• Өнөөдөр 2024-05-18

Хоёр Засгийн газрын нүүр үзсэн ч “Ковид-19”-т бүслэгдсэн Монгол Улс

2021-11-11,   576

-Коронавирусийн халдварын тархалттай тэмцээд хоёр Ерөнхийлөгч, хоёр Ерөнхий сайд, гурван Шадар сайд, гурван Эрүүл мэндийн сайдын нүүр үзжээ-

         Дэлхий нийтийг цочроосон коронавирусийн халдвар манай улсад бүртгэгдээд хоёр жил, дотоодод халдвар тархаад яг нэг жил болж байна. Үндсэндээ ковидын халдварыг дотооддоо алдсаны нэг жилийн ой өнөөдөр болж байгаа юм даг уу даа. Магадгүй нэг жилийн ой гэхээр олон нийт тэмдэглэлт баяр биш байлтай хэмээн шүүмжилж мэдэх. Гэвч 365 хоногт Монгол Улс коронавирус гэх энэ цар тахалтай хэрхэн тэмцэж, иргэд эрүүл мэндээ хамгаалахаар ямар арга хэмжээ авсан, өнөөдрийн үр дүн нь юу байна вэ, улс орны эдийн засаг ямар түвшинд хүрсэн гэдгийг дүгнэх, эргэж харах чухал цаг хугацаа ирсэн байна.
         2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд хамгийн анх иргэн Д гэгчээс коронавирусийн халдвар илэрч, манай улс дотооддоо халдвар алдсан анхны тохиолдлоо илрүүлсэн. Тухайн үед У.Хүрэлсүх сайдтай Засгийн газар, Я.Содбаатараар ахлуулсан УОК ажиллаж байлаа. Харин салбар хариуцсан сайдаар Т.Мөнхсайхан томилогдоод удаагүй байв. Хамгийн хачирхалтай нь халдвар дотоодод илрэхээс өмнө бүтэн жилийн хугацаанд монголчууд халдварыг дотооддоо алдалгүй барьж, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайн авсан хэмээн нэгнээ өргөмжилж байсан. Тэр бүү хэл “Монголчууд сүргийн дархлаатай учраас ковидын халдвар авахгүй байна. Ковидтой иргэдийг эмчлэх тусгай эмчилгээ манайд бий” гэх мэт үлгэр, домог шиг яриа ч олны дунд эрчээ авч байсан.
 
        Харин нэг л өглөө жолооч Д коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, улмаар түүний хавьтлыг илрүүлэх ажиллагаа Монгол Улс даяар өрнөсөн. Гол нь тухайн үед жолооч  Д-гийн маршрутыг гаргахад олон нийтийн газраар явж, халдвар хамгааллын дэглэм алдсан, тэр дундаа 2500 гаруй хүн цугласан тоглолт үзсэн зэрэг асуудлууд гарсан нь анхаарал татаж байлаа. Ийн дотоодын хавьтлууд ар араасаа илэрч, хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн Монгол Улс өнөөдрийг хүртэл халдварын тархалтаа бууруулж чадаагүй байна. Түүгээр ч зогсохгүй халдварын нөлөөгөөр амиа алдсан  иргэдийн тоо хэдэн зуу давж, олон бяцхан зүрх ч өнчирч үлдсэн харамсалтай тоон мэдээ бий.
 

       Эргээд харахад коронавирусийн халдвар дотоодод тархсан нь төрийн эрх баригч дээд байгууллага УИХ, Засгийн, УОК-ын үйл ажиллагаанд хангалттай сайн дүн тавьсан гэж хэлэх байна. Үндсэндээ бид улс орныхоо, ирээдүй хойчийнхоо хувь заяаг хэнд даатгасан бэ, тэд юу хийх бол эргэлзээг тайлах чухал шалгуур боллоо. Харамсалтай нь, олон хүний амь, эрүүл мэндээр төрийн удирдлагууд өөрсдийн ажилдаа дүн тавиулчихсан.

 
      Уг нь Монгол Улсын Засгийн газар, УОК дэлхий нийтэд коронавирусийн халдвар тархаж эхэлсэн цаг хугацаа буюу аль 2019 оноос л энэ өвчинтэй тэмцэж эхэлсэн байдаг. Бүтэн хоёр жилийн хугацаанд коронавирусийн халдварыг тархаахгүй барих, хэрвээ олон нийтийн дунд тархвал ямар шуурхай арга хэмжээ авах, ямар эмчилгээ хийх, хүн хүчний нөөцөө хэрхэн бэлдэх вэ зэргээр олон зүйлийг хийж, төлөвлөж, түүнийгээ туршиж байгаа хэмээн хэвлэл мэдээллээр олон нийтэд сурталчилж байлаа. Тухайн үед Ерөнхий сайдаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайдаар Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар ажиллаж, ковидтой тэмцэх ажлын багийг тэд ахлан ажиллаж байв.
 
        Анх цар тахал дэлхий нийтэд дэлгэрч эхлэхэд л манай улс хилээ хааж, гаднын улсаас ирэх иргэдээ ялгаварлан гадуурхсан. Улмаар экспорт, импортын хэмжээндээ хязгаар тогтоож, эдийн засгаа боомилсон, цар тахал дэлгэрээгүй байхад төсвийн хөрөнгийг үргүй зарж, халамж болгон тараасан. Өөрөөр хэлбэл, цар тахал дэлхий нийтэд тархсан нь эрх баригч намынханд нэг талаараа аз болж, парламентын эрхийг дахин авах боломж нээгдсэн гээд хэлчихэд зөрөхгүй. Үндсэндээ тэд ковидоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэмээн төсвийн хөрөнгөөр сонгуулийн бэлтгэлээ базааж, иргэдээс өндөр үнэлгээ авах боломжоо нээчихсэн нь нууц биш юм.
 

      Ингээд л УИХ-ын ээлжит сонгууль болж, МАН төрийн эрхэнд суусны дараа ковидын халдвар тун удалгүй дотоодод гал түймэр шиг хурдан тархаж, жил гаруй цар тахалтай тэмцэхэд бэлдсэн У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Д.Сарангэрэл нарын ажилд дүн тавиад эхэлсэн.

 
     Тодруулбал, Шадар сайд Ө.Энхтүвшингээс Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс Т.Мөнхсайхан нар тамга тэмдгээ гардаж аваад удаагүй байхад буюу ердөө таван сарын дотор ковидын халдвар дотоодод алдагдсан нь бүртгэгдэж, улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон удаатай.
       Гэвч бүтэн жилийн хугацаанд манайд халдварын голомтыг хумих нэрээр хөл хорио тогтоож, иргэдийнхээ бүсийг чангалахаас өөр ажил хийсэнгүй. Магадгүй гаднын оронд хатуу хөл хорионы дэглэм тогтоож өвчлөлийн тархалтыг бууруулсан олон сайн жишээ байгаа ч манайх шиг үр дүнгүй, хоосон зарлага болгосон тохиолдол ховор л болов уу. Өнөөдөр улсын хэмжээнд коронавирусийн халдвараар өвчлөөгүй хүн гэж бараг үгүй боллоо. Ямар сайндаа УИХ-ын гишүүн нь “Ковид  тусаагүй иргэдээ урамшуулах хэрэгтэй. Тэднийг хариуцлагатай байсных нь төлөө сувилалд амрааж, тус хоёр сая төгрөгөөр урамшуулах ёстой” гэх ичмээр ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг зүйл яриад суух билээ.
     Дотоодод халдвар тархсанаас хойших жилийн хугацаанд хоёр ч Засгийн газар солигдлоо. У.Хүрэлсүх Засгийн эрхийг барьж байхад нь эмнэлгийн ажилтнууд алдаа гаргаж, дөнгөж амаржсан эмэгтэйг халаад углааштай нь гадагш гаргасан шалтгаанаар Засгийн газар танхимаараа огцорч, улс төрд бужигнаан үүссэн. Энэ үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Хариуцлага үүрч явснаас биш, зугтаж явсангүй... Анхан шатан дээр алдаа гаргавал Засгийн тэргүүн нь огцордог юм байна шүү гэдгийг ард түмэн мэдээсэй гэж хүсэж байна. Цаашид шат шатанд ажил хариуцаж байгаа дарга нар ажил хийж чадахгүй бол өөрөө хариуцлагаа үүрээрэй гэдгийг үүгээрээ хэлэхийг хүсэж байна. Алдаа гаргасан учраас огцорч байгаа юм” хэмээгээд нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэд дараагийн Засгийн газраа эрхээ шилжүүлж өгсөн. Ийн хариуцлагаа хүлээж, танхимаа огцруулсан Ерөнхий сайд ажлаа хүлээлгэж өгснөөс зургаан сарын дараа л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан удаатай.
 
    Үндсэндээ коронавирусийн халдварын тархалттай тэмцээд хоёр Ерөнхийлөгч, хоёр Ерөнхий сайд, гурван Шадар сайд, гурван Эрүүл мэндийн сайдын нүүрийг үзжээ. Тэглээ гээд нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй. Мөнөөх л бахь байдгаараа. Тэр бүү хэл коронавирусийн халдвар энгийн ханиад томуу шиг хэвийн үзэгдэл болтлоо дасал болж, өвдөөд үхэхгүй бол болчихно гэсэн дүр төрхтэй гаргуунд нь гаргачихлаа.
 
 
 

Хоёр Засгийн газрын нүүр үзсэн ч “Ковид-19”-т бүслэгдсэн Монгол Улс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188