Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс оронд болж өнгөрсөн томоохон, дуулиан шуугиантай үйл явдлуудыг тоймлон хүргэдэг билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлуудаас "МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг батламжилсан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын дараах "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулсан, Допинг хэрэглэсэн болон ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг хассан, Замын-Үүд-Эрээний хил нээгдсэн зэрэг асуудлуудыг онцлон тоймлож байна.
ЭРХ БАРИГЧ МАН-ЫН 30 ДАХЬ ИХ ХУРАЛ БОЛЖ, ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ "ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО"-ОО ТАНИЛЦУУЛЛАА
Дөрвөн жилд нэг удаа болдог МАН-ын 30 дахь Их хурал өнгөрөгч даваа, мягмар гарагт боллоо. Тус намын энэ удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 1245 төлөөлөгч оролцсон юм. МАН 278 мянга 716 гишүүнтэй гишүүнтэй бөгөөд Их хурлын нэг төлөөлөгч 224 гишүүнийг төлөөлж Их хуралд оролцсон гэсэн үг. Энэхүү Их хуралд оролцогчдоос хамгийн ахмад нь 92 настай, хамгийн залуу нь 22 настай төлөөлөгч байсан.
МАН-ын 30 дахь Их хуралд хоёр үндсэн илтгэл, хэлэлцүүлгээс бүрдсэн. Тухайлбал, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын тухайд зургаан багц асуудлыг тусгаж өгснөөрөө онцлог байлаа.
Тодруулбал,
“Монгол Улс одоогийн байдлаар авто замаар 7, төмөр замаар 3, агаарын замаар 1 боомт холбогдож, үйл ажиллагаагаа явуулж байна. Боомтын хүчин чадлаар бид дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байна. Бид эдийн засгийн зүрх судасны цусны эргэлт доголдож, чухал цэгүүдэд зангилаа үүсэж цус харвалтын байдалд орсон боомтын боймыг тайлахгүйгээр хөгжилд үсрэх байтугай мөлхөх ч боломжгүй юм. Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ. Ингэснээр 5600 орчим километр урттай үндэсний төмөр замын сүлжээ бий болж, цаашид “Транзит Монгол Улс” болох суурь нөхцөл бүрдэх юм. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг эрс сайжруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Түүнчлэн хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно”
"Манай улс эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зүүн Хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулах зорилтыг дэвшүүлж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллацгаая. Дулааны 3-р цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгой, Багануур, Чойбалсангийн Дулааны цахилгаан станц, Амгалан цахилгаан станц зэрэг эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудаа цаг алдалгүй дуусгаж, ашиглалтад оруулах нь эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой билээ”
-
Аж үйлдвэржилтийн сэргэлт
“Ган болон зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр бол аж үйлдвэржилтийн сэргэлтийн суурь цөм юм. Эрдэнэтийн зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр, Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэр болон Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн үйлдвэрүүд барьж, ашиглалтад оруулна. Дарханы арьс шир боловсруулах үйлдвэр болон татан авах дэд төвүүдийг байгуулах ажлыг зохион байгуулна. Газрын тос боловсруулах үйлдвэрээ цаг алдалгүй ашиглалтад оруулж, бензин шатахуунаа дотооддоо үйлдвэрлэдэг болох нь эдийн засгийн бие даасан байдлын чухал зорилтуудын нэг билээ”
“Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ. Хотын төвлөрлийг багасгана гэдэг нь хөдөөг хөгжүүлнэ гэсэн үг. Хотоос хөдөө рүү нүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрхзүйн цогц шинэчлэл, тогтолцооны томоохон шийдэл хэрэгтэй. Өмнө дурдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого, Их бүтээн байгуулалтыг дагасан ажлын байр ч энэ асуудалтай нарийвчлан уялдах шаардлагатай. Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх хэмжээний шинэ суурьшлын бүсийг эртний нийслэл Хархорум хотыг түшиглэн шинээр байгуулах нарийвчилсан судалгааны ажлыг олон улсын хот байгуулалтын инженерүүдтэй хамтарч, 2022 онд багтаан эхлүүлнэ. Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ хот байгуулах Их бүтээн байгуулалтын ажлыг ч мөн ирэх жил эхлүүлнэ”
"Хүлэмжийн хий нэмэгдсэн сүүлийн 150 хүрэхгүй жилийн дотор дэлхийн дулаарал 1 хэмээр нэмэгджээ. Эх дэлхий маань 2-оос дээш хэм дулаарвал бид юу ч хийсэн оройтох болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон чухал санаачилга юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү хөдөлгөөнд нэгдсэн иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих эрхзүйн цогц шинэчлэл хийж, орон нутгийн удирдлагууд, төсвийн захирагч нарын ажлын үнэлгээнд мод ургуулах, арчлах, байгаль орчныг хамгаалах ажлыг нэмж тусгах болно. Зам дагаж хөгжил, ус дагаж амьдрал цэцэглэдэг билээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөрийг санаачилж, бэлчээрийг усжуулах, говийн бүс нутгийг усаар хангах, саарал усыг дахин боловсруулах, нуур цөөрөм үүсгэх, ширгэсэн гол, мөрөн, булаг, шандыг сэргээхэд чиглэсэн ажлыг цаг алдалгүй өрнүүлнэ. Нийслэл Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт хог хаягдал дахин боловсруулах байгальд ээлтэй шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулна"
-
Төрийн бүтээмжийн сэргэлт
“Хувийн хэвшилд хязгаарлагч хүчин зүйл болдог энгийн жишээ дурдахад ид бүтээн байгуулалт урин цагт эхэлдэг улирлын онцлогтой. Гэтэл Монгол Улсын төсөв 11 дүгээр сард батлагдан, төсвийн жил 1 дүгээр сард эхэлдэг. Тендер, сонгон шалгаруулалт, шүүхийн маргаан, бүх шатны шүүхээр заргалдсаар гэрээ ч байгуулж чадалгүй намартай золгодог. Яагаад бид өвлийн улиралд худалдан авалтаа зохион байгуулж, хавар бүтээн байгуулалтаа эхлүүлж, зун, намрыг бүтээмжтэй ашиглаж болохгүй гэж? Яагаад иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулдаг маргаан шийдвэрлэх үйл явцыг ил тод, түргэн шуурхай болгож болохгүй гэж? Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд Цахим үндэстэн болох зорилтоо илүү далайцтай өрнүүлж, 2024 он гэхэд төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлийг 50-иас доошгүй хувиар бууруулна. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх ажлыг 2022 оны төсвийн жилээс эхлүүлнэ. Төрийн хяналт, шалгалтын давхардсан тогтолцоог цэгцэлж, төлөвлөгөөт шалгалтыг эрс багасгана. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Авлигатай хийх тэмцлийг улам эрчимжүүлнэ. Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт юм. Авлига, албан тушаалын хэргийн ялын бодлогыг чангатгана. Төрийн албан хаагчдын орлогоосоо давсан тансаг хэрэглээнд хяналт тавина. Хөрөнгө орлогын мэдүүлгийг татвар төлөлттэй уялдуулна”
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх зургаан асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадвал “Алсын хараа – 2050” бодлогод тусгасан нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 дахин өсгөж, ядуурлыг 5 дахин бууруулж, чинээлэг дундаж давхаргыг 80 хувьд хүргэх зорилт бүрэн хэрэгжих боломж бүрдэнэ гэдгийг илтгэлийнхээ төгсгөлд онцолсон.
МАН-ЫН ДАРГААР ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ БАТЛАМЖИЛЛАА
.jpg)
МАН-ын 30 дахь Их хурлын үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлсэн юм. Улмаар 30 дахь Их хурлын 1245 төлөөлөгч, урилгаар оролцсон 200, нийт 1450 орчим төлөөлөгч саналаа өгч, 99.7 хувь нь дэмжсэнээр Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгосон юм. МАН-ын даргаар батламжлагдсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин МАН-ын даргаар сонгосон 30 дахь удаагийн Их хурлын төлөөлөгчид та бүхэнд баярлалаа. Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм. Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм. Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно. Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, шинэ сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе” гэсэн юм.
Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад Д.Амарбаясгаланг дэвшүүлсэн. Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг дөрөв дэх удаагаа МАН-ын нарийн бичгийн даргаар сонгосон юм.
ЭРХ БАРИГЧ МАН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ
МАН-ын 30 дахь Их хурлаар Бага хурлын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан. Улмаар МАН-ын Бага хурал анхдугаар хурлаа хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ ч шинэчилсэн юм. Шинэ Удирдах зөвлөлийг улс төрийн хүрээлэлд ахмадуудаа хассан, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар өөрсдийн хүмүүсээ сонгож, томилсон гэж дүгнэж байлаа.
Шинэчилсэн Удирдах зөвлөлийн 36 гишүүнийг танилцуулъя.
-
Д.Амарбаясгалан, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
-
Г.Занданшатар, УИХ-ын дарга
-
Н.Энхбаатар, МАН-ын Нарийн бичгийн дарга
-
Ц.Чулуунзагд МАН-ын Нарийн бичгийн дарга
-
Б.Тулга, МАН-ын Нарийн бичгийн дарга
-
Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн
-
Д.Тогтохсүрэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
-
Т.Аюурсайхан, УИХ-ын дэд дарга
-
Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн
-
Д.Сумъяабазар, Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
-
Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн
-
Н.Учрал, УИХ-ын гишүүн
-
С.Бямбацогт, УИХ-ын гишүүн
-
Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн
-
Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн
-
С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Шадар сайд
-
Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга
-
Н.Энхболд, УИХ-ын гишүүн
-
Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн
-
Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн
-
Т.Аубакир, УИХ-ын гишүүн
-
Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн
-
Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн
-
М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн
-
Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн
-
Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн
-
Г.Амартүвшин, УИХ-ын гишүүн
-
Э.Батшугар, УИХ-ын гишүүн
-
Я.Содбаатар, ЕТГ-ын дарга
-
А.Ариунзаяа, ХНХ-ын сайд
-
Ч.Номин, Соёлын сайд
-
П.Баттөр, ТВ-9 телевизийн захирал
-
О.Буяннэмэх, Ерөнхийлөгчийн зөвлөх
-
Г.Золзаяа, МАН-ын Бага хурлын гишүүн
-
Б.Оюунбилэг, МАН-ын Бага хурлын гишүүн
-
Н.Уламбаяр, Бага хурлын гишүүн
ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН ДӨРВӨН БӨХИЙН БАРИЛДАХ ЭРХИЙГ 4-8 ЖИЛЭЭР ХАСЛАА
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн ээлжит хурал өнгөрөгч даваа гарагт болсон. Уг хурлаар допинг хэрэглэсэн болон ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн барилдах эрхийг хасаг шийдвэр гаргасан нь өнгөрөгч долоо хоногийн дуулианы сэдвүүд байлаа.
Тодруулбал, Үндэсний бөхийн барилдааны дүрмийн 7.3-д заасны дагуу допингийн асуудалд давтан нэр холбогдож, зөрчил гаргасан улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасах шийдвэрийг Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан юм.
Улсын арслан Э.Оюунболдоос 2019 оны Үндэсний баяр наадмын дараах шинжилгээнээс нь допингийн дөрвөн төрлийн бодис илэрсэн байдаг. Тухайн үед Э.Оюунболдыг Д.Батням дасгалжуулж байсан. Э.Оюунболдын допинг хэрэглэсэн эсэх талаар Д.Батням дасгалжуулагч “Шинжилгээний хариу гарсны дараа би Э.Оюунболдоос асуусан. “Чи надаас нууцаар юм хэрэглэсэн үү, эсвэл сэжиглэж байгаа зүйл байна уу, хаана алдаа гарсан бэ, ний нуугүй ярья. Допинг байж болох зүйл хэрэглэсэн бол багшдаа үнэнээ хэл” гэхэд Э.Оюунболд “Багш аа, би үнэхээр юу ч хэрэглээгүй. Та ядаж надад итгээрэй” гэж хэлсэн. Шавийгаа хорлоод сууж байдаг багш байдаг юм уу” хэмээн ярьж байсан билээ.
Тэгвэл улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассантай холбоотойгоор түүний багш Б.Адъяахүү байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Өөрт бодогдож буй зүйлээ хэлье. “Сэргээшний шинжилгээнд давтан бүдэрсэн хайран сайхан шавь Э.Оюунболдын талаар байр сууриа илэрхийл, өмөөр, үгээ хэл” гээд олон хүн хандаж байна. Шавь минь 2013 онд улсын харцага цолонд хүрээл багшаасаа жаахан дөлж эхэлсэндээ. Дараа жил “Аварга” дээд сургуулийг 2014 онд төгсгөөд наадмын бэлтгэлд аваад гарах гэтэл “Эрхэмбаяр аваргатай бэлтгэлд гарна” гээд захлаад эхэлсэн ба тэр жил доогуур унасан юм даг. 2014 оны намраас нь бага зэрэг гэмшээд бэлтгэл сайн хийж эхэлсэн бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сард 1024 бөхийн барилдаанд түрүүлээд л бас хэд хоног олдоогүй. Долоо хоногийн дараа Баянмонгол орчмоос бүтэл муутайхан явж байхад нь олж авсан байдаг. Тэр үеэс л бид хоёрын нэг нь зугтаж нөгөө араас нь хөөцөлддөг ширүүхэн цаг эхэлсэн. Өөрөө ч залхсан байх надаас. Яагаад, юунаас гэхээр архи, бүтэл муутай, хумсаа нуусан муу хүмүүсээс хол байлгах гэж тэр л дээ. Ташрамд хэлэхэд, “Залуу бөх Э.Оюунболд байхаас нь чамд юу хэрэггүй вэ гэвэл уураг, витамин хэрэггүй” гэдэг байсан даа. Тарган мах, цагаан идээгээ идэж уугаад барилд, юун допинг гэж хэлсэн. Нэг хэсэг холбоо тасраад наадмаар л тааралддаг болсон.Сүүлийн 4-5 жилийн хугацаанд чөлөөт бөхийн ОУХМ Батням багш дээр тасралтгүй бэлтгэл хийсэн байх. Өөрөө ч тэгж ярьж байсан, өрөөлөөс ч би сонссон. Товчхондоо ийм байна. Цаашид юу болохыг миний хувьд таамаглах юм алга. Гэхдээ би хүүдээ хайртай миний том охинтой нэг онд төрсөн юм. Барилдахгүй ч хүрээд ирвэл тосоод л авна. Олон хүнд сургамж боллоо” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Түүнчлэн Монголын Үндэсний бөхийн холбооноос допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж шийдвэрлэсэн.
Үргэлжлүүлэн, Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид Үндэсний бөхийн барилдааны дүрмийн VII бүлэгт заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн. Ингээд ёс зүйн зөрчил гаргасан гурван бөхийн барилдах эрхийг зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хасах шийдвэр гаргасан юм.
Тодруулбал,
-
Арванхоёрдугаар сарын 4-нд Ардчилсан намын нэрэмжит барилдааны нэгийн даваанд барилдах үедээ ёс зүйн зөрчил гаргасан, давтан үйлдсэн аймгийн харцага Ж.Дэлгэрсайханы барилдах эрхийг жилээр,
-
Арваннэгдүгээр сарын 13-нд Бүх цэргийн наадмын барилдааны нэгийн даваанд барилдах үедээ ёс зүйн зөрчил гаргасан сумын заан Ё.Гантулгын барилдах эрхийг зургаан сараар,
-
Арваннэгдүгээр сарын 27-нд Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны тавын даваанд барилдах үедээ ёс зүйн зөрчил гаргасан сумын заан О.Баяржаргалын барилдах эрхийг зургаан сараар тус тус хасаж шийдвэрлэсэн юм.
ЭРЭЭН-ЗАМЫН-ҮҮДИЙН ХИЛ НЭЭГДЛЭЭ
Хоёр сар гаруй хугацаанд хаалттай байсан Замын-Үүд-Эрээний хил өчигдөр нээгдлээ. Хил хаалттай холбоотойгоор Эрээн боомт дээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн ачаа олон хоног саатсан нь нийгмийг бухимдуулж байлаа. Тэгвэл өчигдрөөс БНХАУ-ын тал зөвшөөрснөөр хил нээгдэж, эхний ээлжид дундын бүсэд ачаагүй саатсан байсан автомашинуудыг нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Ингэснээр албан ёсоор чингэлэг тээврийн ажил эхэлж, Эрээн боомтод саатсан, иргэн, аж ахуйн нэгжүүдийг ачаа орж ирэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Тэгвэл хил нээгдэхээс өмнөх өдрүүдэд юу өрнөснийг товч сануулъя. Өнгөрөгч даваа гарагт Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар олон нийтэд мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр “Автозамын боомт буюу Замын-Үүд-Эрээний боомт тодорхойгүй хугацаанд хаагдсан нь олон хүндрэл учруулсан. Тиймээс энэ долоо хоногт тухайн боомтыг нээхээр бүх бэлтгэлийг хангасан. Холбогдох албаны хүмүүс дундын бүс дээр долоо хоног ажиллаад өчигдөр ирсэн. Хятадын тал дундын бүс дээр камержуулалт, гэрэлтүүлгийн ажил хийсэн бол Монгол Улсын талаас тээврийн хөлсийг тохирох гэх мэтээр бэлтгэл ажлууд хангагдсан. Мөн амархан эвдрэх, муудах ачаа барааг тээвэрлэх зориулалтаар тээвэр логистикийн компаниуд тусгай тээврийн хэрэгслийг бэлдэж байна” гэх мэдээллийг өгсөн.

Тэгвэл Гадаад харилцааны дэд сайд С.Мөнхжин өчигдөр буюу хил нээгдсэн даруйд “Одоогийн байдлаар автозамын боомт хаагдахаас өмнө Эрээний талд гацсан ачаатай автомашинуудыг асаах, халаах ажил хийж байна. Үүний дараа машинуудыг Эрээний талаас дундын цэгт авчрах юм. Дундын цэгт авчирсан автомашинуудыг Эрээний жолооч нар буцаад хил рүүгээ гарна. Үүний дараа манай улсын жолооч нар дундын цэгээс автомашинуудыг гаргах ажил дарааллын дагуу үргэлжилнэ. Өнөөдрөөс хил нээгдсэн гэж ойлгож болно” гэсэн юм.

Түүнчлэн хил нээгдсэнтэй холбоотойгоор БНХАУ-ын Эрээн хот дахь Консул Т.Мөнхгэрэл хэвлэлд өгсөн тайлбартаа “Эрээний хилийн хяналтын талбайд ачаатайгаа гаалийн бүрдүүлэлт хийсэн 150 гаруй автомашин байгаа. Эхлээд эдгээр автомашинуудыг оруулж байж чингэлэг тээвэр хийнэ гэж хоёр тал тохиролцсон. Тохиролцсоны дагуу тээвэрлэлт явж байна. Анх удаа Эрээн-Замын-Үүдийн хилийн боомтод чингэлэг тээвэрлэлт гэх шинэ горим нэвтэрч байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Эхний ээлжид төлөвлөснөөс удаан тээвэрлэлт явах асуудал гарах тал бий. Гэхдээ бидэнд Замын-Үүд Эрээний авто замын боомт нээгдсэн нь л чухал байна. Ажил жигдрээд ирвэл чингэлэг тээврийг өдөрт 50-иар гаргахаар төлөвлөсөн. Энэ дагуу бэлтгэл ажил бүрэн хангагдсан” хэмээн дурдсан юм.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Л.Оюун-Эрдэнэ, Э.Оюунболд хоёрын дуулиантай, хил нээгдсэн ДОЛОО ХОНОГ |
|