100 жилийн түүхт нам өнөөдөр Их хурлаа хуралдуулж, шинэ даргаа томилох, шинэ бодлогоо томьёолох хариуцлагатай цаг үеэ эхлүүлж байна.
Энэ цаг үед Монголын парламентын түүхэнд хамгийн ахмад буюу олон жил төрийн эрх барьсан намыг шинэ залуу үе нь удирдахаар зэхэж буй. Өөрөөр хэлбэл, улс төрд 80-аад оныхон аль хэдийнэ хаалга тогшин орж ирж, шинэ цагийн МАН-ын түүхийг эхлүүлэх гэж байгаа юм. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан эрх баригч намын залуус намынхаа цаашдын үйл хэргийг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг бэлтгэл ажлаа хангасан билээ. Тэд намын хууччуул, үе үеийн томчуудыг нэг нэгээр нь агнах, нэгийг нь нөгөөгөөр нь намнуулах ажлыг гарамгай зохион байгуулж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй.
Хамгийн наад захын жишээгээр л иш татахад цагтаа МАН-ыг атгандаа барьж, төрийн үйл хэрэгт хамгийн чухал оролцоотой байсан М.Энхболд, Сү.Батболд, Н.Багабанди, У.Хүрэлсүх тэргүүтэй сүүлийн үеийн МАН-ын удирдагчдыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар замаасаа чимээгүйхэн гаргаж, өөрсдийн нүүдлээ Монголын төрд эхлүүлээд буй. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнэ нутгийн ах У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн суудалд дэвшүүлэн суулгаад, өөрөө түүний орон зайг нөхөх болов.
Ингээд л цаашид Монголын улс төрийн тоглоом хэрхэн өрнөх вэ гэдгийг өнөөдрийн хурлаар тодорхойлох гэж байна. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн багийнхан намын ах нараа нэг нэгээр нь улс төрийн дацангаас гаргаж, өөрсдөд нь байгаа эрх мэдлээ аажим аажмаар зузаатгасаар ирээдүйн Монголын улс төрийн өнгийг тодорхойлох нь.
Шинэ цаг үеийн залуу улстөрчид намынхаа үйл хэргийг залгамжлахын тулд шудрага үнэний дуу хоолой болж, тэмцэж, тэмцэлдсээр гараад ирсэн үү гэвэл үгүй. Тэд яг л улс төр байдаг бохир тоглоомоор “тоглож” урдаа гарсан улаан хөлтэй бүхнийг замаасаа зайлуулж, эрх мэдлийн төлөөх шунал хүслээ дарж, ядан одоогийн багахан эрх мэдэлд хүрсэн. Өнөөдөр үүнийг лавшруулахаар өөрсддөө байх бүхий л боломжоо дайчилж, улайран тэмцэж байгаа.
Энэ их тэмцлийн үр дүнд олж авсан эрх мэдэл, боломжоо тэд зөв ашиглаж, зөв замаар үргэлжүүлж чадвал ах нараа улс төрийн тоглоомноос гаргасны үр дүн гарна. Хэрэв зээ ах нарынхаа эхлүүлсэн үйл хэргийг буруу замаар үргэлжүүлж, өөрсдийн хэт их эрх мэдлээ тунхаглах гэж улайрвал олонд ад болж, өнгөрсөн 100 жилийнхээ түүхийг үгүй ч хийж мэдэх юм.
Угтаа бол шинэ залуу үе улс төрд орж ирснээр улс төрийн шинэ түүхийг эхлүүлж байгаас ялгаагүй. Цаашид энэ улс төрийн үйл хэргийг залуу үеийнхэндээ ээлтэй байлгаж, шинэ салхи оруулж чадах уу гэдгийг тэд л шийдэх хариуцлагатай үе ирээд буй. Өнөөдөр манайд зангарагтай улс төрч, олны хэлдгээр төрийн жинхэнэ хар хүн үгүйлэгдэж байгаа нь үнэн. Цаг үеэ тодорхойлж, бусдыг манлайлах түүчээ улстөрч дутуугаас л өнөөдрийн Монгол Улсын хөгжил, ард түмний амьдрал уруу дорой байгаа гээд хэлчихэд хол зөрөхгүй. Уг нь өнөөгийн улсын өнгө төрхийг эрх баригч намынхан, тэдний залгаж халаа тодорхойлж байгаа. Гэвч тэд өнгөрсөн таван жил орчим, улс төрд манлайлал үзүүлж, буйр суурьтай хандаж чадаагүй нь нууц биш юм аа.
МАН-ын 30 дугаар Их хурлын талаар тус намын генсек Д.Амарбаясгалан “Их хурлаар намын даргыг сонгох, намын дүрмийн өөрчлөлт, хяналтын ерөнхий хороог байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн МАН эрх барьж байгаа улс төрийн хүчний хувьд дэвшилтэт бодлогуудыг уг хурлаар танилцуулна. Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулахаар зорьж байна. Сонгогдог парламентын тогтолцоог улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл танилцуулна.
Нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг судалгааны үндсэн дээр гаргаж ирсэн. Чинээлэг дундаж давхаргыг бий болгох хүсэл зориг ихээхэн байна гэж харж байгаа. Энэ нөхцөлд хүрэхэд саад болж байгаа зүйл бол авлига, албан тушаалын гэмт хэрэг, хүнд суртал, хариуцлагагүй байдал байна. МАН эрх баригч намын хувьд хүний эрхийг хамгаалах томоохон зорилтыг гаргаж байгаа” хэмээн мэдэгдсэн.
Иймд олны дунд энэ удаагийн МАН-ын Их хурлаас хүлээх хүлээлт их байна. МАН-ын Их хурал хоёр өдөр үргэлжилж, гишүүд нь цуглаад, олны өмнө бие биетэйгээ сүжирч, бэлтгэсэн зохиолын дагуу хурал өндөрлөх нь тодорхой. Гэвч гол ажил, үр дүн, найраа тохироо хурлын дараа ээлж дараатай үргэлжилэх юм. Өөрөөр хэлбэл, эрх баригч намынхан Их хурлаараа албан ёсны зарим асуудлыг хэлэлцээд, шинэ жилийн дараагаас улс төрд шинэ эргэлт хийх нь тодорхой. Тэд Их хурлынхаа үр дүнг шинэ жилийн баярын чимээ шуугианаар дарж, ард түмнийг эд баярлаж байх хугацаанд буюу олон нийт баяр ёслол руугаа анхаарал хандуулсан үед улс төрд өрнөх гол тоглолтоо хийнэ.
Ингээд оны дараагаас МАН-ын Их хурлаар хийсэн тохироонууд биелэлээ олох биз ээ. Ямартай ч, олны таамаглаж буйгаар оны дараа Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, Үндсэн хуульд эрх баригч намынхан гар хүрэх нь тодорхой болоод буй. Цаашид улс төрийн ямар тоглолт өрнөх вэ гэдгийг хүлээх л үлдлээ.
МАН-ЫГ УНАГАХ, УРАГШЛУУЛАХЫН ЭХЛЭЛ ӨНӨӨДӨР ТАВИГДАНА |
|