• Өнөөдөр 2024-05-12

Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн дөрвөн жилд сувилагч, жолооч, худалдаачин, ТҮК-ийн ажилтанг ГАВЬЯАТ болгожээ

2021-05-20,   10066

               Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2021 онд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан 200 гаруй эрхэмд гавьяат цол олгожээ. Түүний “төрүүлсэн” гавьяатууд гагцхүү олны танил дуучин, жүжигчин, томоохон группийн захирал, эдийн засагч, аль эсвэл жил бүр салбараас нь дээд цолтон төрдөг эмнэлэг, боловсролын байгууллагын ажилчид байсангүй. Төр, засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал авна чинээ бодоо ч үгүй, гавьяат болно чинээ зүүдэлж үзээгүй эрхмүүдэд гавьяат цол олголоо. Ерөнхийлөгч Х.Баттулга байгууллагынхаа шалыг 25 жил зүлгэсэн үйлчлэгчид, жолооны хүрд 37 жил мушгисан эгэл жирийн жолоочид, хүн ардын төлөө хоёргүй сэтгэлээр, өдөр, шөнөгүй зүтгэсэн сувилагчид, хоёр идэхгүй, хоосон хонохгүйн тулд ганзагын наймаа эрхэлсэн худалдагчид Үйлчилгээний гавьяат ажилтан цол олгосноороо соньхон байлаа. Тэр бусдын хөдөлмөрийг үнэллээ. Үнэлэх, үнэлэхдээ эгэл жирийн ажилтнуудын хөлс хүч, хөдөлмөр зүтгэлийн гавьяаг тодотгосноороо онцлог байлаа. Монгол Улс ердөө хоёрхон гавьяат сувилагчтай байсан бол өнөөдөр долоон гавьяат сувилагчтай боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулгын тодруулсан соньхон гавьяатуудыг нэрлэе.

Машины хүрд эргүүлсэн гавьяат тээвэрчид

               Дундговь аймгаас гурав дахь гавьяат тээвэрчин “төрлөө”. Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, 29 гавьяат төрүүлсэн байдаг. Түүний нэг нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан, ахмад тээвэрчин Гимбэлийн Падсүрэн байлаа. Насаараа жолооны хүрд эргүүлж, гавьяаныхаа амралтад гараад байсан түүнийг төр өндрөөр үнэлж, гавьяат тээвэрчин цол олгосон юм.

Сэлэнгэ аймгийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн гавьяат тээвэрчин хэмээх эрхэм цолыг Үндэсний их баяр наадам Ардын хувьсгалын 96 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баярын өдөр хүртлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат Тээвэрчин цол хүртсэн С.Соль гуай өнөөдөр ач, зээгээ тойруулан гавьяаныхаа амралтанд сууж байгаа. Түүний ид ажиллаж, хөдөлмөрлөж явсан тухайн цаг үед жолооч хэмээх мэргэжлийг эзэмшсэн эмэгтэй хүн өдрийн од шиг цөөхөн байжээ. Тэрбээр шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Би автотээврийн салбарт 46 жил хөдөлмөрлөхдөө Сэлэнгэ аймгийн 23-р баазад тээврийн жолоочийн хүнд хүчир албанд тасралтгүй зүтгэж явлаа” хэмээн ярьсан байдаг. Ийнхүү С.Соль жолооч Сэлэнгэ аймгийн түүхэнд автотээврийн салбарт гавьяат цолтон болж буй анхны эмэгтэй болж, үүгээрээ түүхэн гавьяа байгуулсан нэгэн билээ.

801 дүгээр ангиас ажлын гараагаа эхэлж, Цагдаагийн ерөнхий газрын Авто баазад цагдаа жолоочоор 24 жил ажиллаж байгаа ахлах ахлагч Намхайдагвын Ганхуягт гавьяат тээвэрчин цол олгосон юм. Цагдаагийн байгууллагад 27 жил ажиллаж Үйлчилгээний гавьяат хэмээх хүндтэй шагнал хүртсэн талаараа тэрбээр “Би цагдаагийн байгууллагын аль хэрэгтэй гэсэн газарт жолоочийн үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсад цагдаагийн байгууллагын төвлөрсөн ганц авто бааз байдаг нь манайх. Гавьяат тээвэрчин цол хүртэнэ гэдгээ сонсоод хүн надаар тоглоод ч байгаа юм шиг, эсвэл үнэн яриад ч байгаа юм шиг санагдаад тэр шөнө нойр хүрээгүй. Би 1983 онд анх жолооч болж байлаа. Тухайн үед жолооч гэдэг мэргэжил байсан юм. Харин одоо бол хэрэглээ болчихсон. Одоо тэгэхээр 37 жил машины хүрд эргүүлж байна гэсэн үг. Машины хүрд эргүүлсэн 37 жил минь намайг гавьяат болголоо доо. Ажилдаа хариуцлагатай, албандаа үнэнч зүтгэж буй залуусынхаа төлөөлөл болж энэ хүндтэй шагналыг хүртсэн байх” хэмээн ярьж байлаа.

Уншигч танд гавьяат тээвэрчин цол хүртсэн хэдэн арван жолоочоос дээрх гурван жолоочийг онцолж, танилцууснаа энд цохон тэмдэглье.

                  Харин дараагийн соньхон гавьяат бол Нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын машинист Жамсрангийн Сүхбаатар байсан юм. Тэр мэргэжил нэгт нөхдөөсөө “төрсөн” тав дахь гавьяат. Тэрбээр шагнал авсан сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Үйлчилгээний гавьяат ажилтан цол миний хамгийн том шагнал. Энэ том шагналыг өөрөө ч мэдээгүй байж байгаад гэнэт л авсан. 2014 онд би “Хөдөлмөрийн хүндэт” медаль авсан юм. Энэ шагналын дараа “Алтан гадас” ордог юм хойно тэрийг л авах байх гэж бодож байлаа. Түүнээс биш ийм том, хүндтэй шагнал авах юм гэж төсөөлөө ч үгүй. Ээлжиндээ гарах гэж байтал гавьяат болох гэж байгааг минь дуулгасан. Ерөнхийлөгч миний нэрийг дуудан дуудтал би итгээгүй” хэмээн ярьж байсан юм. Тэр орон сууцны халуун, хүйтнийг “тохируулагч” товчхондоо сантехникч гэсэн үг. Айлуудын халуун, хүйтэн усыг шалгаж явахдаа тэр лав гавьяат болно чинээ бодож үзээгүй биз ээ.

Монгол Улс 2021 оны тавдугаар сарыг хүртэл ердөө хоёр гавьяат сувилагчтай байлаа. Эмчийн оронд эмч, үйлчлэгчийн оронд үйлчлэгч, заримдаа өвчтөний ээж, аав болдог сувилагчийн гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, таван гавьяат сувилагч “төрүүлэв”.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний тасгийн сувилагч Батсүхийн Хандмаа, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Цогтоогийн Энхтуяа, ХСҮТ-ийн сувилагч Доржийн Дуламсүрэн, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын сувилагч Догсомын Амаасүрэн, ГССҮТ-ийн мэдээгүйжүүлэгч, сувилагч Рэнцэндоржийн Туяа нарыг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдэгээр шагнасан юм.

Бусдыг сувилахын тулд амьдралыхаа 41 жилийг зориулж, бусдын төлөө гэрэлтсэн эрхэм бол ХСҮТ-ийн Сувилахуйн албаны дарга асан Доржийн Дуламсүрэн юм. Өвөр дээр нь нас барсан залуу бүсгүйг одоо хүртэл мартаж чаддаггүй тэрбээр өдгөө гавьяаныхаа амралтад гараад байгаа. Төр засгаас түүний нөр их хөдөлмөрийг өндрөөр үнэлж, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнасан юм. Тэрбээр “Би Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртсэндээ маш баяртай байна. Энэ шагнал бол эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 13 мянга гаруй сувилагчийн шагнал болохоор бахархахгүй байхын аргагүй. Энэ түүхийн гэрч болж үлдэж байгаадаа маш их бахархсан. Энэ бол миний ажлын хамт олны хүч” хэмээн баярласан сэтгэлээ хуваалцсан билээ.

ХӨСҮТ-ийн Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчний тасгийн сувилагч Батсүхийн Хандмаа “Би 25 жил эмнэлгийн салбарт ажиллаж байгаа. Ээж минь сумын эмнэлгийн сувилагч учраас би эмнэлгийн хонгилд бага насаа өнгөрүүлсэн. Ээжийнхээ мэргэжлийг эзэмшиж, сувилагч болохоор сэтгэл шулуудан өнөөдрийг хүртэл хичээн ажиллаж байгааг минь төр засаг үнэлж гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа. Би цар тахлын үед ажиллаж байхдаа ээжийгээ алдсан. Тусгаарлагдаж ажиллаж байсан учир ээжийгээ халуун амьсгалаа хурааж байхад дэргэд нь байж чадаагүй. Миний ээж өнгөрөөд 49 хоног ч болоогүй байна. Үүнтэй адил олон эмч, сувилагч хайртай хүмүүсээ орхиод цар тахлын эсрэг хоёргүй сэтгэлээр, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгааг ард түмэн минь ойлгоосой гэж хүсдэг. Би өөрийгөө “Удам дамжсан сувилагч” гэж ярих дуртай. Өнөөдрийн энэ шагнал намайг илүү хурцалж, дараагийн шатанд хүрэх хүсэл, урам боллоо” хэмээсэн билээ.

Худалдааны гавьяат ажилтан цолоор Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын “Загийн говь” хоршооны захирал Баасанжавын Мөнхөөг шагнасан нь бас нэгэн сонин тохиолдол байлаа. Алаг хорвоогийн тоосонд бүдчиж, хоолтой, хоолгүй яваа олон айлд тэр гэрэл болж байсан удаатай. Одоо ч тэр нийгмийн хариуцлагын хүрээнд олон өрхөд тусласаар яваа. Аймгаасаа “төрсөн” ердөө хоёр дахь Худалдааны гавьяат ажилтан Б.Мөнхөө гуай 40 гаруй жил худалдааны салбарт ажиллаж буй. Тэрбээр худалдааны салбарт ажиллаж байсан түүхээсээ хуваалцахдаа “Намайг хүн бүү хэл нохой ч андахаа больсон доо. Улаанбаатар хот руу шагналаа авахаар галт тэргэнд суугаад явж байтал нэг залуу “Та Мөнхөө гуай мөн үү” гэж асуусан. “Мөн байна” гэтэл “Би дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа нэг литр сүү, 400 грамм мах зээлдэж, дүү нартаа хүргэж байсан хүү байна. Ээж минь сумын эмнэлгийн сувилагч болохоор ажил ихтэй байдаг байсан юм. Энэ үед та бидэнд их тус болдог байсан шүү дээ” гээд намайг таниад ярьж байна лээ. Би энэ дурсамжийг сонсоод уйлсан. 20 гаруй жилийн өмнө тус хүргэсэн хүү намайг тэр олон хүн дундаас таньж байна гэдэг надад ер бусын санагдсан” хэмээн ярьсан билээ.


Ерөнхийлөгч Х.Баттулга сүүлийн дөрвөн жилд сувилагч, жолооч, худалдаачин, ТҮК-ийн ажилтанг ГАВЬЯАТ болгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 21:42:40
    Зочин с: Дуу дуулж гавьяа байгуулсан гэж бодохоор нэг л сонин .Харин гайхалтай дүр бүтээж дуулсан , жүжиглэсэн ,хөгжмийн зохиол бүтээл туурьвиж мөнхийн бүтээл хийсэн хүмүүсийн гавьяаг үнэлэх ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 16:31:40
    Zochin: Nvdend nulimas tsiilgendeg bna sh de umnuus n bayrlalaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 16:31:30
    Zochin: Nvdend nulimas tsiilgendeg bna sh de umnuus n bayrlalaa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 16:26:21
    Иргэн: Буухын өмнө ухаантай болж тэнэгтдэг байна ш дээ өмнө нь бодож байхгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 15:54:14
    иргэд: Нүдээ олсон эзнээ олсон шагналууд нэр хүндтэй байдаг,юу хийж бүтээсэн нь мэдэгдэхгүй юманд улсын баатар цол олгож амьтаны шившиг шагналын нэр хүндийг барж байсаны дэргэд нэртэй төртэй шагналууд байгаа биздээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 13:59:05
    Зочин: Хошин шог зохиолын дуучид гээд хамраа сөхсөн ямар ч баялаг бүтээдэггүй хүмүүст өгсөн юм чинь харин ч нүдээ олжээ.энэ шагнал нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 13:58:55
    Зочин: Хошин шог зохиолын дуучид гээд хамраа сөхсөн ямар ч баялаг бүтээдэггүй хүмүүст өгсөн юм чинь харин ч нүдээ олжээ.энэ шагнал нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 12:58:52
    БатОюун : Эгэл жирийн ажилчдынхаа хөдөлмөрийг үнэлж байгаад баярлалаа нүдээ олсон сайхан санаа байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 12:53:25
    zochin: Jinhene egel ardiin dotoroos tursun erunhiilugch iim baidag yum bna. Dahin 1 ydaa uliraan songoson bol sain baisandaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-23 09:33:55
    Бямбаа: Эзнээ олсон шагнал. Төрийн үйлчилгээний ажилтныг гавъяат болгох маш зөв. Ерөнхийлөгчдөө баярлалаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-22 18:08:03
    алгаа: маш сайхан байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-22 18:07:43
    : маш сайхан байнаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188