Төрийн ордонд түшээ болж залраад таван сар болж буй ч хараахан хэлд орж амжаагүй нэг гишүүн байгаа нь УИХ-ын гишүүн Х.Жангабыл. Баян-Өлгий аймгийнхаа шатахууны хэрэглээг 20 гаруй жил дангаараа хангаж, монопол нь ч, магнат нь ч болсон Х.Жангабыл 2022 оноос улс төр сонирхож эхэлсэн. Ер нь ч түрийвч нь түнтийхийн хэрээр Төрийн ордон ойрхон санагдаад эхэлдэг нь манай бизнесийнхний жишиг. Ингээд Х.Жангабыл 2022 онд МАН-д элсэж, улмаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөх болж, 2024 онд УИХ-ын гишүүн болж дөнгөсөн.
Нөгөөтээгүүр, гэр бүлийн том бизнестэй ах, дүү нар нэгийгээ төрд оруулдаг тогтсон жишиг манайд бий. Х.Жангабылын төрсөн ах Н.Бейбитхан Баян-Өлгий аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байгаад энэ жил тэтгэвэртээ суусан. Харин Х.Жангабыл зөрөөд улс төрд орж ирж, улмаар УИХ-д орж ирсэн энэ. Мөн энэ жил Төрийн ордноос тэтгэвэртээ суусан Х.Баделхан ч Х.Жангабылыг өөрийнхөө “хойд дүр”-ээр тодруулж, туслах байсан Ш.Асхараа Х.Жангабылын менежерээр ажиллуулсан.
Ингэж, нэг талаас төрсөн ахынхаа угсааг залгаж, нөгөө талаас түрийвчээ түнтийлгэснийхээ хэргийг гаргаж төрд орж ирсэн Х.Жангабыл “хэлгүй” гишүүдийн жагсаалтыг тэргүүлсээр таван сар боллоо.
Гол асуудалдаа оръё. Засгийн газраас төрийн өмчит компаниудын тоог цөөлж цэгцлэх реформ эхлүүлээд буй. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрөгч долоо хоногт мэдэгдэл хийхдээ “Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг мөртлөө удирдлагууддаа үр дүнгийн урамшуулал олгодог байдал хавтгайрсан. Шалгалт хийж үзэхэд алдагдалтай ажилласан төрийн өмчит компаниуд 900 гаруй сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал гээд удирдлагууддаа өгчихсөн жишээ байна. Иймд цаашид төрийн өмчит компаниудын ТУЗ-ийг нээлттэй сонгон шалгаруулдаг болно, зөвхөн ашигтай ажиллуулсан нөхцөлд үр дүнгийн урамшуулал олгодог болно” гэж мэдэгдсэн. Өөрөөр бол, яамны газар, хэлтсийн дарга нар харьяа төрийн өмчит компаниудынхаа ТУЗ-ийн дарга, гишүүнээр ажиллаж, давхар цалин, урамшуулал авдаг байдал хавтгайрсан. Тиймээс энэ ондоо багтаж энэ асуудлыг цэгцэлнэ гэж мэдэгдээд буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Жангабылын хамаатан, түүнээс нэг насаар дүү Х.Бекболат гэж бий. Х.Жангабыл, Х.Бекболат хоёр “Скайком” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Дээрээс нь, Х.Жангабыл УИХ-ын гишүүн болсноосоо хойш Х.Бекболатын 20 гаруйхан настай хүү Б.Алиг туслахаараа ажиллуулж буй. Гэх мэтээр Х.Жангабыл, Х.Бекболат хоёр тун дотно.
Ноцтой нь, УИХ-ын гишүүн Х.Жангабыл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсныг дээр дурдсан. Гэтэл Х.Бекболат нь Б.Чойжилсүрэнгийн удирдлага доор буюу Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилладаг нэгэн ажээ. Илүү ноцтой нь, Х.Бекболат нь элэгдэж, эвдэрч, эрүү өвдөг нь нийлсэн, энэ өвлийг давах эсэх нь эргэлзээтэй гэгдэж буй эрчим хүчний төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн даргаар сэлгэн ажилладаг нэгэн ажээ.
Тодруулбал, Х.Бекболат нь өмнө нь Улаанбаатар хотын дулааны 55 хувийг дангаараа хангадаг, 1500 орчим ажилтантай “ДЦС-4” буюу “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Мөн “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Бүрэн Эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан байна. Харин одоо Х.Бекболат Эрдэнэт, Булганыг цахилгаанаар хангадаг “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар тус тус зэрэг ажиллаж байгаа ажээ.
.JPG)
.JPG)
Өөрөөр хэлбэл, Х.Бекболат нь Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга, “Эрдэнэт Булганы эрчим хүчний систем” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга гэх гурван том албан тушаалыг зэрэг хашиж байгаа гэсэн үг. Тэгэхээр Эрчим хүчний яамнаасаа газрын даргын цалин, нэмээд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх” ТӨХК-аас ТУЗ-ийн даргын цалин, “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК-аас ТУЗ-ийн даргын цалин гээд гурван цалин зэрэг авдаг гэсэн үг. Ингээд болоогүй, ихэнх төрийн өмчит компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд цалин дээрээ үр дүнгийн урамшуулал нэмж авдаг. Өөрсдөдөө хэдий хэмжээний үр дүнгийн урамшуулал өгөхөө тухайн компанийн ТУЗ-ийн гишүүд өөрсдөө тойрч сууж байгаад шийддэг тогтолцоотой. Жишээ нь, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан Ж.Ганбат гэхэд 400 гаруй сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал авснаа өөрөө хүлээснийг санаж буй байх. Уг нь Ж.Ганбатыг 1.2 тэрбум төгрөгийн урамшуулал авсан тухай мэдээлэл анх цацагдсан ч тэр өөрөө 400 гаруй сая төгрөг л авсан гэж ийн хүлээсэн байдаг. Мөн “Тавантолгой түлш” ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө 1.1 тэрбум төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон асуудал ч сошиалд дуулиан болж байлаа.
Уг нь УИХ-ын гишүүн Х.Жангабыл өнгөрөгч сонгуулиар тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийхдээ “Манай аймаг эрчим хүчээ импортоор авдаг. Миний мөрөөдөл бол Баян-Өлгий аймгаа эрчим хүчний хараат бус болгох. Би сонгогдвол Баян-өлгий аймагт хоёр усан цахилгаан станц барина” гэж амлалт өгч байв. Харамсалтай нь, хамаатан дүү нь хоёр эрчим хүчний хоёр төрийн өмчит компанийг удирдаж байгаагаас өөрөөр амлалт нь хэрэгжиж эхлэх байтугай, өөрөө ам нээж ч эхлээгүй байна.
Бид дараагийн дугаартаа “Сод Монгол”-ын Ц.Анандбазар, “Тэс”-ийн Б.Баттөмөр нарын орыг залгаж ордонд орж ирсэн шатахууны магнат болох Х.Жангабылын бизнесийн сүлжээг танилцуулах болно.
Үргэлжлэл бий...
УИХ-ЫН ГИШҮҮН Х.ЖАНГАБЫЛЫН ДҮҮ Х.БЕКБОЛАТ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ТУЗ-ИЙГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА |
|