• Өнөөдөр 2025-05-05

ТАНИЛЦ: ЭНЭ ОНД ХАМГИЙН ОЛОН ХЯТАД АЖИЛЧИН ОРУУЛЖ ИРСЭН КОМПАНИУДЫН ЭЗЭД

2025-01-14,   2732

  Засгийн газар ирэх оноос 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхийн тулд ажилчид хэрэгтэй. Ажилчдынхаа ихэнхийг гадаадаас, тэр тусмаа Хятадаас авна. Иймд Засгийн газрын “даалгавар”-аар Л.Энх-Амгалан, П.Сайнзориг тэргүүтэй түшээд гадаад ажилчдыг квотгүй оруулж ирэх, орж ирснийх нь дараа ажлын байрны төлбөр авахгүй байх хоёр үндсэн агуулгатай хоёр хууль УИХ-д өргөн барьсан. Улмаар сошиал сүлжээнд ч, саарал ордонд ч “Гадаад ажилчдын квотыг чөлөөлж, Хятадуудыг хэдэн мянгаар нь оруулж ирэх гэж байна”, “Хятад ажилчид оруулж ирдэг хэдхэн компанийн захиалгаар гадаад ажилчдын ажлын байрны төлбөрийг бүрэн чөлөөлөх гэж байна” гэх хоёр өнцөгтэй эсэргүүцэл дэгдсэн. Долоо хоног дамнан үргэлжилж буй Монгол, Хятадаараа хуваагдсан хэрүүлийн эхлэл, өрнөл, гол агуулга нь товчондоо ийм. 

Тэгвэл Засгийн газрын зүтгүүлж буй “Гадаад ажилчдыг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” заалт гадаадаас, тэр тусмаа Хятадаас ажилчид оруулж ирдэг компаниудад ямар ашигтайг, бас өнгөрсөн хугацаанд гадаад ажилчдынхаа ажлын байрны төлбөрийг төрөөр чөлөөлүүлж ирсэн компаниудын эздийг танилцуулахаар бэлтгэлээ. 

     Эхэнд нь, Ажлын байрны төлбөр гэж юу вэ, гэдгийг тайлбарлъя. Товчоор бол, аливаа компани гадаадаас ажилчин авчран ажиллуулж, ашиг олсныхоо төлөө улсад төлж байгаа төлбөр юм. Энэ төлбөрийг гадаад ажилчин биш, оруулж ирсэн компани нь төлөх ёстой. Нэг гадаад ажилчинд ногдох ажлын байрны сарын төлбөр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх хуультай. Тухайлбал, манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгаа. Тэгэхээр нэг гадаад ажилчны ажлын байрны сарын төлбөр нь 1.320.000 төгрөг гэсэн үг. Энэ мөнгө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хуримтлагдаж, цаашаа ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулагдах зохицуулалттай. Жишээ нь, 500 хятад ажилчин оруулж ирсэн компани ажлын байрны төлбөрт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд сард 660 сая төгрөг, жилд 7.9 тэрбум төгрөг тушаах ёстой гэсэн үг. 
 
    Тэгвэл Засгийн газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” 477 дугаартай тогтоол,  2024 оны есдүгээр сарын 4-нд “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай” 68 дугаартай тогтоолыг тус тус гаргаж, 2024 онд нийт 56 компанийн 13383 гадаад ажилчныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн байна. Ихэнх нь хятадууд гэдгийг нурших илүүц биз. Гол асуудал нь, Засгийн газрын тогтоолоор энэ онд хамгийн олон гадаад ажилчны төлбөрөөс чөлөөлөгдөж чадсан компаниуд нь өнөөх л улс төр, бизнесийн томчуудын компаниуд байгаа юм. Оруулж ирсэн гадаад ажилчдынх нь тоо болон чөлөөлөгдсөн мөнгөн дүнгээр нь жагсааж танилцуулъя. 
 
1. “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн Төв аймгийн Баянжаргалан суманд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн 300МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг хийхээр БНХАУ-ын “Синостеел тоног төхөөрөмж монгол” ХХК-ийн нэр дээр 240, “Чайна энержи инженеринг групп анхуй электрик повер констракшн хоёрдугаар инженеринг” ХХК-ийн нэр дээр 630, “Хэнань шинь жян юань барилга инженеринг” ХХК-ийн нэр дээр 660, “Ди Эйч Би” ХХК-ийн нэр дээр 250 буюу нийт 1780 гадаад ажилчин орж ирсэн. Энэхүү төслийг захиалагч, хэрэгжүүлэгч “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн эцсийн өмчлөгч буюу эзэн нь “Голомт”-ын Д.Баясгалан. Хэрвээ чөлөөлөөгүй бол дээрх 1780 гадаад ажилчны ажлын байрны сарын төлбөрт 2.3 тэрбум төгрөг, жилд 28.1 тэрбум төгрөг төлөх байсан. 
 
2. “Монголын алт МАК” ХХК 800 гадаад ажилчныг Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгүүлэхээр оруулж ирсэн. “Монголын алт МАК” ХХК-ийн эцсийн өмчлөгч буюу эзэн нь Б.Нямтайшир. Хэрвээ чөлөөлөгдөөгүй бол сард 1.0 тэрбум төгрөг, жилд 12.6 тэрбум төгрөг төлөх байсан. 
 
3. “Болд төмөр ерөө гол” ХХК 700 гадаад ажилчныг Дорноговь аймгийн Сайншанд суманд нүүрс баяжуулах үйлдвэр, коксын үйлдвэр, хорголжин төмрийн үйлдвэр, ширэмний үйлдвэрийг тус тус бариулахаар оруулж ирсэн. “Болдтөмөр ерөө гол” ХХК-ийн эзэн нь УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан. Хэрвээ чөлөөлөгдөөгүй бол сард 924 сая төгрөг, жилд 11.0 тэрбум төгрөг төлөх байсан. 
 
4. “Тосон энержи” ХХК 400 гадаад ажилчныг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг хийлгэхээр оруулж ирсэн. “Тосон энержи” ХХК-ийн эцсийн өмчлөгч буюу эзэн нь УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг. Хэрвээ чөлөөлөгдөөгүй бол сард 528 сая төгрөг, жилд 6.3 тэрбум төгрөг төлөх байсан. 
 
5. “Си Өү Эй Эл” ХХК 350 гадаад ажилчныг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт “Гэрэлт говь” нэртэй үйлдвэрлэл, технологийн паркын нүүрс баяжлуулах үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хийлгэхээр оруулж ирсэн. “Си Өү Эй Эл” ХХК-ийн эцсийн өмчлөгч буюу эзэн нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн төрсөн дүү Баттогтохын Балдорж. Сард 462 сая, жилд 5.5 тэрбум төгрөг төлөх байсан. 
 
6. “Цэцэнс майнинг энд энержи” ХХК 100 гадаад ажилчныг Бөөрөлжүүтийн 300 МВт-ын дулааны станцын барилгын ажилд оролцуулахаар оруулж ирсэн. “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн эзэн нь дээр дурдсанчлан “Голомт”-ын Д.Баясгалан. Хэрвээ чөлөөлөгдөөгүй бол сард 132 сая төгрөг, жилд 1.5 тэрбум төгрөг төлөх байсан. 
 
7. “МАК цемент” ХХК 85 гадаад ажилчныг Задгай цемент борлуулах зориулалттай агуулах бариулахаар оруулж ирсэн. “МАК цемент” ХХК-ийн эзэн нь Б.Нямтайшир. Хэрвээ чөлөөлөгдөөгүй бол сард 112 сая төгрөг, жилд 1.3  тэрбум төгрөг төлөх байсан.
 
8. “Ханги эко логистик” ХХК-ийн 80 ажилчин. Ханги боомтод автомат удирдлагатай AGV болон дүүжин тээвэрлэлтийн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгүүлэхээр оруулж ирсэн. “Ханги эко логистик” ХХК-ийг “Монголиан транс ложистик” ХХК эзэмшдэг. Харин “Монголын транс ложистик” ХХК-ийн эзэн нь УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан. Хэрвээ чөлөөлөгдөөгүй бол сард 105 сая төгрөг, жилд 1.2 тэрбум төгрөг төлөх байсан. 
 
9. “М Си Эс проперти” ХХК 20, “М Си Эс интернэйшнл” ХХК 50, нийт 70 гадаад ажилчныг Ус гүн цэвэршүүлэх өндөр технологийн үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр бариулахаар оруулж ирсэн. “М Си Эс проперти” ХХК, “М Си Эс интернэйшнл” ХХК-ийн эцсийн өмчлөгч буюу эзэн нь “MCS”-ийн Ж.Оджаргал. 92 сая төгрөг, жилд 1.1 тэрбум төгрөг төлөх байсан. 
 
10. “Монцемент билдинг материалс” ХХК 40 гадаад ажилчныг Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт Цементийн үйлдвэр бариулахаар оруулж ирсэн. “Монцемент билдинг материалс” ХХК-ийн “Монполимет” ХХК эзэмшдэг. Харин “Монполимет” ХХК-ийн эзэн нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав. Хэрвээ чөлөөлөгдөөгүй бол сард 52.8 сая төгрөг, жилд 633 сая төгрөг төлөх байсан. 
 
11. “Монгол чех металл” ХХК 30 гадаад ажилчныг Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орших Чулуут цагаан дэлийн уурхайн баяжуулах үйлдвэрийн туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгүүлэхээр оруулж ирсэн. “Монгол чех металл” ХХК-ийн эзэн нь УИХ-ын гишүүн Д.Батбаярын аав Бичээрэйн Далай. УИХ-ын гишүүн Д.Батбаяр 2016-2024 он хүртэл аавынхаа “Монгол чех металл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан байдаг. Хэрвээ чөлөөлөгдөөгүй бол сард 39 сая төгрөг, жилд 475 сая төгрөг төлөх байсан. 
 
Нэгтгэж харвал, улс төр, бизнесийн томчуудын дээрх компаниуд энэ онд багадаа 475 сая, ихдээ 28 тэрбум төгрөг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөж чаджээ. Ингэснээр энэ мөнгө тухайн компанийн дансанд үлдсэн гэсэн үг. Ийм ч учраас гадаад ажилчдынхаа ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөхийн тулд том компаниуд Засгийн газарт “лобби” хийдэг гэх асуудал үеийн үед яригдаж ирснийг дурдах нь зүйтэй. Эцсийн дүгнэлтийг уншигч та хийх биз ээ. 
 

ТАНИЛЦ: ЭНЭ ОНД ХАМГИЙН ОЛОН ХЯТАД АЖИЛЧИН ОРУУЛЖ ИРСЭН КОМПАНИУДЫН ЭЗЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 14:38:53
    S: UILCHLGE SEXSEER VANXANDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 12:50:02
    бэрх: МОНГОЛЧУУДЫН АЖЛЫН БАЙРЫГ БУЛААЖ ӨГСӨН ХЭН Ч БАЙ ЯЛАА ҮҮРЭХ НЬ ХУУЛЬ ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 12:49:18
    ман: ЭНЭ ИХ ТӨЛБӨРИЙГ ЧӨЛӨӨЛСӨН САЙД НАРТ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ........................................
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 20:52:48
    Зочин: Энэ хэдээс өөр энэ улсад бүтээж босгох хүн байхгүй. Монголчууд нь ийм бүтээн байгуулалтын ажилд оролцож хар бор газар шорооны ажил хийх хүсэл болон чадамжгүй. Бүгд залхуу. Талбай тойрч утсаа маажиж хашгирахаас өөр чадалгүй. Тиймээс энэ компаниуд арга ядаад гаднаас хямд төсөр ажиллах хүчин авч ажиллуулдаг биз. Ажлын байрны төлбөр гэдэг чинь монгол хүн ажиллах боломжтой ажлын байрыг гадны хүнд олгосон бол төлөх төлбөр. Гэтэл ажил хийх хүсэлгүй, залхуучуудын төлөө гаднаас ажилчин гуйж авчирч байж хөдөлмөрийн санд ажлын байрны төлбөр төлөх албагүй. Мөн компаниуд тэр ажилчдад олгосон цалингаасаа НДШ, ХАОАТ ялгаагүй төлсөн байж таарна. Эцэст нь тэр бүх бүтээн байгуулалтын үр шимийг монголчууд өөрсдөө хүртэж амьдарна. Хөлсний ажилчид үүрээд явахгүй. Сэтгүүлчид асуудлыг зөв ялгаж мэдээлэл түгээх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 18:45:43
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 16:21:44
    ЗОЧИН : САЙДЫН ТУШААЛЫГ НЬ БУЛГАНТУЯА ,ЭНХ-АМГАЛАН ГЭЭД БИЧСЭНИЙГ НЬ ТОМРУУЛЖ ХАРУУЛААЧ. ТҮРҮҮЧИЙН ЮМЫГ ЯРЬЖ БАЙХАД ОДООНЫ САЙД НАРЫГ ДУРДААД.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 16:21:44
    ЗОЧИН : САЙДЫН ТУШААЛЫГ НЬ БУЛГАНТУЯА ,ЭНХ-АМГАЛАН ГЭЭД БИЧСЭНИЙГ НЬ ТОМРУУЛЖ ХАРУУЛААЧ. ТҮРҮҮЧИЙН ЮМЫГ ЯРЬЖ БАЙХАД ОДООНЫ САЙД НАРЫГ ДУРДААД.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 16:20:49
    ЗОЧИН : ХЭДХЭН ХҮН БАЯЖААД АРД ОЛОН НИЙТЭЭРЭЭ ГУЙЛГАЧИН ГЭДЭГ ЧИНЬ ЭНЭ ШДЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 16:18:58
    ЗОЧИН : САЙДЫН ТУШААЛЫГ НЬ БУЛГАНТУЯА ,ЭНХ-АМГАЛАН ГЭЭД БИЧСЭНИЙГ НЬ ТОМРУУЛЖ ХАРУУЛААЧ. ТҮРҮҮЧИЙН ЮМЫГ ЯРЬЖ БАЙХАД ОДООНЫ САЙД НАРЫГ ДУРДААД.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 16:16:19
    ЗОЧИН : ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛЖ ӨГСӨН ЗАСГИЙН ГАЗАР НЭН ЯЛАНГУЯА ЯМАР ЕРӨНХИЙ САЙД ЧӨЛӨӨЛСӨНИЙГ НЬ ХЭЛЭЭЧ. БИЗНЕС ХҮН АШГАА БОДОЖ ТӨЛБӨРӨӨ ТӨЛҮҮЛЭХИЙГ Л БОДНО ШДЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 14:57:22
    Ахмад хүн: Бүтээн байгуулалт хийдэг, хийж байгаа компаниуд байна ш дээ. Гадаадаас ажиллах хүч хяналттайгаар оруулах нь зөв, харин төлбөрөөс чөлөөлж болохгүй ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 13:31:01
    Нар: MCS iin 70 ajilchin ged baigaa tusul chin tuw tseverleh baiguulamjiig chin l yanzalj baigaa tusul shde
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188