Хотын дарга, Ерөнхий сайд хоёр саяхнаас салж хагацахаа больж, хаа ч явсан хамт явж үзэгдэх болов. Жишээ нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяны сонгуулиар Баянзүрх дүүргийн 25 дугаар тойргийн 26-1 дүгээр хэсэгт саналаа өгсөн. Тэгэхэд дэргэд нь Д.Сумъяабазар байж, санал авах байр руу ортол нь хамт оочерлосон. Хотын дарга Д.Сумъяабазар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналыг өгүүлчихээд өөрөө хаа байсан Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргийн 11-3 дугаар хэсэгт очиж саналаа өгсөн. Сонин байгаа биз.
Бодоод үзье л дээ. Хар ухаанаар бодоход Л.Оюун-Эрдэнэ Д.Сумъяабазарт “Би ганцаараа очиж санал өгөх гэхээр ганцаардаад байна. Ханиндаа очоод санал өгье тэгэх үү, тэгээд чи цаашаа яваад өөрийнхөө хэсэгт очоод саналаа өгчих” гээгүй нь л лавтай биз дээ. Эсвэл хотын дарга Д.Сумъяабазар нийслэлчүүд хэрхэн саналаа өгч байгааг шалгаж яваад Л.Оюун-Эрдэнийг саналаа өгөхөөр Баянзүрх дүүргийн 25-26-1 дүгээр хэсэгт очихтой нь санамсаргүй таарчихсан хэрэг үү. Үгүй бол хотын дарга, Ерөнхий сайд хоёр хамтын хүчээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх гээд, хэрхэн хөгжүүлэх тухайгаа ийн салж хагацахгүй яриад яваа хэрэг үү.

Өөр Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хамт явж харагдсаныг алийг тэр гэх вэ. Өдөр бүр шахуу л дүүргүүдээр хамт явж байна. Д.Сумъяабазар нь “Энэ дүүргийг ингэж л хөгжүүлмээр байна” гэнэ, Л.Оюун-Эрдэнэ хариуд нь “Өө, наадахыг чинь Засгийн газар бүрэн дэмжилгүй яах вэ” гэнэ. Бөх, сэтгүүлч хоёр нийлчихээд Улаанбаатар хотыг юу юугүй л “Азийн бар” болгох тоймын юм ярьж яваа нь бүтвэл, чадвал сайн хэрэг ээ. Баярлалгүй яах вэ. Гэхдээ ганц шөнийн борооны усыг авто зам дээрээс “зайлуулж” чадахгүй хамаг зам, гүүрээ урсгачихаж байгаа хотын дарга, огцрох нь цаг хугацааны асуудал гэгдэж байгаа Ерөнхий сайд хоёрын хөгжлийн тухай яриа хөрснөөс хол л сонсогдоод байгаа юм.

Хэрвээ Л.Оюун-Эрдэнэ номдоо бичсэнээрээ улсаа хөгжүүлэх гэсэн бол аль хоёрдугаар сараас л Д.Сумъяабазартай ингэж сүжирч эхлэх ёстой байсан байлгүй дээ. Гэтэл тэгээгүй, буруу харж сууцгаагаад л байсан биш бил үү. Гэтэл саянаас ийн дотно үерхэж эхэлсэн нь нэг л учиртай гэж харагдаад байгаа юм. Өөрөөр бол, тэд улсаа, хотоо хөгжүүлэх гэсэндээ ингэж хамт яваад, дотно нөхөрлөөд байгаа юм биш. Харин нийслэлчүүдийн эрх ашгаас өөр хувийн эрх ашиг л тэдний нөхөрлөлийн галыг “ноцоосон” шиг байгаа юм. Чухамдаа тэд хэн нэгэнд хамт явж байгаагаа харуулахыг, ихэд дотно “үерхэж” байгаагаа мэдэгдэхийг, “бид нэг тал болсон шүү” гэдэг мессежийг нэг нэгэн рүү илгээхийг хүссэндээ хамт байгаад байгаа л гэж харагдаад болж өгдөггүй.
Тэгвэл тэд хэнд “үерхлээ” харуулахыг хүссэн байж болох вэ. Тэдний хоршил хэнийг айлгах вэ.
Эргэн санавал, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдсан цагаас л “Сонгуулийн дараа огцрох түр Засгийн газар” гэдэг сүүдэр дагаж буй. Өөрөөр бол, Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болоход нь л “У.Хүрэлсүхийг дардан замаар Ерөнхийлөгч болгохын тулд Ерөнхий сайдын хэл амтай албан тушаалыг нь түр авч, цар тахлаас үүдэлтэй хамаг лай ланчгийг нь өөртөө үүрэх түр даалгавартай цэрэг” гэцгээж байсан. Тэгээд ч болоогүй У.Хүрэлсүх хоёр ч үйлдлээрээ “Л.Оюун-Эрдэнэ золиосны хүн” гэж баталсан. Тухайлбал, нэгдүгээрт, МАН-ын дүрмээр намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой. Гэтэл Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгочихсон атлаа намын даргын суудлаа түүнд өгөөгүй. “Сонгууль дуустал түр засаглах хүнд намын даргын суудлаа өгөх шаардлага байхгүй” гэсэн санаа шүү дээ. Хоёрдугаарт, У.Хүрэлсүх Н.Энхбаяртай эвлэрч, нэг “хөнжилд” орохдоо “Сонгуулийн дараа гурван яам өгнө” гэж амласан гэх. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг танхимаар нь огцруулахгүйгээр гурван сайдыг нь сугалж унагах боломж төдийлөн байхгүй л дээ. Ингээд харвал ойрын өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах операц эхэлнэ гэсэн үг.
Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар сүүлийн үед ил сүжирч байгааг харвал тооцоонд байгаагүй шинэ нөхцөл байдал үүссэн дүр зураг харагдаж байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ эхэндээ У.Хүрэлсүхийн “даалгавартай цэрэг” байсан бол одоо Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалж үлдэх амбицтай бие даасан улстөрч болж л дээ. Ерөнхий сайдын суудлаа хамгаалж үлдэхийн тулд МАН-ын шинэ дарга болох ёстой. Хүсэл байлаа гээд шууд намын дарга болчихгүй, нэр, нөлөө, ар хэрэгтэй. Учир нь Сү.Батболд, М.Энхболд тэргүүтэй “хал”-ууд намын удирдлагыг гартаа авахаар бэлтгэл хангаад сууж байгаа. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ намын дарга болохын тулд Нийслэлийн МАН-ын дэмжлэгийг авахаар Д.Сумъяабазартай дотно нөхөрлөж эхэлсэн гэж харагдаж байна. Иймд тэд МАН-ын даргад горилогчдод хамт явж байгаагаа байнга харуулж, нэг ёсондоо сэтгэлзүйн дайралт хийж байгаа гэсэн үг шүү дээ.
Хэрвээ Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хороогоороо Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад зүтгүүлж, дарга болгож чадвал өөрийнх нь нам доторх статус томорч, цаашлаад хотын даргын албан тушаалд байх хугацаандаа Засгийн газрын бүх дэмжлэгийг авах боломжтой болно. Хотын дарга, Ерөнхий сайд хоёрын “үерхлээс” ийм л дүр зураг харагдаад байна.
Д.Сумъяабазар, Л.Оюун-Эрдэнэ хоёр салж хагацахгүй сүжрэхийн учир юу вэ |
|