• Өнөөдөр 2024-04-28

Н.ЭНХБАЯР: ТӨСВИЙН ҮРЭЛГЭН ЗАРДЛЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙГАА НЭГ ШАЛТГААН НЬ СОНГУУЛЬ

2022-10-24,   428

         Эдийн засагч Н.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

        -Засгийн газраас боловсруулсан 2023 оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Ирэх оны төсвийг урьд өмнө нь байгаагүйгээр өндөр төсөөлсөн байна. Энэ төсөөлөлдөө хүрч чадахгүй бол манай эдийн засагт ямар нөлөөтэй вэ?

     -Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас өндөр хамааралтай. Олон улсын байгууллагаас ч үүнийг анхааруулж байгаа. Бусад аж үйлдвэржсэн болон үйлчилгээний салбар зонхилсон орныг бодвол манай эдийн засаг савлагаатай байна. Өнгөрсөн 20 жилийн гол экспортын бүтээгдэхүүн болсон төмрийн хүдэр, зэс, нүүрсний үнийг авч судаллаа. Үүнээс харахад үнийн маш их савлагаа ажиглагдсан. Энэ нь хамгийн багадаа  500 сая, дээд тал нь 2.5 тэрбум ам.доллар хүрсэн байгаа юм. Энэ их савлагаа нь төсвийг савлуулах гол шалтгаан болж байна. 2015-2016 онд эдийн засгийн хямрал ч түүхий эдийн үнийн савлагаанаас шалтгаалсан.

     Одоогоор түүхий эдийн үнэ сайн байгаа боловч удаан тогтдоггүй. Түүхий эдийн үнийн өсөлт гурван жилийн хугацаанд үргэлжилж байгаа. Одоо тэгэхээр өссөн үнэ нь буцаад унаж магадгүй гэсэн үг. Хэрвээ аж үйлдвэрийн юм уу, үйлчилгээний салбар байсан бол энэ тогтвортой байгаа. Гэтэл манайх маш их хэлбэлзэлтэй орлого дээр суурилж байна. Төсвийн өндөр зарлагаас хамаарч, орлогоо хэт өөдрөг төсөөлж байна. 2017 оны төсвийн гүйцэтгэлээр төсвийн нийт зарлага есөн их наяд төгрөг байв. Гэтэл 2022 онд 18 их наяд төгрөгийн зарлагатай буюу хоёр дахин их байна. Тавхан жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Манайх шиг хөгжиж байгаа их улсууд дунд төсвийн зарлага нь ингэж өсөж байгаа улс байхгүй. Бид төсвийн зарлагаа хэт өсгөөд байна.

       -Төсвийн зарлага  ингэж их өсөхөд юу нөлөөлж байна вэ?

        -Нэгдүгээрт, суурь үрэлгэн бүтэц байна. Хоёрдугаарт, олон улсын байгууллагаас байнга анхааруулж байгаа халамжийн бодлого байна. Халамжийн асуудлыг Дэлхийн банк байнга анхааруулж байгаа. Миний тухайд эдийн засгийн суурь бүтэц дээр алдаа байна гэж үзэж байна. Бид 2000 оны эхээр буюу төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж байна гээд нэлээд удаан явсан. 2006, 2007 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсөөд Монгол Улс анх удаа коксжих нүүрс дэлхийн зах зээлд гаргаж эхэлсэн. Түүнээс өмнө манай экспортод зэсийн баяжмал, төмрийн хүдэр, жонш, газрын тос, алт гардаг байв. Ингээд коксжих нүүрс экспортод гарч хоёр тэрбум ам.долларын орлого шинээр ороод ирэхээр эдийн засгийн бүтцийн өөрчлөлт шинээр хийхээ больчихсон. Тайвширчихсан гэсэн үг. Хэрвээ уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх орлого байгаагүй бол бид эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх байсан. Яаж зардлаа хэмнэх вэ гэдэг дээрээ ч анхаарна. Уул уурхайн салбараас хамаарсан Голланд өвчин гэдэг нь энэ л дээ. Мөнгө байгаа юм чинь хөрөнгө оруулалтуудаа санхүүжүүлээд яваад байж болно гэсэн ойлголттой болчихсон. Суурь эдийн засгаа үрэлгэн болгож буй хэд хэдэн ажил бий. Үүний нэг нь соёлын төв барих ажил байна. Соёлын төвд хөдөө тархан суурьшсан иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зориулалттай. Гэтэл одоо техник технологи хөгжөөд соёлын төвийн ач холбогдол 50-60 хувь буурчихлаа. Энэ бүх соёлын үйлчилгээг гар утсаараа, телевизээс авчихдаг болчихлоо.

       Хэрвээ бид уул уурхайгаас хамааралтай бус байсан бол энэ соёлын төвийг сургуулийн спорт заалтайгаа хамт хийж болох байв. Соёлын төв, спорт заалаа хамт хийчихвэл урсгал зардлаа ч хэмнэж болно. Бүх салбарт яг ийм хэмнэж болох зардлууд ч байна. Эрүүл мэндийн салбарт ч гэсэн бий. Жишээлбэл, урьдчилан сэргийлэх үйлчилгээг сайжруулж байж төсвийн зардлаа хэмнэнэ.

        -Сонгуулийн тогтолцоо буюу тойрог руугаа төсөв татах нь үрэлгэн зардал бий болоход нөлөөлж байгаа гэж ойлгож болох уу?

         -Олон шалтгаан бий. Уул уурхайн салбараас хамааралтай байгаа нь нэг нь. Бид үрэлгэн бүтцээ засах ёстой. Гэтэл засахгүй явсаар есөн их наяд чинь 18 их наяд болчихоод байна. Үүнийг улам өөгшүүлж байгаа нэг шалтгаан нь сонгууль мөн.

          -Өнгөрсөн хугацаанд манайх төсвөө өндөр алдагдалтай баталж ирсэн. Энэ жил 1.5 их наядын алдалтай байгаа. Энэ нь манай эдийн засагт ямар эрсдэл учруулж байгаа вэ?

      -Хамгийн гол нь гадаад өрийг нэмж байна. Бидний хуримтлагдсан өр чинь тэр чигтээ төсвийн орлогоо хэт өндөр төсөөлснөөс болж байгаа юм. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсвөө алдагдалтай баталсан нь ковидын нөлөө гэж байгаа. Ковидын нөлөө байх нь байгаа. 2020 онд төсвийн алдагдлаа таван их наяд болтол нь тэлчихсэн. Энэ нь гадаад өрийн дарамт нэмж байна. Үүнээс шалтгаалж бараа үйлчилгээний үнэ нэмэгдэж байгаа.

           -2023 оны төсвийг эдийн засгаа тогтворжуулах гэж байгаа. Ийм боломж боловсруулсан төсвөөс харагдаж байна уу?

        -Төсвөөс эдийн засгийг тогтворжуулна гэдэг бол өрөөсгөл ойлголт. Эдийн засгийг тогтворжуулахын тулд олон зүйл ярих шаардлагатай гэсэн үг. Мөнгөний бодлого, инфляц гэх мэтчилэн. Төсөв эдийн засагт нэг л хэсгээрээ нөлөөлж байгаа. Засгийн газар хэр хэмжээний худалдан авалт хийх вэ гэдгээс. Одоогийн байгаа бүтцээрээ явбал дорвитой өөрчлөлт гарахгүй. Төсөв дээр бичсэн тоондоо бус цаана байгаа үрэлгэн бүтцээсээ хамаарч байна. Хувийн хэвшлийнхэн хэлж байгаагаар төр оролцохгүй зүйлдээ битгий оролцооч гэсэн санаа.

           -Тодруулбал?

          -Үнэ тогтоодог, тээврийн үйлчилгээний шинэчлэлийг хийх гэдэг ч юм уу. Төр өөр бүх ажлыг нь хийх гэж оролдох тусам манайх шиг жижиг эдийн засагтай улсад хувийн хэвшлүүд хийх ажилгүй болно. Манайх зах зээлийн эдийн засагт шилжих гэж байгаа бол ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хувь хэмжээгээ бага байлгах хэрэгтэй. ДНБ-ний 30 гаруй хувьтай тэнцэх татварын болон татварын бус орлогыг төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгж байж эдийн засаг эрүүлжинэ. Нэг, хоёр удаад тоо солиод манай эдийн засаг эрүүлжихгүй. Үнэхээр урт хугацааны бодлого баталчихсан бол төсвөө яаж цомхотгох вэ, төрийн оролцоогоо яаж багасгах вэ гэдэг талаасаа нь бодох шаардлагатай байна.

          -Шинэ хөрөнгө оруулалтыг зогсоосон нь хэр үр дүнтэй шийдэл юм бэ?

       -Хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгах талаар олон улсын байгууллагууд манайд зөвлөдөг. 2000-аад оны эхээр манайд Дэлхийн банкны мэргэжилтнүүд ажиллаж, хөрөнгө оруулалтын төслийг хэрхэн сонгох вэ гэдэг аргачлал баталж байв. Сүүлд 2018 онд Сангийн сайдын тушаалаар хөрөнгө оруулалтыг яаж батлах вэ гэдэг аргачлал баталсан. Тэр аргачлалаар бол ажлын хэсэг хэд хэдэн шалгуур тавих ёстой. Нийгэм эдийн засгийн ач холбогдол, зураг төслөөс нь эхлээд л оноо тавих ёстой. Ингээд шаардлага ханаагүй төсөл төсөвт орохгүй. Гэтэл энэ журам хэрэгжихгүй байна. Хөрөнгө оруулалт бодит байдал руу явахгүй байна.

         Нэг удаадаа шинэ хөрөнгө оруулалт хийхгүй гэдэг нь сайн. Гэхдээ болж бүтэхгүй төслүүд орж ирдэг цоорхой нь хэвээрээ байна. Улсын төсвөөр юу хийж болох вэ гэдгээ эрэмбэлэхгүй байна.

           -Жил бүрийн төсөвт аудитын дүгнэлт хийдэг шүү дээ. Үүнийгээ мөрдөхгүй байна уу?

         -Аудитын дүгнэлтийг УИХ-аар хэлэлцсэн. 2021 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын тайланг сонссон. Үүнд аудит дүгнэлтээ гаргаад танилцуулсан. Их хурал үүн дээр нь нэг тогтоол гаргаад л болчихдог. Зөрчилтэй төсөл дээрээ хөрөнгө оруулалт оруулчихсан байна гэдгийг нь УИХ Засгийн газраас асуух ёстой. Гэтэл ийм зарчим алга.

          -2023 онд манайх гадаад өрүүдээ төлж эхэлнэ. Мэдээж нөөц хөрөнгөгүй учир дахиад л бондыг бондоор санхүүжүүлэх болов уу?

          -2012 хүртэл манайх ОУВС болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас зээл авч байв. Энэ зээл нь 20-30 жилийн зээл. Эхний 10 жил нь үндсэн өр өө төлөхгүй зөвхөн хүүгээ төлөөд 10 жилийн дараа үндсэн өрөө төлдөг.  Олон улсын байгууллагын зээлийнхээ хугацааг сунгаж ч болдог байв. 2012 оноос хойш бид бонд гаргаж эхэлсэн. 3-5 жилийн буюу маш богино хугацаатай, өндөр хүүтэй. Хугацаа сунгах ч боломжгүй, төвөгтэй.

          Бондоос хамаарч манайх Өрийн удирдлагын тухай хууль баталсан. Энэ хуулийн дагуу дунд хугацааны Өрийн стратегийн баримт бичиг гэж баталсан. Үүгээр зохицуулах ёстой. Гэтэл үүнд шинээр өр үүсгэхгүй байх тухай хязгаарлалт нь маш бага байна. Тэр өрийн хязгаарыг сайн үйлчилдэг болгомоор байна. Одоогийн байгаа валютын нөөц дээр өр төлнө гэдэг маш хэцүү.

         -Бидэнд тэгэхээр валютын нөөцөө нэмэх боломж байна уу?

            -36 сая тонн нүүрс байна уу, 42 гэж тавина уу ямар ч ялгаагүй. Нэн тэргүүнд боомтын үйл ажиллагаагаа сайжруулж, дэд бүтцээ шийдэх. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүдийн боомтын хүчин чадлыг нэмэх вэ гэдэг. БНХАУ-аас Тэг-Ковид бодлогоо хэвээр үргэлжлүүлнэ гээд хэлчихлээ. Ирэх оны нэгдүгээр сарын сүүлчээр Хятад Улсын цагаан сар гээд хилээ хаачихна. Мөн хоёр том Их хурал болно. Ийм өдрүүд тус улс хилээ хаадаг. Тэгэхээр манай экспорт тасрах эрсдэлтэй. Тэгэхээр бид боомтын үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй. Нэн тэргүүнд төмөр замын ажлуудаа дуусгах, тээвэрчдийн эрүүл аюулгүй байдлыг нэг голдиролд оруулах, эрүүл мэндийн төвүүдээ байгуулах экспортыг нэмэх боломжтой ямар арга байна түүнийгээ л сайжруулах хэрэгтэй байна.

             Одоогийн дэд бүтцийг харахаар 30 орчим сая тонн нүүрс экспортлох болов уу гэж харж байна.


Н.ЭНХБАЯР: ТӨСВИЙН ҮРЭЛГЭН ЗАРДЛЫГ ӨӨГШҮҮЛЖ БАЙГАА НЭГ ШАЛТГААН НЬ СОНГУУЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188