• Өнөөдөр 2024-05-18

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: “Богд Зонхова” олны гайхширлыг барж, шатахууны үнэ нэмэгдэж, эрхмүүдийг шагнасан долоо хоног

2021-11-27,   466

Шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ

     Шатахууны үнэ өссөн асуудалд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны байр суурийг сонирхвол “Шатахуун импортлогчид 400 төгрөгөөр үнэ нэмэх хүсэлт гаргасан. Гэвч ярилцаж байгаад 100 төгрөгөөр нэмэхээр боллоо. Гэхдээ энэ бол огцом өсөлтөөс сэргийлсэн буюу аажмаар үнэ нэмэх аргачлал. Нарийвчилбал нэг удаагийн үнийн хэлбэлзэл 100 төгрөгөөр хэтрэхгүй байх үнийн зохицуулалт, бодолтыг автоматаар тооцох механизм юм” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн "2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар шатахууны хил үнэ тонн тутамд 830 доллар байгаа бөгөөд жижиглэнгийн хил үнэ литр тутамд 1785 төгрөг буюу нийт өртгийн 74 хувийг бүрдүүлж байна. Энэ үнэ дээр гаалийн албан татвар, автобензиний албан татвар, НӨАТ зэрэгт 325 төгрөг буюу нийт өртөгт 14 хувь, үйл ажиллагааны зардал 295 төгрөг буюу нийт өртөгт 12 хувийг эзэлж шатахууны нийт өртөг 1 литр тутамд 2405 төгрөг болж байгаа" гэжээ. Товчхондоо “Шатахуун импортлогчид алдагдалгүй ажиллахын тулд үнээ 400 төгрөгөөр нэмэх байсныг харин ч шинэ аргачлалд оруулж 100 төгрөгөөр нэмэх зохицуулалт хийлээ.

   Олон улсын зах зээлийн мэдээллийг ажиглавал газрын тосны үнэ дөрвөн долоо хоног дараалан буурч байна гэнэ. Жишээ нь, АНУ-ын зэх зээлд газрын тосны үнэ баррель нь 75 ам.доллар болоод байгаа нь зөвхөн өнгөрсөн долоо хоногийнхоос зургаан хувиар буурсан үзүүлэлт ажээ. Гэтэл манай улсын дотоодын зэх зээл дэх жижиглэнгийн шатахууны үнэ эсрэгээрээ өсөж байх юм.

“Богд Зонхова” олны гайхширлыг барж, бухимдуулав

  Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо Тасганы овооны дээр Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолбор байгуулахаар ирэх онд төлөвлөсөн нь олны анхааралд өртлөө. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай, төсвийн өндөр алдагдалтай энэ  үед Засгийн газар үр ашиггүй хөшөө дурсгалын ажилд их хэмжээний хөрөнгө тусгаж, УИХ-аар батлуулсан. Улмаар УИХ-аар хэлэлцүүлэх үед гишүүд нь уг төслийг эргүүлж хараагүй, тэр бүү хэл өөрийнх нь багцад тусгасан  Соёлын сайд нь ч энэ бүтээн байгуулалтын ажлыг мэдээгүй зэрэг нь анхаарал татаж буй.

       Тодруулбал, татвар төлөгчийн мөнгийг шаардлагатай бус хөрөнгө оруулалтад зарцуулах гэж байсан энэ асуудал олон нийтэд ил болсны дараа төрийн өндөр албан тушаалтнууд, хариуцах ёстой хуулийн этгээд, хууль санаачлагчид асуудлаас зайлсхийж, өөрсдөөсөө энэ төслийг холдуулж эхэлсэн.

       Анх 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолборын байгуулахаар УИХ-ын нэр бүхий гурван гишүүн санаачилга гаргаж,  улсын төсвийн хөрөнгө оруулалтад анх тусгуулан Засгийн газрын тогтоол гаргуулснаар энэ цогцолборын ажил эхэлж байжээ.

Улмаар 2022 оны улсын төсөвт Соёлын сайдын шилжих барилга байгууламжийн багцад энэ төслийн төсөв тусгагдаж, анх тооцоолж байсан 5.5 тэрбум төгрөг нь зургаан дахин өссөн дүнтэй буюу нийт 27 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 32 тэрбум төгрөгийн өртөгтэй төсөл болоод гараад ирчихсэн байна.

       Сангийн сайд Б.Жавхлангийн тайлбарлаж буйгаар дээрх төслийг 2020 УИХ-ын нэр бүхий гурван гишүүн санаачлан Засгийн газарт өргөн мэдүүлсэн. Ингэхдээ төсөвт өртгийг нь 5.5 сая байхаар тооцож, Засгийн газарт оруулсан ч Барилгын хөгжлийн газраас төсвийн хөрөнгө оруулалтыг өндөр дүнтэй өсгөж оруулж ирсэн гэнэ. Эндээс дээрх төслийг анх өргөн мэдүүлсэн УИХ-ын нэр бүхий гишүүд хэн бэ гэх асуулт гарч байгаа юм.

        Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолбор байгуулах төслийг анх санаачлан оруулж ирсэн нэр бүхий гишүүд нь УИХ-ын гишүүн Ц.  Тэд өчигдөр төслийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, төсвийн төсөлд анх 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй оруулсан бөгөөд төсөвт өртөг ийн огцом нэмэгдсэн талаар мэдээгүй гэх тайлбарыг тус бүр өгсөн. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Өнгөрсөн жил 5.5 тэрбум төгрөгийн төсөвтэй төслийг Ц.Цэрэпунцаг, Ш.Адъяшаа гишүүн бид гурав дэмжиж оруулсан. Энэ жилийн нэмэгдэл төсвийг би мэдээгүй. Энэ бол цогцолбор барилга. Анхны тавьсан санал бол өөр байсан. Үүнийг бид аялал жуучлалын том цогцолбор болно гэж харж байгаа” гэх тайлбарыг өгсөн. Харин УИХ-ын гишүүн Ш.Адъшаа “Энэ төслийг анх таван тэрбум төгрөгийн өртөгтэй хоёр гишүүний хамт санаачилсан нь үнэн. Гэхдээ төсвийн өртөг нэмэгдсэнийг Засгийн газраас нь тодруулах нь зүйтэй" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагч мөн л төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн талаар мэдээлэлгүй байгаа гэх тайлбарыг цахим орчинд илэрхийлсэн., Ш.Адъшаа, Ц.Цэрэнпунцаг нар байжээ.

Шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” бурхны хөшөө бүхий цогцолборын ажил олны шүүмжлэлд өртөөд эхлэхийн цагт буух эзэнгүй, буцах хаяггүй болж орхих нь тэр. Өөрөөр хэлбэл, гол захиалагч гэх Соёлын сайд нь олны хэл амнаас айсандаа тэр үү, үнэхээр хуулийн төслөө мэдээгүй, судлаагүй байсан уу энэ асуудлыг би мэдэхгүй, тиймээс төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төслийг царцаана гэх тайлбарыг цахим хаягаараа дайгаад чихээ бөглөөд “буруу хараад” суучихсан. Харин төсөл санаачилсан гишүүд нь хийсэн ажлаасаа бултаж, булзааруулж, олны хэл амнаас бултаж эхлэв.

Шинжлэх ухаан, технологи, урлаг, утга зохиолын бүтээлд Төрийн шагнал хүртээлээ

     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг дөрвөн бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа, шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”, “Монгол ёс суртахуун-Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой” хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгон, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээл туурвисан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл, Дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа, алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэн, Гүн ухааны шинэ сэтгэлгээ, уран бүтээлчийн эрэл хайгуул, арга барил, содон хэлбэр, агуулга, авьяас билгээрээ дүрслэх урлагийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулан, бүтээлүүдээрээ дамжуулж түүх, соёл, өв уламжлалаа дэлхийд сурталчлан таниулсан, “Их хүлгэн туульс”, “Цагаан шонхор”, “Аргусан хуурчийн тууль”, “Цаст уулын цадиг”, “Хотгойдын Шадар ван Чингүнжавын морьт хөшөө цогцолбор” зэрэг дахин давтагдашгүй бүтээл туурвисан Шүнгээгийн Тэнгисболд,

   Мэс заслын салбарт техник, технологи, инновац нэвтрүүлж, эмчилгээний аргыг шинэчлэн, зүрх, судас, элэг, уушги, нойр булчирхай, цөс, улаан хоолой, ходоод, гэдэсний болон үе мөчний өвчний мэс заслын техник, технологийг боловсронгуй болгож, хагалгааны иж бүрдэл багаж зохион эмчилгээнд нэвтрүүлсэн, анагаах ухааны хөгжил, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч нарын багийн ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, зүрхний мэс засалч Начингийн Баасанжав, багийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бямбаагийн Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Цогтын Лочин нарт “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээр нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

   Төрт ёсны түүхт тэгш олон ой давхацсан онцгой жил оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.

  Бүгд найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан шинжлэх ухаан, техник, технологи, урлаг, утга зохиолын салбарын шилдэг оюуны бүтээлийг шалгаруулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Төрийн шагнал гардуулдаг уламжлалтай юм.

Орцонд өлгийтэй хүүхдээ хаяад явсан иргэнийг олжээ

   Энэ сарын 4-нд Буянт-Ухаа хотхоны 10.. байрны орцонд өлгийтэй хүүхдээ орхиод хэрэг гарсан талаар бид мэдээлсэн билээ. Энэ талаарх мэдээллийг тус байрны оршин суугчид  тухайн үед цагдаагийн байгууллагад өгч, хүүхдийг ЭХЭМҮТ-д хүргэсэн байдаг. Тэгвэл Цагдаагийн алба хаагчид орцонд өлгийтэй нярай хүүхдээ орхиод явсан иргэнийг олж илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ талаар ХУД-ийн цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Т.Билгүүн "Цагдаагийн байгууллагад 2021 оны арваннэгдүгээр сарын 4-нд 19:00 цагийн орчимд нийслэлийн ХУД-ийн 16 дугаар хороонд байрлах орон сууцны хорооллын орцонд нярай хүүхэд хаясан байна" гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс эрэн сурвалжлах шуурхай ажиллагааг тасралтгүй зохион байгуулсны үндсэнд нярайг хаясан эцэг, эхийг олж тогтоолоо. Орхигдсон нярайг Хүүхдийн нэгдсэн сувилалд хүлээлгэн өгсөн" гэв.

 


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: “Богд Зонхова” олны гайхширлыг барж, шатахууны үнэ нэмэгдэж, эрхмүүдийг шагнасан долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188