• Өнөөдөр 2024-03-29

УРЛАГТ ТЭР УУГАН ХҮҮ НЬ БАЙЛАА

2022-06-28,   2958

   Түүнийг “Төрсөн нутгийн үзэмж шингээд

                Танхилхан чамайг үзэсгэлэн болгожээ

               Төрүүлсэн эхийн чинь намба шингээд

               Хонгорхон чамайг энхрийхэн болгожээ”... гээд л намуухан дуулж эхлэхэд нь эсвэл,

                  ...Хонин цагаан үүл нь хө

                Хувирч сэмрээд нүүлээ дээ хө

               Хонгор жаалхан чамтайгаа би ай хө

              Ханилахын заяа ч дутлаа даа хө... хэмээн аргаданхан дуулахад сэтгэл нь гэгэлзэн догдолдоггүй хүн, тэр тусмаа бүсгүй хүн ховор биз ээ. Содон бөгөөд намуухан хоолойтой энэ л дуучинд ямар олон хүн татагдаж, өнөөдрийг хүртэл зүрх, сэтгэлээ дуу хуураар нь тэтгэн тэжээж яваа гэж санана. Тэр бусдыг дуугаараа, хошин наргианаараа, мөс чанараараа соронз мэт татдаг нэгэн байв. Түүнийг Бадраагийн Бадрууган гэдэг. Эгэл, энгийн мөртлөө домог мэт амьдарсан суу билэгт хөвгүүдийн нэг тэр яах аргагүй мөн билээ.

1990-ээд оны Монголын урлагт тэр ууган хүү нь байлаа. Түүний аав Монголын хөгжмийн урлагийн сод авьяастан, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа хэмээх том уул. Ж.Бадраа гуайн тухай, түүний хүүдээ өвлүүлсэн ухаан, хүмүүжил, авьяасын талаар гэгээн сайхан яриа, дурдатгал олон хөврөх ч энэ удаад бүгдийн хайртай Б.Бадрууганыг онцлохыг хүслээ. Хүсэлдээ хөтлөгдөн сүүлийн хоёр сар хэрэндээ л “Ууган судлаач” болсон ч “Уншсан, сонссон бүхнээ сайхан бичиж чадахгүй бол яах вэ” гэх бодлын хүлээс намайг одоо ч “янгинатал хүлчихээд” төсөөлж байгаа шигээ бичиж чадахгүй суугаадаа уншигч таниас хүлцэл өчье.

Тийм ээ, тэр ийм л нууцлаг атлаа хэн бүхний сэтгэлийг дурсамжаараа, дуугаараа, нөхөрлөлөөрөө, үгээрээ жаргааж, догдлуулсаар байдаг хүн билээ.

     Донжтой гэж жигтэйхэн харагдуулдаг дугуй хар малгайгаа духлуулж, хар пальтоныхоо халаасанд гараа шургуулчихаад, миний үеийнхний “эзгүй” XX зуунд дуу аяланхан алхаж явсан Б.Бадрууган гэж хэн байв. Тэр урлагт ямархан хүү нь байв гэдгийг түүний амьдралын он жилийн хуудсаар зочилж, хамтдаа нэг эргэн харахын сацуу зүрх сэтгэлийн өрөө тасалгаа бүхнийг дүүргэсэн, дурсамж дуртгалыг нэгжсэн аялгуу эгшгийн хөг хэмнэл, зөвхөн Б.Бадрууган гэсэн өнгө төрх, дуу хөгжмийн тогтоцыг мэдэрч, нэвтэрч, түүн дотроос Ууган найруулагчийг танин мэдэхийн их эрэлд ийн гарч байна.

-ЗӨӨЛӨН ХҮНЭЭС Л ЗӨӨЛӨН ЭГШИГ ГАРАХ БУЮУ УРАН БҮТЭЭЛИЙН МӨР-

     Ерээд онд Монголын урлаг гэх буйдхан орон зайд  рок поп урсгал “Инээмсэглэл” нэртэй хамтлагаар анхлан хөл тавьж байж. Цоо шинэ урсгалыг хөтлөн орж ирсэн эрхмийн нэг бол Бадрууган. Түүнээс хойш ард түмний дуулах дуртай олон уран бүтээлийг ар араас нь “төрүүлж”, өдгөө ч хит болон эгшиглэсээр байна.  

 “Зүрхнийхээ үг, “Орчлон дэлхийдээ бид жаргалтай”, “Энх өглөө”, “Солонго”, "Хослон дуулья" гээд л олон сайхан эгшгийг ард түмний дунд “амьдруулсан”.

     Ердөө “Инээмсэглэл” хатлагийн уран бүтээлээс харахад л, Б.Бадрууганы дуулсан дуунууд бол  Монголын урлагийн “Хамгийн зөөлөн аялгуу” гэсэн бодол төрж байлаа. Хүйтэн ус залгилж байгаа мэт дотоод сэтгэл рүү сэрүү татуулж, мөнхүү бүүвэйн дуу сонсож байгаа мэт зөөлөн, намуун эгшиг зүрх рүү гулсан орох мэтээр түүний дуунууд сонсогддог.

      Хамгийн зөөлөн эгшгийн үрийг хүний зүрх сэтгэлд “тарьчихаад”, өөрөө салхивчаа нээхэд нисэн одох шувуу шиг яваад өгчихсөн гэмээр. “Дэлхий ээж” бол түүний тэргүүн уран бүтээл. Багадаа “Эзэн бидний алтан хөмрөг...” гэж эхлэн дуулаагүй, сонсоогүй хүн ховор болов уу.  Тэгэхээр уран бүтээлээрээ хүн бүхний танил хоолой, хамгийн ойр оршигч тэр мөн аж.  Танихгүй мөртлөө дуу хоолойгоороо хэдийнэ “анд” болчихсон түүн шиг уран бүтээлч бидний дунд хэд бол.

     “Хайрын дурсамж”, “Хүлээсэн хавар”, “Улаанбаатарын үдэш”, “Хонин цагаан үүл”, “Уянхан хорвоон хань”, “Улаанбаатарын агаар”, “Сэрүүн цэцэгс”, “Зүүдэлснийг минь уучлаарай”, “Гэрлэж амжаагүй явна” киноны дуу гээд нэрлэвэл нэгэн айлын хүүхдүүд шиг нэг өнгө төрх, хөг хэмнэлтэй дуунууд байх бөгөөд хамгийн нандин үгээ хайртай хүндээ хэлж байгаа юм шиг, ээж нь хүүдээ, хүү нь ээждээ хайраа илэрхийлж байгаа мэт л дүрсэлж, зурж, сэтгэлийн утсыг хөнддөг гэхэд хэтийдэж, дэгсдэхгүй болов уу.    

      Тэр өөрийн уран бүтээлээс хамгийн их бусдад  ярьж, “тоож” явсан нь “Дэлхий ээж” дуу гэдэг юм билээ.  Хүн хийсэн бүтээснээ ярьж явах нь ховор. Тэгвэл дуртай яриад байна гэдэг нь тухайн уран бүтээлдээ тодорхой хэмжээнд “ханаж” байгаагийн илрэл болов уу. Мөн уран бүтээлийн хэнд ч баймгүй, дахин давтагдашгүй нэг булаг бол Б.Бадрууган гэх хүний зан чанараас урган гарч байна уу гэмээр. Өөрөөр хэлбэл, түүний уран бүтээлээс зөөлөн, дулаан мэдрэмж төрж буй нь зөөлөн зан чанартай нь холбоотой буюу зөөлөн хүнээс л зөөлөн эгшиг гарах болов уу гэсэн бодлыг төрүүлж байгаа юм. Нэг ёсондоо түүний доторх намуухан аялгуу эгшгийн гол урсаж, урлаг гэх далай руу цутгаж байна уу гэлтэй.

-ЦЭЦГИЙН МАНДАЛ ШИГ ДЭЛГЭР ХҮН БУЮУ МЭДРЭМЖТЭЙ НАЙРУУЛАГЧ Б.БАДРУУГАН-

            Б.Бадрууган мөн тайз, дэлгэцийн урлагт гар бие оролцож, оюун ухаан, зүрх сэтгэлээ дайчилж байсан эрхэм гэдгийг хэн бүхэн мэдэх байх. Тиймдээ ч  их мэдрэмжтэй найруулагч байсан тухай нь ярих хүн цөөнгүй. Хамтран мөр зэрэгцэн ажиллаж байсан найзууд, уран бүтээлчдийн ярьж байгаагаар их зөөлөн мөртлөө чанга, чамбай найруулагч байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, уран бүтээлчдээ их сайн зохион байгуулж, чиглүүлж, зөвлөж, түшиж, тулдаг байсан аж. Түүнээс захирч, зандарч, тушааж байгаагүй байна. Түүний байгуулсан Радио, телевизийн сургууль өнөөдөр өргөжин тэлж, сэтгүүл зүй болон кино урлагийн салбарт мэргэжлийн арми бэлтгэдэг томоохон сургууль болсон.Мөн найруулагчийнхаа хувьд тэр урлагт цэцгийн мандал шиг дэлгэр хүн байжээ.  Түүний хамгийн сайн найз, тэгэхдээ өөрөөс нь ес дүү болох  Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргалаас “Б.Бадрууган гуай одоо байсан бол ямар хүн байх байсан бол”  гэж асуухад тэрбээр “Цэцгийн мандал шиг тийм дэлгэр хүн болохоор ямар ч цаг үед юу ч хийхэд бэлэн, илүү ч ихийг хийх байсан” гэсэн. Гэхдээ XX зуун түүнд илүү зохисон болов уу гэж сэтгүүлчийнхээ хувьд харсан юм.

    Тэр өөрөө ч “Тийм ээ, би он цагаа олж төрсөн” гэх ч байсан байх. Өөрөөр хэлбэл, өөрийгөө олон талаар хөгжүүлж, баяжуулсан нэгэн тэр яах аргагүй мөн. МҮОНРТ-д багаасаа ажиллаж, бүтээхийн замдаа ороод эхэлчихсэн залуухан найруулагч, дарга байсан. Залуу хүн гэлтгүй зарчимтай, туршлагатай, мөнхүү мэдрэмжтэй байсныг нь хамт ажиллаж байсан бүхэн хэлдэг. 

     Түүний найруулсан дэлгэцийн уран бүтээлийн анхдагч нь "Төрийн сүлд минь өршөө", "Ертөнцийн сүүлчийн чулуу", "Шинэ үсгийн багш" зэрэг бүтээл. Ууган найруулагчийнхаа хувьд ихэд мэдрэмжтэй, мөнхүү гоо зүй, агуулгыг чухалчилдаг байсныг телевизийн салбарт дөрөө харшуулж явсан нөхөд нь ярьдаг.  Харин дэлгэцийн оргил бүтээл нь Д.Намдаг зохиолчийн “Цаг төрийн үймээн” романаас сэдэвлэсэн “Төрийн сүлд өршөө” кино.  Дэлгэцийн олон бүтээл найруулахаас гадна “Тууврын замд” болон “Тунгалаг тамир” кинонд дүр бүтээсэн байдаг.

 

-ТҮҮНИЙ ҮЛДЭЭСЭН “БАДРУУГАНУУД”-

          Найруулагч, хөгжмийн зохиолч Б.Бадрууган гурван хүүтэй. Түүний том хүү  бидний эчнээ танил хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун. Тэрбээр аавынхаа тухай “Аав минь байхад миний дээр нэг тийм дулаахан нөмөр түшиг байдаг байсан. Аавыг өнгөрөхөд, миний дээр бүх зүйл нурж, онгойж, хүйтнээр салхилж байсан” хэмээн хэвлэлд ярьсан байдаг. Үнэхээр ч аав нь том нөмөр байсан нь гарцаагүй. Гэхдээ одоо бол ааваасаа дутахгүй чамбай уран бүтээлч болж, урлагт аавынхаа дуунаас сэргээн дуулж, ямартай ч уран бүтээлийнх нь голыг ширгээхгүй, галыг нь бөхөөхгүй авч яваа. Аавынхаа дуунаас дуулаад тавьсан бичлэгийг нь үзэхэд Б.Бадрууган гэж ийм л эрхэм байсан болов уу гэж эрхгүй  бодогддог. Харин түүний дараагийн хүү нь Б.Мөнгэрэл Англи Улсад дуу бичлэг, инженерийн мэргэжлээр төгссөн, мэргэжлээрээ ажиллаж байгаа гэдэг ч төдийлөн чимээгүй оршигч нэгэн. Бага хүү Б.Гийгүүлэн нь Оюутолгой компанийн Хамтын ажиллагаа, мэдээлэл харилцааны газарт мэргэжлийнхээ дагуу ажилладаг.

     Ингээд харахаар түүний үлдээсэн “Бадрууган” тус бүрдээ л аавынхаа авьяас билиг, оюун ухаан, хөдөлмөрийг үргэлжлүүлж яваа аж. Түүний хүү Гийгүүлэн “Ааваас надад хүн инээлгэх зан чанар нь л өвлөгдсөн юм уу гэж боддог. Түүнээс эрдэм мэдлэг нь бага заяасан байх” гэж ярьсан байдаг. Тэгэхээр хүүхдүүд нь цөм л урлагт аавыгаа үргэлжлүүлсээр яваа аж.

     Ийм л нэгэн уран бүтээлч ерээд онд бүтээлээ туурвиж, айл бүрийн аялгуу эгшгийн хуурцагт дуу, хөгжим нь эгшиглэж, Монголын урлагийн нэгэн “сайн хүү” байж, урсгал дөлгөөн ааш, дотоод авьяас билиг, онцгой содон хошин мэдрэмжээрээ "эгшиглэж" явжээ. Яг одоо би түүний “Уяхан хорвоон хань” дууг сонсож байна. Тэр дуулсан дуу шигээ энгийн мөртлөө хүний сэтгэлийг тэмтэрдэг байжээ.

 


УРЛАГТ ТЭР УУГАН ХҮҮ НЬ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-05 04:43:39
    MONGOLIA NEWS: Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: [email protected] Whatsapp дугаар: +19099134258
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-28 02:41:30
    Пунцаг Мишиг: Дөнгөж сая 2022.09.27 ны МNB ээр Бадарууганы тухай ямар гоё гэгээн нэвтрүүлэг үзвээ.Тэр эгэл хүн биш гайхамшигтай сайхан хүн байжээ.Түүний боловсрол,мэдлэг,чадвар,авьяас, харилцааны соёл,хүнлэг чанар,Эх орон ард түмнийхээ төлөөх зүтгэл гээд тоолж баршгүй олон сайхан чанарууд үнэхээр гайхмаар,бахархмаар. Энэ сайхан нэвтрүүлгийг ахин давтан давтан гаргаж хүмүүст хүргэж баймаар... Түүний үр хүүхэд ,хөөрхий ээжид нь хандаж ямар сайхан хүүтэй,хүүхдүүдэд нь алт шиг аавтай юм байна гэж баяр хүргэe. МNB болон нэвтрүүлэгт оролцсон бүх хүмүүст маш их баярлалаа.Гүрбазар,Зол жаргал,Ёолк,Жанцанноров,Цогоо гуай бусад дурсамжаа ярьсан бүх хүмүүст их баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-02 02:00:12
    Иргэн: Ууганы тухай Золжаргалын дурсамж их сонирхолтой, хөгжилтэй. Гэхдээ үүнийг бичсэн хүнд баярлалаа. Мартах ёсгүй хүмүүс гэж бдаг. Өөрсдөө угаасаа мартагдахгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-07-02 01:56:38
    Зочин: Тэр үеийн залуус бүгд мэднэ ээ. Дууг нь маш их сонсдог, хүндэлдэг бсан. 3 үеэрээ урлагийн том хүмүүс. Наранзун ч мундаг. Энд нэг нөхөр бичжээ. Чамд таалагдах албагүй, чамд таалагдаагүй бол муу хүн бдаг юм биш, зүгээр л чамаас өөр хүн...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 17:26:46
    дээдээ: Бидний мэдэхээр 3 үеэрээ монголын урлагт гялалзаж байсан байгаа одод мөн болой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 16:30:55
    Зочин: Наранзул аавынхаа чигчий хуруунд хүрэхээргүй бүдүүлэг. Огтоос сэтгэлд хүрдэггүй нь сонин. Би Уугантай нь өч төчнөөн ярьж хөөрөлдөж байлаа, хурц хошин мэдрэмжтэй, сайхан хүн байлаа. Харин хүүтэй нь нэг л удаа хальт үг солих төдий л гутсан. ... Ийм сайхан хүмүүний үр гэж...Ум амгалан оршиг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 16:21:44
    Say: Бадар-Ууган биш Бадрууган шүү. Хүний нэрийг зөв бичээрэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 15:57:05
    Батхуяг: Сайхан хүн байжээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 14:59:05
    Алтанцэцэг : Дахин давтагдашгүй од. Радио телевизийн сургуулийг Б,Бадрууганы нэрэмжит болгоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 14:59:03
    Алтанцэцэг : Дахин давтагдашгүй од. Радио телевизийн сургуулийг Б,Бадрууганы нэрэмжит болгоосой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-28 10:51:01
    zochin: ergeed sangalzaad goe umaa ,bugded n eruul enchiig chusen erooe
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188