• Өнөөдөр 2024-05-04

Л.ОЮУН-ЭРДЭНЭ сул сайд нараа явуулж, Засгийн газраа авч үлдэх үү

2021-10-08,   629

              Шатахууны хомстол, шахмал түлшний нөөц Замын-Үүдийн тээвэр логистикийн гацаа гээд томоохон асуудлууд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэр хүндийг унагааж, сайд нарын хэнэггүй зан нь Засгийн газраа ганхуулахад хүрээд буй. Иргэдийг бухимдуулсан эдгээр асуудал нь дан ганц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг ганхуулаад зогсохгүй  парламентад олонх болсон эрх баригч намынхны чихийг халууцуулах болсон. Ингэснээр залуу сайдын тэргүүлсэн Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах уу, үгүй юү гэдэг яриа Саарал ордноор явах болжээ. Ямар сайндаа л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэрэг бишдсэнийг мэдээд хэдэн сайд нараа өмгөөлж, хаацайлан мэдэгдэл хийх билээ. 
 
           Ингэхдээ “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарын ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш.  Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” хэмээж байлаа.

Харамсалтай нь, салбар хариуцсан сайд нар нь сайдынхаа санааг ойлгохгүй, нэрийг хөөдөөд, хэнэггүй, хударгагүй зангаа татахгүй байсаар залуу сайдынхаа хүзүүнээс "гахай зүүлгээд" авсан. Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах хангалттай олон шалтгаан бүрдчихсэн байхаад Ерөнхий сайдаар бөөцийлүүлсэн сайд нар үүрэгт ажилдаа эзэн болж чадалгүй, салбарынхаа үйл ажиллагааг шавартай нь хутгаж, эргэж сэргээхэд ч хүнд нөхцөлд хүргээд буй. Уг нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ баталж, Засгийн газарт бүх эрх мэдлээ өгсөн байтал Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй энэ Засгийн газар эрхээ давуулан биелүүлж, үүргээ гүйцэтгэхгүй байгаа нь намын гишүүдийн дургүйг хүргэсэн сурагтай.

        Иймдээ ч намын нөлөө бүхий гишүүд Засгийн газарт хариуцлага тооцно гэх үгийг хэвлэл мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэр сэр унах болов. УИХ-ын дарга Г.Занданшатар ч чуулганы нээлтийн үеэр сайд нар хариуцлага тооцох асуудлыг хөндөж, “Эдийн засгийн өсөлт удааширч 2022 онд таван хувьд хүрэх дүн гарсан байна. Өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн. Бид Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, анхааруулга өгч ажиллана. Салбар хариуцсан сайд нар онцгой нөхцөлд, онцгой чадвар гаргаж ажиллах ёстой. Чадахгүй бол түүнийгээ хэлдэг байх хэрэгтэй. Саяхан шатахуун асуудлаар нэлээд бухимдал үүсгэлээ. Үүнийхээ хариуцлагыг салбар хариуцсан хүмүүс хүлээх хэрэгтэй” гэсэн хатуу сануулга өгч харагдсан.
 
            МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан "Хурдгүй, цаг үеэ мэдэрч чадахгүй байгаа зарим сайдад хариуцлага тооцно" гэх байр суурийг илэрхийлсэн байна лээ. Энэ бүхнээс харахад Засгийн газрын чадамжгүй байдал нь Бүлгийн нөлөө бүхий гишүүдийнхээ дургүйцлийг нэлээд хүргэж, Засаг тогтвортой ажиллах уу, үгүй юү гэдэг дээрээ тулсан нь тодорхой харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ намар улс төрд том бужигнаан үүсэж, төр эргэж мэдэхээр байна. Мэдээж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн ажлууд "бай"-гаа онох нь онож, алдах нь алдаж байгаа. Тиймээс Засгийн газрыг танхимаар нь огцруулахгүй, халаа сэлгээ хийж мэдэх нь.
 
         Угтаа бол Ерөнхий сайдынхаа чихнээс хонх уясан нэр бүхий сайд нарыг сольж, бүтцийн өөрчлөлт хийнэ гэх бор шувуу олны дунд нисэх болжээ. Улс төрийн хүрээнд ярьж байгаагаар эхний ээлжинд нэр бүхий хэд хэдэн сайдыг сольж, шинэ сайд томилно гэнэ.
 
          Л.Оюун-Эрдэнийн танхимаас төрхөмдөө буцах магадлал өндөр сайдын нэг нь Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болоод буй. Цар тахлын үед хамгийн хариуцлагатай ажиллаж, эдийн засгаа эргэлттэй байлгах гол үүргийг хүлээсэн сайд өнөөдөр салбартаа гологдож, сайдын суудлаас буулгах эрхмүүдийн тэргүүн эгнээнд байгаа. Хэдий тэрбээр У.Хүрэлсүхийн танхимаас сугарч үлдэж чадсан ч, хил хаасан хэдэн сарын хугацаанд хариуцсан салбарт нь асуудал үүсэж, экспорт, импортын үйл ажиллагаа доголдсон. Үүнээс болж, улсаараа эдийн засгийн хохирол амсахад хүрээд буй. Үүнээс гадна олон жил ярьсан мөнөөх Дарханы замын асуудлаа өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй зэрэг ь түүнийг танхимаасаа явах эхний сайд нарын жагсаалтад оруулжээ.
Одоогийн Засгийн газарт ажиллаж буй сайд нараас хамгийн олны анхааралд өртөж, хэл аманд орсон нь Соёлын сайд Ч.Номин. Төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагагүй гэдэг шүүмжээс өнөөдрийг хүртэл салж чадаагүй байгаа тэрбээр сүүлийн үед халдварын тархалт нэмэгдэж, ковид хяналтаа алдахад нөлөөлсөн, үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа гэх шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, өнгөрсөн сард олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм алдахад нөлөөлсөн гэх шүүмжлэлд өртсөн нь сайдын суудлаа хүлээлгэж өгөх хангалттай шалтгаан болсон гэж үзжээ.
 
Нийгэмд саяхан дуулиан тарьж, шатахууны хомстол үүссэн нь харицсан салбартаа эзэн болж чадаагүй Г.Ёндон сайд танхимаасаа явуулах дараагийн сайд болсон гэнэ. Хэдий уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай ч түүний хэнэггүй, тоомжиргүй зан нь нийгмийг тэр чигт нь донслоход хүргэлээ. Улс даяараа шатахууны хомстолд орж, иргэд нь шатахуун түгээх станцууд дээрээ хонон, өнжин дугаарлана гэдэг хамгийн ичгэвтэр хэрэг. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд хариуцлагагүй ажилласныхаа хариуд сайдын суудлаа шилжүүлэн өгч мэдэх нь.
 
Цаг агаарын гэнэтийн шалгарал, есдүгээр сарын цочир хүйтэн Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн ажилд гэнэтийн шалгалт хийж, түүнийг шалгалтанд нь унагаачихав бололтой. Шатахууны дугаарлалт намжихтай зэрэгцээд нийслэлийн гэр хорооллын иргэд сайжруулсан шахмал түлшиндээ дугаарласан. Гэтэл салбарын сайд нь улаан цайм худлаа ярьж, түлшээ нөөцөлсөн иргэд  дараалал үүсгэсэн гээд хэнэгчгүй мэлзсэн нь олны дургүйцлийг хүргээд буй. Засгийн газартаа таагүй нэр зүүсэн түүнийг сайдын суудлаас нь огцруулах асуудал ч сөхөгдсөн гэнэ.
Шатахуун, шахмал түлшний дуулианд Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн талаарх саар мэдээнүүд дарагдчихсан. Хэдий түүнтэй холбоотой мэдээллүүд дарагдсан ч танхимаасаа хөөгдөж магадгүй сайд нарын нэгээр тэр нэрлэгдсэн гэнэ. Түүнийг салбарын ажилчидтай ёс зүйгүй харьцдаг, хариуцсан салбараа удирдаж чадахгүй гэх шүүмжлэл олны дунд гарсан.

Энэ Засгийн газарт ажилдаа эзэн болж чадаагүй сул сайд хэмээн шүүмжлэлд өртсөн нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд байв. Сайдаар томилогдсноор хойш салбартаа, цар тахлын эсрэг нэг ч доривтой арга хэмжээ авалгүй байсаар өнөөдөр эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэхэд хүрсэн. Сүүлийн хэдэн сар халдварын тархалт буурах нь битгий хэл нэмэгдэж, нас баралтын тоо өссөн. Иймд Засгийн газраас явах сайд нарын нэг нь Эрүүл мэндийн сайд болоод буй. Хэдий салбартаа олон жил ажилласан туршлагатай, мэргэжлийн эмч гэдэг ч сайдын суудал түүнд "хүндэдсэн гээд хэлчихэд хол зөрөхгүй. Тиймээс Засгийн газар халаа сэлгээ хийвэл хамгийн түрүүнд явуулах сайдад түүний нэр зүй ёсоор багтаад буй.

 
Энэ мэтчилэн харицсан ажилдаа эзэн болоогүй, салбарынхаа нэр хүндийг шороотой нь хутгасан нэр бүхий сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Засгийн газар шинэ бүрэлдэхүүнтэй ажиллана гэх яриа олны дунд бий. Чухам хэзээ энэ халаа сэлгээг хийх бол гэдэг нь МАН шийдэх асуудал боллоо.

 


Л.ОЮУН-ЭРДЭНЭ сул сайд нараа явуулж, Засгийн газраа авч үлдэх үү
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 10:48:55
    Хм: Хаана, ямар сургууль төгссөн, хэн гэдэг нь мэдэгдэхгүй, сэтгүүлч нэртэй малнууд өмхий тархиндаа орсныг бөөлжиж байдаг боллоо. Энэ сайны ёр биш шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188