• Өнөөдөр 2024-05-12

Н.ЭНХБАЯР: Халамжийн бодлогоо зөвхөн зорилтот бүлэг рүү чиглүүлэх ёстой

2021-12-13,   625

                Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.                                                    
 
        -Цар тахлын нөхцөлд манайх сүүлийн хэдэн сар дасан зохицож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаагаа нээж эхэлсэн. Зогсонги байдалд ороод байсан эдийн засаг эргэлтэд орох нь гэсэн хүлээлттэй байсан ч БНХАУ-ын талаас хилээ хааж, дахиад л эдийн засгийн амаргүй үед шилжлээ. Судлаачид энэ нөхцөл байдлыг хэрхэн харж байгаа вэ?
 
         -Бидэнд байгаа дэд бүтцийн боломж нь экспортын бүтээгдэхүүн 3-4 боомтоор гарч байсан. Биет хэмжээгээрээ Гашуунсухайт боомтоор экспортын бүтээгдэхүүний ихэнх хувь гарч байгаа. Хоёрдугаарт, Замын-Үүд, гуравдугаарт, Шивээнхүрэнгийн боомт орж байсан. Энэ дотроо хүчин чадал нь сайн, тээвэр ложистик хөгжсөн нь Зам-Үүд, Алтанбулагийн боомт байв. Гэтэл тээвэр ложистизийн сүлжээ тасалдсан нь манай экспорт, импортыг хязгаарлаж байна. Ийм нөхцөлд бид хамгийн эхэнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ тасалдуулахгүй байх арга хэмжээ авах нь чухал.
 
         Хөрш орон гарцаагүй нөхцөлд авах арга хэмжээ. Тиймээс Засгийн газраас бараа бүтээгдэхүүнээ татаж авах ажлаа тэргүүн ээлжинд хийх хэрэгтэй. Оны эхний гурван сард энэ түгжрэл арилах боломж байхгүй. Энэ дэлхий нийтэд үүссэн тээвэр, ложистикийн гацаа.
 
       -Манайх ирэх онд инфляцаа тогтвортой барина гэж тооцоолсон. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасалдаж, үнэ нэмэгдэж байна. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?
 
         -Оны эхний аран сарын статистик мэдээллээр Улаанбаатарт инфляц 9.8 хувьтай гарсан. Инфляц өссөн гол шалтгаан нь хилийн боомтод гацаа үүссэнтэй холбоотой. Манай дотоодын хүнсний бүтээгдэхүүний хангамж дотор импортын бүтээгдэхүүн голлох хувьтай байгаа. Дотоодод хангаж байгаа бүтээгдэхүүн нь мах, гурил, төмс л байна. Цаашлаад хүнсний үйлдвэрт хэрэглэдэг бүх бүтээгдэхүүн импортоос хамааралтай. Энэ жил байгаль цаг агаарын нөхцөл сайхан байсан учир ургацаа боломжийн авч чадсан. Нөгөөтэйгүүр ХХААХҮЯ-аас анхаарал тавьж, тодорхой хэмжээний үр тариа, улаан буудай урьдчилаад авчихсан. Тариалангийн компаниуд манай үр тариаг худалдаж авахгүй байна гээд байгаа. Гэхдээ энэ тийм том асуудал биш. Хамгийн гол нь үр тариагаа нөөцөлж чадсан нь чухал. Хэрвээ яг ийм нөхцөлд өмнөх жилүүдийнх шигээ гурилын үйлдвэрт улаан буудайн хомстол үүссэн бол инфляц 12-13 хувь болоод хөөрөгдчихнө.
 
        Ирэх онд нэгэнт импорт тасалдах учир бид нэгдүгээрт, бусад эх сурвалжаасаа импортоо татах хэрэгтэй. Урд хил хаалттай бол хойд улсаасаа импортоо хангаж болно. Хоёрдугаарт, Зүүн европын улсуудаас импортын бүтээгдэхүүнээ татаж болно. Польш, Унгар, Чех, Болгар зэрэг улсаас татаж болох юм. Гагцхүү захиалга, тээвэрлэлтийн асуудал үүсэх учир үнийн бага зэрэг өсөлттэй байж магадгүй. Гол нь тасалдал үүсэхгүй байх нь чухал шүү дээ.
        Дээр нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тасалдсан энэ үед өргөн хэмжээний баяр наадам тэмдэглэхгүй байх эсвэл, цомхон тэмдэглэх хэрэгтэй. Баяр тэмдэглэх үардал, баяр тэмдэглээгүй хоёр асар ялгаатай. Хэдийгээр баяр тэмдэглэж, дотоодын бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох сайн талтай ч импортын бүтээгдэхүүндээ хомстол үүсгээд байна.
 
         -Цаашид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстол үүсгэхгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах шаардлага байна вэ?
 
      -Энэ тасалдал цаашид хэдэн сар үргэлжлэх вэ гэдгээс шалтгаалж, татварын бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Импортын бүтээгдэхүүний татварыг бага зэрэг нэмснээр хомстол үүсэхээс сэргийлж болох юм. Ийм байдлаар хэрэглээг хязгаарлана гэсэн үг. Татварын бодлого чинь хэрэглээг хязгаарлах боломж. Ингэж байж инфляцаа тогтвортой болгоно.
 
      -Ирэх онд биднийг үүнээс ч амаргүй нөхцөл байдал хүлээж байгаа. Засгийн газраас олгож байсан халамжийн үйлчилгээ зогсоно. Төрөөс хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг цуцална. Гэтэл ирэх оныхоо төсвийг хэтэрхий өөдрөгөөр төсөөлчихсөн шүү дээ. Иргэдийн амьжиргаанд ямар өөрчлөлт гарах бол?
 
     -Өнгөрсөн оноос эхлээд олон улсын Төв банкууд богино хугацааны шокийн ийм байдалд мөнгөний бодлого нөлөөлдөггүй. Ингээд Төв банкнаас аж ахуйн нэгжүүдээ дэмжих арга хэмжээ авсан. Засгийн газар ч байж болох бүх арга хэмжээгээ авч чадсан. Нэг талдаа түлш, цахилгаан, усны зардал гэх мэт суурь зардлуудыг нь хөнгөлсөн байдаг. Гэхдээ энэ арга хэмжээ удаан үргэлжлэх боломжгүй. Эх үүсвэр нь дуусна.
 

       Энэ ондоо арга хэмжээгээ дуусгах нь зөв. Харин цаашид яах вэ гэвэл Дэлхий банк, олон улсын байгууллагуудын зөвлөснөөр халамжийн бодлогоо яг зорилтод бүлэг рүү нь чиглүүлэх ёстой. одоогийн байдлаар манай төсвийн алдагдал ДНБ-ний таван хувьд, Засгийн газрын өр 27 хувьд хүрчихсэн байгаа. Өрийн дарамт ирж байгаа энэ үед нийгмийн халамжаа багасгахаас өөр арга байхгүй. Хоёрдугаарт, ажлын байраа дэмжиж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжих хэрэгтэй. Ирэх жилийн зургаа, долдугаар сар хүртэл жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжих арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь зүйтэй.

 
        -2022 онд сонгууль цикл өнгөрсөн учраас бодит байдалд нийцсэн төсөв батлах байх гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь маш өөдрөг төсөв баталлаа. Үүнийг та судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?
 
        -Төсөв батлахад хэд хэдэн хууль мөрддөг. Нэгдүгээрт, Төсвийн тухай хууль, хоёрдугаарт, төсвийн тогтвортой байдлын тухай хууль. Мөн УИХ-ын тухай хууль, Засгийн газрын хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиудад нийцүүлэн баталдаг. 2018, 2019 онд Сангийн сайдын баталсан Хөрөнгө оруулалтыг төлөвлөх журам гэж байдаг. 2021 онд мөн хөрөнгө оруулалтыг сонгох журам гэж Засгийн газрын тогтоол баталсан.
 
          Энд хөрөнгө оруулалтын маш нарийн журам байгаа. Үүний дагуу эдийн засгийн үр ашигтай, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төслүүдээ эрэмбэлэх ёстой. Гэтэл өнөөдрийн улсын төсөв дээр энэ шалгуурыг хангаагүй хөрөнгө оруулалт байна лээ. Журмаа зөрчихсөн, огт өөр төсөл оруулаад ирсэн байтал Засгийн газар, УИХ хэлэлцэх ёсгүй шүү дээ. Энэ төлөвлөлтөд алдаа гарч байна гэдэг нь дан ганц нэг мэргэжилтэн эсвэл Сангийн яамны алдаа биш. Энэ алдааг засаж чадаагүй Засгийн газрын алдаа. Хэт өөдрөг төсвийг баталж байгаа нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиа дагаж мөрддөггүй, Эдийн засгийн хөгжлийн яам аа байгуулалгүй олон жил болсны үр дагавар.
 
 
 

Н.ЭНХБАЯР: Халамжийн бодлогоо зөвхөн зорилтот бүлэг рүү чиглүүлэх ёстой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188