• Өнөөдөр 2026-05-26

ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ЗАСАГ НОЁНЫ СЭНТИЙД ДЭВШИГЧ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ

2026-05-26,   164

         Сүүлийн хоёр Хотын дарга буюу Д.Сумъяабазар, Х.Нямбаатар хоёр тендерийн хулгайгаас болж унасан. Хэрвээ шинэ Хотын дарга тендерийн хулгайчидтай холбоо хамаарал, халаас нэгтэй бол төд удахгүй унана л гэсэн үг. Угаас унах нүхийг нь тендерийн хулгайчид нь ухаад өгчихнө. Тэгэхээр Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагвын МАН-ын Цагаан байрнаас гарч үзээгүй шахуу “шалдан” намтраас илүүтэйгээр, тендерийн хулгайчидтай холбоотой эсэх нь нийслэлчүүдэд илүү чухал байх болов уу. 
 
        Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва “К-50” гэх оймс, пүүзний дэлгүүр ажиллуулдаг, ондоо бизнесгүй мэдүүлдэг. Тиймдээ ч тендерийн хулгайчдаас хол, нэр, мөр цэвэр гэж МАН-ынхан түүнийг сурталчилж буй. Гэхдээ баримт эсрэг зүгт зааж байна. 
 
Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагвын эхнэр нь “Арвижих бүл” ХХК-ийн эзэмшлийн “Арвижих бүл” эмийн санг ажиллуулдаг. “Арвижих бүл” ХХК-ийг нь Б.Пүрэвдагвын үеэл Жавхлангийн Цэдэвсүрэн эзэмшдэг. Харин үеэл Ж.Цэдэвсүрэнгийнх нь эхнэр Б.Ундрахбаяр Б.Пүрэвдагвын удирддаг СДМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Товчхондоо, Б.Пүрэвдагва, Ж.Цэдэвсүрэн хоёр хэн, хэнийхээ гэр бүлд халамжтай, халаас нэгтэй үеэлүүд гэдэг нь тодорхой харагдаж буй байх. 
      Тэгвэл Б.Пүрэвдагвын үеэл Ж.Цэдэвсүрэн нь 2024 оны тавдугаар сараас эхлэн Б.Пүрэвдагвын найз Сүхбаатарын Баттулгатай “Мэйжик транзит” ХХК-ийг хамтран эзэмшдэг болсон. Б.Пүрэвдагва, С.Баттулга хоёр Австралийн Нью-Кестлийн их сургуулийг төгсөцгөөсөн, өдгөө Б.Пүрэвдагвыг Хотын дарга болох гэж буйг сошиалд хамгийн ихээр сайрхан сурталчилж буй хүн нь С.Баттулга гэдгийг дурдах нь зүйтэй. 
         Ийнхүү 2024 оны тавдугаар сараас “Мэйжик транзит” ХХК-ийг хамтран эзэмшдэг болсон Б.Пүрэвдагвын үеэл Ж.Цэдэвсүрэн, найз С.Баттулга хоёр 2024 оны есдүгээр сард гүйцэтгэх захирлаараа З.Бат-Эрдэнэ гэгчийг томилж, улмаар 2025 оноос “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн тээврийн тендерүүдийг хуу хамдаг болсон. 
 
Тухайлбал, “Мэйжик транзит” ХХК нь 2025 онд
 
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Богино зайн тээврийн 3.7 тэрбум төгрөгийн тендер
 
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Экспортын бүтээгдэхүүний авто тээврийн 1.6 тэрбум төгрөгийн тендер
 
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Баяжмал тээврийн 148 сая төгрөгийн тендерт шалгарсан. 
 
Харин 2026 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Богино зайн тээврийн 4.3 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан. Тэгэхээр “Мэйжик транзит” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас 9.7 тэрбум төгрөгийн тендер салгаж авсан гэсэн үг. 
       Тэгвэл Б.Пүрэвдагвын үеэл Ж.Цэдэвсүрэн, найз С.Баттулга хоёр яагаад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг сонгож тендерийг нь авах болов гэдэг асуулт гарч ирнэ. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 2024 оноос хойш Б.Чагнаадорж, Б.Оргил гэх хоёр залуу толгойлж ирсэн. Хэн, хэн нь Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагвын удирддаг СДМЗХ-той холбогдоно. Тухайлбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржийн тухайд, СДМЗХ-ны Дэд ерөнхийлөгч асан Л.Дашдэмбэрэлийн удирддаг СДМЗХ-ны дэргэдэх “Yes mongolia” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийн хуралд оролцож харагддаг.
Харин “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Стратеги бизнес хөгжлийн газрын захирал Б.Оргилын тухайд СДМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын тамгыг Б.Пүрэвдагваас гардан авч байсан найз нь. Ингэж харвал, Б.Пүрэвдагва СДМЗХ-ны Ерөнхийлөгчийн нэр, нөлөөгөө ашиглан үеэл Ж.Цэдэвсүрэн, найз С.Баттулга хоёрынхоо “Мэйжик транзит” ХХК-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас 9.7 тэрбум төгрөгийн тендер өгүүлсэн байж болзошгүй хардлага гарч ирж байгаа юм. 
Тайлбар: "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн Стратеги бизнес хөгжлийн газрын захирал, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Оргил,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-аас 9.7 тэрбумын тендер авсан Ж.Цэдэвсүрэнгийн эхнэр Б.Ундрахбаяр,
СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва
Сонирхуулахад, “Мэйжик транзит” ХХК нь энэ онд “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн нүүрсийг тээвэрлэх тендерт шалгарсан. Мөн нүүрс тээврийн замд байх Цагаан хад суурьшлын бүсэд худалдаа, үйлчилгээний 0.8 км авто зам тавих 1.4 тэрбум төгрөгийн тендерт ч шалгарчээ. Тендерийн цар хүрээ нь улам тэлсээр байна гэсэн үг. 
 
        Нэгтгэвэл, Хотын даргад нэр дэвшигч Б.Пүрэвдагва удирдаж буй СДМЗХ гэх залуучуудын холбоогоо тендерийн хулгайчдын “холбоо” болгон ашиглаж байж мэдэх дүр зураг гарч ирж байна.  Хэрвээ хууль хяналтынхан дээрх сэжүүрийг нягталж шалгахгүй бол Хотын дарга болсных нь дараа энэ схем илүү томрох л болов уу. 
 

ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНООС ЗАСАГ НОЁНЫ СЭНТИЙД ДЭВШИГЧ Б.ПҮРЭВДАГВА ГЭЖ ХЭН БЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188