• Өнөөдөр 2024-04-20

ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛДӨӨ ХЭНЗДЭХ ВИЙ ДЭЭ, МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР

2022-03-07,   979

-Төсвийн орлого төсөөлсөн хэмжээндээ хүрэхгүй бол гол ачааг нь Сангийн сайд хар толгойгоороо хариуцах бус ард иргэд, татвар төлөгчид үүрдэг гашуун туршлага бий-

                Засгийн газар 2022 оны улсын төсвийн төслөө хуулийн хугацаанд нь УИХ-аар ногоон гэрлээр батлуулж, энэ жилийнхээ үүрэгт ажлыг амжилттай биелүүллээ. Өөрөөр хэлбэл, Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийг анх өргөн барьснаас нь бараг өөрчилсөн зүйлгүй гишүүд дуу нэгтэй гар өргөн баталж орхив. Зарим гишүүн хэт өөдрөг төсөөлөлтэй, “мөрөөдлийн” төсөв болж гэж ам амандаа бувтнаж байсан ч төсвийн төсөлд өөрчлөлт оруулах хэмжээнд дуугарч чадалгүй, Засгийн газраас хариуцлага нэхэх нь битгий хэл өөрсдөө хувь хүртээд  амаа үдүүлж, хуулиа баталж орхих нь тэр. Ирэх онд дэлхий нийтэд тархсан цар тахлын нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх, эдийн засгийн ямар эрсдэл гарах вэ гэдэг нь тодорхойгүй үед манайх эдийн засгийн хэт өөдрөг төсөөлөлтэй төсөв баталсанд эдийн засагчид мэргэжлийнхэн эргэлзэж сууна. 
 

Өөрөөр хэлбэл, ирэх онд манай улс 16 их наяд төгрөгийн орлого олж, төсвийн зарлага нь 18 их наяд байна гэж тооцоолсон. Үндсэндээ хоёр их наядын алдагдалтай төсөв боловсруулсан гэсэн үг.  Гэтэл 16 их наядын орлого гэдэг нь цаасан дээрх тоо буюу “биелэгдэшгүй” мөрөөдөл боллоо. Хууль санаачлагчдын тайлбарлаж буйгаар ирэх онд 36.7 сая тонн нүүрс экспортод гаргаж, ТӨХК-уудаас орж ирэх орлогыг 2.5 дахин нэмэгдүүлж,  төсвийн орлогоо бүрдүүлнэ гэсэн тооцооллыг гаргасан байгаа юм. 

       Мөн төсвийн орлогын 80 гаруй хувийг бүрдүүлдэг татварын орлогыг 31 гаруй хувиар нэмж, 13.9 их наяд төгрөгийг татвараас төсвийн орлогот төвлөрүүлнэ. Ингэхдээ хамгийн их нэмэгдлийг НӨАТ-аас хүлээж байгаа гэдэг судалгааг Засгийн газар гаргаж, гишүүд үүнийг нь дэмжчихлээ.
 
          Гэвч бодит байдал дээрээ өнөөдөр манайх нүүрсээ экспортод гаргаж чадахгүй, эдийн засаг тэг зогсолтод орчихсон байгаа. Нүүрсний гол экспортлогч орон болох БНХАУ хилээ хааж,  аль хэдийнээ зараад мөнгийг нь авчихсан хэр нь цааш нь хүргэж чадаагүй хэдэн сая тонн нүүрс Цагаан хадны боомт дээр хүлээгдэж байна. 
 
         Энэ жил 15 сая тонн нүүрс гаргаж чадах уу үгүй юү гэдэг дээрээ тулчихсан гээд төсвийн орлогыг бүрдүүлэх боломж тун хүндхэн байна. Ингээд л татвар төлөгчдийн бүсийг чангалж, төсвийн орлогоо нэмэгдүүлэх тооцооллыг Засгийн газар гаргаж, Сангийн сайд биелэгдэшгүй тоо цаасан дээр зурчихсан түүгээрээ иргэдийн толгойг угааж сууна. Төсвийн хэт өөдрөг төсөөлөл дээр Сангийн сайд Б.Жавхлан “Бид төсвийн орлогоо 16 их наядад хүргэх боломж бололцоо бий.  36 сая тонн нүүрс экспортод гаргахын төлөө бүх боломжоо дайчлан ажиллана” хэмээсэн. Угтаа бол үе үеийн Сангийн сайд нарын улиг болтлоо давтсан төсвийн орлогоо төсөөлсөн хэмжээнд хүргэх асуудлыг хар толгойгоороо хариуцна гэдэг амлалтыг өгөөд хуулийн төслөө дэмжүүлж байгаа харагдана лээ. 
 

Гэвч төсвийн орлого төсөөлсөн хэмжээндээ хүрэхгүй бол гол ачааг нь Сангийн сайд хар толгойгоороо хариуцах бус ард иргэд, татвар төлөгчид үүрдэг гашуун үнэн бий.

 
       Ингээд 16 их наядын орлогоо хаанаас хэрхэн төвлөрүүлэх нь тодорхойгүй хэр нь 18 их наяд төгрөгийн зарлага гаргана гэсэн тооцоолол хийгээд төсөл хөтөлбөрүүдээ цаасан дээр зоочихсон. Үүнээс танаж болох хэд хэдэн урсгал зардал байгааг ч учир мэдэх хүмүүс олон удаа тайлбарласан ч нүдэн балай чихэн дүлийгийн үлгэрээр энэ хэвээр нь баталж орхилоо.
 

ХЭНТИЙД ХЭТИЙДҮҮЛЖ, ГОВЬСҮМБЭРТ ДУТУУДУУЛСАН УЛСЫН ТӨСӨВ

          Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр эхлүүлэх шаардлагагүй барилга байгууламжийн ажил олон байна. Төсвийн зарлагаас танах олон барилга байгууламжийн гээд жишээ татаж ярьсаар байтал түүнийг нь тоосонгүй. 
Тухайлбал, Хэнтий аймгийн аялал жуулчлалын бүс нутаг болгоно хэмээн нийт төсвийн 10 хувь буюу 214 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд эхлүүлсэн “Монголын нууц товчоо” цогцолбор барилгын ажлыг ирэх онд үргэлжлүүлэх бөгөөд нийт 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилгын ажилд 2022 онд 886 сая төгрөг, гадан тохижилтын ажилд нь 2.7 тэрбум төгрөг тусгуулжээ.  Мөн Норовлин суманд 2019 онд  “Шихихутаг нууц товчоо” түүхэн аялал жуулчлалын цогцолборын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1.8 тэрбум төгрөгийн ажилд 650 сая төгрөг, тохижилтод 350 сая төгрөг, Биндэр сумын "Их хуралдай" цогцолборын барилгын зоорийн ажил, гадна тохижилт, шугам сүлжээний засварт 1.9 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм.
 
Харин Говьсүмбэр аймагт улсын төсвийн хамгийн бага хөрөнгө оруулалт буюу нийт 2.2 төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Хамгийн анхаарал татаж буй нэг асуудал нь УИХ-ын гишүүд тус бүр тойрогтоо хийх бүтээн байгуулалтын зардал дээрээ тус бүр дөрвөн тэрбум төгрөг нэмж авах бөгөөд 76 тойрогт энэ хэмжээний хөрөнгө тусгаж байгаа нь төсвийн үр ашиггүй зардлыг бий болгоход ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. 
 

ХОЁР ЯАМ БАЙГУУЛЖ, ТӨСВИЙН АЧААЛЛАА НЭМЛЭЭ

       Ирэх онд шинээр хоёр яам, гурван агентлаг байгуулахаар болсон. Угтаа бол төрийн данхар бүтэц жилээс жилд нэмэгдэж, төсвийн хөрөнгөөр туйлах хурган дарга нарын тоо дахиад л нэмэгдэх нь. Шинээр байгуулах Эдийн засаг хөгжлийн яамны сайдын зардлыг 2022 оны төсвийн төсөлд 4.3 тэрбум төгрөгөөр тусгаж оруулж ирсэн бол хэлэлцүүлгийн явцад энэ хэмжээ нэмэгдэж,  313 тэрбум 859 сая 900 мянган төгрөг байхаар батлалаа.
 

     Мөн шинээр байгуулагдахаар болсон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны  сайдын захиран зарцуулах зардал 2022 оны төсвийн төсөлд 1.8 сая төгрөг байхаар эхэлж тусгасан бол 44 тэрбум 544 сая 100 мянган төгрөг байхаар батлав. Төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэг төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцийн даргын урсгал зардлыг 300 сая, УИХ-ын даргын урсгал зардлыг дөрвөн тэрбум 952.8 сая, ХЭҮК-ийн даргын урсгал зардлыг нэг тэрбум 664.6 сая, Соёлын сайдын урсгал зардлыг нэг тэрбум 400 сая, Санхүүгийн зохицуулах хорооны даргын урсгал зардлыг нэг тэрбум 427.5 сая, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын урсгал зардлыг нэг тэрбум,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын урсгал зардлыг 500 сая, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын урсгал зардлыг 250 саяар нэмэгдүүлэх юм байна.

 
 

ХЭТ ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛДӨӨ ХЭНЗДЭХ ВИЙ ДЭЭ, МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188