• Өнөөдөр 2024-05-17

Б.Дөлгөөн: Улс төрийн эрх мэдэл, хүч илүүтэй хүмүүсийн тойрогт илүү их хөрөнгө оруулалт ногдож байна

2020-10-29,   651

Эдийн засагч Б.Дөлгөөн 2020 болон 2021 оны улсын төсөвт үзүүлэлтийн харьцуулалт хийж, эдийн засагт тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлсэн. Тэр үеэр түүнтэй ирэх 2021 оны улсын төсвийн төслийн талаар ярилцлаа. 
 
-Ирэх 2021 оны улсын төсвийн төслийг та судалж үзсэн байх. Хуулийн төсөлд өгөх зөвлөмж хэр байна вэ? 
-Аливаа нэг улсын эдийн засгийг илүү хурдацтайгаар өсгөхөд юу хамгийн ихээр саад болж байна вэ гэдгийг тогтоодог аргачлал байдаг. Тэр нь эдийн засгийн хязгаарлагч хүчин зүйл юу байгааг судалж, тэр зүйл рүүгээ анхаарлаа хандуулах юм бол тухайн улсын эдийн засаг дунд болод урт хугацаандаа хурдтай өсөх боломж бий болдог. Тэгвэл манай улсын хязгаарлагч хүчин зүйлүүд дотор нэгдүгээрт засаглалын асуудлууд, хоёрдугаарт гэвэл бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдэд тулгарч байгаа дэд бүтцийн асуудал юм. Жижиг үйлдвэр нь дунд, дунд үйлдвэр нь том үйлдвэр больё гэхэд цахилгаан, дулаантай холбоотой зэрэг олон асуудалтай тулгарч байна. Бүтээгдэхүүнээ гадаад руу экспортлоё гэхээр нэг тонн ачааны нэг километрт гарах зардал нь Узбекистан улстай харьцуулахад хоёр дахин өндөр өртөгтэй байна. Эдгээр дэд бүтцийн асуудлууд Монголын эдийн засгийн өсөлтийг боомилж байгаа гэж хэлж болно. Хэрвээ нийт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэр болон компаниудыг харах юм бол ихэнх нь төв газар буюу Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод байгаа. 
 
Ажлын байрыг төр засаг бий болгохгүй, харин хувийн хэвшил бүтээдэг. Хамгийн их ажлын байр бүтээдэг салбар бол ЖДҮ юм. Хувийн хэвшил, тэр дундаа аж үйлдвэрлэл болон мэдлэгт суурилсан үйлчилгээний салбар хамгийн өндөр бүтээмжтэй, хамгийн өндөр цалинтай ажлын байр бүтээж байгаа. Тэгэхээр эдийн засгийн өсөлтийг хязгаарлагч хүчин зүйлүүдийг багасгах, шийдэх тусам гадаад болон дотоод хөрөнгө оруулалт бүтээмж өндөртэй үйлдвэрлэлийн салбар рүү чиглэнэ. Тэгж байж өрсөлдөх хэмжээний эдийн засагтай болно. 
2021 оны төсвийг харахад ач холбогдлоор нь ангилсан зүйл огт харагдахгүй байна. Болдог бол төсвийн хөрөнгө оруулалтуудыг хамгийн их ажлын байр бий болгох нутаг дэвсэрт учирч буй дэд бүтцийн асуудлыг шийдэхэд чиглүүлбэл эргээд үр ашиг өндөр гарч, ажлын байр дунд хугацаандаа нэмэгдэж, цалин өснө. Ийм л хуваарилалтыг хийгээсэй гэж хүсэх байна. 
 
-Ирэх 2021 оны улсын төсөвт тусгагдсан төсөл хөтөлбөрүүд эргээд үр ашгаа өгч чадах эсэх нь эргэлзээтэй байгаа. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-2021 оны улсын төсвийн төсвийн хөрөнгө оруулалт хэсэгт барилга байгууламж, тоног төхөөрөмж засвар зэрэг зургаан төрөл анги байдаг. Үүний 65 хувь нь барилга байгууламж байна. Төсвийн орлогоос санхүүжиж байгаа хөрөнгө оруулалтын төслүүдийг бүх аймгуудаар задлаад үзвэл нэг хүнд ногдож байгаа хөрөнгө оруулалтаараа Хэнтий аймаг улсын дундажтай харьцуулахад 3.4 дахин илүү хөрөнгө оруулалтыг авч байна. Улсын дундаж нь нэг хүнд 470 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж байхад, Сонгинохайрхан дүүрэгт 200 мянга л байна. Тэгэхээр гадаад зээл тусламжаас бусад хөрөнгө оруулалтын энэ хуваарилалтууд юуг илэрхийлж байна гэхээр улс төрийн эрх мэдэл, хүч илүүтэй хүмүүсийн тойрогт илүү их хөрөнгө оруулалт ногдож байна гэж харж байгаа. Ийм замаар төсвийн хөрөнгө оруулалтаа шийдэх юм бол бидний эдийн засгаа тэлэх, бүтцийн шилжилт хийх явц улам удааширна. Ажлын байраа хангалттай бий болгож чадахгүйгээс болж ажилгүйдэл нэмэгдэнэ, ажиллах хүчний оролцоо багасна. 2000 онд хөдөлмөр эрхлэлт 60 хувь байснаа унаж 2020 онд 55 хувь болж буусан. Хүн ам өсөж байгаа хэрнээ 100 хүн тутмын хэд нь ажил хийж байна вэ гэхээр сүүлийн 20 жилд буурсаар ирсэн. Засгийн зүгээс ажлын байр, тэр дундаа бүтээмжтэй ажлын байр бүтээхэд тулгарч байгаа асуудлаа шийдэхгүй бол 100 хүн тутамд ажиллаж байгаа хүний тоо буурах шинжтэй. 
 
-Жил жилийн төсөв яг нэг хэвийн, урсгалаараа л яваад байх шиг. Тэгэхээр үүнээс гарах гарц нь юу байх вэ. Эдийн засагч хүнийхээ хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү? 
-Тэр бол шийдвэр гаргагчдийн шийдэх ёстой зүйл. Манай улсын эдийн засаг хүссэн хүсээгүй урсгалаараа яваад байвал уул уурхайгаас улам хамааралтай болно. 2019, 2020 онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж тусгасан бол ирэх 2021 онд мөн л адил 42 сая тонн гэж тусгалаа. Хэзээ нэг өдөр энэ хэмжээгээрээ гаргах байх. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл нь бүхий талаараа уул уурхайгаас хараат болж буй явдал юм. Үүнийг зохицуулах, нэг үгээр хараат болсноор гарах эрсдлийг бууруулах чиглэл рүү юу хийж байгаа вэ гэхээр хийсэн зүйл алга. Юу хийж болох вэ гэдэгт санаа тавьж байгаа шийдвэр гаргагч одоохондоо маш цөөн байна. Улмаар 2025 онд Монгол улсын эдийн засаг өнгөрсөн 2019 оноос илүү савлагаатай, уул уурхайгаас улам хараат болно. Шийдвэр гаргагчид энэ байдлыг зөв шийдэл гэж үзэж байгаа бол гарах эрсдлийг бууруулах чиглэлд зайлшгүй арга хэмжээ авах ёстой. Харин зөв шийдэл биш гэж үзэж байгаа бол уул уурхайгаас хаамаарах хамаарлаа багасгахын тулд бусад салбараа дорвитой нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой. Үүнд анхаарч байна уу гэхээр бас л үгүй. Аль аль бодлого нь байхгүй, урсгалаараа явсаар байгаад хараат болоод байна. Улам хараат болсноос үүдэх эрсдэлийг бууруулах арга хэмжээ авахгүйгээс болоод эдийн засаг савлагаатай байна. Тэр савлагаанд иргэд, бизнес эрхлэгчид хохирч байна. Үүнийг олон улсын байгууллагын судалгаа ч харуулж байна. 
 
-Манай улс уул уурхайгаасаа улам хараат болсоор байгааг ярилаа. Шинжээч, судлаачид Хятадын нүүрсний хэрэглээ улам багасах талаар ярьж байна. Үүнтэй холбоотойгоор манай улс цаашид болзошгүй эрсдэлд хэр бэлэн байна вэ? 
-Хууль зүйн талаас олон хууль баталсан. Жишээлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль. 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойш энэ хуулийг миний мэдэхээр 12 удаа өөрчилсөн. Улмаар тогтворжуулах сангийн мөнгийг хуримтлуулаагүй. Бид энэ оныг хүртэл уул уурхайн мөчлөг дагасан бодлого барьж иржээ. Жишээлбэл 2018, 2019 онд улсын төсвийг алдагдалтай баталж, тэр хэмжээгээрээ орлого нэмэгдэх бус зарлага гаргасан байдалтай байлаа. Тэгэхээр үүнийг бууруулах ямар арга хэмжээ авч болох вэ. Байгаа хуулиа хэрхэн сайн хэрэгжүүлэх вэ гэдэг л хамгийн том оньсого болоод байна даа. Ирэх жил эдийн засаг өндөр өсөлттэй байлаа гэхэд төсвөө тэлэхгүйгээр хуримтлал үүсгэж, эдийн засаг муудсан үед түүнийгээ ашиглах ёстой. 2021 оны төсвийн алдагдал байж болох дээд хэмжээгээр оруулж ирсэн. Улмаар ямар нэг асуудал үүслээ гэхэд 2021 онд төсөв тодотгох асуудал яригдах байх. Гэтэл манай санхүүгийн салбар ямар түвшинд байгаа билээ, үүнийг сайжруулах талаар төсөвт ороогүй, харин Монгол Банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулж болохгүй гээд үзэхээр зах зээлд эрсдэл улам хуримтлагдаад л байгаа харагдаж байна.
 
-Дэлхийн банк болон судлаач, шинжээчид манай улсад ямар зөвлөмж, зөвлөгөө өгч байна вэ?
-Дэлхийн Банкнаас 2020 онд гаргасан “Оюун ухаан ба уул уурхай” нэртэй судалгааг харахад манай төсөв болон мөнгөний бодлого мөчлөг дагасан хэлбэлзэлтэй байна. Юу хийх хэрэгтэй вэ гэхээр, засаглалаа сайжруулах тухай зөвлөж байгаа. Бичиг баримт хууль, дүрэм журам нь муугүй. Харин хэрэгжилт нь маш муу байна гэж ярьж буй. Энэ дүрэм журмаа эдийн засаг сайн үед зөрчиж, өөрчилж явсаар байгаад эдийн засаг хүндрэлтэй, элгээрээ хэвтэх үед гаднаас зээл авч гадаад өрийн дарамт улам нэмэгдэх байдал ажиглагдаж байгаа талаар ярьж байна. Том зургаараа засаглал, төрийн чадавхийг сайжруулах нь хамгийн чухал ажил юм уу гэж харж байна.

Б.Дөлгөөн: Улс төрийн эрх мэдэл, хүч илүүтэй хүмүүсийн тойрогт илүү их хөрөнгө оруулалт ногдож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188