• Өнөөдөр 2024-05-05

Н.ЭНХБАЯР: Эдийн засагт цар тахлаас шалтгаалсан бэрхшээл бус, төрөөс явуулж буй төсвийн үрэлгэн бодлого сөргөөр нөлөөлж байна

2021-06-25,   1140

-Засгийн газар төсөв талдаа маш том, суурь алдаатай ажилладаг. Энэ алдаан дээр цар тахлын ачаалал нэмэгдэхээр улам хүнд байдалд орчихож байгаа юм-

       Цар тахлын үеийн эдийн засаг, түүний нөхцөл байдал болон эдийн засгаа дэмжихийн тулд ямар арга хэмжээ авбал зүйтэй талаар эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.


-Цар тахлын улмаас улс орнуудын эдийн засгийн тогтвортой байдал алдагдаад байгаа. Олон улсад цар тахлын нөхцөл байдал хэр байна вэ?

        -Санхүүгийн жилээр тооцвол 2021 оны эхний хагас жил өндөрлөх гэж байна. Олон улсад энэ оны эхний хагаст “Ковид-19” халдвараас сална гэсэн төсөөлөлтэй байсан. Тодруулбал, эдийн засгийн өсөлт сайжирч, халдварын тархалт намжина, “Ковид-19”-ийн дараа улс орнууд эдийн засгаа дэмжих арга хэмжээ авна, нааштай үр дүн гарч эхэлнэ гэсэн төсөөлөлтэйгөөр энэ оныг эхлүүлсэн. ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг 5.5 хувьтай байна гэж таамагласан. Уг таамаглалаа сүүлд дахин өсгөж 5.8 болгосон. Саяхныг хүртэл нэлээн өөдрөг төсөөлөлтэй байлаа.

Манай улсын түүхий эдийн экспорт энэ сарыг хүртэл өсөлттэй байсаар ирсэн. Гэтэл тавдугаар сараас хойш нөхцөл байдал, бидний бодож байсан төсөөлөл манай улсад ч, дэлхий дахинд ч өөрчлөгдлөө. Нэгдүгээрт, олон улсын түвшинд коронавирусийн эсрэг вакцинжуулалт төлөвлөснөөр хурдтай явсангүй. Вакцинжуулалт гэдэг тийм ч амар асуудал биш. Ялангуяа, 100 саяаас дээш хүн амтай АНУ, ОХУ, Энэтхэг, Хятад зэрэг улсын хувьд тэр олон хүнийг вакцинжуулах техникийн бололцоо амаргүй байдаг юм байна. ОХУ гэхэд л вакцинжуулалт нь одоогийн байдлаар улсын дөнгөж 11 хувьтай үргэлжилж байна.  АНУ 40, Их Британи 50 хувьтай байна. Хоёрдугаарт, коронавирусийн халдвар намжина гэж бодож байтал шинэ хувилбар гараад ирчихлээ. Оны эхэнд Их Британи Улсад илэрсэн альфа гэсэн вирус яригдаж байсан бол ДЭМБ-д альфа, ветта, гамма, дельта гэсэн дөрвөн вирус бүртгэгдээд байна. Дельта нь дотроо гурван хувилбартай. Өнгөрсөн тавдугаар сарын 10-даас хойш дельта вирусийг хүчрэхээ больж эхэллээ. Олон улсын байгууллагаас уг вирэс дэлхийн 80 орчим улсад бүртгэгдсэн талаар мэдээлсэн. Өрнөдийн улс орнуудад өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын 10 хувь нь дельта вирус байна. Энэ бол хамгийн багаар ярьж буй тоо. Гэтэл ОХУ-д зургадугаар сараас эхлэн лабораторид орж буй шинжилгээний 90 хувь нь дельта вирус байна. Хамгийн аюултай нь дельта вирус тархалтын хурдаараа бусад төрлөөс 50-60 хувиар өндөр гэх судалгаа гарсан. Энэ төрлийн вирусийн улмаас вакцинжуулалт үр дүнгүй болж байна.  Судалгаагаар 87 хувийн үр дүнтэй вакцин дельта вирусийн өмнө 80 хувь болж буурч байна.

Дэлхийн улс орнууд цар тахлын дөрөв дэх давлагаан дээр явж байна. ОХУ гурав, манайх хоёр дахь давлагаатай нүүр тулаад байгаа. Саяхан мэдээлснээр “Дельта плас” гэдэг шинэ хувилбар бүртгэгдсэн. Анагаах ухаан талаас уг вирусийг таамаглаж хүчрэхгүй юм байна. Коронавирус хэд хувирч, хэзээ намжих гэдгийг таамаглаж хүчиршгүй. Дэлхийн 220 улсаас жил гаруй хугацааны дараа гэхэд ердөө 10-хан улс коронавирусийн халдвараас салж чадлаа. Тэр нь дандаа арлын улсууд. Хуурай газар дээр байгаа улсууд бараг байхгүй. Хилийн худалдаа, нислэг байхгүй улс орнууд л цар тахлаас салж чадаж байна.  Бусад бүх улс орон коронавирустай тэмцсээр л байна. Тэгэхээр цар тахлын нөхцөл байдалд үндэслэн гаргасан эдийн засгийн бүх тооцоолол худлаа болчихож байгаа юм. Яагаад гэвэл вирусийн олон хувилбараас улбаалж тооцооллын суурь нь өөрчлөгдчихсөн. Улмаар олон улсын байгууллагууд, дэлхийн томоохон төвбанкууд эдийн засгаа дэмжих арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ гэх мэдэгдэл гаргаж байна.

-Олон улсын нөхцөл байдал, гадаад зах зээлээс хамаарч манай улсын эдийн засагт ямар нөлөө гарч байна вэ. Ер нь эдийн засгийн нөхцөл байдал ямар байна вэ?

     -Төвбанкны Мөнгөний бодлогын хуралдаад мөнгөний бодлогын хүүг хэвээр хадгалж, зээл олголтоо хэвээр үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс гадна манай улсын эдийн засаг түүхийн эдийн үнээс хамааралтай хэвээрээ байгаа. Оны эхний таван сард гаргасан статистик мэдээллээр экспорт өнгөрсөн оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 3.3 тэрбум ам.доллар болсон. Энэ өсөлтөд зэс, нүүрс, төмрийн хүдэр гол нөлөө үзүүлсэн. Тавдугаар сард эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа гээд тайвширч болно. Гэтэл олон улсад дельта вирус бүртгэгдсэнээс хойш манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ унасан. Зэсийн үнэ энэ оны эхэнд 9000 гаруй ам.доллараар эхлээд тавдугаар сарын 10-нд 10750 ам.доллар буюу хамгийн оргил үнэд хүрсэн. Үүнээс хойш одоог хүртэл тасралтгүй унаж байна. Гэтэл одоо 9200 ам.доллар болоод байна. Өмнөх жилүүдийн зэсийн үнийн циклийг харвал тухайн жилд нэг л удаа оргилд хүрсэн байдаг. Олон улсын тавдугаар сарыг хүртэл “Зэсийн үнэ суперциклд хүрэх гэж байна” хэмээн нэлээн хөөрөгдүүллээ. Гэтэл үүний хариуд Хятадын Засгийн газраас энэ сард “Түүхий эдийн үнэ хэт их хөөстэй байна. Бид нөөцөд байгаа хөнгөн цагаан, зэс, цайрыг гаргаж, худалдана” гээд зарлачихсан. Ингэснээр бага зэрэг саарч байсан зэсийн үнэ сүүлийн 10-хан хоногийн дотор эрс унаад, 9000 ам.доллар руу дөхөж байна. Энэ уналтыг сааруулж хүчрэх сайн мэдээлэл одоогоор алга байна. Металл үнэтэй байх нь Хятад Улсын хувьд ашиггүй байна. Ийм учраас магадгүй өрнөдийн орнууд зэсийн үнийг хөөрөгдүүлэх зорилгоор суперцикл гэх онолыг албаар гаргаж ирсэн байх. Өрнөдийн орнууд болон Хятад Улсын хооронд геополитикийн маш их сонирхлын зөрчил бий. Тэгэхээр металлын зах зээлийн гол тоглогч болох Хятад Улс өөрт байгаа арга хэрэгслээрээ хариу арга хэмжээ авчихлаа. Ойрын хоёр сард нөхцөл байдал өөрчлөгдөх шинж алга. “Их долоо”-гийн хурлаар өрнөдийн орнууд ОХУ, Хятад хоёртой тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Иймд Хятад Улс өрнөдийн орнуудтай харилцааны зөрөлдөөнтэй байна. Мөн түүхий эдийн үнэ Хятадад ашиггүй буюу хямдруулах сонирхол тэдэнд байна. Үүний эсрэг металлын үнийг эерэг болгох хүчин зүйл алга. Тэгэхээр зэсийн үнэ өөдрөгөөр төсөөлбөл 8500-9000 орчим ам.доллараар оны эцэст хаагдахаар байна. Дахиад таагүй нөхцөл гарвал зэсийн үнэ үүнээс ч буурна.      

Тэгэхээр төсвийн орлого 1.3 тэрбум ам.доллар давахад нөлөөлсөн гол хүчин зүйлийн нэг болох зэсийн орлого нэмэгдэхээргүй боллоо. Хоёр дахь хүчин зүйл нь нүүрс. Манай улс жил бүр 42 сая тонн нүүрс экспортолно гэх том мөрөөдөл тээсээр ирсэн. Үүнийгээ гурван жил дарааллан биелүүлээгүй. Оны эхний таван сарын байдлаар есөн сая тонн нүүр экспортолсон. Гэтэл шинээр бүртгэгдсэн дельта вирусээс болоод энэ сарын 15-наас хойш Ганцмодны боомт хаагдсан. “SxCoal” сайтад энэ сарын 20-ныг хүртэл хаалаа гэж мэдээлсэн. Гэвч долдугаар сарын 2-н хүртэл хойшилсон тухай мэдээллүүд гарч байна. Хятадын “SxCoal” сайтад нүүрсний мэдээлэл гарахаас гадна “Монгол Улсад халдварын тохиолдол өдөр тутам 2000-гаас дээш бүртгэгдэж байна” гээд манай улсын коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Тэгэхээр манай улсыг маш анхааралтай ажиглаж байна гэсэн үг. Нүүрсний экспорт маань хагас сар байхгүй болчихлоо. Тэгэхээр тавдугаар сар хүртэл нэмэгдэж байсан нүүрсний орлого маань бас байхгүй болчихож байгаа юм. Хил нээлттэй байх юм бол зэсийн баяжмал, төмрийн хүдэр хоёр л гарч магадгүй. Гэтэл үнийн хувьд тааламжтай бус. Тэгэхээр манай улсын экспорт зургадугаар сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеийн түвшин рүү ойртоно гэсэн үг.  Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэх юм бол экспорт тасалдаж эхэлнэ. Гадаад худалдааны нөхцөл байдал муудаад ирэхээр төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө гэсэн үг. Манай улсын төсвийн орлогын гол эх үүсвэр бол түүхий эд. Сангийн сайд “Төсвийн орлого сайн байгаа. Тодотгол хийхгүй” гэж тайлбарласан. Гэтэл нэмэгдэж байсан орлого маань хумигдаж эхлэх нь байна.  

       Нөгөөтэйгүүр, цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлж байсан халамжийн зарим арга хэмжээ долдугаар сарын 1-нээс үргэлжлүүлэх тухай Засгийн газар, УИХ-ын гишүүд ярьж байна. Тэгэхээр нийгмийн энэ зарлага төсөвт хүнд ачаалал болно. Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийг дайчлаад 600 гаруй тэрбум төгрөг хэрэглэчихсэн. Тэгвэл одоо дайчлах мөнгө алга. УИХ-д Эрүүл мэндийн даатгалын мөнгийг ашиглах талаар ярьж байна. Энэ бол улсын төсвийн мөнгө биш. Тэгэхээр манай улс байгаа бүх боломжоо ашиглаж ,Төрийн санд харъяалагддаг бүх мөнгийг аваад дуусч байна. ЭМД-ын мөнгийг ашиглалаа гэхэд долдугаар сараас хойш бидэнд ашиглах ямар ч мөнгө байхгүй. Тодотгол хийлээ гэхэд төсвийн алдагдлаа нэмэгдүүлэх ганцхан л боломж байна. 2021 оны төсвийн алдагдлыг 2.2 орчим их наяд төгрөгөөр баталсан. Төсвийн зарлага маань бараг 14 их наяд төгрөг байгаа. Тодотголоор төсвийн алдагдлаа нэмлээ гэхэд энэ жил гүйцэтгэлээрээ дор хаяж хамгийн багадаа 3.5 орчим их наяд төгрөгт хүрэх байх. Тэгэхээр өнгөрсөн оны төсвийн алдагдал болох 4.8 их наяд төгрөг энэ жилийнхтэй нийлээд 8-9 их наяд төгрөг болно. Нэг жилийн төсвийг хоёр жилийн дотор зарж байна. Энэ алдагдлыг нөхөх эх үүсвэр байхгүй. Ганцхан эх үүсвэр байгаа нь гадаадын зээл юм. Сангийн яам, Засгийн газраас “Эдийн засаг өнгөрсөн гурван жил сайн байсан. Бид гадаад өрийн хэмжээг бууруулж байгаа” гэж нэлээн бахархаж ярьсан. Бодит тоогоороо бол огт буураагүй. Засгийн газрын найман тэрбум ам.доллар. улсын 32 тэрбум ам.долларын өр байгаа. Тэгэхээр гадаад өрийн хэмжээ ирэх жилүүдэд улам нэмэгдэнэ. Тодруулбал, экспорт, төсвийн орлого буурна, төсвийн алдагдал, гадаад өр нэмэгдэнэ гэх мэт дараалсан гинжин хэлхээ явагдана гэсэн үг.

     Дээрээс нь коронавирусийн нөхцөлд байдлаас хамаарч сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний  үнэ өссөн. Энэ нь өрхийн төсөвт нөлөөлж эхэлнэ. Долдугаар сард цар тахал намжина гэсэн боловч дахин хөл хорио тогтоох тухай яригдаж байна. Иймд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт цаашид үргэлжилнэ. Оны эхний таван сарын байдлаар өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зургаан хувьтай гарсан. Дээр нь бензин импортлогчид алдагдалд орохгүйн тулд шатахууны үнээ цаашид бариад байж чадахгүй. Долдугаар сараас тодорхой үнээр нэмэх болов уу. Үнээ нэмэхгүй бол шатахууны хомсдол үүснэ. Яагаад гэвэл, шатахуун импортлогчид “Бид бензинээ татаж чадахгүй байна” гээд шалтаг хэлчихдэг. Нэг бол шатахууны хомсдол үүсч, тасарна. Нэг бол үнэ нь нэмэгдэнэ. Ийм хэцүү сонголт тулгардаг. Гадаад зах зээлд газрын тосны үнэ нэг баррел нь 75 ам.доллар болж өссөн. АИ-92 шатахууны үнэ 2-3 жилийн өмнө 1700-1800 төгрөг болж байсан. 2-3 сарын дараа буцаад тэр үнэд хүрнэ гэсэн үг. Тэгэхээр инфляцид тодорхой дарамт ирнэ. Монголбанк үүнийг ажиглаад Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг зургаан хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Тэгэхээр оны сүүлийн хагаст тун хэцүү сонголтууд биднийг хүлээж байна.

-Одоогийн нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгаа сэргээхийн тулд ямар арга хэмжээ хэрэгжүүлэх нь зөв бэ. Эдийн засагч хүний хувьд уг асуудалд байр сууриа илэрхийлэхгүй юү?

        -2017 онд өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дараа гурван жил дараалан буюу 2017, 2018, 2019 онд эдийн засаг өсөлттэй гарсан. Гэтэл энэ өсөлттэй үед нь төсвийн маш буруу бодлого явуулсан. Эдийн засгийг дэмжих дэд бүтэц тал дээр олигтой хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Тухайлбал, Улаанбаатар-Дарханы зам, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам зэрэг эдийн засагт чухал нөлөөтэй замынхаа алийг нь ч барьж чадаагүй. Тавантолгой-Сайншандын төмөр зам барьсан нь 2021, 2022 он хүртэл нэмэр болохгүй. Эдийн засаг өсөлттэй гурван жилд маш олон сургууль, цэцэрлэг барьсан. Сүүлдээ Соёлын төв барих тухай төсөвт тусгачихсан явж байна. Ийм үрэлгэн бодлого одоогийн хүнд байдалд оруулсан гэхэд буруудахгүй. Уг нь тэр мөнгөөрөө олон жил яриад байгаа хуримтлалаа бий болгох ёстой байсан. Мөн сүүлийн 2-3 жил төсвийн зарлагыг 13, 14 их наяд төгөргөөр тооцож, баталсан. Ингэж өндөр төлөвлөхгүйгээр 11 орчим их наяд төгрөгт барьж болох байсан. Тэгэх юм бол төсвийн алдагдал бага гарна. Төсвийн алдагдлаа бага түвшинд барьж байгаад гадаад өрийн дарамтыг бууруулах ёстой байсан. Энэ мэт алсыг харсан, цогц бодлого, төлөвлөлтийг огтхон ч хийгээгүй. Эхний зорилго нь “Мөнгө байгаа юм чинь заръя” гэдэг ийм л бодлогоор өдийг хүрлээ. Дээрээс нь сонгуульд зориулсан бодлого,“Хөдөө орон нутагт юу хэрэгтэй байна, түүнийг нь өгье” гэдэг олон нийтэд таалагдах шийдвэр гаргадаг. Тэгэхээр энэ жил эдийн засагт  цар тахлаас шалтгаалсан бэрхшээл бус төрөөс явуулж буй төсвийн маш үрэлгэн бодлого, эдийн засгийн бүтцийн гажуудал хоёр сөргөөр нөлөөж байна. Төвбанкнаас мөчлөгийн эсрэг бодлого явуулж байна гэж талбарлаад байдаг. Гэтэл Засгийн газраас мөчлөг дагасан бодлого явуулж байна. Зэс, нүүрсний үнэ өсөөд ирэнгүүт экспортын орлогыг бүгдийг нь төлөвлөөд, зарлагадаа оруулна гэдэг мөчлөг дагасан бодлого юм. Харин түүхий эдийн үнэ унаад орлого байхгүй болонгуут бүх ажил нь төсвийн алдагдал болчихдог. Тэгэхээр Засгийн газар төсөв талдаа маш том, суурь алдаатай ажилладаг гэсэн үг. Энэ алдаан дээр цар тахлын ачаалал нэмэгдэхээр маш хүнд байдалд орчихож байгаа юм.

-Долдугаар сарын 1-нээс цар тахалтай холбоотойгоор хэрэгжүүлж байсан халамжийн зарим арга хэмжээг үргэлжлүүлэх талаар ярьж байна. Эдийн засаг талаас нь харвал уг халамжийн арга хэмжээг үргэлжлүүлэх нь зөв үү. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

         -Үүнийг маш сайн тооцоолох ёстой. Цар тахлын улмаас хүүхдийн мөнгө, насны хишиг зэрэг халамжийн арга хэмжээг өргөтгөсөн. Гэтэл юу болсон бэ гэвэл, 2018 оноос хойш 2021 он хүртэл сүүлийн дөрвөн жилийн эхний таван сарын статистик мэдээллийг харвал нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан хүний тоо жил бүр нэмэгдсэн байна. 2018 онд 1.5 сая хүн тэтгэмж авч байсан бол 2019 онд 400 гаруй мянган хүнээр нэмэгдэж 1.9 сая, 2020 онд дахин 200 мянган хүнээр нэмэгдэж 2.2 сая тэтгэмж авдаг болсон. Тэгвэл энэ оны эхний таван сарын байдлаар 2 сая 263 мянган хүн ямар нэг хэмжээгээр тэтгэмж авч байна. Энэ бол эдийн засгийг сүйрүүлж байгаа гол хүчин зүйлийн нэг. Эдгээр халамж тухайн өрхөд очоод нэмэр болж байгаа нь үнэн. Гэхдээ халамж, тэтгэмжүүд төсөв даахгүй хэмжээнд хүрчихсэн. Тиймдээ ч олон улсын байгууллагуудаас “Энэ олон халамжаа цөөл. Давхардаад байгааг нь цуцал” гээд хэлээд байна. Тэжээгч байхгүй, ядуу өрхөд тухайн халамж нэмэр болж байгаагүй үгүйсгэхгүй. Тиймээс нарийвчилсан судалгаа хийх хэрэгтэй. Боломжийн амьдралтай айлуудад насны хишиг, тэтгэвэр, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн арга хэмжээ давхардаад очиж байгаа. Тэгэхээр яг аль өрхөд хэдий хэмжээний мөнгө очоод байна вэ гэдгийг нарийвчлан судалж, эмзэг бүлгийн айл өрхөд нэмэр болдог халамжийн арга хэмжээг үлдээгээд бусдыг нь цуцлах хэрэгтэй. Энэ мэт арга хэмжээ авахгүй бол халамж замбараагаа алдсан. Харин дулаан, цахилгаан, усны төлбөрийн хөнгөлөлт одоо хангалттай. Үүнээс цааш хэрэгжүүлээд дэмий. Үнэхээр халамжлах гээд байгаа бол эмзэг бүлгийн, орлого багатай, ажилгүй хүмүүст л олгох ёстой.  

-Эдийн засгийн хүндрэл иргэдийн амьдралд бодитоор хэрхэн нөлөөлж байна вэ?

        -Олон улсын байгууллагууд эдийн засгийн хямралын үед түүнийхээ шалтгааныг Засгийн газрын хямралаас болж байна хэмээн тайлбарладаг. Манай улсад яг тийм байна. Коронавирусээс учирч буй дарамт байна. Дээрээс нь коронавирусийг удирдаж чадахгүй байгаа муу засаглалын үр дагавар учирч байна. Засаглалын хомсдол гэж ярьдаг шүү дээ. Эрүүл мэндийн салбарын удирдлага дээр засаглалын алдаа маш их гарч байна.  

Энэ оны нэгдүгээр улиралд ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 8000-гаар нэмэгдсэн. 1-3 дугаар сард гэсэн үг шүү дээ. Үээнээс хойш хагас жилийн байдлаар гэж тооцвол аль хэдийн 10 мянга давчихсан байгаа. Үүнийг дагаад өрхийн орлого буурна.

    2011, 2012 онд манай улсын эдийн засаг маш сайн өссөн үед өрхийн орлого хүрэлцээтэй болж, зарлагатайгаа ойртсон. Үүнээс хойш эдийн засаг хүндрэхэд өрхийн орлого багасч, зарлага нэмэгдсэн. Тэгвэл 2021 оны эхний тавдугаар сард өрхийн орлого буцаад нэмэгдсэн. Энэ нь дулаан, цахилгааны төлбөрийг төр даасан, хүүхдийн мөнгө нэмэгдсэн зэрэг халамжийн арга хэмжээтэй холбоотой. Үүний улмаас өрхийн зарлага хумигдсан. Харин өрхийн орлого нэмэгдээгүй харин ч буурсан. Өнгөрсөн оны мөн үед өрхийн орлого дунджаар 1.5 сая төгөрг байсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нэг сая 450 мянга, зарлага нэг сая 459 мянга байна. Долдугаар сараас дулаан, цахилгааны мөнгийг иргэд өөрсдөө төлж эхэлмэгц өрхийн зарлага өсч эхэлнэ. Амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд улам хүндээр тусна. Тэгэхээр ядууралд маш хортой нөлөөтэй.


Н.ЭНХБАЯР: Эдийн засагт цар тахлаас шалтгаалсан бэрхшээл бус, төрөөс явуулж буй төсвийн үрэлгэн бодлого сөргөөр нөлөөлж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-25 17:52:42
    Enh: Unen
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188