• Өнөөдөр 2024-04-27

СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ

2023-02-21,   7849

ХАНЬ МИНЬ АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГ МӨН Ч ИХ ХҮЛЭЭСЭН ДЭЭ

        Соёлын гавьяат зүтгэлтэн, Тонж манлай улсын засуул Д.Цогзол агсны гэргий Л.Цэрэнноров гуай мөн ч их бэтгэрч сууна даа. Түүнтэй ярилцахаар очиход тэр “Хүү минь, хүн хүнээр л дутдаг юм байна. Хорвоогийн жамаар бид хоёрын хэн нэг нь түрүүлээд явах байсан ч өөрийгөө үлдэнэ гэж бодсонгүй. Биеийн минь битгий хэл дэлхийн тал алга болчихсон мэт санагдаж, гашуудаж байна. Би одоо ханийнхаа ард орох гээд тэр хүнд өвчнийг даван туулсан юм байх даа. Сайн ханьтай учирч, сайн хадамтай, сайхан үрстэй, сайхан амьдарсан би азтай ч, ханийнхаа ард үлддэг мөн ч нүгэлтэй хүнээ дээ. “Хоёрхон хоног яваад ирнэ ээ” гэсэн ханийн минь сүүлчийн үг, хаалганы хажууд зогсох сүүлчийн дүр л нүдэнд харагдаад байх юм. Сүүдрээсээ хүртэл ханиа хайгаад сэтгэл үймэрч, араас нь бушуухан очихын хүслэн болсон нэг хөгшин энэ саарал байшингийн баруун мухарт арван сарыг барлаа. Саяхнаас л ухаан санаа арай дээрдэж, “Тэр хүний төлөө юу хийх вэ. Яавал баярлуулж, жаргаах бол” гэх түмэн бодолд хөтлөгдөөд өндийгөөд сууж байна. Би уйлахгүй ярихыг хичээнэ ээ, чи асуухаа асуу” гэв.

         Ханиа алдаж бэтгэрч, үгүйлэн санаж байгаа Л.Цэрэнноров гуайн адилаар бөхөд хайртай монголчууд, бөхийн зүлэг ногоон дэвжээ, түүний мөрнөөс нь дүүлэн ниссэн арслан, аваргууд, залуу бөхчүүд ч ялгаагүй Д.Цогзол агсныг санан дурсаж суугаа. Түүний гэгээн дурсгалд зориулж, ханийнх нь анхны дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна. Д.Цогзол гуай бол бөхийн засуулын домог билээ.

-Та намайг цонхоороо хараад сууж байв уу. Бие нь сайн биз дээ?

           -Хөгшнөөсөө хойш цонхоор л ширтдэг болж дээ. Цонхоо онгойлгоод, хөшигний цаанаас нүдээ сүүмийлгэж байгаад харахаар хүн бүрийн харц ханийн минь харцтай адилхан харагдаад байдаг юм. Удаан алхаж байгаа хүмүүсийг хараад суухаар сэтгэлд дулаахан мэдрэмж төрдөг. Харин та нар хурдхан шиг гүйгээд ороод ирлээ. Миний бие давгүй дээ, үр хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой хүн чинь амьдарч л байна. Хөл, сэтгэл хоёр л өвдөх юм. Өвдөх, өнчрөх хоёр л хэцүү байдаг юм байна даа. Өөр ч өвдөх, зовох юм хөгшин надад юу байх вэ. Үр хүүхэд минь сайн сайхан амьдарч, хүний дайтай явна. Гучтайгаа хамт саарал байшиндаа суурин байна. Сонин гэвэл ийм л байна даа.

-Өдөржин цонхон дээрээ өнждөг байх нь ээ.       

           -Энэ их ганцаардал, ханийнхаа араас харууссан харууслаа нарны туяа, өдрийн гэгээд л ээж сууна даа. Энэ нь ч амар жимэр, тайван байдаг юм. Хүний харц гэдэг чинь их сонин шүү. Бүтнээр нь харахаар тэс өөр. Хагасалж харахаар их зөөлхөн, дулаахан, дотнын хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг. Ханиасаа хойш харж, анзаарсан хамгийн их зүйл минь хүний харц, нүд болжээ. Өөрийн эрхгүй л энэ муу модон цонх руу гүйчихээд байх юм.

-Таныг “Ханийгаа дурсаж, сэтгэлээ уудлах болов уу” гэж бодоод танайхыг зориод ирлээ.

            -Сонин юм шүү. Өнгөрсөн цагт талийгаачаас маань ярилцлага авах гэж олон хүн ирдэг байлаа. Би ч тэр бүрд хүний нүдэнд харагдаад яах вэ гээд наагуур, цаагуур явчихдаг байсан. Тэгээд талийгаач минь сэтгүүлчдээс асуултаа аваад, хариултыг нь бэлдээд, харуулж сонирхуулах, үзүүлэх дурсамж дурдатгалаа бэлдчихээд бор буйдан дээрээ сууж байдаг байлаа. Бичиж тэмдэглээд, дэвтрээ гаргаж ирээд бараг харахгүй шахуу л цэгцтэй нь аргагүй ярьчихдаг байсан. Ханийгаа ярилцлага өгөхийг хэд хэдэн удаа хажуугаас нь харж байсан юм болохоор ямартай ч тэмдэглэлийн дэвтэр, хоёр, гурван зургийн цомгоо бэлдчихээд сууж байна. Бардаг байгаа даа л гэж айх юм. Би ч тэр хүний хэмжээнд ярина гэдэг худлаа. Харин тэр хүнийг дурсаж ярьж бол чадах байх гэсэн дээ ярилцлага өгье шийдлээ.

          Талийгаач маань өнгөрсөн оны наймдугаар сард бурхан болсон. Аймаг руугаа адуу малаа эргэхээр явж байгаад машинд мөргүүлээд бурхан болчихсон юм. Уг нь хоёрхон хоноод ирнэ гэсэн ч харамсалтай нь хорвоогоос бүр мөсөн явсан даа. Хэрэг ярьж болохгүй байх. Шүүх хурал нь ч болоогүй байгаа. Уг нь гуч хүүдээ “Майхан хэрэггүй ээ. Хоёрхон хоноод ирнэ. Ирээд ач хүүгээ гадаадаас ирэхээр нь гэр бүлээрээ аялалд явна” гэж хэлээд гэрээсээ гарсан. Хаалгаар ороод ирэх юм шиг л санаж, хөлийн чимээ чагнаж, хоолойг нь үгүйлж сууна даа. Ирдэггүй л юм байна. Итгэхээс өөр аргагүй л байдалд орж байна даа.

-...“Зүүн талын засуул сонс оо, Бүрэн Эрхт Монгол Улсын үндэсний их баяр, Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 99 жилийн ойн их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн баруун талын тэргүүн магнайд...” гээд зогсож байсан хүн 100 жилийн ойгоор байхгүй байна гэдэг төсөөлөгдөхгүй юм. Бөхчүүд, бөх сонирхогчид, бөхөд хайртай түмэн олны сэтгэлд тод үлдсэн дээ, таны хань. 

          -Тэгэлгүй дээ. Түмэнтэйгээ хүн шүү дээ. Ардын хувьсгалын 100 жилийн ойг мөн ч их хүлээсэн. 100 жилдээ оролцчихоод, мөрөн дээрээсээ нэг аварга, арслан төрүүлчихээд зодог тайлна, залуучуудад халаагаа өгнө гэж ярьдаг байлаа. Харамсалтай нь, өнгөрсөн жил цар тахлаас болоод цахим наадам гээд зүлэг ногоон дэвжээндээ гарч чадаагүй. Хэрэв амьд сэрүүн байсан бол хүслээ биелүүлээд хачин баяртай байх байсан даа. Хамгийн сонин нь 40 гаруй жил ханилсан бид хоёрт наадмын өдрүүдэд хамт байсан анхны тохиол нь өнгөрсөн жил байсан. Гэтэл бас хамгийн сүүлчийнх нь байжээ. Харамсаад барахгүй юм. Хамт байгаадаа, хамт наадмын нээлт гэртээ үзэж суугаадаа бид баярлаж байсан. Хамт амьдарсан он цаг хугацаандаа хамтдаа гэрийнхээ бор буйдан дээр суугаад наадмын нээлт анх удаа үзэж байгаа улсад сонин, сайхан байлгүй яах вэ. Гэхдээ бас гэм хийчих сэн ч юм шиг эвгүй байсан шүү. Тогтож ядаад л, уяа нь орсон морь шиг болчихдог юм билээ. Цонхоор байн байн хараад л, дээл, хувцсаа үзээд, хоолойгоо засаад, биеэ бэлдээд байсан даа. Бид “Сэтгэл санааг нь яаж засдаг юм билээ” гээд хичээсэн. Эвгүй юм байна лээ. Бөхгүйгээр тэр хүн, бөх тэр хүнгүйгээр эзгүйрэх.

          Наадмын өдрүүд манай гэрийн хувьд хамгийн жаргалтай, сайхан байдаг юм. Наадам болохоос хэд хоногийн өмнөөс хань минь биеэ бэлдээд, идэх хоол, амрах амралтдаа анхаараад эхэлдэг. Хүйтэн, нойтон юм уухгүй, даарахгүй гээд л хэрэндээ хичээнэ. Наадмын өглөө эрт босоод уулан дээр гарч хийморио сэргээгээд Төв цэнгэлдэх рүүгээ гараад шидчихдэг байсан. Сэтгэл догдлуулсан хамгийн гоё үе минь байжээ. Талийгаач маань малгайгаа янзлаад, бурхандаа мөргөж, гэрээ нар зөв тойроод “Өнөөдөр их сайхан өглөө байна шүү, наадам сайхан болох нь” гээд үүднийхээ толинд харангаа хэлнэ. Би “Зассан бөх нь даваасай, за сайн яваад ирээрэй” гэж хэлээд цайныхаа дээжийг өргөж үлдээд 40 жил болжээ. Харвасан сум шиг өнгөрсөн хугацаанд юу ч амжуулаагүй, богинохон хугацаанд л хамт байсан юм шиг санагдах юм. Олон хүний сэтгэл эзгүйрэх байх, энэ жилийн наадмаар. Бид лав бөхийн барилдаан, цол дуудах үеэр телевизээ асууж барахгүй болов уу. Тэр их орон зайг яаж нөхөж, яаж бүтэн харах юм бэ.

-Мөөеө аварга Д.Цогзол агсныг бөхийн дэвжээнд хөтөлж оруулсан гэдэг. Тэр хоёр Гэмтлийн эмнэлэгт танилцаад, сүүлдээ бөхийн бэлтгэлдээ хамт явдаг болсон юм уу даа. Тэгээд Мөөеө аварга “Чи бөхөд дуртай хүн засуул бол” гэж хэлснээр 1973 оноос хойш тасралтгүй засуул хийсэн гэж сонссон.

         -Хүмүүс миний ханийг Тонж манлай засуул Д.Цогзол гэдгээр нь хэнээс ч илүү таних байх. Харин түргэний жолооч байсан гэвэл мэдэхгүй байж магад. Гэхдээ мэдэх нэг нь мэднэ. 1970-аад оны үед түргэний эмчтэйгээ дуудлагаар явж байсан юм билээ. Машинд нь хамар нь язраад боочихсон, гэмтэлтэй хүн оруулаад ирсэн гэсэн. Хараад байсан чинь таньдаг ч юм шиг, мэддэг ч хүн шиг санагдаад байсан гэнэ. Гэтэл барилдаан бүрийг нь зурагтаар хардаг, радиогоор сонсдог Ж.Мөнхбат аварга байжээ. Багаасаа л бөхийн барилдаан үзэж, сонсож, бөхөд хайртай байсан хүн чинь танилгүй яах уу. Тэгээд тэр үед аваргатай мөн Дундговь аймгийн улсын начин Г.Цэрэнчимэдтэй танилцаж байсан юм билээ. Цогзол, Мөөеө аварга, Г.Цэрэнчимэд начны нөхөрлөл тэр үеэс л эхлэлтэй. Удаагүй байхад нь Г.Цэрэнчимэд начин хувьдаа машин авсан гэсэн. Тэр үед чинь хувийн унаа тэрэг ховор байлаа шүү дээ. Цогзол түргэний жолооч болохоор машин сайн барина. Г.Цэрэнчимэдэд машин барихад нь тусалж, хажууд нь сууж явсаар л бөхөд бүр ч хайртай болсон гэнэ лээ. Нөгөө гурав чинь машинтайгаа байнга хамт явж, бэлтгэл сургуулилалтаа хийсээр байгаад нэгэндээ дасалгүй яах вэ. Тэгээд нэг өдөр Мөөеө аварга “Чи бөхөд сонирхолтой хүн. Бөхийн засуул болбол чадах уу” ухааны юм хэлсэн гэсэн. Зурагт, радиогоор сонссон цолоо дуудсан чинь “Болохоор юм байна. Бөхчүүдийн чимэг, нэр ус, цолыг сайн цээжлээрэй” гэж хэлсэн байгаа юм. Миний хань цээж сайтай, нэг сонссон юмаа мартдаггүй, таарсан хүнээ анддаггүй байлаа. Тэгж л 1970-аад оноос бөхийн засуул хийсэн дээ. Бөх засаж эхэлсэн хугацаа нь тэр ч 1983 онд Төв аймгийн 60 жилийн ойгоор бөхийн цол дуудсан гэж ярьдаг. Гэхдээ ураг удамд нь нэртэй бөх байсан юм билээ. Тэр хүн нь “Энэ л бөх болно доо” гэж ханийг минь хэлдэг байсан гэсэн. Жаахан жижигхэн биетэй, яргай биетэй, ноцолдох дуртай хүү байсан гэнэ лээ.

-Тэгээд дараа жилээс нь шууд улсын наадмын засуул болчихсон байх нь. Дарийн Дамдин аваргын цолыг арван жил дуудсан гэдэг юм билээ. Энэ тухайгаа танд юу гэж ярьдаг байв?

         -Тийм ээ, 1984 оноос улсын наадмын гурвын даваанд Д.Дамдин аваргын цолыг дуудсан байдаг. Тэр жил улсын наадмын дэвжээний барууны магнайд 9, 10 хавьцаа л байсан юм билээ. Өглөө нь надаар дээл, хувцсаа бэлдүүлээд жигтэйхэн явсан. Би чинь барууны  магнайд 10 хавьцаа л байгаа гээд хараад байлаа. Тэгсэнгүй гэнэтхэн зүүн талын магнайд гараад ирсэн.  Гурвын даваа эхлэхээс өмнө гэнэтхэн Лүгдэн багш нь дуудаад “Чи цол дуудна. Дамдин аваргын цолыг дуудна. Чи чадна. Чамд дахиж ийм завшаан олдохгүй” гэж хэлсэн байгаа юм. Тухайн үедээ олон засуул дундаас арай онцгой, дээр нь байсан болохоор багш нь итгэл хүлээлгэсэн байх. Бас өнгөрсөн жил Төв аймгийн наадмаар цол дуудсаныг нь харж анзаарсан юм шиг байна лээ. Ингэж л Дамдин аваргын цолыг 10 жил дуудсан юм даа. Цол дуудахад нь бид хэд цай ч ууж чаддаггүй байлаа. Шимтээд, хараа салгахгүй, цол эхлэхэд нь амьсгаагаа хамт аваад, дуусахад нь хамт дуусдаг байсан. “Алдчих вий, буруу хэлчих вий” гээд л хамт сандарч, дууссаны дараа нь санаа амардаг байлаа. Анх цол дуудсаныхаа дараа ирээд надаас “Миний хоолой ямар сонсогдож байсан бэ” гээд асууж байсан. Тухайн үед нь би зурагтаа үзээд баруун талд л гарах ёстой гээд хүлээгээд байсан хүн шүү дээ. Гэтэл миний оройжин бэлдэж, индүүдэж, товчийг нь хадсан цэнхэр дээлтэй биш, өөр дээлтэй зүүний магнайд цол дуудсан. Амьсгаа дарж сонссон, их сайхан дуудсан. Орой нь гэртээ ирээд хүүхэд шиг “Чи миний дээлийг ямар гоё индүүдээ вэ, би хараад л байлаа” гэж хэлж байсан. Өөртөө бэлдсэн дээлийг өмссөн хүнийг хараад л байсан юм шиг байна лээ. Тэгж хэлсэнд нь урамшаад, “Их л гоё дээл, хувцастай явуулах ёстой юм байна” гэж хичээдэг болсон доо.  Би ч тийм сүрхий зөвлөгч биш ч гэлээ хэлэх үгээ хэлээд л өгдөг байсан. Бид хамт амьдраад л би бөхийн тухай бага зэрэг мэддэг болсон доо. Тэгэхээр намайг ч бас тэр хүн бөхөд дуртай болгосон гэсэн үг.

         Бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг шүүж, дэнсэлж яваа учраас их хариуцлагатай ажил хийж байгаа гэж өөрөө ярьдаг байсан. Тийм учраас би “Буруу, зөрүү шүүх вий. Анзаарахгүй өнгөрөөчих вий дээ” гэж айдаг байлаа. Мөн бороо, шороотой үед “Халтираад унах вий, бөхчүүддээ дайруулах вий, хоолой нь өвдчих вий” гэж санаа зовдог байлаа. Ямартай ч хоёр биеийнхээ зүгт нэг нь сонсож, нэг нь хэлдэг байсан даа.

-Та 40 орчим жил наадмаас ирэхэд нь тосож, ямар царайтай ирснийг нь харсан хүн. Гундуухан ирж байсан наадам бий юү?

           -Тийм ч гунигтай, гундуу ирсэн наадам ховордоо. Яах вэ, зассан бөх нь, “Энэ жил л юу дуулгана даа” гэсэн бөх нь тааруу барилдахад харамсчихсан орж ирдэг юм. Би ч бас наадмын сүүлийн давааны барилдааныг үзэж чаддаггүй. Зассан бөх нь уначих вий гээд айсандаа тэр шүү дээ. Хүүхдүүд давж, унахаар нь хашхираад “Өвөөгийн зассан бөх давчихлаа” гэвэл сая нэг санаа амарна даа. Харин уначихвал адилхан л харамсана. Хөгшин Сүхбатыг зодог тайлахад их харамссан даа. Харамсаж байгаагаа маш тодорхой харуулж, илэрхийлж байсан. Ядахад хүмүүс утасдаж асуугаад бүр ч илүү зовоогоод байсан. Хөгшин маань наадам дууссаны орой хүмүүсийг унтуулчихаад зурагтаа асаагаад, ганцаараа бөхөө нөхөж үзэж дүгнэлт хийдэг байсан. Тэгээд тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэмдэглэдэг байсан. Манай гэрт ханийн минь 1985 оноос хойш хөтөлсөн бөхийн холбоотой гурван дэвтэр бий. Тэнд маш тодорхой биччихсэн байдаг. Тэр дэвтрийг сөхөхөд наадам, цагаан сарын барилдаанд 1985 оноос хойш хэн түрүүлж, хэн үзүүрлэсэн, хэн хэн шөвгөрч үлдсэн гэдэг нь байж байгаа. Харин баяртай, жаргалтай ирсэн наадам олон. Өсөхөө аваргыг түрүүлэхэд хамгийн их баярлаж, жаргаж байсан.

-Та хоёр түргэний машинд танилцаж байсан юм уу. Би тэгж сонссон юм?

          -Би Архангай аймгийн Тариат сумынх. Геологийн лабораторид ажилладаг байлаа. Хань минь Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, Хужирт сумандаа багадаа нүүж очоод тэндээ суурьшсан. Ээжийнх нь бие өвддөг байсан болохоор Хужирт руу рашаан, ус бараадаж очсон гэж ярьдаг. Миний хань чинь 12 хүүхэдтэй айлын хоёр дахь нь шүү дээ. Дунд ангидаа ялихгүй шалтгаанаас болоод сургуулиасаа гарсан юм билээ. Тэгээд эрийн цээнд хүрээд цэргийн албанд мордсон. 1967 онд цэрэгт очиж армийн авто сургууль алдарт Бухаа хурандаагийн ангид жолооч болсон гэсэн. Цагаан толгойтой Увс нутгийн хурандаа их бууны ангиас шилжиж ирээд байсан гэдэг. Ингээд л жолоо мушгиж сураад, 1970 онд цэргээс халагдаж, Эрүүлийг хамгаалах яам, дараа нь түргэн тусламжийн байгууллагад нийтдээ 30-аад жил жолоочоор ажилласан юм. Түргэний жолооч байхдаа намайг их найрдаг байсан. Ажлаас гараад ирэхээр түргэний машинтайгаа, эмчтэйгээ хамт зогсож байна. Тэгээд суудлынхаа араас чихэр, жимс нарийн нандин юм гаргаж өгнө. Би олон жил “Түргэний машин болгонд чихэр, жимс байдаг” гэж бодож явдаг байлаа. Тэгэхээр намайг “Чихэр жимсэнд л хууртчихсан амьтандаа” гэж цаашлуулдаг байлаа.

-Хамт өнгөрүүлсэн дурсамжаасаа хамгийн мартагддаггүйгээс нь хуваалцаж болох уу?

            -Бид хоёрын хувьд 1984 он хамгийн дурсгалтай, дурсамжтай сайхан жил байсан. Тэр жил бид хоёр хотын төвд нэг өрөө байранд орж байлаа. Хань минь Д.Дамдин аваргын цолыг дуудаж, “Аваргын гараа” баримтат кинонд дүрсээ мөнхөлсөн, шинэ машин авлаа. Бидний амьдрал эхэлсэн сайхан жил. Бид тэр өдрийг, тэр жилийг онцгой тэмдэглэж өнгөрүүлдэг байсан. Хань минь онцгой халамжтай хүн байсан. Намайг их гоёор дууддаг байлаа. Одоо ч хүнд хэлээд яах вэ, өөртөө л хадгалж үлдээе. Миний насыг хань минь, хадмынхан маань л уртасгасан гэж бодож явдаг юм. Би элэгний өвчнөөр хүнд өвдсөн. Хань минь надад болох бүхнийг, сайн гэснийг л уулгаж, идүүлж, хөл дээр минь босгосон. Би хэвтэрт ортлоо өвдөөгүй ч намайг гар дээрээ бөмбөрүүлсэн. Надад бүгдийг л зориулсан. Хөдөө гадаа явахаар дэвсэх юм бэлдээд, хаалга онгойлгоод гүйдэг байлаа.

            Ажлынх нь талаар би төдийлөн асуудаггүй байлаа. Ер нь ямар нэгэн зүйл болсон цаг тухайд нь би юм асууж шалгаадаггүй байсан юм. Өөрийнх нь ажил учраас өөрт нь үлдээдэг. Тэр хүн тэр өдөр яримаар байгаа юм уу, сэтгэл санаа нь тавгүй байгаа юм уу гээд л асуудал бий шүү дээ. Гэхдээ надад ярих юмаа бүгдийг нь өөрөө дараа нь цаг гаргаж байгаад яриад өгдөг байсан. Харин заримдаа надад яриагүй юмаа хүнд түрүүлээд ярихаар нь би гомдчихдог байсан юм. “Надад яриагүй юмаа, хүнд түрүүлээд хэлчихлээ” гэж бодно. Нөгөөхдөө энэ тухайгаа хэлнэ. Би ер эрх байсан. Намайг насаараа л эрхлүүлсэн дээ. Ханийгаа өөд болсны дараа бодоход надад хийж чадах зүйл тун ховор юм шиг л санагдаж байлаа. Тэгж л намайг хайрлаж, хэн хүнээс илүү эрхлүүлсэн. Их сайхан дуулдаг. Тухайн үеийн дуунуудын үгийг солиод, надад зориулсан үгтэй болгоод дуулдаг. “Нутгийн бараа” гэдгийг “Хотын нэг дүүрэгт байна” гээд хувиргаад дуулна. Би ч сонсох дуртай байжээ. Сүүлд нь ач нартаа “Энэ дууг эмээд нь зориулж дуулж өгдөг байлаа” гэж ярьдаг байлаа.

-Үнэхээр халамжтай хүн юм шиг байна лээ. Залуу засуулууд хүртэл энэ тухай нь ярьдаг гэсэн.

            -Зохион байгуулах чадвар сайтай байсан. Бүгдийг л зохицуулж, арга эвийг нь олж, хужрыг нь тунгаана. Ямарваа бөхийн барилдаан болоход манай хөгшин рүү залгаж, захиалга өгдөг байсан юм. Тэгээд “Тэдний өдөр тэдэн засуул хэрэгтэй. Тийм хувцастай байна шүү” гээд даалгавар өгнө. Ер нь ямар нэгэн зүйлийг яс тас байлгадаг байсан хүн дээ. Залуу засуулууд руугаа залгаад “Өмсөх хувцас, усанд орох”-ыг нь хүртэл сануулж хэлдэг байлаа шүү дээ. Заримдаа би “Чи хүний орон зайд арай л дэндүү хандаад байна уу даа. Наад хүмүүс чинь гэр бүлтэй, чамайг юу гэж бодож байгаа бол” гэхээр “Халуун зун болж байна. Усанд орохыг нь сануулна аа” гэдэг байсан. Дээрээс нь засуулуудынхаа амьдрал ахуйг бодно. Өмнөх барилдаан нь бай өндөртэй байвал “Энэ удаад чи явахгүй, тэр явна” гэж хэлнэ. Тэр нь хүнээ бодож байгаагийн илрэл нь юм. Зохион байгуулах, хүнд туслах чанар бол гарамгай эзэмшсэн хүн. Заримдаа цагаан сарын үеэр “Нарантуул”  зах орж бэлтгэл ажлаа хийнэ. Тэгж явахад нь мөнгө муутай хөгшин настай хүмүүс тааралдвал “Та юу авмаар байна вэ. Мөнгө чинь дутаад байгаа юм уу. Та дуртай юмаа ав. Би аваад өгье” гэж хүртэл хэлнэ. Хүмүүст тэгж л тусалдаг байлаа. Тэрэндээ ч өөртөө дуртай, баяртай явдаг байсан.

-Наадмын маргааш л танай гэр бүлийн хувьд жинхэнэ наадам эхэлнэ биз. Долдугаар сарын 13-нд таны ханийн төрсөн өдөр тохиодог юм билээ?

-Төрөхөөсөө л бөхтэй холбоотой төрсөн байгаа биз. Төрсөн өдрөө тэмдэглэх дуртай байсан. Хамаг ажлаа амжуулчихсан, тайвширчихсан учраас намайг, хүүхдүүдээ дагуулаад агаар салхинд гарч, бид зугаалдаг байсан юм. Өнгөрсөн жил “Бөх байхгүй ёстой хэцүү юм байна” гээд шавь нартайгаа, гэрийнхэнтэйгээ Хэрлэн голын хөвөөнд төрсөн өдрөө очиж тэмдэглэсэн. Сүүлчийнх гэж яаж мэдэх билээ дээ.

-Танайх айлчин гийчин тасрахгүй биз?

           -Тийм ээ, эхлээд бөхчүүд ирдэг байлаа. Дараа нь шавь орох гэсэн хүмүүс ирдэг болсон. Сүүлдээ зургаан настай багачууд тасрахаа больсон. Шавь орох, бөхийн эрдэмд суралцах олон хүн манайхыг зорьж ирдэг байсан. Одоо ч цагийн эрхээр хүний хөл татарч дээ. Нэг жилийн цагаан сараар зориуд тоолж үзэхэд 300 гаруй хүүхэд ирсэн байна лээ. Сэтгэл санаа нийлсэн андуудтайгаа нийлж, “Хуйрнан шуугигч” хүүхдийн барилдаанд гар бие оролцож, сүүлийн үед тэр барилдаанд нь гол анхаарлаа хандуулж ирсэн. “Зодог тайлсныхаа дараа хөдөө явж барилдах хүүхдүүдийг шинжиж олж ирнэ” гэж ярьдаг байсан. “Хуйрнан шуугч”-ийн барилдаанаас л ирээдүйн аваргууд төрнө гэж итгэдэг, хүлээдэг байсан даа. Тэр барилдааных нь хэдэн хүүхдийг би таньдаг юм. Гэхдээ ханийнхаа өгсөн нэрээр хүүхдүүдийг нь танина. Олон давсан, сайн барилдаж байгаа хүүхдүүдээ алдар цуутай том бөхчүүдийн нэрээр нэрлэчихсэн байдаг.

-Эрэмбээрээ бол зүүний магнайд гарах ёстой байсан. Яагаад зүүний магнайдаа гардаггүй байсан юм бол?

            -1994 онд засуулуудын анхдугаар уралдаан болсон гэдэг юм билээ. Дундговийн Мягмар түрүүлж, Цогзол хоёрт орсон гэсэн. Тэгээд л эрэмбэлэгдэж, Мягмар зүүнийг, Цогзол барууныг манлайлан гарсан байгаа юм. Мягмар нас барж, зүүний манлайд нэг гарсан. Тэгээд л ер нь дахиж цөөн гарсан. Ахмад үеийн алдар цуутай засуулуудын минь бүлээн цогцос хөрж амжаагүй байхад би зүүний магнайд гарах сэтгэл алга гэж хэлж байсан. Сүүлд гавьяат болсноос нь хойш зүүн талын магнайдаа гар гэж шахаж байсан. Дээлийг нь хүртэл хийлгэж өгч байсан. Хүүхдүүд маань дээлийг нь хадгалж явах байх даа. Миний хань бөхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан.

-Танай хүүхдүүдээс бөхөд хайртай, засуул болох сонирхолдоо хөтлөгдөөд явж байгаа хүн бий юү. Амьд ахуйдаа хүүхдүүдээ дагуулж барилдаанд хэр явж байсан юм бэ?

            -Ач, гучаа дагуулж их явсан. Манай хүүхдүүд бөхөд хайртай хэрнээ өвөө, аавынхаа халааг авах хүн алга. Нэг ачаа дагуулаад их явдаг байсан. Хамт бэлтгэл хийгээд, тагтан дээр биеэ шараад, хоолойны дасгалаа хийдэг байлаа. Нэг наадмын үеэр ачтайгаа тагтан дээр дуулж байсан юм билээ. Дуулаарай гэхээр “Дэнсээ хүү” гээд л аялаад байдаг байсан. Тэгээд цол дуудаад ач маань “Баруун” гэсэн чинь хажуу айлын хүүхэд тагтан дээрээ гарч ирээд “Эдний тагтан дээр хэн уйлаад байна аа” гэсэн байна лээ. Тэгээд ач хүү маань тэрнээс хойш өвөөтэйгөө бэлтгэл хийж, цол дуудаагүй. Өвөө нь “Урлаг ойлгодоггүй нэг нөхрөөс болоод хүү минь ичээд больчихлоо” гэж ярьдаг байсан. Гэхдээ манай хүүхдүүд бөхөд дуртай, хайртай. Хаана ч явсан бөхөө шимтэж үздэг.

-Бөхийн тааврыг алдахгүй таадаг байсан гэж уншсан. Энэ тухай нь сонинд хүртэл бичсэн байдаг юм билээ?

             -Хоёр, гурван удаа шөвгийн дөрвөн бөхийг тааж байсан. Тэр тухай нь сонинд  бичиж байсныг нь санаж байна. Нэг удаа манай хамаатны хүүхэд БНСУ руу явах гээд манай ажил болгоод ирсэн. Цагаан сарын бил үү дээ барилдааны тааврыг бичүүлж аваад явсан. Гадааддаа очоод таавраа явуулсан чинь таачихсан гэсэн. Тэгээд бөх мэддэг хүүхэд гэж яригдаж байсан тухайгаа хэлж байна лээ. Гэхдээ сүүлд “Одоо бөхийн таавар хэцүү болсон. Залуучууд ширүүн, өрсөлдөөнтэй, сайн барилддаг болсон” гэж хэлж байсан. Баримжаатай л хэлдэг байсан даа.

-Засуулуудаас төрсөн анхны СГЗ, Тонж манлай улсын засуул. Анхдагч гэж хэлж болно байх. Соёлын гавьяат зүтгэлтэн цолоо хэрхэн хүлээж авч байсан бэ?

             -Дээхэн үед мундаг мундаг хүн олон байсан. Тэр хүмүүсээс ч хайрлаж, хүндэлж, “Өдий зэрэгтэй яваа нь тэр хүмүүсийн ач” гэж талархаж явдаг байсан даа. Тухайн үед одоогийнх нь шиг цол тэмдэг олгодоггүй байжээ. Олгодог байсан бол олон хүн хөдөлмөрөө үнэлүүлэх байсан байх. Цол, тэмдэг, гавьяа шагнал өгдөг болсноос хойш аваагүй шагнал, анхдагч болоогүй амжилт гэж байгаагүй. Анхны улсын засуул, тонж манлай, Соёлын гавьяат зүтгэлтэн гээд ярьвал дуусахгүй. СГЗ болох тухай хэдэн жилийн өмнө тухай дуулдаж байсан. Тухайн үедээ догдлоод хүлээгээд байсан боловч сураггүй болчихсон. Тэгээд бид хэд мартчихсан байсан юм. Гэтэл цагаан сарын хуралдааны үеэр Соёлын гавьяат зүтгэлтэн болж байгааг нь мэдсэн. Эхний удаа залгахаар нь бид хоёр итгээгүй. Тэгээд утас нь дуугараад байсан чинь итгэхгүй “Чи аваад ярьчих” гээд байсан. Дараа нь албаны хүн залгаад “Маргааш өглөө 11:40 цагт Төрийн ордонд бэлэн байгаарай” гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө нойр хүрээгүй. Хүүхдүүддээ хэлэх үү, яах уу гэж эргэлзэж байгаад өглөө болгосон. Эндүүрчихсэн байх вий гэж айж байсан. Тийм зүйлийг чинь ном, сонин дээрээс бишгүй л уншиж байлаа шүү дээ. Ер нь шагналаа аваад гараад ирэх хүртэл нь түгшиж байсан. Сайхан хүмүүстэй хамт шагналаа авсан даа. Өөрийнх нь хөл газар хүрэхгүй баярлаж байсан тухайгаа дэвтэртээ бичиж үлдээсэн байна лээ. Шагналаа аваад гараад ирсэн чинь хүмүүс бүчиж аваад, хүүхдүүд маань аав руу гүйчихсэн байсан. Миний хөл муу учраас ард нь үлдсэн. Тэгээд арай гэж ханьтайгаа уулзаж байлаа даа.

-Хийх юм их ч байж дээ. Гэр бүлийнхэн, бөхчүүд нэгдээд Д.Цогзол агсны нэрэмжит хүүхдийн барилдаан зохион байгуулж байгаа. Барилдаан маргааш (өнөөдөр) эхэлнэ. Танд юу бодогдож байна?

           -Тийм ээ, энэ барилдаанд зүрх сэтгэлээ зориулж, ханийн минь төлөө хичээж байгаа бүх хүнд баярлалаа. Хүүхдийн барилдаан өргөн дэлгэр болох нь дамжиггүй. Ханийгаа л хамгийн ихээр бодож байна даа. Хүний амьдралын жам гэж байдаг юм байна. Аав, ээжийгээ, ах, дүүгээ алдаж үзлээ. Ханилж явсан гэрийнхээ нэг баганыг алдлаа. Үүн шиг хэцүү зүйл хорвоод байдаггүй юм байна шүү. Хүн дурсамж, зураг хоёроор л амьдардаг юм байна. Энэ олон жилийн хугацаанд бид хамт наадам үзэж үзээгүй ч гэлээ наадмаас ирэхэд нь нэг ч удаа гэрийнх нь хаалга цоожтой байлгаж үзээгүй. Ирэх жилийн наадам, ирэх он жилүүдийн наадмыг яаж туулах вэ гэдгийг мэдэхгүй байна. Ханьтай минь хамт өссөн үеэл нь байдаг юм. Ах, дүүгийн хүүхэд ч гэлээ хар багаасаа хамт өсөж, найзууд болсон. Анх ийм аймшигтай хэрэг болсныг дуулгахад “Юун Улаанбаатар, дэлхийн тал алга болчихсон юм шиг хэцүү байна даа” гэж хариулсан байна лээ. Надад яг адилхан байна...

Л.Цэрэнноров гуай “Энэ удаад ингээд өндөрлөх үү дээ. Уйлахгүй гэж мөн ч их хичээлээ. Сэтгэл гэдэг юунд ч захирагдахгүй эрхтэн юм байна шүү дээ. Энэ олон жил хорвоод хүн шиг амьдруулсан, хамтдаа амьдарсан ханьдаа л талархаж байгаагаа хэлмээр байна. Ханийнхаа тухай ярьсан чинь сэтгэл бага зэрэг уужраад ч байгаа шиг санагдаж сууна. Цээжин дээр багтраад байсан, тулчихсан байсан нэг зүйл хөнгөхөн болчих шиг. Намайг зориод ирсэн та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Ханийнхаа ачаар олны хөлд дарагдаж, завгүй амьдарсан би хорвоогийн хамгийн завтай, ганцаардмал хүн болчихсон ч юм шиг хэцүү юм. Дараа заавал айлчлаарай” гэсээр биднийг үдлээ.


СГЗ, УЛСЫН ТОНЖ МАНЛАЙ ЗАСУУЛ Д.ЦОГЗОЛ АГСНЫ ГЭРГИЙ Л.ЦЭРЭННОРОВ: ХАНИЙН МИНЬ МӨРНӨӨС МӨН Ч ОЛОН АРСЛАН, АВАРГА ТӨРСӨН ДӨӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188