыг хүчирхэгжүүлэх” хэмээн жиргэжээ. Бор шувуу буруу жиргээгүй бол хүзүүндээ “Удахгүй огцорно” гэх пайзтай жилийн нүүр үзэх гэж байгаа энэ Засгийн газар магад оноос өмнө огцорно, гэхдээ эргэж эмхлэгдэхдээ илүү хүчтэй, нөлөөтэй болох аж. Хэн дуртай нь эрх мэдлийн төлөө Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй ч Л.Оюун-Эрдэнийн тухайд одоогоор "Бүх юмны дарга" болчихоод байна. 
 

ЗАСГАА ЗАДЛАХ, ИНГЭХИЙН ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГА

 
            Түүнд ингэх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулиас хойш жил хагасын хугацаа өнгөрчихсөн, үндсэндээ Л.Оюун-Эрдэнэд бие даан засаглах хоёр жил хагасын хугацаа л үлдэж байна. 2024 онд хэрхээ ч билээ, шалбалахгүй бол горьгүй. Чухамдаа Засгийн газраа хүчтэй, нөлөөтэй байлгаж гэмээнэ засаглах хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүдийн олонх нь УИХ-аас гишүүдээс бүрдсэн цагт Засгийн газар хүссэнээрээ хөдлөх хүчтэй, хэнд ч захирагдахгүй нөлөөтэй болно. Энэ бол Засгаа задлах, магад Үндсэн хуульд дахин гарах хүрэх эхний шалтгаан.
 
Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа 14 яам, өөрийгөө оруулаад нийт 17 сайдтайгаар байгуулсан. Засгаа байгуулах үедээ тэр шинэ, нөлөө бага, ах нарынхаа хараат шахуу байсан. Тиймдээ ч засагт нь тэрний хүн, энэний хүн гэх “шошготой” нэлээдгүй сайд багтсан. Бусдын “шошготой” сайдууд нь засаглалд нь чөдөр тушаа, дөнгө болж байгаа ч тохиромжтой цагийг хүлээж, тэвчиж ирсэн гэхэд болно. Харин одоо тэр намын даргын албан ёсны эрх мэдэлтэй, нөлөөтэй нэгэн болж бойжсон, засгаа өөрийн толгойгоор эмхлэх цаг нь болсон гэсэн үг.

Гуравдугаарт, удахгүй хоёр яам шинээр байгуулагдах буюу Л.Оюун-эрдэнэ 19 сайдтай болно. Үндсэн хуулийн хүрээнд танхимынх нь 19 сайдаас дөрөвхөн нь давхар дээлтэй буюу УИХ-аас гишүүн байж болох нь түүний Засгийн газрыг нь хүчгүй харагдуулах, өөрт нь ч хангалтгүй санагдах нь мэдээж. Тиймдээ ч Үндсэн хуульд засвар оруулах замаар давхар дээлийн хязгаарлалтыг “устгах” замаар Засгийн газраа УИХ-ын гишүүдээр бүрдүүлж, хүчээ нэмэгдүүлэхээр төлөвлөж буй гэх.

Дөрөвдүгээрт, МАН-ын Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг 99.7 хувийн саналаар буюу дуу нэгтэйгээр намын даргаараа сонгож, баталгаажуулсан. Хэтэрхий гэхэд хэтэрхий дуу нэгтэйгээр. Дотроо залуу, хөгшнөөрөө хуваагдсан хэд хэдэн фракцтай, хагаралтай гэгддэг МАН-ынхан ийнхүү ярс ярс хийтэл гараа өргөж, Л.Оюун-Эрдэнийн намын даргын эрх мэдлийг нь баталгаажуулж өгсөн нь цаанаа ямар нэг том тохироотой гэх хардлагыг бий болгосон. Өөрөөр бол, тэр тохироо нь Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа задалж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар давхар дээлтэй сайд нараар эмхлэн байгуулахдаа бүлэг, фракц болгоноос төлөөлөл багтаана гэх. 
 

ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ХҮССЭНЭЭРЭЭ “ЦЭЦЭГЛҮҮЛЭХ” ЭХНИЙ ҮР

 
           Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үрийг УИХ-ын гишүүн Г.Ганибал, Ш.Адьшаа, Т.Доржханд тэргүүтэй гишүүд өнгөрсөн сарын 22-нд Үндсэн хуулийн цэцэд суулгачихсан, одоо соёолж байгаа гэх. Цухуйгаад эхэлмэгц нь УИХ-аар оруулаад, цэцэглүүлчихнэ гэсэн үг л дээ. Ойлгомжтойгоор тайлбарлавал, УИХ-ын гишүүн Г.Ганибал, Ш.Адьшаа, Т.Доржханд нар иргэнийхээ хувиар Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчилтэй эсэхийг шалгуулах, ялангуяа Үндсэн хуулийн 39.1 буюу Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын байж болно гэдэг заалтыг өөрчлүүлэх зорилго өвөрлөж цэцэд хандсан, Үндсэн хуулийн цэц хүлээн авч, маргаан үүсгэсэн гэх мэдээлэл байна. Хэрвээ Үндсэн хуулийн цэц дүгнэлтээ гаргачихвал, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх л асуудал үлдэнэ. УИХ-ын гишүүдэд зориулсан, үлгэрийн мэт үрэлгэн төсөв боловсруулаад батлуулчихсан, намын даргын эрх мэдлээ баталгаажуулсан Л.Оюун-Эрдэнийн эсрэг зогсох хүн олдохгүй буюу түүнийг юу ч гэж хэлсэн дуу нэгтэйгээр кнопоо дарахад бэлэн байгаа. Өөрөөр бол, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь цаг хугацааны асуудал болчихоод байна гэсэн үг. 
 
Энэ сэдэвтэй холбоотойгоор орхиж болохгүй нэг асуудал бол Үндсэн хуульд өөрчлөлт оруулах сууриа засахдаа сөрөг хүчний гишүүдийг ашиглаж, тэднээр “могой бариулж” буй явдал. Мэдээж хоёрхон жилийн өмнө Үндсэн хуулийг өөрчлөн баталж, “өөгүй цэвэрхэн боллоо” гэх маягтай магтаж, магтуулж байсан МАН-ынхан өөрсдөө гарах дахин гар хүрэх санал гаргах нь зохимжгүй харагдана гэж тооцно байх. Тиймдээ нэгдүгээрт, Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хийж буй ажил мэт харагдуулах, хоёрдугаарт, Үндсэн хуульд дахин гар хүрэх санаа, сэдлийг АН-ын Г.Ганибал, Ш.Адьшаа, ХҮН-ын Т.Доржханд нар гаргасан болж харагдуулахаар тооцсон харагдаж байна. Т.Доржхандын тухайд өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Үндсэн хуулийн цэцэд хандах замаар Х.Баттулгыг нэр дэвших эрхгүй болгож, У.Хүрэлсүхийн замыг засаж өгснөөрөө туршлагажсан, энэ удаад ч тэр арга барилаараа ажиллаж байгаа гэж харагдаж байна. Харин Г.Ганибал, Ш.Адьшаа нарын тухайд сөрөг хүчин байх ёстой гишүүд атлаа эрх баригч намынхаа нохойд барьдаг мод болж, Үндсэн хуульд дахин гар хүрэх замыг нь засаж өгөхөөр ажиллаж байгаа нь  харамсалтай, бас жигшүүртэй зүйл. Уг нь тэд Х.Баттулгын гэх “шошготой”. Гэтэл энэ удаад Л.Оюун-Эрдэнэд илт үйлчилж буй нь “эзэн” нь түүнд зөвлөдөг болсонтой холбоотой ч байж болох юм. 
 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ ҮЕ ҮЕИЙН ЕРӨНХИЙ САЙДУУДААС ХАМГИЙН ЦӨӨХӨН "ДАВХАР ДЭЭЛТЭН"-ТЭЙ НЬ

 
        Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Засгийн газрыг толгойлсон Ерөнхий сайдуудаас П.Жасрай, Ж.Наранцацралт, Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхсайхан нар дан дээлтэй ажиллаж байсан. Харин үе үеийн Засгийн газруудын дан болон давхар дээлтнүүдийнх нь их багыг тооцож үзвэл, 1996 оны М.Энхсайханы Засгийн газрын 10 гишүүний нэг нь л давхар дээлтэй, 10 нь дан дээлтэй байсан бол 1998 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болохдоо Засгийн газраа 100 хувь УИХ-аас бүрдүүлж, давхар дээл “нөмрүүлж” байв. Хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болохдоо Засгийн газраа 18 сайдтай байгуулснаас 14 нь давхар, дөрөв нь дан дээлтэй байсан. Харин Ж.Наранцацралт бүх сайдуудаа УИХ-ын гаднаас буюу дан дээлтэйгээр бүрдүүлж байсан бол У.Хүрэлсүх 2017 онд Засгийн газраа байгуулахдаа бүх сайд нараа УИХ-аас сонгосон буюу хамгийн олон давхар дээлтэнтэйгээр байгуулж байлаа.
 
Түүнчлэн, 2000 оны Н.Энхбаярын Засгийн газрын 13 сайдын тав нь давхар дээлтэй байсан бол М.Энхболдын Засгийн газрын 18 сайдын 17 нь давхар дээлтэй байлаа. Харин С.Баярын анхны Засгийн газрын 16 сайдын найм нь давхар дээлтэй байсан бол дахин Ерөнхий сайдаар сонгогдохдоо 15 сайдтай Засгийн газар байгуулснаас 11 нь УИХ-ын гишүүн буюу давхар дээлтэй байсан. Үргэлжлүүлбэл, Сү.Батболдын Засгийн газрын 14 сайдын 10 нь, Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн буюу давхар дээлтэй байв. 
 

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тухайд дөрвөн давхар дээлтэй сайдтай буюу М.Энхсайхан, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, П.Жасрай нарын дараа орох буюу цөөхөн давхар дээлтэй сайдтай Засгийн газар юм. Харин сүүлийн үед улс төрийн хүрээлэлд өрнөж буй “шуум”-аар бол тэр хамгийн олон давхар дээлтэй Засгийн газрын тэргүүн болж л болзошгүй байна. 

 

ҮЕ ҮЕИЙН ҮНДСЭН ХУУЛЬД “ДАВХАР ДЭЭЛ”-ИЙН ТУХАЙ...

 
          1992 оны Үндсэн хуулийн 29.1-т “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэх заалт байсан. Харин 1999 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, “...УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчилсөн. Улмаар 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчилсөн. 
 
Харин 1992 оны УИХ-ын тухай хуулийн 22.1-т “...Засгийн газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүн тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэж байсан бол 1996 онд “...Засгийн газрын газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны хоёроос хэтэрч болохгүй” болгож нэмэгдүүлсэн байдаг ажээ. Мөн 1993 оны Засгийн газрын тухай хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална” гэж байв. 
 
Түүнчлэн “Давхар дээл”-ийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан, эсхүл хуулийн төсөл боловсруулсан УИХ-ын анхны гишүүд нь Г.Ганибал, Ш.Адьшаа, Т.Доржханд тэргүүтнүүд биш. Гэхдээ давхар дээлийн хязгаарлалтыг арилгах зорилгоор хандаж буй нь анхных байх. Тухайлбал, 2011 онд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Дамба-Очир, Д.Одхүү тэргүүтэй гишүүд давхар дээлийг хязгаарлах зорилгоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан байдаг. Мөн 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж давхар дээлгүй болох зорилгоор Засгийн газрын тухай болон УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг санаачилж байсан юм. 
 

Л.Оюун-Эрдэнэ давхар дээл “нөмөрсөн” сайдуудтай болохын тулд Үндсэн хуульд гар хүрэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188