“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүн-ий хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
БАН ГИ МҮН:
Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,
Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ,
Эрхэм хүндэт Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан,
Эрхэм хүндэт Монгол Улсын 7, 8 дахь удаагийн Их Хурлын дарга, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Гомбожавын Занданшатар,
Эрхэм хүндэт зочид, хатагтай, ноёд оо.
Өнөөдөр би та бүхний өмнө Монгол Улсын төрийн дээд шагнал, “Чингис хаан” одонгоор шагнагдаж буйдаа туйлын их хүндэтгэл, талархлаар дүүрэн байна.
Энэхүү шагнал нь хувь хүний ололт амжилтыг үнэлэхийн зэрэгцээ хамгийн чухал нь Монголын ард түмний баялаг түүх, цуцашгүй зоригийг бахдан тэмдэглэдэг баяр ёслол билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх болон энэ нэр хүндтэй шагналын эзнээр намайг тодруулахад оролцсон бүх хүнд гүн талархал илэрхийлье.
Чингис хааны нэр алдар нь Монгол Улсын хил хязгаараас хальж алс хол цуурайтсан алдар суу бөгөөд хүч чадал, алсын хараа, шинэчлэл, уйгагүй шийдэмгий байдлын бэлгэдэл юм.
Тэрээр манлайлал, тэсвэр тэвчээр, эв нэгдлийн хүч нөлөөг үнэт өв болгон үлдээсэн билээ. Энэхүү шагналыг эгэл даруугаар хүлээн авахдаа өдгөө түүний чиглүүлэн үлдээсэн үнэт зүйлсийн ач холбогдол хэзээнээс ч илүү улам бүр чухал болохыг ойлгон мэдэрч байна.
Талцаж хуваагдсан мэт санагдах өнөөгийн энэ дэлхийд олон ард түмнийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадсан Чингис хааны агуу чадвар нь хамтын ажиллагаа, ялгаатай байдлыг хүндэтгэх үзэл, харилцан ойлголцлын ач холбогдлын чухлыг улам бүр ойлгуулж байна.
Энэхүү шагнал нь биднийг өөр хоорондын ялгаатай байдлаа давж, цаашдыг харах, илүү сайхан ирээдүйн төлөө хамтран ажиллах их урам зориг өгч байна.
Агуу их Чингис хааны хажууд миний туулсан замнал өчүүхэн боловч миний туулсан бүх амьдрал Чингис хааны бүтээсэн төгс үзэл санаанд тулгуурлан бүрэлдсэн билээ.
“Илүү сайхан ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан нь “байгаль эхийг эзэмших бус хүндлэн хайрлах учиртай” гэсэн үзэл баримтлалыг дагаж мөрддөг. Хүн төрөлхтөн хүрээлэн буй байгалиа хүндэтгэж байж гэмээнэ оршин тогтнох боломжтой. 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүний эрх, бүх нийтийн тэгш хөгжлийн суурь зарчмуудыг байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах шаардлагатай хослуулан тусгасан байдаг.Эдгээр үнэт зүйлс нь агуу удирдагч Чингис хааны алсын харааг илэрхийлээд зогсохгүй өнөө үеийн Монгол Улсын Засгийн газрын алсын харааг ч төлөөлж байгаа гэдэгт миний бие итгэлтэй байна.
Хатагтай, ноёд оо,
Миний бие НҮБ-ын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө яриа хэлэлцээг хөгжүүлэх, олон талт хамтын ажиллагааг дэмжихэд амьдралаа зориулсан билээ. Боловсрол, олон нийтийн санаачилга, соёл хоорондын хамтын ажиллагаа зэрэг арга замаар бид бүгдийг холбосон гүүрийг бүтээж чадна гэдэгт би итгэдэг.
Харилцан ойлголцлын хүч нөлөөг би харж байсан. Харилцан ярилцах, үзэл бодлоо хуваалцах тусам бид бүгдээрээ хүн төрөлхтөн гэдэг том зургийн нэг хэсэг гэдгийг ойлгож байдаг.
Үүнтэй холбогдуулан хэлэхэд Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм.
Энэ бол хүч чадал, дасан зохицох чадварын түүх юм. Харилцан уялдаатай сорилтуудаар дүүрсэн орчин үеийн ертөнцийн сорилтуудыг даван туулахад бидэнд улам бүр чухал болж байгаа чанарууд юм.
Энэхүү шагналыг хүлээн авч буйтай холбогдуулан Чингис хааны өв уламжлалыг хүндэтгэн дээдэлж байхыг хүн бүрээс хүсэж байна.
Өөрсдийн янз байдлаа хадгалахын зэрэгцээ эвлэлдэн нэгдэхийн төлөөх идэвх зүтгэл, бэрхшээлийг даван туулах эр зориг, энх тайвны төлөөх тууштай зүтгэл, хамтын хүчин чармайлтаа өргөжүүлэн хөгжүүлцгээе.
Эцэст нь, энэхүү шагналыг би зөвхөн өөрийн нэрийн өмнөөс төдийгүй харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын хүч чадал, үнэ цэнд итгэдэг бүх хүнд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч байна.
Энэхүү гайхалтай өндөр хүндэтгэлийг надад үзүүлсэн Монгол Улс болон Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Таны манлайлалд дахин гүн талархал илэрхийлье.
Хамтын аяллаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна. Тогтвортой болон энх тайван ертөнцийг хамтдаа бүтээцгээе.
Баярлалаа.
| БАН ГИ МҮН: Монголын түүх өнгөрсөн үед зогсож хоцорсон үйл явдал биш, үргэлжлэн хөгжиж буй амьд өгүүллэг юм |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |