• Өнөөдөр 2024-05-15

ЗУРААЧ М.АЛТАНХУНДАГЫН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС: ХАЙР ХҮНДЛЭЛ, ДОТООД ГОО САЙХАН, АЛДАР НЭР

             Эрүүгээ үл мэдэгхэн дээш өндийлгөж, нүдний шилнийхээ цаанаас юуг ч юм ширтэх түүний дүр төрхийн хэсгээс л Монгол Улсын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат гуай гэж танигдав. Учир нь зөвхөн нүүрнийх нь тал хэсгийг зурсан байлаа. Гэхдээ  эл эрхэм төвөггүй танигдаж байсан бөгөөд огт дутуу санагдахгүй байв. Харин ч зураг дээрх эрхэм бүрийг аль өнцгөөс нь хэрхэн буулгасан байгааг нь нэг бүрчлэн харахад сонирхол татаж, бүр “Тэр эрхэм инээж, уйлж, юуг ч юм ярьж, эсвэл асуулт хүлээж, хариулт хэлж сууна даа” гэсэн төсөөлөл, таамгийг төрүүлж байлаа. Энэ л хөрөг зураач М.Алтанхундага гэх залуухан зураачийн санаа, шийдэл, ололт бололтой. Үзэж байгаа хэн нэгэнд бодох зүйл, цааш төсөөлөх, судлах зүйл үлдээх гэж тэр ийн зурсан гэмээр.

             Зураг үзэж дуусаад хэдийнэ хариултыг нь мэдэж байсан ч уншигч танд өөрөөс нь батлах үүднээс “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочдын зургийг яагаад тал зурсан юм бэ” гэж асуухад “Би тухайн хүний зургийг шууд хараад зурдаггүй. Тэгвэл амьгүй болно. Харин тухайн хүнээ судалж, танисныхаа дараа гол онцлогийг нь гарган зурдаг. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочдыг ч ялгаагүй судалж, тухайн эрхмийн орсон дугаарыг 30-40 удаа үзэж байж зурсан. Зургийг нь тал зурсаны учир үзэгч тухайн хүний тухай үргэлжлүүлэн төсөөлж, таамаглаж, судлах учиртай юм “ гэнэ. Үнэхээр ч түүний үзэсгэлэнгийн хананд дэлгэсэн зургийг сонирхож явахад “Нээрээ зохиолч Бөхийн Бааст гэдэг чинь ямар хүн билээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ерөнхийлөгч хамар дээрээ тохсон нүдний шилээ байн байн дээшлүүлээд л ярьдаг даа” гэх зэрэг бодол төрж, тэрхэн зуурт Монголын алдарт эрхмүүдийн ай савд нэвтэрснийг дурдмаар байна. 

Бид түүний хоёр дахь бүтээл  болох “Наран энтэй ижий заяа” үзэсгэлэнд очоод байгаа нь энэ. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочдын хөргөөр тэр 2018 онд үзэсгэлэнгээ дэлгэсэн. Тэгэхээр уншигч та түүнийг хэдийнэ мэддэг гэсэн үг. Гэхдээ бид энэ удаад түүний бүхий л бүтээлээр аялаж, танилцлаа.

-ТАНХИМЫН БАРУУН ХАНАНД БАЙРЛАХ “МОНГОЛ ТУЛГАТНЫ ЗУУН ЭРХЭМ” ЗУРГААС ТЭМДЭГЛЭХҮЙ-

               “Монгол тулгатны зуун эрхэм” хөрөг зурагтай танилцахад хамгийн түрүүнд ХАЙР ХҮНДЛЭЛ мэдрэгдэж байсныг энд онцолмоор байна. Зургийн эхэнд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат гуайн хөрөг байсан ч эхэнд дурдсан учир алгаслаа. Түүний бүтээлд Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай гархилсан нүд нь тэр л хэвээрээ буужээ. Улс төрийн салхи, шуургатай он жилүүдэд тэр ямархан явсныг, тэр хэн байсныг нүднийх нь хүнхгэр байдал л гэрчилж байх шиг. Дараа нь харин ерөнхийлөгч асан Х.Баттулга толгойгоо дээш өргөөд инээмсэглэсэн ихэд жаргалтай зураг буужээ. Магад тэр амьдралынхаа хамгийн жаргалтай үеэ эсвэл ихэд дуртай жүдогийнхоо тухай яриад сууж байсан биз ээ. Үүний араас Монголоос анх сансарт ниссэн их хүмүүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа гуайг буулгажээ. Айхтар инээгээгүй ч баяр тодрох царай нь угаас даруухан зан чанарыг нь яг л онож гэмээр.

      Тэр угаас хачин их инээж, эсвэл барайх нэгэн биш. Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимэд гуай өнөө л хашир хянамгай, тун нухацтай байдал нь ч цухалзаж байлаа. Харин царайн дээрх бор мэнгэ нь тэр хэвээр тодхон буусан Ардын уран зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Б.Бааст гуай дүрээрээ шүү. За тэгээд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн буурал үс нь шанааг нь дагаж сөрийж, царай төрхийг нь он цагийн үрчлээс хэдийн даржээ.

Араас нь харин эрх танхи, ижий аавыгаа ихэд үгүйлэгч Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан гуай дуу дуулж байна уу, эсвэл бага насныхаа тухай ярьж байна уу гэлтэй хошуугаа өмөлзүүлээд, нүдээ бүлтийлгэсэн байх нь тэр хэвээр буужээ. Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр ах ч том алаг нүдээ эргэлдүүлээд, саравчтай малгай өмсөөд сууж байх юм. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай харин томоо хамар, зузаан уруул, баргар нүүртэйгээ хэвээр буусан байх бөгөөд харц нь гунигтайхан байхыг санахад, ямар нэгэн зүйлийн тухай өнөө л аядуухан хоолойгоороо ярьж суугаа болов уу. За ингээд зураг бүрээс тэмдэглэн буулгаад байвал буулгаад л байхаар байна. Зуун эрхэмд орсон бүх зургийг тэр ийн хүн тус бүрийнх нь онцлогийн дагуу буулгажээ. Энэ бол түүний анхны бүтээл болох “Монгол тулгатны зуун эрхэм” хөрөг зургийн тухай.

      Урлаг соёлын эмэгтэйчүүдийн хөргийг буулгасны өмнө харин хананд байсан “Монголын нууц товчоо” зургийн хэсгийн тухай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Монголын нууц товчоог зурагт ном болгох төсөл дээр ажилласан. Түүхэн үйл явдлыг зургаар илэрхийлэх энэ бүтээлийн минь гол зорилго орших бөгөөд гурван жилийн хугацаанд түүхийн дотор орж, төсөөлж, амьдарч байж бүтээсэн. Тухайлбал, Жамух, Тэмүүжин хоёрын анд бололцож байгаа хэсгийг хажууд нь байгаа мэтээр хэрхэн сууж байсныг нь хүртэл төсөөлж, уншсанаа бодит болгон зурсан” гэнэ.

-ДОТООД ГОО САЙХАН, АЛДАР НЭР-

            Ээж, эмэгтэй хүн, тэдний дотоод гоо сайхан, хайр, хамгийн дээд гэсэн санааг тэр харин хоёр дахь бүтээлээрээ дамжуулан гаргахыг зорьжээ. Нэг ёсондоо урлаг, соёлын эмэгтэйчүүдийн хөргөөр төлөөлүүлэн ийн “Наран энтэй ижий заяа” гэх үзэсгэлэнг өнгөрсөн гуравдугаар сард дэлгэсэн бөгөөд хөрөгт орсон эрхмүүдтэй уулзаж, ярилцаж, зургийг нь зурах зөвшөөрөл авснаар ийн буулгасан байна. Үзэсгэлэнгийн танхимын зүүн хананд байрлах 20 хөрөгт Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг, И.Одончимэг, С.Өлзийхүү, Т.Баясгалан, Т.Ариунаа, Ж.Оюундарь, Н.Батцэцэг, Ж.Алтанцэцэг, С.Эрдэнэцэцэг, У.Уранчимэг, зохиолч Шүүдэрцэцэг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилта, жүжигчин Г.Ундармаа, Р.Анхням, хийлч Ч.Дэлгэрцэцэг, жүжигчин Г.Отгонцэцэг, дуучин Б.Халиунаа, Ука зэрэг эмэгтэйчүүд буужээ. Тэрбээр цөмийг нь судалж, холбоотой мэдээллийг нь уншиж, өөрсдийнх нь зургийг өөрөө авч ийн зурсан байна.

         Энэ зураач М.Алтанхундага “Хүний зурсан юм уу камераар дарсан зургийг хараад зурж болохгүй шүү дээ. Тухайн хүн юу бодож, ямар өнцгийг гаргах гэж зурсныг би сайн мэдэхгүй. Тиймээс өөрийнхөө өнцгөөр уран бүтээлчидтэй уулзаж, зургийг нь авч зурсан. Хамгийн гол нь гоё зургийг нь шууд дурайлгаад зурчихаж болохгүй. Эмэгтэй хүний дотоод, гадаад гоо үзэсгэлэн, тухайн хүний онцлогийг гаргах хэрэгтэй. Тэгж гэмээнэ тэр зураг хүнд амьд мэт мэдрэмжийг өгнө. Эмэгтэй хүн бол миний бодлоор бүхний дээд. Тэгэхээр тэр бүхний дээд хүнийг хэрхэн зурж, тухайн дуучин, жүжигчин, хийлч, зохиолч эмэгтэйг хэрхэн яг өөрийнхөөр нь буулгах вэ гэдгийг их судалж, бодож байж буулгана” гэв. Үнэхээр ч Г.Ундармаа жүжигчин нүднийх нь доод талд жаахан үрчлээ тогтсон ч өнөөх л айлгүй мөртлөө ялдамхан инээмсэглэж байна. Харин хийлч Дээгий нэг тийм бодлогоширсон ч өөртөө итгэлтэй хэвээр харагдана.Гавьяат жүжигчин Д.Ганцэцэгийг өнөөх л хөөрхөн алаг нүд, сайхан инээмсэглэлээр нь буулгажээ. Үнэхээр ч зургийг үзэж явахад тэд цөм өөдөөс харан инээмсэглэж байх шиг амьда мэдрэмжийг өгч байлаа. Цөм алдар нэр, амжилт бүтээл, өөрсдийн гэсэн амбицтай эмэгтэйчүүд. Зургаас нь ч хүчтэй мэдрэгдэж байв. Ингэж л тэр хоёр дахь үзэсгэлэндээ дотоод гоо үзэсгэлэн, алдар нэр, хайр хүндэтгэлийг цөмийг нь багтааж чадсан нь мэдрэгдэж, баригдаж, үнэртэж, амтагдаж байлаа. Магад хэн нэгэн хүн түүний зургыг фотошоп хэрэглэсэн, эсвэл хуулбарлан зурсан гэж мэдэх юм. Тэгвэл үзэсгэлэн дээр нь очоод үзээрэй гэж хэлмээр байна. Үнэхээр хичээсэн, хөдөлмөрлөсөн амьд бүтээлүүд таны өмнө дурайх бий.

              Ярианыхаа төгсгөлд, бид өнөө л уран бүтээлчдэд тулгардаг бүтээлээ үнэлүүлэх талаар цухас яриа дэлгэж амжив. Энэ нь түүний дараагийн хийх гэж байгаа зүйлтэй холбоотой хариулт болон ирж нэг сумаар хоёр туулай буудан хоёр асуултад хариулт авсан юм. Тэрбээр “Би удахгүй “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн зочдын зургаа дуудлага худалдаанд оруулах гэж байгаа. Тэр мөнгөөрөө өөрийн гэсэн урлантай болж, мөн хажуугаар Аюуш гэх брэндийг нээн ажиллуулахаар зорьж байна. Манай нийгэмд уран бүтээлч хүн бүтээлээ үнэлүүлээд сайхан амьдрах боломжгүй. Өөрсдөө л хичээхгүй бол төр засаг бидэнд туслахгүй шүү дээ. Угаас манай төрд тийм тогтолцоо одоогоор байхгүй. Магад хэдэн жилийн дараа бий болох биз. Тиймээс аль болох олон аргаар үзэж байгаад л бүтээлээ хийнэ дээ” гэсэн юм.

    Тэрбээр зураг зурахаа өмнө Эрдэнэтэд хүүхдүүдэд зураг, дуу, бүжиг гээд урлагийн төрлүүдээр багшилдаг байжээ. Өөрийнх нь хэлснээр заах биш, бүжиг бүжиглэх, зураг зурах аргыг нь зааж өгч байсан байна. Тэгээд л 2011 оноос “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг үзэж эхлээд, бүтээлээ эхлүүлсэн байна. Тэрбээр багадаа гараа гэмтээгээд зурах нь битгий хэл хөдөлж чадахгүй болсон тухайгаа ярьсан. Тэгээд гараа эмчилж, эдгээхийн тулд бага багаар зурж дадсан байдаг. Түүнээс гадна бүжиг, дуу, шүлэг унших гээд бусад авьяасаа хөгжүүлсэн гэдэг. 

   Тэр "Аав минь надад “Зургийг ингэж зурдаг” гэж нэг ч удаа зааж өгч байгаагүй. Харин намайг зураг зурахад шугам, баллуур хэрэглэлээ гэж ёжилдог байв. Өөрөө цаасан дээр зураас зурахад шугам хэрэглэсэн мэт тэгшхэн зурдаг байсан юм. Ээжийн тал ч урлагийн чамгүй авьяастай, сийлбэр хийдэг дархан хүмүүс байв. Амьдардаг орчин маань хааны ордон шиг л хээ хуар болсон газар байж билээ. Гэр бүлээрээ сийлбэр хийж, зураг зурдаг  учраас тэр. Би багын ажигч, гярхай  хүүхэд байсан. Анх хүний нүд зурж эхэлсэн. Хүний байгаа байдлыг хамгийн үнэнээр нь илэрхийлдэг тул надад энэ нь сонирхолтой санагддаг юм. Нүдийг нь ойлгосны дараа хамар, уруул гэх мэтчилэн ерөнхий төрх гарч ирнэ. Уруулын хөдөлгөөн, хамрын амьсгал нь хүртэл тухайн хүнийг илэрхийлэх мөн чанар нь юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, нүд, хамар, уруул гурав тухайн хүний зан байдлыг илэрхийлдэг. Нүдний нэг зураасыг нь алдвал тухайн хүн тэс өөр болно" гэснийг мөн нэмж тэмдэглэлээ. Түүний уран бүтээлээс гадна яриаг уншихыг хүсвэл Эргэлт.мн мэдээллийн сайтаас "Тэнгэрийн хүсэл гүйцээгч" нэрээр хайгаарай.

 

ЗУРААЧ М.АЛТАНХУНДАГЫН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС: ХАЙР ХҮНДЛЭЛ, ДОТООД ГОО САЙХАН, АЛДАР НЭР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188