• Өнөөдөр 2024-05-19

ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: 2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ, ШААРДЛАГАГҮЙ

2022-10-13,   844

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2023 оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Ирэх онд Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах жил болгож, инфцляцыг нэг оронтой тоонд оруулах зорилго тавиад буй. Мөн нүүрсний экспортыг 2019 оны мөн үед хүргэж, төсвийн орлогоо нэмэх төсөл боловсруулсан. Эдийн засгийн амаргүй энэ үед ирэх оны төсөв хэр оновчтой болсон талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛАКШМИ: ТӨСВИЙН ТӨСЛӨӨ ЭРГЭЖ ХАРАХ ШААРДЛАГАТАЙ

-Цар тахлын нөлөө болон ковидын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн байдал амаргүй байна. Манай эдийн засаг ойрын хугацаанд сэргэх боломж байна уу?

    -Инфляц өссөн, зээл олголт саарсан, төгрөгийн ханшийн сулрал, валют ялангуяа ам.долларын олдоц хязгаарлагдмал байгаа зэргээс шалтгаалан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Экспортоо нэмэгдүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах, бизнесийн орчинг сайжруулах зэрэг ажлыг богино хугацаанд хиймээр байна. Эдийн засгаа сэргээхэд бизнесийн салбарын томоохон реформ хэрэгтэй.

         Гадаад хөрөнгө оруулалтын асуудлаа хурдан шийдээд, хариуцах газрыг нь байгуулаад, ажлуудаа түргэн шуурхай хийхгүй ярьсаар байгаад маш их хугацаа алдаж байна. Аливаа юм болохгүй байна гэхээр л хууль болохгүй байна гээд өөрчилдөг, хамгийн гол асуудал нь хэрэгжилтэндээ байдаг.

-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. 2023 оны төсвийн төсөл олны хүлээлтэд нийцэж чадсан уу. Эдийн засгаа тогтворжуулж чадах уу?

      -Эдийн засгаа тогтворжуулж чадахгүй байх. Төсөв 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай  байгаа. Мөн түүнчлэн төсвийн зарлагаа 14 хувиар нэмсэн, төсвийн орлогоо 20 хувиар нэмсэн гээд олон асуудал байна. Шинээр төсөл, хөтөлбөр эхлүүлэхгүй гэсэн атлаа өмнө эхлүүлсэн төслүүдийнх нь зардал өссөн гээд анхаарах зүйл цөөнгүй байна. Өөр нэг анхаарал татсан асуудал байгаа нь “Банкны салбарын реформ, өрсөлдөөнийг дэмжих хүрээнд гадаадын банк Монгол Улсад салбараа нээх процессыг хялбаршуулж, өрсөлдөөнийг дэмжсэн зөв тогтолцоо бүрдүүлнэ” гэсэн байна. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг баталж дотоодын банкуудыг нээлтэй хувьцаа гаргахаар шинэ зохицуулалтуудыг мөрдөж эхэлсэн. Энэ үед ийм асуудал оруулсанд нь санаа зовж байна. Энэ хуулийг 2018 онд баталж, нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаа гаргах тодорхой асуудлуудыг оруулсан. Нэг томоохон асуудал нь хэрэв банк нээлттэй хувьцаа гаргасан ч төлөвлөсөн хөрөнгөө бүрдүүлж чадахгүй бол төрөөс тухайн банкийг санхүүжүүлж хөрөнгөжүүлэхээс гадна төрийн захиргааны байгууллага дотоод үйл ажиллагаанд нь оролцож удирдана гэсэн. Эдийн засаг ийм хүнд байгаа үед системийн банкуудын нээлттэй хувьцааг худалдаж авах хүмүүс цөөн байна.

-Шинээр эхлүүлэх хөрөнгө оруулалтуудаа зогсоосон ч зарлага өндөр байна. Энэ ямар учиртай вэ?

      -Үнийн өсөлтөөс болоод зарлага нь өссөн, үүнээс болоод өндөр байгаа. Өнөөдөр бид зайлшгүй шаардлагатай төсөл хөтөлбөрөө эдийн засгийн ач холбогдлоор нь эрэмбэлээд шинэ, хуучин гэж ялгахгүй хөрөнгө оруулалтыг нь хийх хэрэгтэй. Тэгэхгүй хуучин төслүүд наад зах нь 2-3 жилийн өмнө эхэлж байсан гээд аваад үзвэл өнөөдөр цар тахал, дайн дажинтай, эдийн засаг нь хүндэрсэн ийм үед өөрчлөгдсөн нөхцөл байдалд тохирч байна уу гэж дахин бодох хэрэгтэй.

-Монгол Улс ирэх онд томоохон бондуудын эргэн төлөлт хийхээр байгаа. Манай зээлжих зэрэглэл дэлхийд буурах эрсдэлтэйг олон улсын судалгааны байгууллагууд сануулж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

     -Зээлжих зэрэглэлээ сайжруулахын тулд хамгийн түрүүнд санхүүгийн менежментээ сайжруулах хэрэгтэй. Мөн түүнчлэн төсвөө дахин нэг эргэж хараад, нийгэм-эдийн засгийн үр ашгаар нь эрэмбэлээд шаардлагагүй зардлуудаа танах юм бол үүнд бас тодорхой хувь нэмэр оруулна гэж бодож байна.  

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: САНГИЙН ЯАМНЫ ЗҮГЭЭС ТӨСВИЙН БОДЛОГЫГ САЙЖРУУЛАХ ОРОЛДЛОГО ХИЙСЭН

-2023 оны төсвийн төслийг хэлэлцүүлж байгаа. Төсвийн орлогоо хэт өөдрөг төсөөлж, зарлагаа тэлсэн энэ үед эдийн засгаа сэргээх ямар боломж байна вэ?

     -Энэ асуултын хувьд орлогоо хэт өөдрөг төсөөлсөн, зарлагаа хэт тэлсэн эсэхийг тодорхойлох хэрэгтэй байх. Мөн энэ нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх боломжтой талаар зөв чиг хандлагатай байх хэрэгтэй болов уу. Түүнчлэн өнөөгийн болон төлөвлөж буй жилийн эдийн засгийн нөхцөл байдал ямар байх нь их чухал.

       Төсвийн хувьд орлого, зардлын тэлэлт харьцангуй өндөр нь үнэн. Хэт өөдрөг төсөөлсөн гэдэг нь хүн бүрийн өөр өөрийн өнцгөөс хэрхэн харах вэ гэдэгтэй холбоотой харьцангуй асуудал. Харин энэ төсөв нь өнөөдөр нэлээд сул байгаа.  2023 онд тодорхойгүй эрсдэл өндөр, хэрэглээний үнэ, ханшийн дарамт ихтэй нөхцөл байдалд нийцтэй эсэх нь бидний анхаарах гол асуудал. Эдийн засгийг сэргээхийн тулд сайн төсөв, мөнгөний бодлого батлах нь хамгийн чухал. Үүн дээр нэмээд эдийн засгийг сэргээх цогц бодлого, арга хэмжээ шаардлагатай.

-2023 оны төсвийн төсөл олны хүлээлтэд нийцэж чадсан уу. Эдийн засгаа тогтворжуулж чадах уу?

      -Хүлээлтийн хувь их өндөр байдаг. Бүгд л алдагдалгүй, бага тэлэлттэй төсөв хүсдэг. Харин бидний зүгээс бодлого, үр ашиг, хариуцлага нэхдэггүй. Тоон үзүүлэлт талаас нь харвал дээр дурдсан тэлэлт өндөр, алдагдал 1.5 их наяд, зарлага 20 их наяд давсан гэх мэт асуудал бий. Үүн дээр халамж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Харин бодлого талаасаа 2022 оноос Сангийн яамны зүгээс төсвийг бодлогын хувьд сайжруулах оролдлого хийсэн. Тэр нь энэ жил бүдгэрсэн ч тодорхой бодлогын арга хэмжээнүүд бий. Үүний онцлог нь татварын суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэхтэй холбоотой асуудлууд хамаарна.

     Товчхондоо энэ жилийн төсөвт шинэлэг сайн зүйлс бий боловч бүгдийн хүлээдэг төгс төсөв биш. Ийм төсвийг бий болгохын тулд өнөөгийн төсвийн шинэчлэлийг эргэлтгүй үргэлжлүүлэх шаардлагатай. Мөн төсвийн бодлого, макро эдийн засаг, нийгмийн эерэг нөлөө хамгийн чухал гэдгийг бид хаа хаанаа ойлгох шаардлагатай.

Үүнээс гадна ямар үед ямар төсвийн бодлого хэрэгжүүлэх тал дээр тогтсон хандлага бий. Төсвийн хувьд үр ашигтай, дээр нь бид хямралын нөхцөлд байгаа бол тэлэх бодлогоор эдийн засгийг дэмждэг тал бий. Гэхдээ үүний ард төсвийн зөв бодлого, үр ашиг байгаа тохиолдолд шүү дээ. Энэхүү шалгуурыг Монгол Улсын төсөв тоон талаасаа хангаж чадахгүй тал байна. Энэ агуулгаараа үнийн өсөлт, ханшийн дарамт ихтэй үед хэт төсвийн тэлэлт сайн зүйл биш байх талтай. Эдийн засгийн тогтворжилтын хувьд 2023 оны хувьд эдийн засгийн өсөлтийг тодорхой өндөр түвшин буюу таван хувиас багагүй түвшинд хадгалах явдал гэж би хувьдаа харж байгаа. Учир нь ингэж байж бид энэ гадаад эрсдэлтэй нөхцөл байдалтай холбоотой хямралыг хохирол багатай давах боломжтой болно.

-2023 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын шинэчлэл хийсэн гэж байгаа. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

        -Оновчтой зүйл мөн гэж би хувьдаа бодож байна. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын оновчтой байдал, гүйцэтгэл, үр ашиг ихээхэн алдагдсан нь төсвийн төслөөс харагдаж байна. Олон жилийн өмнө эхэлсэн дуусаагүй хөрөнгө оруулалт, үнийн өсөлт, төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн хувьд зэрэг нь үүнийг харуулж байна. Иймээс дараа жилээс ч үүнийг үргэлжлүүлж зайлшгүй хэрэгтэй хөрөнгө оруулалтыг нэмэх зарчмаа баримтлах замаар төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг бүрэн цэгцэлж авах шаардлагатай.

-Хөрөнгө оруулалтын тэгш бус хуваарилалтыг ярьдаг ч өнөөдөр ч энэ асуудал байсаар байна. Үүнийг шийдэх гарц нь юу юм бэ?

        -Энэ нь төсвийн хувьд Монголд илэрч буй ихээхэн сонин үзэгдэл. Энэ нь улс төрийн түвшний ёс зүйн асуудалтай ихээхэн холбоотой зүйл юм. Манай улс төрийн орчин, түүний төлөвшил, ёс зүйн нөхцөл байдал маш дорой байгааг харуулж буй хэрэг. Сонгуулийн тогтолцоотой холбоотой гэж зарим талууд тайлбарладаг. Энэ нь үнэний хувьтай ч эргээд л улс төрийн төлөвшил, соёл, хууль эрх зүйг бүрэн баримтлах байдалтай л мөн холбоотой.

              Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн төсөв нөлөөлөх санал өгөх эрхгүй, энэ нь хуулиар хориотой боловч гишүүд бид өөрийн тойрогт хөрөнгө оруулалт тусгуулах ёстой гэж ил тод ярьж байгаа явдал. Шийдэл нь Монголын өнөөгийн нөхцөл байдлын хувьд хууль эрх зүйн орчинг сайжруулах, төсвийн хараат бус институцыг хөгжүүлэх, төсвийн ил тод байдлыг сайжруулах гэх мэт олон зүйлийг хийх шаардлагатай.

-Манай улс ирэх онд бондуудын өр төлнө. Зээлжих зэрэглэл дэлхийд буурах эрсдэлтэйг олон улсын судалгааны байгууллагууд сануулж байгаа. Үүнийг хэрхэн шийдэх вэ?

      -Зээлжих зэрэглэлийг сайжруулах үндсэн арга зам нь бид өөрсдийн санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах. Үүний тулд эдийн засгийн хөгжлийн, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэх, өрийн удирдлагаа сайжруулах шаардлага бидэнд бий. Үүнээс эдийн засгийн өсөлтийг хангах нь бидний эхний гол зорилго юм.

 


ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: 2023 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ САЙЖРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ, ШААРДЛАГАГҮЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188