• Өнөөдөр 2025-09-22

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-Д ВАГОН ТҮРЭЭСЭЛЖ, ЖИЛД 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛЖ БАЙГАА ЮУ

2025-09-22,   82

     Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэд хоногийн өмнө “Хуц” гэсэн хараалын үгэндээ “гэмшиж” анх удаа шахуу ярилцлаганд орсон. Ярилцлагынхаа үеэр олон нийтээс уучлал гуйхын сацуу “Намайг хулгай хийдэггүй болхоор энэ албан тушаалд томилсон байх. Тэгээд ч Зам, тээврийн сайдаар томилогдоход Ерөнхийлөгч надад “Аятайхан байгаарай” гэж захисан. Ашиг сонирхлын зөрчил надад байхгүй. Хариуцсан ажлаа л хийж байгаа” гэж уянгалсан. 
 
Тэгвэл үнэндээ хувьдаа 3000 гаруй вагонтой Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан эрх мэдлээ ашиглан вагонуудаа төрд түрээсэлж, хэдэн арван тэрбум төгрөгийн цэвэр ашиг хүртэж байж болзошгүй баримтууд байна. Уг нь Ерөнхийлөгч түүнд “Хулгай хийхгүй аятайхан байгаарай” гэж захисан ч тэр тэвчээгүй бололтой юм. 
 
       Тухайлбал, Зам,  тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2024 оны наймдугаар сарын 1-нд А/160 дугаартай тушаал гаргаж, 2024.09.01-нээс 2026.09.01 хүртэл онд буюу хоёр жилийн хугацаанд гадаадаас түрээсийн вагон оруулж ирэхийг хориглосон. Өөрөөр бол, өмнө нь компаниуд Орос, Хятадаас вагон түрээсэлж оруулж ирээд, төрийн өмчит компаниудад дамлан түрээсэлж ашиг олдог байсныг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ийнхүү хоёр жилийн хугацаагаар зогсоосон байдаг. Гадаадаас түрээсийн вагон оруулж ирэхийг хориглосноороо Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өөрийн 3000 гаруй вагоны эрэлтийг нэмэгдүүлж, үнийг нь өсгөж, өрсөлдөгчгүй болсон гэсэн үг. 
Тайлбар: Тушаалын 2-р хэсэг, Түрээсийн вагоныг хориглох тухай
 
      Энэ шийдвэрээс сарын дараа 2024 оны есдүгээр сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас Ачааны хагас вагон түрээслэх зургаан багц бүхий 19.2 тэрбум төгрөгийн тендер зарласан. Үүний 13.6 тэрбум төгрөгийн дөрвөн багцад нь “Аксис оф ворлд” ХХК шалгарсан. Ингэснээр “Аксис оф ворлд” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 13.6 тэрбум төгрөгөөр ачааны 300 ширхэг вагон түрээслүүлэхээр болж гэрээ байгуулсан байгаа юм.  
 
Энэ оны тавдугаар сард “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-аас дахиад Ачааны хагас вагон түрээслэх долоон багц бүхий 72 тэрбум төгрөгийн тендер зарласан. Үүний 31.9 тэрбум төгрөгийн дөрвөн багцад нь мөн л “Аксис оф ворлд” ХХК шалгарч, 350 ширхэг ачааны вагон түрээслүүлэхээр гэрээ байгуулсан байгаа юм.  Ингэснээр “Аксис оф ворлд” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д хоёр жил дараалан 45,5 тэрбум төгрөгөөр 650 ширхэг ачааны вагон түрээслээд байна гэсэн үг.
 
      Хамгийн ноцтой нь, “Аксис оф ворлд” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д 45.5 тэрбум төгрөгөөр түрээслүүлж буй ачааны хагас вагонуудын эзэмшигч нь “Монголиан транс ложистик” ХХК ажээ. “Аксис оф ворлд” ХХК нь “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн вагонуудыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д тендерээр дамжуулан түрээслүүлж буйгаа албан бичгээр нотолсныг доорх баримтаас харж болно. 
Тайлбар: "Аксис оф ворлд" ХХК нь халхавч\зуучлагч буюу ачааны вагоны жинхэнэ түрээслүүлэгч нь "Монголиан транс ложистик" ХХК болохыг баталсан баримт
     Харин “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэн нь Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан. Түүний “Монголиан транс ложистик” ХХК-ийн захирлаар “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийнх нь Дэд захирал Мяхлайн Сүхбаатар ажилладаг. М.Сүхбаатар нь Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр ерөө гол” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК-иудыг удирдахын сацуу албан бус зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг. Хагас сарын өмнө Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо М.Сүхбаатарыг дагуулж очсоныг доорх баримтаас харж болно. 
Тайлбар: Б.Дэлгэрсайхан, М.Сүхбаатарын хамт, 2025.09.05, ОХУ
Нэгтгэвэл, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан эрх мэдлээ ашиглан өөрийн “Монголиан транс ложистик” ХХК-ийн эзэмшлийн 650 ширхэг ачааны вагоныг “Аксис оф ворлд” ХХК-аар дамжуулан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-д түрээсэлж, 45.5 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хүртсэн байж болзошгүй байна. 
 

ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ТӨХК-Д ВАГОН ТҮРЭЭСЭЛЖ, ЖИЛД 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АШИГ ОЛЖ БАЙГАА ЮУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188