Хүн бүр хөгжимчин болох ёсгүй ч хүн бүрт хөгжмийн боловсрол хэрэгтэй гэж нэгэн эрхэм хэлжээ. Харин “Melodious” хөгжмийн сургалтын төвийн хүүхэд бүр Моцарт шиг төгөлдөр хуурч болохыг хүсч, Н.Жанцанноров шиг хөгжмийн зохиолч болохыг мөрөөддөг аж. Тэдний энэ мөрөөдөлдөө хүрэх зам яг л төгөлдөр хуурын До,Ре,Ми товшлуур адил үргэлж дээшээ тэмүүлж байдаг гэнэ. Түүний зэрэгцээ энд “Маамуу нааш ир” дуугаар сурч эхэлсэн бяцхан төгөлдөр хуурчид, “Моцарт”, “Бетховен” эгшиглүүлж мэдрэмж, авьяасаа гайхуулан хөгжимдөнө.
“Melodious” сургалтын төвд хөгжмийн эгшиг тасарч байсан тохиолдол үгүй бололтой. Учир нь биднийг амралтын өдөр очиход хөгжмийн өрөөнд хэн нэгэн бяцхан хөгжимчин хөнгөн, цовоо аяыг хичээнгүй гэгчин тоглож сонсогдоно. Түүний тоглож буй хэмнэл сэргэлэн бас энгийн. Тэр хааяа алдаа гаргах үедээ дахин эхнээс нь давтана. Ийм сонсголонтой хийгээд цовоо аясыг дагаж явсаар хөгжмийн өрөөнд орлоо. Чамин, эрхэмсэг байдлыг санагдуулам “Samick” төгөлдөр хуур, түүний зэрэгцээ налуулсан банзан гитарууд гээд хөгжмийн өрөөний эргэн тойрон, хаа нэгтээ дуулдах өнөөх бяцхан хөгжимчний аялгуутай зохицоно. Амралтын өдөр байсан учраас сургалтын төвийн эхний өрөөн дэх эзнээ хүлээсэн хөгжмийн зэмсгүүдэд нам гүм шингэсэн байлаа. Биднийг ороход хөгжмийн багш Д.Мөнхбаяр угтаж, сургалтын төвийн талаар товч танилцуулгыг хүргэсэн юм. “Мelodiоus” сургалтын төв нь үйл ажиллагаагаа эхлүүлээд таван жил болж байгаа бөгөөд төгөлдөр хуур болон гитар гэх мэт бусад төрлийн хөгжмийн зэмсгүүдийг мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр анхан шатнаас нь заадаг байна. Одоогийн байдлаар сургалтын төвд 50 гаруй хүүхэд хичээллэж байгаа аж. Түүнчлэн хүүхэд суралцахад хамгийн тав тухтай орчинг бүрдүүлж, хичээлийн байр, хөгжмийн зэмсгийн хүрэлцээ нь суралцагчдад таатай нөхцөлийг бий болгожээ. Энэ удаагийн сургалтын ээлжинд Д.Мөнхбаяр болон Ц.Энэрэл багш өглөөний 9 цагаас 16 цаг хүртэл хүүхдүүдийг хүлээн авч, үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байв. Ингэх зуур орж ирсэн цагаас л анхаарал татахын хэрээр бага, багаар ойртсоор байсан хөгжимчний ая, багшийнхаа зааварыг хүлээж хэсэг намжих шиг болов.
“Хажуу өрөөнд төгөлдөр хуур тоглож байгаа хүүхдийн сургалтын цаг өндөрлөх дөхөж байгаа юу?” гэж багшаас асуухад “Ээж нь охиноо авах гээд ирчихсэн байна лээ” гэв. Үүнийг сонссон даруй өнөөх цовоо аяны эзэн өрөөнөөс гарч ирэхээс урьтаж сургалтын өрөө рүү орлоо. Ингээд яг л төсөөлж байсан шиг бяцхан хөгжимчин, багшийнхаа зааварыг сонсож, аяаа үргэлжлүүлэн тоглож байхыг харлаа. Цэцгэн хавчаар үсэндээ шигтгэж, дөлгөөхөн нүдээр бяцхан хурууныхаа хөдөлгөөнийг анхааралтай ширтэж суух тайрмал үстэй охин. Тэр биднийг өрөөнд орж ирснийг ч үл анзааран төвлөрнө. Багш нь охины нөгөө гарыг атгаж товшлуур дээр хурууг нь зөөх бөгөөд өнөөх цовоо аяны акцентийг хэрхэн гаргаж болохыг зөвлөж байв. Харин охин төгөлдөр хуур тоглохдоо бусдад мэдрүүлдэг шигээ цовоо, сэргэлэн зангүй, даруу, дөлгөөн нэгэн байлаа. Гэхдээ тэр бяцхан гараараа И.С.Бах, Бетховен зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлийг гарамгай тоглож, бусдад өөрийгөө дэндүү цовоогоор илэрхийлж чаддаг гэнэ. Тэрбээр өөрийгөө танилцуулахдаа “Намайг Маргад гэдэг. Би таван настай. Төгөлдөр хуур сурч эхлээд нэг жил болж байгаа. Аав, ээж намайг төгөлдөр хуур тоглож байхыг хараад, мундаг байна гэж хэлдэг. Би одоо Монголын “Морин дээр” гэдэг ая тоглож сурч байгаа. Том болоод Моцарт шиг хөгжимчин болно” гэв. Таван нас хүрээд удаагүй Маргад охин “Melodious” сургалтын төвд хичээллэж байх хугацаандаа хөгжмийн зохиолч И.С.Бахын нэрэмжит төгөлдөр хуурын улсын уралдааны бага насанд тусгай байрын шагнал хүртэж, “Piano lovers” улсын уралдаанд гуравдугаар байранд шалгарсан амжилт үзүүлжээ. Харин алдарт хөгжмийн зохиолч В.А.Моцарт, Маргад охины адил таван настай байхдаа өөрийн уран бүтээлээ тууривж, Европын ихэс дээдсүүдийн өмнө тоглолт хийн тэдний гайхширлыг төрүүлсэн байдаг. Маргад охин үүний нэгэн адил ирээдүйн Монгол Моцарт болох хүсэлдээ хөтлөгдөж, эргэн тойрноо өөрийн хөгт эрхгүй автуулж байлаа. Үүний цаана Маргад охин болон бусад олон бяцхан хөгжимчнийг бэлтгэж буй “Melodious” сургалтын төвийн үүсгэн байгуулагч Ц.Энэрэл багштай ярилцлаа.
-Сайн байна уу. “Melodious” хөгжмийн сургалтын төвийг хэзээ үүсгэн байгуулсан бэ?
-Соёл урлагийн их сургуулийг 2009 онд төгсөж, 2012 онд магистрын зэрэг хамгаалсан. Түүний дараа Соёл урлагийн их сургуульд хөгжмийн багшаар ажиллаж байгаад 2016 онд сургалтын төвийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Би шавь нарынхаа нэгэн адил долоон настай байхдаа төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн.
-Бага насны хүүхдэд төгөлдөр хуур хөгжим ямар давуу талыг бий болгодог вэ?
-Хөгжмийн боловсрол нь хүүхдэд гоо зүйн хүмүүжил олгодог. Тэр тусмаа хүүхдийн онцлог бол хүлээж авах чадвар болон хурууны эвсэл сайн, сэтгэхүй өндөр хөгжсөн байдаг. Ялангуяа төгөлдөр хуур нь давхар нотноос бүрдсэн бөгөөд хүүхэд хоёр гараараа өөр, өөр үйлдлийг хийнэ. Түүнээс гадна нотоо харж, хөлөөрөө тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр хүүхдийн төвлөрөх чадвар сайжирч, тэвчээртэй болдог. Гэхдээ хөгжмийн боловсролыг ямар ч насны хүн эзэмшихэд тохиромжтой.
-Мэргэжлийн хөгжимчин болоход нөлөөлөх хүчин зүйл чухал байх. Энэ талаар дурдвал?
-Зарим хүмүүсийн бодлоор хүүхэд төрөлхийн хөгжмийн авьяастай бол сайн хөгжимчин болдог гэж боддог. Гэвч хамгийн гол нь хүүхдийн хөдөлмөр, сэтгэл чухал. Тухайн хүүхэд хэдий чинээ хичээж, сэтгэл гарган зүтгэнэ, төдий чинээ амжилт хүлээж байдаг. Би анх Монголын хүүхдийн ордонд төгөлдөр хуураар хичээллэж эхэлсэн. Одоогийн нийгэмтэй харьцуулахад зарим үед дутагдалтай зүйл тулгарна. Харин одоо цаг үе өөр болсон болохоор хүүхэд өөрийн хүссэн орчинд хөгжмийн боловсролыг эзэмших боломж бий болсон.
-Сургалтын төвийн хүүхдүүдийн гаргасан томоохон амжилтууд бий юу?
-2022 оны зургадугаар сард “Piano Lovers” улсын анхдугаар уралдаанд манай хүүхдүүд тэргүүн, дэд, гуравдугаар байруудыг эзэлсэн. Мөн тавдугаар сард И.С.Бахын нэрэмжит улсын уралдааны сонирхогчдын төрөлд дэд, гуравдугаар байр, тусгай байрын шагналыг хүртсэн. Өнгөрсөн жилүүдэд цахимаар зохиогдсон олон улсын тэмцээнүүдэд удаа дараа оролцож, мөн л тэргүүн болон дэд байруудыг эзэлсэн амжилт гаргасан.
Хүн бүр хөгжимчин болох ёсгүй ч хүн бүрт хөгжмийн боловсрол хэрэгтэй гэж нэгэн эрхэм хэлжээ. Харин “Melodious” хөгжмийн сургалтын төвийн хүүхэд бүр Моцарт шиг төгөлдөр хуурч болохыг хүсч, Н.Жанцанноров шиг хөгжмийн зохиолч болохыг мөрөөддөг аж. Тэдний энэ мөрөөдөлдөө хүрэх зам яг л төгөлдөр хуурын До,Ре,Ми товшлуур адил үргэлж дээшээ тэмүүлж байдаг гэнэ. Түүний зэрэгцээ энд “Маамуу нааш ир” дуугаар сурч эхэлсэн бяцхан төгөлдөр хуурчид, “Моцарт”, “Бетховен” эгшиглүүлж мэдрэмж, авьяасаа гайхуулан хөгжимдөнө. Биднийг сургалтын төвийн багштай ийн ярилцаж суух зуур дараагийн ээлжний сурагч охин хичээлээ эхлүүлэхээр бэлтгэжээ. Саяхан Маргад охины тоглож байсан төгөлдөр хуурны ард суугаад хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын ая “Цагаан суварга”-ыг тоглож эхлэв. Тэр ая эхлүүлсэн цагаас хойш үе, үе хэмнэлд найгаж, нүдээ хагас анина. Үүнээс харахад тэр нот бүрийг цээжилж, яг л өөрийн нэг хэсэг болгосон байв. Түүнийгээ гарын хөдөлгөөнөөр илэрхийлж, акцент бүрт сэтгэл хөдлөлийг дэлгэнэ. Цаг нь ирэхээр төгслөгийн хэсэгт илүү гүн, гүнзгий болж, товшлуур дээр дарах хурууны хүч нэмэгдэх бөгөөд төдий чинээ ая чангарч ширүүснэ. Ингэж Цагаан суварга аяыг эхлэлээс төгсөх хүртэл нүд завчих завдал өгөлгүй гайхшируулан тоголсон 17 настай Сайнзаяа “Melodious” сургалтын төвд тав дахь жилдээ хичээллэж байгаа гэнэ.
Түүний төгөлдөр хуур хөгжмөөс мэдэрдэг тэс өөр мэдрэмж, төсөөллийн ертөнцийг хэн ч гаднаас нь хараад ойлгоход бэрх. Арван хуруугаа товшлуур дээр тавьж, эгшиг бүрийг цохих тоолонд л түүн шиг бодит байдлыг дотроо орвонгоор нь өөрчилж чадах байх. Гагцхүү энд л тайвширал, амар амгаланг мэдэрч, төгөлдөр хуурын аянд түр цоожлогдож байлаа. Тэрбээр “Би анх төгөлдөр хуурыг илүү их хүсч, сонирхож түүндээ хөтлөгдөж сурсан болохоор аз жаргалыг эндээс л мэдэрдэг. Аав, ээж маань төдийлэн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч би өөрөө шийдвэр гаргаж, багшийнхаа шавь болж байсан юм. Би өмнө нь стресс, бухимдлаасаа салж чаддаггүй охин байсан. Түүнийгээ яаж арилгах арга замаа ч мэддэггүй байлаа. Үүнээс болж цаг хугацааг дэмий өнгөрүүлэх нь их. Харин төгөлдөр хуур тоглож эхэлснээс хойш сэтгэлзүйд өөрчлөлт орж, жаргалтай байх нь их болсон. Түүнчлэн өсвөр насандаа өнгөрүүлж болох хамгийн зөв чөлөөт цагийг бий болгосон. Анх нотоо шууд хараад тоглож чаддаггүй байсан ч өөртөө зорилго тавьж эхэлсэн цагаас хойш шууд л тоголдог болчихсон. Миний хичээл зүтгэл үүнд их нөлөөлсөн л дөө. Цаашдаа олон улсын тэмцээнүүдэд байр эзэлж, өөрийгөө илүү өөр нөхцөлд сорьж үзэхийг хүсч байгаа. Харин өнгөрсөн жил олон улсын тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзэлсэн. Би Солонгосын Юирүма төгөлдөр хуурчийн тоглохыг харах дуртай. Түүнийг яаж тийм сайн тоглож, ая бүртээ чин сэтгэлээсээ өөрийгөө зориулж чаддагийг нь хараад биширдэг. Мөн би ихэвчлэн гадаад ая тоголдог ч гэлээ Монголын хөгжмийн зохиолчдын ая илүү гоё мэдрэмжийг өгч чаддаг. Учир нь эх орныхоо хамгийн сайхан бүхнийг тэдгээр аянаас мэдэрдэг. Жишээ нь Н.Жанцанноровын аяыг тоглоход би хамгийн сайхан болгоныг өөртөө хуримтлуулж, эх орноо илүү ойроос төсөөлөн харж чаддаг” гэв. Ингэж Сайнзаяа эх орноо тэр чигт нь мэдэрч чадах хамгийн том боломж түүний төгөлдөр хуур аж. Түүнчлэн таван жил хичээллэхдээ одоог хүртэл хөгжмийн зэмсэгтээ өөрийгөө бүрэн зориулж, илэрхийлж чадах мэдрэмжийг төгөлдөр хуурнаасаа хайсаар л байгаа гэнэ. Ингэж хэлснийхээ хойно тэр, агуу Моцартын алдарт Rondo Alla Turca аяыг бидэнд зориулж тоглов.
Моцарт шиг болох мөрөөдөлтэй бяцхан төгөлдөр хуурчид хөгжмийн өрөөндөө өдөр алгасалгүй ирж, хэн ч мэдэрч чаддаггүй аз жаргалыг түүгээд явдаг аж. Таван настай бяцхан Моцарт, 17 настай өсвөр насны Юирүма нар ингэж багш нарынхаа алган дээр өдөр хоногийг төгөлдөр хуурын товшлуураар хэмжиж, ирээдүйн хөгжмийн ертөнцөд өөрсдийн амжилтыг бүтээхээр хүсч, тэмүүлж байна. “Melodious” сургалтын төвийн үүдэнд ирсэн хүн бүр бяцхан хөгжимчдийн ая, эгшигт ховсдуулж, тэдний хүсэл мөрөөдлийг сонсож болохоор байна.
МОЦАРТ ШИГ БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ БЯЦХАН ТӨГӨЛДӨР ХУУРЧИД |
|
2024-10-15 16:05:50
2024-10-15 15:50:39
2024-10-15 15:47:20
2024-10-15 15:02:29
2024-10-15 14:29:29
2024-10-15 14:14:30
2024-10-15 13:08:29
2024-10-15 13:03:21
2024-10-15 12:54:58
2024-10-15 12:40:16
2024-10-15 12:25:20
2024-10-15 12:19:20
2024-10-15 11:28:29
2024-10-15 11:01:41
2024-10-15 10:38:01
2024-10-15 10:00:00
2024-10-15 09:58:41
2024-10-15 09:39:34
2024-10-15 08:51:23
2024-10-15 07:40:05
2024-10-15 07:22:59
2024-10-15 07:00:19
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-15 07:00:00
2024-10-14 17:31:13
2024-10-14 15:58:28
2024-10-14 15:47:40
2024-10-14 15:25:23
2024-10-14 15:15:00
2024-10-14 15:08:07
2024-10-14 15:07:05
2024-10-14 14:32:34
2024-10-14 14:03:57
2024-10-14 13:59:03
2024-10-14 13:25:56
2024-10-14 13:08:08
2024-10-14 13:04:51
2024-10-14 12:42:06
2024-10-14 12:39:04
2024-10-14 12:15:06
2024-10-14 11:45:32
2024-10-14 11:23:25
2024-10-14 11:16:02
2024-10-14 11:13:47
2024-10-14 11:10:22
2024-10-14 11:00:00
2024-10-14 10:58:55
2024-10-14 10:58:50
2024-10-14 10:47:34
2024-10-14 10:41:32
2024-10-14 10:40:13
2024-10-14 10:32:17
2024-10-14 10:30:00
2024-10-14 10:28:54
2024-10-14 10:26:52
2024-10-14 10:21:00
2024-10-14 10:18:26
2024-10-14 10:15:27
2024-10-14 10:12:03
2024-10-14 10:07:17
2024-10-14 09:56:14
2024-10-14 09:48:15
2024-10-14 09:38:23
2024-10-14 09:25:05
2024-10-14 09:12:46
2024-10-14 08:39:28
2024-10-14 08:00:00
2024-10-14 07:28:17
2024-10-14 07:00:22
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
2024-10-14 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |