• Өнөөдөр 2025-11-16

ТЭМЦЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ҮНЭ ЦЭНЭЭР ИРСЭН ДЭЛХИЙН МЕДАЛЬ

2025-09-22,   986

Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Пүрэвдоржийн Орхон үнэхээр л “Бөмбөрцөгийн бөх” дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аваргуудыг нэг мөнөөс мөн юм байна аа. Дов болж хавдаж хөхөрсөн нүд, духтайгаар 2025 оны ДАШТ-ий хүрэл медалийн финалд гарч барилдлаа. Үзэгчдэд ил харагдаж байсан гэмтэл нь л тэр. Далд ямар гэмтэл, бэртэлтэй, сэтгэлийн ямар шаналал, дарамттай байсныг нь мэдэхгүй. Тамирчин хүний зовлон, бэрхшээл, саад тотгорыг тэрбээр туулан Монгол бүсгүйчүүдийн тэсвэр, хатуужил, тэвчээрийг харууллаа.

      Түүний барилдааныг сэтгэл догдлон, хөөрч, зүрх шимшрэн, нулимс дуслуулан, огшиж, омогшин байж үзлээ. Нигерийн 23 настай Африк тивийн гурван удаагийн аварга, “U23” ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Эстер Омолаёо Колаволи , П.Орхоны хавдсан нүдийг мэдсээр байж санаатайгаар мөргөж, нүд рүү нь хуруугаа хүртэл хийж үзлээ. Эстер Омолаёо Колаволи дэлхийн аваргын хүрэл медаль хүртэхийн тулд хазахаас бусдыг хийж үзэв. Тэр үнэхээр хүчтэй, бяртай тамирчин юм байна. Харин түүнд өрсөлдөгч бөхөө хайрлах, нинжин сэтгэлийн хэлтэрхий ч байсангүй. Шүүгчид рүү орилж, хашхирч, тамирчин хүний ёс зүйгүй, өөрийгөө удирдах чадваргүй байдлаа харуулав. Тэр барилдааны хяналтаа бүрэн алдаж, сэтгэл зүйгээр манай П.Орхоноос хол дутуу байсан учраас л ялагдлын гашуун амтыг мэдэрлээ.

     П.Орхон хэт яарч, сөрөг довтолгоон хийх гэж байгаад дөрвөн оноогоор шидүүлсэн. Уг нь бол хашир туршлагатай тамирчин хэвтээд хамгаалах ёстой байсан. Түүний ДАШТ-ээс заавал медаль хүртэх ёстой гэсэн хэт яарсан, өөрийн хүчинд дэндүү итгэлтэй байгаа сэтгэл нь түргэдээд л алдаа гаргасан болов уу. Гэхдээ тэрбээр бүрэн хяналтаа алдалгүй, төвлөрч барилдсан учраас ялалтыг авч чадсан.

      Одоогоос найман жилийн өмнө П.Орхон “Парис-2017” ДАШТ-д түрүүлж, дэлхийн аварга болж байлаа. Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхоныг эд амжилт гарган, гялалзаж эхэлсэн, оргил үед нь 2018 оны ДАШТ болохоос хэдхэн сарын өмнө сэргээшийн асуудалтай холбож, хатуу чангаар дөрвөн жилийн хугацаагаар барилдах эрхийг нь хасаж, шийтгэсэн билээ. Түүнийг хорлосон хүмүүс П.Орхоныг чөлөөт бөхөөр дахин барилдахгүй болгох гэхдээ хориглосон бодисын жагсаалтад багтсан “Станозолол” хэмээх бодис хэрэглэсэн байдаг.  Олимпын дөрвөн жилийн циклийн хугацаанд П.Орхоныг зодог тайлна, эсвэл амжилт нь буураад чөлөөт бөхөөс үүрд холдоно гэж тооцоолсон байх л даа.

      Дэлхийн аварга болсон бөх, хурд, хүч, техник , ур чадвар нь эд жигдэрч явах үедээ өөрийгөө хорлоно гэж байхгүй. 2018 оны ДАШТ болохоос зургаан сарын өмнө, 2020 оны олимпын наадам ойртсон үед сэргээшийн төрлийн бодис хэрэглэж, өөрийгөө хорлон, золиосонд гаргана гэж үү. Хэн нэгэн түүний шинжилгээний дээжинд эсвэл хоол, унданд нь  хориотой эм бэлдмэл, бодис хийсэн байх магадлал өндөр бий.  Энэ л үнэнд арай ойртох байх. Цаг хугацаа бүхнийг шүүж, үнэнийг тодоруулна гэдэгт л итгэж найдна.

    Чилийсэн урт дөрвөн жилийн шийтгэлийн хугацааг П.Орхон туулаад л даваад гарсан. Түүн руу чиглэсэн дайралт, гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрсэн. Тэр бүхэнд П.Орхон халирч, шантран мохож, хугарч, нураагүй үлдсэн. Сэтгэлийн хат, тэсвэр, тэвчээрийн хүчээр бүхнийг даван туулан гарч чадсан. Олон хүн П.Орхоны эргэн ирэлтэд эргэлзэж байлаа. Оргил амжилт гаргах залуу нас нь өнгөрсөн, зодог тайлах болчихсон тамирчин, дөрвөн жил барилдаагүй, одоо амжилт гаргахгүй гэж байв.

      Гэтэл П.Орхон бага, багааар боловч амжилтаа ахиулан, бэлтгэлээ чанаржуулан хийсээр “Парис 2024” олимпын наадмын эрхийг авч, баталгаажуулж чадсан. Тэр үүнийгээ дэлхий дахинд нотлон харуулж “Парис-2024” олимпын наадмын хүрэл медалийн төлөө барилдсан. Жаахан аз, ёндоо л дутаж, тавдугаар байрт орсон билээ. Олимпын эрхийг хүссэн, санасан хэн дуртай тамирчин санасны зоргоор авдаггүй. П.Орхон өөрийн нөөц боломж, ур чадвартай итгэлтэй байсан.

     “Парис-2024” олимпын дараа өмнөхөөсөө илүү хат сууж, хатуужсан туршлагатай П.Орхон болон эргэн ирж “Загреб-2025” ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Би хувьдаа П.Орхоныг сэргээшийн эм, бэлдмэл хэрэглэсэн гэдэгт одоо хүртэл итгэдэггүй. Монголын чөлөөт бөхийн холбооны хуучин удирдлагууд болон Алдар” спорт хорооны дасгалжуулагчдын хоорондын таарамжгүй харилцааны золиос нь П.Орхон болсон байх магадлал өндөр  бий.

       П.Орхон “Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын 62 кг-ын жинд бүх өрсөлдөгчөө илт илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон. Азийн наадмын аварга болохдоо Киргизийн бөх Айсулуу Тыныбековаг ялж байлаа. 2017 оны Парисын ДАШТ-д мөн л түүнийг илүүрхэн ялсан. П.Орхоныг шийтгэл хүлээсэн дөрвөн жилийн хугацаанд Киргизийн бөх Айсулуу Тыныбекова “Нурсултан-2019”, “Осло-2021”, “Белгиград-2023” ДАШТ-д түрүүлж, “Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж чадсан. Хэрэв П.Орхон допингийн хоригт ороогүй байсан бол Айсулуу Тыныбекова энэ бүх амжилтыг гаргаж чадах  байсан гэдэг нь эргэлзээтэй. Хэн хохирч, хэн хожсон бэ гэдгийг шүүн тунгаан бодоорой. П.Орхоныг мандаж явах үед нь магтаалын “цаасан малгай” өмсүүлэгч олон байв. Харин дэвжээнд гарах эрхгүй шийтгүүлсэн үед нь гутаан доромжлогчид олширсон билээ.

      “Загреб-2025” ДАШТ-ий өмнө П.Орхоны “Ор хөнжил”-ийг сөхөх гэж оролдсон. Сошиалаар гутаан доромжилсон дайралтууд, сэвэлтүүд эхэлсэн. Гэвч тэр бүхнийг П.Орхон үл тоон дэлхийн  өндөр зэрэглэлийн ур чадвартай, дэлхийн аварга гэдгээ нотлон харуулж ДАШТ-ээс хоёр дахь медалиа авч чадлаа. Түүнд амжилт гаргахад допинг ямар ч хэрэг байгаагүй гэдгийг дэлхий дахинд харууллаа.

      2017 оноос хойш түүний зүрх сэтгэл, “Шархтай”, шаналтай явсан нь ойлгомжтой. Найман жилийн чилийсэн урт хугацааны дараа ДАШТ-ээс дахин медаль хүртэж, дэлхийн бөх гэдгээ батлав. Зодог тайлах насан дээрээ дэлхийн аваргаас медаль хүртэж чадна гэдэг онцгой төрсөн, авьяас чадвартай, бөмбөрцөгийн бөхчүүдийн гаргадаг амжилт билээ. П.Орхон бусдын буруу бодолд бүдчилгүй, гүтгэлэг, дайралт, ховын үг, хардлагын дундуур туучиж, дахин дэлхийн аваргаас медаль авчирлаа. Тэр үнэхээр бөмбөрцөгийн шилдэг бөх мөнөөс мөн гэдгээ дахин нотлон харуулав. П.Орхоныг оролдох хэрэггүй, ховын муу үгээр гүтгэж, доромжлолгүй зүгээр л зөнгөөр нь сайхан аваргаа хайрлая.

 

 


 

 


ТЭМЦЭЛ, ТЭВЧЭЭРИЙН ҮНЭ ЦЭНЭЭР ИРСЭН ДЭЛХИЙН МЕДАЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-30 14:41:11
    Цэвэгмид Кореа: Их л зовлон туулж байж энд хүрчээ. Ядуу тарчигаасаа болж 2018 онд Японд болсон тэмцээний үеэр Спорт барааны дэлгүүрээс хувцас хулгай хийж баригдаад монголчуудыг нүүрээ хийх газаргүй болгосон гэж спорт хорооны том дарга настай багш 2 толгой сэгсрэн ярьж байж билээ. Уг нь 2017 онд дэлхийн аварга болоод зөндөө шагнал байр машин авсан хүн. Юу дутлаа гэж гээд спонсорлодог ах мөн шогширч байж. Допингийг бол 2015 оны сүүлээс эхлэн хэрэглэсэн гэдгийг нь бөхийн хүрээнийхэн бүгд мэддэг юм байна лээ. Тэгээд илэрч баригдмагцаа О. Насанбурмаа, А. Батцэцэг, С. Батцэцэг, Б. Батбаяр гээд хүн бүр лүү дайрч намайг хорлочихлоо гэж хохирогчийн дүрээр өрөвдүүлсэн гэдэг. Үнэн хэрэгтээ Цогтбаяр Хосбаяр 2 багш нь Энхтөр гэх хүчний багштай хамтарч системтэйгээр хэрэглүүлсэн бөгөөд допинг илэрсний дараа Энхтөрийг дарамтласаар байгаад өнөөх нь архи ууж яваад үхсэн. Хорлогдсон гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан хэрэг нь Энхтөрийгинас барсны дараа хаагдсан. Хэрэв Бөхчүүд дотроосоо хорлосон бол уг хэрэг хаагдах уу? Ав адилхан бэлтгэл хийгээд байхад Орхон Лхамгармаа 2 л ийм аймаар хүчтэй булчинтай болоод байх юм гэж нэг багийн гишүүн нь гомдоллож явсан байдаг. Содномдоржтой байнга Солонгос явж казино тоглодог гэдгийг нь Со д байдаг монголчууд бид нар мэднээ. Бүр эрээ цээрээ алдсан хүмүүс байна лээ. Сошиалд л нээх ариун зовж зүдэрсэн хавчигдсан гэж бичээд байдаг болохоос хулгайч допингчин гэр бүл үймүүлэгч есөн шид нь бүрдсэн шулам юм бишүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-24 20:34:08
    1: Durandaa sergeesh hereglecees bi medehgvi gej hutsna. Joohon amjilt vzvvlsenee hamag amjiltiin bvteeltssen nuhruu hayj ywna. Ailiin 5 hvvhed uncrvvlne. Yag vnendee orhon toohgi bhad yu gej ailiin 5 hvvhed hagas uncruud vldehweedee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-23 22:55:02
    zochin: Хужаа батбаяр л хорлосон ш дээ өөр хэн гэж тэр л үүнийг хийсэн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-23 21:03:46
    б: дуртайгаараа сэтгүүлч нь бичээч нь хайрлаач дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-23 21:02:47
    я: за хуцаач дээ... 5 хүүхэд өнчрүүлэх нь зөвүү?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-22 13:21:05
    Зочин: Сайхан монгол аварга бүсгүйгээр бахархаж байна.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188