• Өнөөдөр 2024-05-15

ТЭР Л ХЭВЭЭРЭЭ Б.ГАНТИГМАА

2023-05-03,   4163

    Түүнийг нэвтрүүлэгч гэх ганцхан цэгт уях аргагүй. Хийдэг олон ажлынх нь нэг л тэр болохоос бусдаар бол олон цэгийн огтлолцол болсон эмэгтэй. Энэ мөчид тэр телевизийнхээ буйдхан өрөөнд суугаад тун удахгүй “Оройн мэнд үзэгчид ээ, Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна” гэж хэлээд, мэдээгээ хүргэхээр зэхэж байж ч мэднэ. Эсвэл хаа нэгтээ, аль нэг тайзан дээр, тод гэрэлтэй өрөөнд суугаад ямар нэгэн сайхан үг өгүүллэг, шүлэг найргийн гүнд автаж, түүнийг зүрх сэтгэлийнхээ ай саваар урсган, дуу хоолойгоороо дамжуулан хүмүүст хүргээд сууж байж ч болох. Үгүй бол, мартагдсан дууны бадаг гэнэт амандаа аялаад голын тохой дээр суугаа ч байж магад. Хэн нэгэнд байгаа бүхнээрээ туслаад явж байхыг ч үгүйсгэх аргагүй. Хамгийн ойртож буух таамаглал бол өдийд ээжтэйгээ, таван сайхан үртэйгээ гэртээ сууж байгаа байх. Ерөөс түүний орон зай, оршихуйн тойрог ийм л зах хязгааргүй, цар хүрээ өргөн юм билээ. Тэр ертөнцөд онож төрсөн ийм нэг тойрогтоо эргэлдэж, бүтээж, өөрийгөө үлдээж байдаг уран бүтээлч. Эдгээрээс ганцхан маргашгүй үнэн бол тэр урлаг гэх орон зайнаас  үл салах нэгэн.  

Ээжийнхээ хэвлийд байхаас л “Тунгалаг тамир” кинонд тоглож эхэлсэн түүний амьдралын зам, жим ийм. Энэ бол Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Бужгарын охин Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Гантигмаа.

-ГЭРЭЛ БА АРВАН НАСТАЙ ГАНТИГМАА-

      Одоогоос 30 гаруй жилийн өмнө Монгол киноны алтан сан хөмрөгт И.Нямгаваа, Б.Балжиннямын найруулсан “Гарын таван хуруу” киноны Гэрлээ охины дүрээр тэр бидэнд анхлан танил болсныг уншигчид андахгүй болов уу. “Ээж ээ, та тэр зангиаг Шагдар ахад өгчихсөн юм уу. Аавын минь үнэр үнэртдэг юм” гэж хэлэх хэрсүү охин бол тэр. Хэдийгээр киноны гол дүр биш ч зурвасхан хэсэгт ээжтэйгээ аавынхаа тухай, өөр хүүхдийн аавын тухай өгүүлж байгаа охины яриа, дүр төрхийг бид мартдаггүй юм. Тэр үеийн Гантигмаа одоо ч хэвээрээ. Ингэж эхэлсэн тэр өдгөө урлаг гэх их айлаас гараагүй, гарах ч аргагүй. Авьяаслаг найруулагч, залуу сайхан уран бүтээлч ээж гээд урлагийн авьяаслаг халуун ам бүлд тэр торнин өсөж, давхар урлагийн уур амьсгал, их уран бүтээлчдийн авьяас билгээс “ууж” өссөн нь эрхгүй уран бүтээлчийн замд хөл тавьсан. Гэрэл бол хойд аавтай хүүхдүүдийн нэгэн төлөөлөл. Гэрэлээс хойш харин тэрбээр кинонд тоглоогүй ч амьдралын кинонд олон арвантаа тоглож, цэнхэр дэлгэцээр үзэгчидтэйгээ мэндэлдэг сайхан эмэгтэйчүүдийн нэгт зүй ёсоор багтдаг. 

Цас шиг цагаан шүд, том алаг нүд, өргөн шанаа, өндөр бие хаа гээд аав, ээжийнхээ хамаг сайхныг "хуулсан" нэгэн. 

   Содон, өвөрмөц дуу хоолойгоороо үгийн урлагийн олон төрөлд дөрөө харшуулахаас гадна монголын утга зохиолын эгэл даруухан найрагчийн хайрын шүлгийн эзэн болж, сайхан сэтгэл, сайн үйлсийг хүртэл хайртай бүхэндээ харамгүй зориулж, олон дэлгэцийн бүтээлд дуу оруулж, дүрийг нь амилуулсан тэр яахын аргагүй бүхний давхцал. Харин телевизийн салбарт бол ховор гантиг чулуу. Тэгвэл Б.Гантигмаа сэтгүүлч хаанаас эхэлж, сэтгүүл зүйн салбарт хэрхэн хөл тавив.  Найруулагч, жүжигчин аав, ээжийнхээ мэргэжлийг юуны учир өвлөөгүйн тухай дараах хэсэгт өгүүлье. Уг нь тэр СУИС-д жүжигчин мэргэжлээр сурч байсан юм билээ. Гэвч телевиз, тэр дундаа нэвтрүүлэгч, дуу оруулагчийн орон зайнд сэтгэл зүрх нь соронз шиг татагдаж.

-ЭЭЖИЙН ТАТСАН ЖИМ-

    Багадаа сэтгэл судлаач болох мөрөөдөлтэй охин ээжийнхээ татсан жимээр телевиз гэх их айлтай учирсан гэдэг. Хорвоо ертөнцийг таних эрэлд гарахад хамгийн том туслагч бол мэдээж аав, ээж. Тэдний явсан, бүтээсэн замыг үргэлжлүүлж, эсвэл мөрөөр нь алхах учир үр хүүхдэд бий. Б.Гантигмаа сэтгүүлч яг л энэ зарчмаар радиогийн редакцад нэвтрүүлэгч хийх, ээжийгээ даган 19 настайдаа анх телевизийн салбарт алхан орж байж. Энэ тухай тэрбээр “Миний ээж Дарханы радио телевизийн редакцид нэвтрүүлэгч хийдэг байлаа. Уг нь би багадаа сэтгэл судлаач болно гэж боддог байлаа. Яах аргагүй ээжээсээ суралцаж, нэвтрүүлэгч байхын сайхныг мэдэрч, улмаар дурлаж, энэ мэргэжилдээ салшгүй холбоотой болсон доо. Үндэсний телевизийн алтан босгыг 19 настайдаа л алхсан” хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Ингэж тэр мэдээ уншихынхаа хажуугаар хүүхэлдэйн кино, баримтат кинонд дуу оруулдаг байж. Өдөр нь мэдээгээ уншиж, орой нь кинонд дуу оруулж, үдэш нь тоглолт хөтөлж, үгийн урлагт хөвж, живж, жигүүрлэж л он жилүүдийг туулсан. Ерөөс телевизийн нарийн дэг соёл, ахуйд тэр оюун санаагаа тэлж, ажил хөдөлмөрөө өрнүүлсээр телевизийн салбарт сэтгэл зүтгэлээ нэгэнт бат бөх бэхэлжээ. Гантиг чулуугаар хамгийн сайхан барилгыг босгодог шиг телевизийн салбарын нэвтрүүлэгчдийн орон зай түүгээр тэлж, өөрт нь чин зүрхнээсээ татагдсан нэгэн нэвтрүүлэгчтэй болж эхэлсэн нь тэр юм. Цаг хугацааг үл умартан зүтгэдэг тийм нэг салбарт хамаг бүхнээ өгөхөөр орсон нь үнэхээр л дуртай, хайртай байсны илрэх байх.

 Нэг ёсондоо дуу хоолой, үгийн увдис хоёул түүнд заяаж, түүгээрээ л тэр алхсаар ирсэн. Одоо ч алхаж яваа.

      Дэлгэцээс бид түүнийг анхлан харсан дүрийг дээр өгүүлсэн бол түүний дараа дуу хоолойгоор нь уулзсан нэгэн бүтээл бол “Халтар царайт” кино. Нэгэн цаг үеийг уяж, урдаа суулгадаг байсан эл уран бүтээлд тэр дуу оруулж, хүмүүсийн хайртай дүрийг харин ч нэг амилуулж байсан юм билээ. Ингэж кино, уран бүтээлд дуу оруулж, үзэгчдийн хайртай бүтээл болгон хоногшуулсныг дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Б.Гантигмаа сэтгүүлч зөвхөн Монголдоо л, монголынхоо телевизэд л ажлаад байсангүй юм билээ. Хүмүүс мэдэх нь мэдэх л байх Москвагийн телевизэд ажиллаж байсныг нь. Унаган орос хэлтэй охинд ч том тохиол гэдгээ өөрөө ч ярьдаг. Хийж байгаа зүйлээ улам ахиулж, мэргэшинэ гэдэг их л том зүйл шүү. “Москвагаас ярьж байна” гэж Москвагийн радиад таван жил ажиллаж, чамгүй туршлага хуримтлуулж ирсэн тэр төрөлх улсдаа харин ч нэг жигдэрч яваа сэтгүүлчдийн эгнээнд жагсаж байв. Ингэж телевизэд жигдэрч явсан түүнийг тодотгох, тодруулах нэгэн зүйл бол уран уншлага. Зөвхөн мэдээ унших биш, уран сайхан, утга төгөлдөр уншлагыг харин ч нэг "хашрааж" эхэлжээ. Түүний хоолой ихэнхдээ аргадаж, бүүвэйлж, зөөлөн анирдаж, хөнгөн санааширах гээд өнгө бүрээр гарч, МҮОНРТ гэх их айл харин ч нэг шижир алт шиг нэвтрүүлэгчтэй болсон цаг үе нь энэ үе аж.

     -ҮРГЭЛЖЛЭЛ-

   Аав, ээжийг нь ард түмэн андахгүй. Төрх байдлыг нь харахаар аль алиныг дуурайсан гэмээр. Түүний аав найруулагч С.Бужгарыг авьяаслаг найруулагч байснаас нь дутахгүй сайхан залуу явсныг нь хүмүүс илүүтэй ярьдаг. Тэгэхээр Б.Гантигмаа сэтгүүлчийн сайхан эмэгтэй байдаг нь аав, ээж хоёрынх нь өв гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Энэ талаар тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ээжийнхээ зан чанарыг түлхүү өвлөсөн болов уу гэж боддог. Ээж минь элдэв ааш, атаа жөтөө, хор шар байхгүй тайван амгалан хүн. Яг л тэрийг дуурайчихсан. Би өөрийнхөө оногдсон ажлаа л хийгээд явж байх дуртай. Хүнд атаархах, муу санах амбиц бага. Харин аав минь гал дөлтэй хүн байсан. Гэрэлтэж ассан нүдтэй хүн байлаа. Заримдаа аавынхаа гэрэлтсэн нүдийг дуурайсан бол гэж бодогддог” хэмээн ярьсан байдаг. Үнэхээр түүний аав, ээж хоёрынх нь тарьж, ургуулсан үрээр Б.Гантигмаа гэх нэгэн ертөнц бидний дунд оршиж, цэнхэр дэлгэцээр бидэнтэй мэндчилж, үгийн сайхныг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо дамжуулан хүргэж яваа юм. Энэ бол түүний уран бүтээлийн өрнөл. Эхлүүлсэн зүйлийнх нь хэсэг. Үргэлжлүүлэх ч ёстой зам. Аав, ээжийн арвин их авьяас билэг, урлагт зүтгэсэн, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн цаг хугацаа өдгөө түүгээр дамжин явж, олон түмэнд хүрч яваа.

-СОРИЛТ, БЭРХШЭЭЛ-

   Харин амьдрал түүнд мөн л амаргүй цаг үе, давж гарах саад тотгорыг бэлдсэн нь 2013 он байсныг тэр өөрөө ч ярьдаг. Нэг жилд дүү нь бурхан болоод удаагүй байхад ээж нь хавдраар өвдөж, ээжийгээ эмчлүүлээд удаагүй байтал эгч нь ганцхан сарын настай, донор хэрэгтэй гэсэн хариуг авч, өөрийн элгээсээ эгчдээ өгсөн түүхийг уншигчид андахгүй мэдэх болов уу. Тэрбээр энэ тухай "Хайртай эгчийгээ эдгээж, хатан ижийгээ ачилж, хөөрхөн дүү нартаа инээд бэлэглэх гэж эгчийнхээ элэгний донор болсон" хэмээн өгүүлсэн байдаг. Тэгээд гашуун үнэнтэй эрхгүй тулж, эцэст нь эгч нь өвчиндөө дийлдсэн. Одоо бол тэр дүү, эгч, өөрийн нийлсэн таван сайхан хүүг өсгөж, цөмийг нь гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж яваа хүчирхэг эмэгтэй. Дэлгэцэд үргэлж сайхан төрхөөрөө мэдээгээ хөтөлж, тайзан дээр үгийн сайхныг яруугаар дуудах түүний амьдралын хөг хэмнэл, өнгө будагны эсрэг талд гэр бүл, ахуй амьдралын үнэн, жинхэнэ мөн чанар угтаж, хатуу, зөөлөн, сайн, саарыг тэнцүүлж, хуваалцаж, үүрч дүүрч яваа эмэгтэй гэдгийг энд онцлох нь зүйтэй байх. Түүний бусдад туслах, хайртай бүхнээ хайрлах сэтгэл ганц гэр бүлийнхнээр нь хязгаарлагдаагүй. Элэг нэгт монголчууд сангийн нэгэн гишүүн нь тэр бөгөөд олон ч хүнд тусалж, хайр энэрлээ түгээдгийг хүмүүс андахгүй мэддэг. Хамгийн ойрын хайртай хүмүүс нь өвдөхийн зовлонг мэддэг болохоор, өөрөө өвчин зовлон, хагацалтай нүүр тулсан болохоор бусдад амьдрал бэлэглэхийн сайхныг тэр бусдыг хайрлаж, энэрэх, нэг ч гэсэн хүнд тус болох сон гэдэг сэтгэлээрээ харуулж байсан.

-ХАЙРЫН ШҮЛГИЙН ЭЗЭН-

         Огтлолцож, огтолж яваа олон салаа мөчрийг нь дээр дурдсан. Харин энэ хэсэгт яруу сайхны мөртүүд илүүтэй санаанд бууж, нэгэн цаг үед хайрын шүлгийн эзэн байсан гэгээн дурсамж, бага залуу насных нь тухай ярихгүй өнгөрч болохгүй мэт. Сайхан эмэгтэйн оршихуйд харц унагах, сэтгэлээ өгөх, шүлэг яруу найраг зориулах хүн бишгүй олон. Тэр дундаа тэр цаг үеийн бидний бахархдаг найрагч хоёр ч шүлгээ түүнд зориулсан байдаг. Энэ бол эхлэлд өгүүлсэнчлэн бидний эчнээ танил, гэгээн А.Эрдэнэ-Очир найрагчийн “Голын тохой дээр”, “Амраг бодол” зэрэг шүлгүүд бөгөөд Б.Гантигмаа нэвтрүүлэгч өөрөө ч энэ найргуудыг уншиж, хүмүүст хүргэсэн байдаг. Одоо он цагийн орой руу тэдний үеийнхэн, тэр үеийн авьяастнууд алхаж байна.

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уулс ороогоод,

Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисгэн уярал хөндөнө.

Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар хучиж, 

Гэгээн хорвоогийн юмс бүхэнд хувилан хэн нэгэнд илгээгдэж байгаа биз ээ гэсэн мөрт эрхгүй тунаж байх шиг. 

    Ерээд оныхны мөр зэрэгцэн алхсан он цаг, зөрөг зам бүхэн гэгээн гэсэн ганцхан үгт нэгдэж, тэндээс салбар бүрт авьяасаа зуусаар нисэж, бууж, буцаж ниссэн гэмээр. Тэгэхээр Б.Гантигмаа гэх авьяастныг ерээд оноос салгах аргагүй. Мөнхүү түүнд зориулагдсан сайхан шүлгээс ч холтгох учиргүй.  Их найрагчийн бичсэнчлэн түүний суугаа амьдралын тохой дээр  дахиад л нэг дурсамжийн салхи сэвэлзэх байх. Харин тэр салхи чухам амьдралын аль хэсэг рүү салхилж, түрж, давалгаалах нь одоогоор нууц юм. 


ТЭР Л ХЭВЭЭРЭЭ Б.ГАНТИГМАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-05 08:50:37
    Зочин: За даа ур чадьарын хувьд бол Бест бишшүү Уншилт хөтлөлт гэдэг бол өөр Бямбаа Чимгээ нар шиг тэднии хэмжээнд очиж байж өөриигөө нэвтрүүоэгч хөтлөгч гэж нэрлүүлэх эрхтэй болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-04 11:00:40
    зочин : Зориулсан шүлгүүд нь бол бест шүү.сайхан эмэгтэй гэрэлтсэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-03 23:57:06
    Zochin : Hud ******** hunees unegui yum salgachih gesen ulun zantai .ta narin bodoj bga shig Hun bish ene ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-05-03 18:39:32
    Ulambayar: Uneheer baharhaad barahgui ni eruul enhiig husie
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188