• Өнөөдөр 2025-02-08

ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ

2024-07-31,   1828

       Орой бүр тэр 18:00 цаг болохоос хоёр цагийн өмнө ирээд жүжгийнхээ хувцсыг өмсөж, нүүрээ будаад, тайзаа шалгаад, хонгилоор ганцаар алхана. Энэ нь түүний аль болох хүнээс хол байж, өөрөө өөртөө төвлөрч, дүрийнхээ сэтгэл зүйг алдахгүйгээр тайзнаа гарахын өмнө хийдэг бие халаалт. 1980 оны нэгдүгээр сарын 8-ны энэ үдэш тэр Монголд анх удаа тайзнаа тавигдаж буй Английн нэрт зохиолч Уильям Шекспирийн “Гамлет” эмгэнэлт жүжгийн хан хүү Гамлетын дүрд тоглохоор тайз руу гарах гэж байгаа нь энэ. Энэлэл шаналал, цээжээрээ дүүрэн харуусал, өш хонзон тээсэн хүний дотор орж, тэр их гомдлыг зүрх сэтгэл, бие махбодиороо дамжуулан гаргана гэдэг даанч хүнд бөгөөд ёстой жүжигчний хувьд өөрийгөө хэдэнтээ урж тасдаж, эргүүлж, тойруулж, хамаг бүхнээ шавхаж, шавхуурдаж гэмээнэ төрүүлэх гурван цаг дөчин таван минут. Энэ бүхний эцэст тэр согтуу хүн мэт хэл нь ээдэрч, тамирдан сульдсан хүн л тайзнаас буудаг байна. Ганц үүгээр ч зогсохгүй Гамлетаас хойш цусны даралт нь ихэсдэг болжээ.

        Сонгодог жүжиг уран бүтээлчийн ур чадварыг ингэж шавхаж, бие, сэтгэлийг нь элээдэг байна. Төнхөх тусам гудайхгүй тэнхэлтэй, шавхах тусам ундраад л байх авьяас, ур чадварын “шим шүүс”-тэй, дүрдээ өөрөө бүр гүн автаж, буй биеэ бүтэн өгч, хамаг сэтгэлээ шингээн дүрээ бэлдчихээд, тайзнаа гарахдаа үзэгчдийн өмнө огт ажиггүй, юу ч болоогүй мэт эрдүү, бардуу, ихэмсэг, хэзээнээс л төвөггүй, сурцтайгаар бүхнийг хийгээд сурсан мэт тоглох нь эгээтэй л бахархан сүрдмээр авьяас, ур чадвар, их сэтгэл биш гэж үү. Ардын жүжигчин Л.Жамсранжав гэж ийм л уран бүтээлч байж.

                Өтгөн хар хөмсөг, жавхаатай алаг нүдтэй, дунд хэрийн нуруутай тэрбээр Улсын Хөгжимт драмын театрт ажиллах хугацаандаа дээрх хэмжээнд, тийм чадал тэнхээгээр дэлхийн сонгодог олон жүжгийн гол болон туслах дүрийг чадварлаг бүтээж, “Энд Л.Жамсранжав л тоглоно доо” гэхэд яг л тоглож байдаг, бүр давуулан бүтээдэг байсныг тэр үеийн Соёлын яамны удирдлага, театрын найруулагч, уран бүтээлчид биеэр мэдэрч, дэргэдээс нь харж байжээ. Тиймдээ л Ч.Чимид гуай “Гамлет”-ыг түүнд зориулан орчуулаад, “Миний ажил дууслаа, одоо чиний ажил үлдлээ” гэж бичээд хоёр хуруу хэрийн зузаан зохиол гарт нь атгуулсан гэдэг. Дэлхийн болоод Монголын сод зохиолчид сайн найруулагч, жүжигчдэд гарцаагүй баярладаг биз ээ. Аргагүй шүү дээ, зохиолыг нь уншихгүй л бол тэндээ мөнх амьдрах, тэр чигтээ үлдэж ч мэдэх зохиолын баатрын уйтгар гуниг, баяр жаргал, атаа хорсол, хайр харуусал, үхэл, сэхлийг “босгон ирж”, хөтлөн дагуулж, учруулан уулзуулах ид шид гагцхүү найруулагч, жүжигчин хүнд л бий. Тиймдээ ч жүжигчин зохиолын баатрыг тайзнаа амьдруулж, түүний дотоод сэтгэл, мөн чанар, хүсэл мөрөөдлийг гүйцээн гаргана гэдэг хэчнээн их хөдөлмөр, чин халуун сэтгэлийн араас цухуйх ажил болохыг Л.Жамсранжав жүжигчин үеийнхэндээ, мөр зэрэгцэн ажиллаж байсан уран бүтээлчдэдээ үлгэрлэн харуулж, тэднийг хөтөлж, дагуулж, тайз, жүжиг, дүрдээ татан донтуулж, нээн илрүүлж тоглосноороо Монголын тайзны урлагт том орон зай бүтээжээ. Тэр дундаа түүний лааны гэрэл мэт бие, сэтгэл, ухаанаа урсган хайлуулсан гурван цаг дөчин таван минутыг үе үеийн Гамлетын түүхэнд мартахын аргагүй юм. “Гамлет” жүжгийн Офелиягийн дүрд тоглосон Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Сувд” Офелия надад маш хүнд байсан, би энэ дүрд тоглохдоо их ядарч байсан. Гэхдээ Р.Жамсранжав минь намайг зоригжуулж, надад хань, түшиг болж тоглосон болохоор даваад гарсан” гэсэн. Тэгэхээр түүний тоглолт хамтрагчаа хүртэл сэтгэл, итгэл, уран бүтээлчийнх нь хувьд ургуулж, урагш алхуулж байсан байгаа юм. Өөрөө харин бүтээллдээ сэтгэлээ уусгаж, тархи тэмтэрч, зүрхээ өлгөж дүрдээ тоглодгийн нэгэн жишээг Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуайн нэгэн ярианаас мэдэж болох юм.

          Тэрбээр “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн төгсгөлд би хор уугаад түүний гар дээр ухаангүй хэвтэж байхад Л.Жамсранжав “Энэ хорвоо дээр үнэнч хайр сэтгэл гэж байдаг юм шүү, та минь ээ” гэж хэлээд уйлахад, миний нүүрэн дээр нулимс нь борооны дусал шиг бууж байсан. Тийм сайхан дотортой, халуун эрчтэй жүжигчин байсан даа” гэж дурсжээ. Зүгээр нэг уйлах биш нулимс нь борооны дусал шиг дусалж байсан гэхээр үнэнч хайр сэтгэлийн жинхэнэ мөн чанарыг өөртөө нээж, мэдэрч, тийм хэмжээний нулимсаараа илрүүлэн гаргаж, үзэгчдийн өмнө өмөрч байсан нь тэр. Тэгж өөрийгөө үйж, өгч, дүрийнхээ дотор өдөр, шөнөгүй амьдарсаар “Овод” жүжгийн Овод, “Хар санаа хайр сэтгэл”-ийн Фердинан, “Гамлет” жүжгийн Гамлет, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Родриго, Яго, “Лир ван” жүжгийн Францын хаан, “Шинэ зам”, “Арвай хээрийн талд”, “Итгэж болно”, “Тамгагүй төр” зэрэг 100 гаруй сонгодог жүжгийн ард гарч, бүтээсэн дүр бүхэн нь үзэгчдийн сэтгэлд бахархлын мөр татуулсан хэвээр байна. Онцолж, төр улсынхаа төлөө өөрийн хайртай хүмүүсээ түлхэж байгаа Арчугийг дурдахгүй байхын аргагүй. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” зохиолын Арчуг хааныг тэр дуу хоолой, биеийн хэлэмж, харцны хөдөлгөөнөөрөө хачин содон амилуулж, “Хаан хүн ийм байдаг байх нь” гэсэн гайхам бодлыг үзэгчдийн ухаан бодолд мөнхөлж чадсан. Тиймдээ их найрагч “Л.Жамсранжав шиг биеэ төнхөж, зүрхээ гар дээрээ гаргаж тоглодог жүжигчин би үзэхгүйгээр байсаар үхэх байх” гэж санаа алдаж, “Л.Жамсранжав эхийн хэвлийд яс, цуснаас бүрэлдэн ургасан “алт” юм. Энэ тунгаамал “алтаар” Монголын театр “Гамлет”, “Фердинанд”, “Овод”, “Яго”, “Ишхүү”-г цутгасан. Ийм жүжигчин Монголын театр, урлагт дахин заяах эсэхийг бурхнаас асуу” гэж ханаж цадтал тодорхойлсон байдаг аа. 

-“ГАМЛЕТ”, “ФЕРДИНАНД”, “ОВОД”, “ЯГО”, “ИШХҮҮ” ТАЙЗНАА АМИЛАХААС ӨМНӨ- 

      Хүн бүрийн хувь тавилан өөрөөр зурагдсан байдаг. Зарим хүний амьдралын эхэн хэсэгт нь аз жаргал, гэрэл гэгээг нь зураад, дунд юм уу төгсгөлд нь уйтгар гуниг, хагацлыг таталгасан байдаг бол эхнээсээ өргөс, бартаатай замаар эцэж цуцтал нь алхуулж байгаад дараа нь дардан шулуун замыг ч бэлдсэн байх нь ч бий. Ийм л хоёр эхлэл, төгсгөлөөр хүний амьдралын зураас татагдаж, өөр өөрийн татсан замаар баяр, гуниг, ололт, амжилтаа тээн алхдаг биз ээ. Тэгвэл Л.Жамсранжав төрөхөөсөө л амьдрал, хагацлын барааныг үзэж. Ээж нь түүнийг төрүүлээд л бурхны орондоо очиж, хэдийнэ амирласан ээжийнхээ хөхийг ганцхан удаа үнгэх хувь л түүнд байж. Энэ тухай түүний “Миний аз жаргал, миний уйтгар гуниг” баримтат киноны эхний хэсэгт “Манайх цөөн хэдэн малтай ядуувтар айл байж. Эмэг эх минь ганц охинтой, тэр аавтай сууж ганц хүү төрүүлсэн нь би юм. Аав минь жин тээх, айлын тэмээ, мал хариулах зэргээр амь зууна. Тэр жил аав, Орос руу жин тээсэн хойгуур ээж минь намайг төрүүлсэн юм гэнэ лээ. Ээж минь их л удаан өвдөж, эмэг эх минь аргаа бараад ээжийн аюулхай дээр модон ташиг хөмөрч хамаг хүчээрэ дарж арай гэж эхэсийг нь гаргасан гэдэг. Ядарч туйлдсан ээжид аяга шөл хийж өгөх санаатай эмээ минь гэрээсээ гарч, төдөлгүй орж ирэхэд нь ээж нэг гараа миний хүзүүн доогуур лав хийгээд, нөгөө гараараа чинэрсэн хөхөө хөхүүлж байгаа харагджээ. Хүүгийнхээ хүзүүн доогуур эвсэн гар нь орны урдаар их л эвгүй унжсан байгааг нь хараад засах санаатай очтол ээж минь хэзээний бурхны орондоо очсон байжээ. Би тэгэхэд хөдсөн манцуйдаа хөхөө үлгээд хэвтэж байсан юм гэдэг” гэж дурсжээ. Дараа жилийн зун нь харин ус авахаар гарсан эмээ нь алга болж, айл саахалтынхан нь эрсэн ч голын шаварт шигдсэн өрөөсөн гутал, гуулин шанаганаас нь өөр юу ч олдоогүй байна. Ингээд л аав нь түүнийг өсгөж найман нас хүргээд, Хорлоо гэгч эмэгтэйтэй ханилж, найман хүүхэд төрүүлээд, хоёр талаасаа нийлсэн хүү, охин хоёртойгоо ам бүл 12-уулаа аж төржээ. Хоёулахнаа бор гэртээ бөртийж, эл хульхан байсан тэд өнөр өтгөн болж, аав нь хүүгээ хот руу урлагийн сургуульд сургахаар мордуулжээ. Хайртай бүхнээсээ хагацсан бага наснаасаа тэр ингэж өндийж, түүний өөрийгөө олох, амжилтаа бүтээх зам эндээс үргэлжилнэ.

 -ХҮН ЭМНЭЛГЭЭС ХӨГЖИМ БҮЖГИЙН ДУНД СУРГУУЛЬД ОРСОН НЬ-

      Ховд аймгийн арван жилийн дунд сургуулийн долдугаар ангийг төгсөөд тэр урлагийн сургуульд сурахаар хотыг зорьсон ч эхлээд Хүн эмнэлгийн техникумд суралцсан байдаг. Энд тэр Ардын жүжигчин Ц.Гантөмөртэй танилцаж, шинэ жил, урлагийн үзлэгийн концертод хамт оролцож байжээ. Ингэж явсан залууст Дорнод аймгийн урлагийн 10 хоногийн хүрээнд болох тоглолт үзэх урилга ирснээр очиход Хөгжим бүжгийн дунд сургуульд орох санал тавьжээ. Тухайн үед Ц.Гантөмөр жүжигчин амьдрал ахуйн шаардлагаар Хүн эмнэлгийн техникумдаа үлдэж, харин Л.Жамсранжав тус сургуулийн найруулагчийн ангид орохоор болсон байна. Хоёр том Ардын жүжигчин ингэж анх танилцаж, ихэд дотно нөхөрлөөд, хожим хоёул “Отелло” жүжигт хамтран тоглосон. Нэг цаг хугацаанд тайзнаа төрөх “Гамлет”, “Отелло” гэх хоёр том сонгодог жүжгийн гол дүрд сонгогдоно гэдэг ч мөн л ховор хувь тавилан. Л.Жамсранжав Хөгжимт драмын театрын сургуулийг төгсөөд 1957 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл Өвөрхангай аймгийн Соёлын ордонд найруулагчаар ажиллаж байгаад Улсын драмын театрт орсон байна. Театрт ороод тэр Ж.Мольерийн “Скапены дамшиглал” жүжгийн туслах найруулагчаар ажиллаж, гол дүр нь болох Октавын дүрд тоглох даалгавар авснаар түүний урлагийн алтан тайзнаа гарах цаг хугацаа эхэлсэн нь тэр. Түүнийг явснаас хойш театр хэсэгтээ л аав нь эзэнгүй айл шиг суудал нь ханхайсан ч хойч үе нь халуунаар дурсан галыг нь өрдөж сууна. Түүний охин Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Оюундарь аавынхаа хэлсэн үг, захисан сургаалийг эрхэмлэн баримталж өнөөдөр ч театртаа олон сайхан дүр бүтээж яваа. Тэрбээр аавтайгаа хамт “Ромео Жульетта”, “Эзэнгүй айл”, “Нүглийн золиос” зэрэг бүтээлд тоглож амжсан. Ж.Оюундарь гавьяат хэвлэлд яриа өгөх бүрдээ аавынхаа тухай бахархан ярина. Түүний дотроос “Шинэ жил болгоноор аав өвлийн өвгөн болдог байв. Тэгээд албан байгууллагуудад уригдаж очин бэлэг тараадаг. Тэр бүрд нь би албатай юм шиг дагаж явна. Нэг удаа аав “Чамайг дагуулж явахгүй. Чи оччихоод “Аав аа, аав аа" гэж дуудан, үймүүлээд зүгээр байдаггүй” гэдэг юм. Тэгэхэд нь би огт үймүүлэхгүй гэж ам өчиг өгөөд явсан. Миний дэргэд байгаа хүмүүс "Энэ ёстой сайхан жүжигчин шүү" гээд аавыг ам уралдан магтахад нь би хүүхэд нь шүү дээ гэж хэлчихмээр байдаг. Гэсэн ч тийм зүрх надад байдаггүй. Тэгж байснаа "Аав аа, аав аа" гээд дуудаад унахгүй юу. Аав над руу нэг сүрхий харахад нь "Огт дуугарахгүй томоотой байна” гэж ам өчиг өгснөө санаж билээ. Энэ үеэс л аав минь олондоо хүндлэгдсэн алдартай жүжигчин юм байна гэх бодол төрсөн” гэх дурсамж нь сайхан юм билээ. Ийм л уран бүтээлч, аав, мөн сайн хань, нөхөр байлаа тэр. Хайр сэтгэл, амьдралынх нь тухай ард түмэн мэдэх учир энд бичих нь илүү байх. Харин бүтээлээр нь дурсаж, эргэн нэг сануулж, ийм гайхалтай уран бүтээлч Монголын театрт байсныг нэхэх гэсэн минь л энэ. Тэрбээр мөн оюутан ахуй цагаасаа дэлгэцийн бүтээлд тоглож эхэлсэн бөгөөд анхны бүтээл нь 1957 онд тоглосон “Шинэ жил” кино байна. Цаашлаад “Салхины амт” киноны Батаа, “Улаанбаатарт байгаа миний аав” киноны Дамдин, “Энэ хүүхнүүд”-ийн Төмөр, “Нөмрөг хадны цуурай”-н Жамц, “Баянбулгийнхан” киноны Содном, “Хүний амь” киноны Уламбаяр зэрэг олон сайхан дүрийг бүтээсэн байдаг.

 

ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-31 16:24:20
    зочин: Хайрыг хорьж дийлэх биш дээ. Сайн жүжигчин мөнөөс мөн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-31 08:51:12
    зочин: сайн хань байсан гэдэгт эргэлзэж байна. хүүхдүүдээ хамгийн бага нь 18 хүртэл эхнэртэйгээ амьдарч байгаад салаад Нармандахтай суусан гэж ярьдаг. гэхдээ сэтгэл нь Нармандах дээр байгаа хүний хажууд тэр эхнэр яаж зовж амьдарсан бол доо гэж бодохоор үнэхээр хүний амьдралаар тоглосон хөгийн эр болох нь харагддаг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-07-31 08:44:58
    Уянга: Энэ сэтгэгдэл бичсэн хүн бас санаатай байж дээ. Манай ангийн хүүхдийн аав шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-25 19:07:43
    Иргэн: Маш сайн жүжигчин гэж боддог ч хүүхдүүдээ өнчрүүлж Нармандахтай суусныг нь бодохоор нэг л хүндлэх сэтгэл төрдөггүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188