• Өнөөдөр 2024-04-20

АМГТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ХУДЛАА НӨӨЦ БАТЛУУЛДАГ ЛИЦЕНЗИЙН НАЙМААЧДЫН ГАР ХӨЛ БОЛДОГ ГЭВ

2022-08-02,   1477

             Одоогоос зургаан жилийн өмнө сэтгүүлч Э.Хүрэлбаатарын бичсэн "АМГТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ХУДЛАА НӨӨЦ БАТЛУУЛДАГ ЛИЦЕНЗИЙН НАЙМААЧДЫН ГАР ХӨЛ БОЛДОГ ГЭВ" нийтлэлийг эргэн сануулж байна.

 
-УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛГИЙН ХЭЛТСИЙНХЭН УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫГ ДАРАМТАЛЖ, АЙЛГАН СҮРДҮҮЛЖ АВЛИГА АВДАГ ГЭНЭ-
 
      Ашигт малмал газрын тосны газарт Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүд өөрсдийнхөө хамгийн ойр гэх итгэлт хүмүүсийг газар, хэлтсийн даргаас эхлээд мэргэжилтнээр хүртэл томилдог байна. Улстөрчид Ашигт малтмал газрын тосны газарт өөрийнхөө хүнийг байлгах сонирхол нь мэдээж уул уурхай, ашиглалт болоод хайгуулын лиценз олголттой холбоотой. Хэлтсийн даргаас эхлээд мэргэжилтнүүдийн ард нэр нөлөө бүхий улстөрчид байдаг учир газрын дарга, Уул уурхайн яамныхан бүгд Ашигт малтмал газрын тосны газрынхнаас айж эмээдэг байна. Ард нь төрийн томоохон нэр бүхий албан тушаалтан хамгаалдаг учир тус агентлагийнхан хэнээс ч айж эмээхгүйгээр хууль бус үйлдэл хийгээд сууж байдаг бололтой. Тэр тусмаа уул уурхайн компаниудыг айлган сүрдүүлж, дарамталж, авлига хээл хахууль авдаг гэнэ. Бүр авлига авахын тулд  хуулиас давсан дотоод заавар гэдгийг батлуулж, түүнийгээ даган мөрдөх нэрийдлээр компаниудаас мөнгө авдаг байна. Хамгийн тод жишээ нь, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурамч нөөц батлах онц ноцтой гэмт хэргийг Ашигт малтмал газрын тосны газрынхан үйлддэг болжээ. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн албаны эх сурвалж бидэнд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. 
 
  -Ашигт малтмал газрын тосны газар гэж хүнд суртал, авлига хээл хахуульд идэгдсэн газар байдаг гэж та түрүүнд хэлсэн. Яг ямар аргаар бусдаас авлига авдаг юм бэ?
 
        -Ашигт малтмал газрын тосны газрын хууль бус үйлдэл, компаниудаас хэрхэн авлига, хээл хахууль авч байгааг олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх цаг нь болсон гэж бодож байна. Хэдий болтол төрийн албан хаагчийн нэр төр, ёсзүйг уландаа гишгэж, хууль зөрчих ёстой гэж. Миний хувьд ямар нэгэн эрх ашиг байхгүй гэдгийг тодотгож хэлмээр байна. АМГТГ-ынхны хийж байгаа үйлдэл хэрээс хэтрээд байгаа болохоор бүх зүйлийг баримттайгаар  хэлж, мэдээлэл өгч байгаа юм шүү. Энэ удаад АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл, технолгийн хэлтсийнхний талаар яримаар байна. Тус хэлтэс нь хэд хэдэн чиг үүрэг хариуцсан хэлтэс юм. Уул уурхайн компанийн уулын ажлын төлөвлөгөө батлагдаж байж ажил хийгддэг ёстой. Тэр төлөвлөгөөг дээрх хэлтсийн мэргэжилтнүүд баталж өгдөг юм.  Хуулиараа маш тодорхой заагаад өгчихсөн ажил. Тодруулбал, АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл, технолгийн хэлтсийнхэн уулын ажлын төлөвлөгөөг судалгаа хийж бүртгэх үүрэгтэй. Мөн уул уурхайн компаниудын тухайн жил ажиллах төлөвлөгөөний зааврыг мөн л дээрх хэлтсийнхэн хийдэг. 
 
Уг нь хуулиараа төлөвлөгөөний журам батлах ёстой. Гэтэл АМГТГ-аас ямар нэгэн журам гаргах юм бол заавал Хууль зүйн яаманд бүртгүүлэх ёстой байдаг. Иймд АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хэлтсийнхэн журам гаргалгүйгээр дотоод заавар гэж зүйл бий болгочихсон. Үүнийг газрын даргаараа батлуулаад даган мөрддөг. Энэ дотоод зааврын ард хүнд суртал, авлига хээл хахууль нуугдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Уулын ажлын төлөвлөгөөг хүлээж авах, бүртгэх журам гэж  нэрлэх  зүйлийг Уулын ажлыг хүлээж авах дотоод заавар хэмээн нэрлэчихсэн. Дотоод заавар гэх хууль бус зүйлдээ уул уурхайн компанийн тайлан төлөвлөгөөг хянана гэж маш олон удаа оруулчихсан. Дотоод заавар гэдэг зүйлээр хяналт тавьдаг болчихож байгаа юм. 
 
Ашигт малтмал газрын тосны газар үйл ажиллагаа хянадаг газар биш шүү дээ. Энэ дотоод заавар гэдэг зүйл уул уурхайн компаниудад ямар их дарамт шахалт авчирч байгаа, Уул уурхайн үйлдвэрлэл, технолгийн хэлтсийнхэнд хэрхэн мөнгө олох хэрэгсэл болгодог талаар одоо ярих нь зөв байх. Уул уурхайн компаниуд уулын ажлын төлөвлөгөөг дээрх хэлтсийн мэргэжилнүүдээр дотоод заавар гэх нэрийн дор хянаж шалгуулна. Нэг хэлтсийн арав гаруй мэргэжилтэн шалгана шүү дээ. Тайлан тооцоо, төлөвлөгөөгөө өгчихөөд нэг мэргэжилтэн гарын үсэг зурахыг хүлээгээд хэдэн хоног, сар болно. Энэ мэт арав гаруй мэргэжилтэн гарын үсэг зурж баталахыг хүлээгээд компаниуд аргаа барна. Нэг мэргэжилтэн наад төлөвлөгөө чинь засвартай байна гээд батлахгүйгээр буцаагаад өгчихнө. Юуг нь засах вэ гэдгийг огт хэлэхгүй. Тэнэг, мангар, эргүү зэргээр дуудаад бичиг баримтыг нь өөдөөс нь шидчихнэ. Компаниудын ажилтнууд ямар засвар хийхийг нь хэлээгүй болохоор яг хаанаа алдсан бэ гэдгийг мэдэхгүй. Дахин дахин хянавч алдаа эс олно. Ингээд нөгөө мэргэжилтэнд авлига өгч гарын үсэг зуруулахаар хөөцөлдөж эхэлнэ. 
 
Металл ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөн, бүртгэл хариуцсан мэргэжилтэн нэг эмэгтэй бий. Уул уурхайн компаниудын зүрхэнд нь шар ус хуруулж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2012 онд анх ажилд оруулж өгсөн юм. Тэр эмэгтэй хэнийг ч байсан элдвээр хэлж  доромжлоод л өрөөнөөсөө хөөгөөд гаргана. Мөн Металл бус ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөн, бүртгэл хариуцсан мэргэжилтэн нэг эмэгтэй, Техник эдийн засгийн үндэслэл, хэвийн төлөв, ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна. 
 
Мөн л танай төлөвлөгөө засвартай байна гээд гарын үсэг зурахгүй. Ерөөсөө тус газрын дамжлага болгон компаниудын уулын ажлын төлөвлөгөөг засвар хий гээд л эргүүлж өгөөд байна. Компаниуд аргаа бараад эхлээд дарга болон нөлөөлөх хэмжээний албан тушаалтнаар дамжуулаад гарын үсэг зуруулах гэж оролдоно. Зарим нь гарын үсэг зураад дараагийнхаа мэргэжилтэнд дамжуулаад өгнө. Өгөхдөө “Наадах чинь дээрээс хүнээр яриулаад байдаг юм байна лээ. Сайн чангалаад өгөөрэй” гээд хэлчихнэ. Ингээд л төлөвлөгөөгөө компаниуд батлуулж чадахгүй ажил нь зогсоно. Аргаа барсан компанийнхан нөгөө мэргэжилтний бага ангийнх нь хүүхэд, найз нөхөд, хамаатан саданг хайна. Нэг компани нь гарын үсэг зурах мэргэжилтний ойр дотны хүмүүсийг олсон бол нөгөө компанийнхандаа хэлнэ. Ингээд авлигын жинхэнэ сүлжээ бий болж байгаа юм. Уулын ажлын төлөвлөгөө батлагдаагүй тохиолдолд ажлаа эхлүүлж хийж чадахгүй. Дүгнэлт гарсан үед  ажил нь эхэлнэ.  Хугацаандаа хийх ёстой. Ирэх жил дахиад л баталгаа хийлгэх болохоор компаниуд энэ арга замыг хэрэглэхээс өөр сонголт өгөхгүй байна, төрийн албан хаагчид. 
 
-Уул уурхайн үйлдвэрлэл, технолгийн хэлтсийнхэн худлаа нөөц батлуулдаг гэмт хэрэгтнүүдийн гар хөл болдог гэсэн. Энэ их ноцтой асуудал байна лээ. Энэ талаар ярихгүй юу?
 
     -Уул уурхайн лицензийн зөвшөөрөл авч байгаа компаниудыг жинхнээсээ нөөцөө батлуулж, цаашаа үйл ажиллагаа явуулах компани, худлаа нөөц батлуулаад түүнийгээ зарж, ашиг олох гэж байгаа гэмт хэрэгтнүүд гэж хоёр ангилж болно. Сүүлийн жилүүдэд хуурамч бичиг, баримт бүрдүүлж, худлаа нөөц батлуулдаг байдал газар авсан. Нөөц батлуулсан лицензээ гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад өндөр үнээр зардаг гэмт хэргийн бүлэглэл бий болоод байна. Алт, болоод нүүрсний олборлолт хийгдэж байгаа уурхайн ойролцоох газрыг тухайн компани сонгож байгаа юм. Ингээд ашигт малтмалын газраас зөвшөөрөл авч нөөц дээжийн сорьц хийлгэнэ. Авсан сорьцоо Геологийн төв лабораторид шинжилгээ хийлгэдэг. Тус газраас ирсэн сорьц маш их хэмжээний алт, нүүрс агуулж байна гэсэн худлаа дүгнэлт гаргуулчихна. Хуурамч нөөцтэй лицензийн талбай гаргуулдаг компани Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс эхлээд Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын газрынхныг тэр чигт нь өөрийн гар хөл болгоно.
 
 Худлаа нөөц батлуулахад ашигт малтмалын газар хэрхэн оролцдог вэ гэхээр Геологийн төв лабораторийн гаргасан дүгнэлтийг тулгуурлаад сорьцны худлаа тайлан бичээд, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлнэ. Тэндээсээ шинжээч томилогдож худлаа дүгнэлт гаргаад өгчихдөг. Бүр худлаа нөөц батлуулахад 150 сая төгрөгөөс эхлээд үнэ ханш тогтчихсон. Ингээд хуурамч бичиг баримт бүрдүүлж лицензийн талбайтай болсон компани батлагдсан нөөцийн 30 хүрэхгүй хувиар өөр нэг компанид лицензээ зарчихдаг. Нөгөө компани нь хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, юу ч олохгүй овоолсон шороо үлдээгээд л дампуурлаа зарлачихдаг. Ийм л зүйл сүүлийн хэдэн жил болж байна даа.
 
-Лицензийн талбайд нь юу ч байхгүй компаниуд Ашигт малмалтын газарт энэ тухайгаа хэлж гомдол гаргадаг уу?
 
       -“Нөөц худлаа гаргасан байна. Энд шорооноос өөр юм байхгүй байна шүү дээ” гэж маш олон компани гомдол гаргадаг. Үүнийг огт авч хэлэлцэж, арга хэмжээ авдаггүй. Хуурамч нөөц зардаг компаниуд ихэвчлэн БНХАУ-ын компаниудад зардаг. Хятадуудын уул уурхайд нийлүүлж байгаа мөнгө бохир байдаг болохоор хэл ам хийлгүй чимээгүй явцгаах нь элбэг. Хуурамч нөөц худалдаж авсан компани эхний жил шорооноос өөр зүйл ухаж гаргахгүй. Маш бага хэмжээний алт, нүүрс олдог. Үүнийгээ тайлан болгоод Ашигт малтмалын газарт гаргаад өгөхөөр “Танай компани  ийм их нөөцтэй газарт үйл ажиллагаа явуулж байгаа юм байж яахаараа ийм бага зүйл олборлодог юм. Алтаа хууль бусаар хил гаргасан байна” гээд тайланг нь хүлээж авахгүй. Нөгөө худлаа нөөц баталсан мэргэжилтэн мэдсээр байж тайланг нь авахгүй гүрийчихнэ. Хулхидуулсан компанийнхан ирэх жил ашиг олж магадгүй гээд дахиад л авлига өгч тайланд нь тусгуулна. Авлига авсан мэргэжилтэн анх хийсэн сорьцны үеийнхээс өөр байна гэсэн дүгнэлт гаргаж өгдөг. 
 
-Уул уурхайн үйлдвэрлэл, технолгийн хэлтсийнхэн өөрсдийн компаниар ТЭЗҮ хийлгэх гэж компаниудыг дарамталдаг гэсэн үү?
 
      -Тийм ээ. Монголд ердөө гурван компани уул уурхайн компаниудын ТЭЗҮ-г хийх давуу эрхтэй болчихоод байна. Уул уурхайн компаниуд олборлолтоо хийгээд эхлэнгүүт танай компани ТЭЗҮ-гээ шинэчилж батал. Тодотгол хийх шаардлагатай байна гээд л ажлыг нь заагаад эхэлдэг. Техник-эдийн засгийн үндэслэл, хэвийн төлөв, ЭБМЗ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэг эмэгтэй үүнийг гардан хийнэ. “Хэрэв тодотгол хийж, ТЭЗҮ-гээ шинээр хийлгэхгүй бол тайланг чинь хүлээж авахгүй шүү” гэдэг. ТЭЗҮ-г нь “Цариг ресрурс”, “Эм Эм Эн Си” ХХК зэрэг гурван компани л хийдэг. Тэдэнд давуу эрх олгочихсон гэхэд болно. Дээрх компаниуд 200-300 сая төгрөгөөр уул уурхайн компаниудын ТЭЗҮ-г хийдэг. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нартай холбоотой компаниудын бичиг баримт нэг өдрийн дотор гардаг болоод байгаа. Ашигт малтмалын газар ийм л авлига хээл хахууль авдаг газар болчихоод байна. Үүнийг өөрчлөх цаг нь болсон. Дээрх ярьсан зүйл болгон баримттай, баталгаатай гэдгийг хэлмээр байна. Бүр авлигын мөнгөө кинон дээр гардаг шиг л өгөлцөж авна. “Тэнд мөнгөө тавь. Би эндээс очоод авна. Сүүлтэй ирж болохгүй шүү” гэж хэлж байгаа бичлэг болоод мөнгөө авч байгаа баримт нь хүртэл байна.   
2016 он

АМГТГ-ЫН МЭРГЭЖИЛТНҮҮД ХУДЛАА НӨӨЦ БАТЛУУЛДАГ ЛИЦЕНЗИЙН НАЙМААЧДЫН ГАР ХӨЛ БОЛДОГ ГЭВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-11-18 09:49:42
    Зочин: Хаана монгол хүн байна тэнд хулгай луйвар авилга байдаг цөвүүн цаг ирждээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-13 18:01:07
    зочин: Худлаа нөөц батлуулдаг гэсэн ойлголт бол буруу шүүмжлэгч газар дээр нь үзэж шалгахаас эхлээд олон дамжлага дамжижи байж ЭБЗХ --аар 10-аад гишүүн асууж лавлаж байж сая нэг нөөцөө батлуулдаг юм даа АМГТГ-ынхан хүнд сурталтай гэдэг бол үнэн хуучин ганц хүн хийдэг байсан ажлыг ялсан намын баахан юу чмэдэхгүй 4-5 хүн хувааж аваад хийсэн болно. Хурууны хээгэ дарж төсвийн мөнгө барж суудаг хүмүүс олон бий ер нь төрийн албан хаагч нэртэй юу ч мэдэхгүй юу ч чаддаггүй хүмүүс л дүүрсэн байнаштээ Нөөцөө сайн баталгаажуулж шалгаж авдаггүй шатлаа гэх нь авсан хүмүүсийн өөрсдийнх нь буруу дарга сайдын нэр барьсан хүмүүсийн газрыг сайн шалгахгүй авчаад шатлаа гэж гоншигнох нь буруу жинхэнэ хайгуулиа бодитоор нь хийгээд нөөцөө бодитоор нь гаргадаг компаний юмийг авахгүй байдаг нь хөрөнгө оруулагчдын өөрсдийнх нь хохь болно шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-09-12 13:46:24
    Цагаан-Өвгөн: Энд бичсэн зүйл оргүй худлаа зүйл биш юм шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188